Семинар
Алма 42, 1-р хэсэг: “Төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан”


“Алма 42, 1-р хэсэг: ‘Төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 42, 1-р хэсэг,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 42, 1-р хэсэг

“Төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан”

Залуу Алма хүү Кориантонаа тэвэрч буй нь

Хязгаарлагдмал, мөнх бус ойлголтын хамт унаж буй дэлхийд амьдрах нь бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний төлөвлөгөөний бүрэн бөгөөд төгс чанарыг ойлгоход хэцүү болгодог. Кориантон ч мөн адил Бурханы шударга ёс, нигүүлслийн бодит байдлыг ойлгох гэж хичээж байв. Алма бидний хайрт Тэнгэрлэг Эцэгийн тухай, бидэнд зориулсан Түүний төлөвлөгөөний талаарх түүний ойлголтыг тэлэхэд туслав. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэгийн мөн чанар шударга бөгөөд нигүүлсэнгүй гэдгийг илүү сайн ойлгоход туслах зорилготой.

Суралцагчдынхаа төлөө залбир. Суралцагчдыг гэх хайраа өсөн нэмэгдүүлэх нэг арга зам бол тэдний төлөө залбирах явдал юм. Аврагч Петрийн төлөө залбирсны адил (Лук 22:32-ыг үзнэ үү) та суралцагч бүрийн төлөө нэрийг нь дуудан залбирч болно. Тэдний хэрэгцээг мөн хэрэгцээг нь хангах арга замуудыг илүү сайн ойлгоход тань туслахад Түүнийг урь.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурханы зан чанарын тухай хүмүүст байдаг өөр өөр санааны талаар гэр бүлийн гишүүнтэйгээ эсвэл найзтайгаа ярилцахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хичээлээ эхлэхдээ суралцагчдыг хоёр хоёроор нь хос болго. Хамтрагч бүрд дараах жишээнүүдийн нэгийг өг. Хоёуланг нь тус тусынхаа жишээг уншихад урьж, дараа нь Гэйб, Элси хоёрын таамаглалын юу нь буруу байгаа талаар ярилц.

Бурханы шударга ёс ба нигүүлсэл

Дараах жишээнүүдийг унш.

  • Гэйб Бурханы зарлигуудыг зөрчих шийдвэр гаргаж байна. Эхэндээ түүнд бага зэрэг буруутай санагдсан ч тэрээр Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ тийм их хайртай юм бол нүглийнх нь төлөө шийтгэхгүй гэж бодов.

  • Элси үйлдсэн нүглээ наманчилж, уучлагдсан мэт санагдсан ч ахиад л алдаа гаргасан тул цөхрөнгөө барсан байна. Тэрээр Бурханд наманчлалынхаа талаар худал хэлсэн гэж бодож байгаа тул түүнд итгэл найдвар үгүй мэт санагдана.

  • Хүн тус бүрийн ойлголтын юу нь буруу байж болох вэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайраар дүүрэн шударга ёс, нигүүлслийн төгс тэнцвэрийг буруугаар ойлгодог олон хүн байдаг. Та өнөөдрийн хичээлийг судлахдаа Бурхан шударга бөгөөд нигүүлсэнгүй учраас хэрхэн адислагдсан талаараа бод.

Алма Бурханы төлөвлөгөөг ойлгоход нь Кориантонд туслав

Суралцагчдыг Алма 40–41-ээс Кориантоны зовнисныг дахин давтаж харахад урь. Хэрэв санахгүй байгаа бол тэднийг Алма 40:1; 41:1 рүү чиглүүл. Та суралцагчдыг Кориантоны санаа зовнисон зүйлсийг дурдах үед самбар дээр жагсаан бичиж болно.

Алма Кориантонтай үргэлжлүүлэн зөвлөлдөхдөө хүү нь Бурханы тухай, Түүний төлөвлөгөөний талаар санаа зовниж буйг ойлгов.

Алма 42:1-ийг уншаад, Кориантон юунд санаа зовнисныг олж мэд.

Энэ санаа зовнилыг самбар дээр жагсаалтад нэм. Энэ санаа зовнилын дор та дараах асуултуудад хариулсан суралцагчдын хариултыг жагсаан бичиж болно.

  • Бурхан нүгэлтнүүдийг шийтгэх нь шударга бус явдал гэж хэн нэгнийг бодоход хүргэх зарим ямар таамаглал байдаг вэ?

  • Ийм буруу ойлголт ямар аюултай вэ?

  • Өнөөдөр та ижил төстэй буруу ойлголтыг хэрхэн харж байна вэ?

Энэ нь суралцагчдын хувьд хичээлийн бэлтгэлээрээ олж мэдсэн зүйлсээ хуваалцах сайхан боломж байх болно.

Алма Бурханы тухай болон Түүний төлөвлөгөөний талаар илүү өргөн хүрээтэй ойлголтыг хуваалцан, Кориантонд туслахыг оролдов. Тэрээр Едений цэцэрлэг дэх Адам, Ева хоёрын уналт нь сүнсний үхэл (Бурханаас салсан) мөн энэ биеийн үхлийг (мөнх бус бие махбодын үхэл) (Алма 42:2–8-ыг үзнэ үү) авчирсан талаар тайлбарлаж эхлэв. Тэрээр Кориантонд уналт нь Бурханы шударга ёс ба нигүүлсэлтэй хэрхэн холбогддог болохыг заав.

Алма 42:9–12-ыг уншаад, уналтын үр нөлөөг олж мэд.

  • Та уналтын ямар үр нөлөөг олж мэдсэн бэ?

Суралцагчдын өмнөх асуултад хариулсан хариултууд тэдний юу ойлгосныг мөн ойлгоход нь тэдэнд ямар тусламж хэрэгтэй байж болохыг тодорхойлж чадна. Суралцагчдад Уналтын улмаас хүн төрөлхтөн “эгэл, тачаангуй, чөтгөр мэт” болж (Алма 42:10), “Их Эзэний дэргэдээс тусгаарлагдсан” (Алма 42:11) гэдгийг ойлгоход нь тусал. Бид энэхүү Бурханаас салсан тусгаарлалтыг гав ганцаараа даван туулж чадахгүй.

Дараах тодорхойлолтууд нь танд дараагийн судлах шүлгүүдээ илүү сайн ойлгоход тань тусална.

Дараа нь хичээлийн дараагийн хэсэг дэх шударга ёс, нигүүлслийн талаар илүү ихийг сурахад нь суралцагчдыг бэлдэхийн тулд тэднийг тус хоёр үгний өөрсдийн тодорхойлолтыг нэг эсвэл хоёр өгүүлбэрээр бичихэд урь. Үүний дараа, дараах тодорхойлолтыг уншиж, суралцагчдыг тодорхойлолтоо Сайн мэдээний сэдвүүд дэх тодорхойлолттой харьцуулахыг хүс. Аливаа асуултаа асуух боломжийг суралцагчдад олго.

Шударга ёс: “Судрын хэллэгээр бол үйлдлийн үр дагаврыг авчирдаг хувиршгүй хууль билээ. Шударга ёсны хууль байдаг учраас бид Бурханы зарлигуудыг дагавал адислалуудыг хүлээн авна. Шударга ёсны хууль нь мөн бидний үйлддэг нүгэл бүрийн төлөө хийгдэх төлөөсийг шаарддаг (Сайн мэдээний сэдвүүд, “Шударга ёс,” topics.ChurchofJesusChrist.org).

Нигүүлсэл: “Нигүүлсэл гэдэг нь хүнд байвал зохихоос илүүгээр өрөвч нинжин сэтгэлээр хандахыг хэлдэг бөгөөд энэ нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болдог” (Сайн мэдээний сэдвүүд, “Нигүүлсэл,”topics.ChurchofJesusChrist.org).

Алма 42:13–15-ыг уншаад, Алма Бурханы тухай болон Түүний төлөвлөгөөний талаар юу заасныг олж мэд.

  • Та Бурханы төлөвлөгөөний талаар юу мэдэж авсан бэ?

  • Та эдгээр шүлгээс Бурханы талаар ямар ямар үнэнийг мэдэж авсан бэ?

Бусад үнэний дотроос суралцагчдад Бурхан бол төгс, шударга мөн нигүүлсэнгүй гэдгийг мэдэхийн ач холбогдлыг ойлгоход тусал. Хэдийгээр Есүс Христийн цагаатгал, наманчлалын үүргийн талаар чухал үнэнүүдийг эдгээр шүлэгт дурдсан ч тус сэдвүүдийг дараагийн хичээлээр илүү их судлах болно.

Эдгээр шүлэгт Бурхан бол төгс, шударга мөн нигүүлсэнгүй гэдэг нэг үнэнийг заасан.

  • Яагаад энэ үнэнийг мэдэх нь Бурханыг мэдэхэд чухал гэж та бодож байна вэ?

Бурханы шударга ёс ба нигүүлсэл

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Бурханы шударга ёс, нигүүлслийн талаар ийн заасан.

14:51

Шударга ёс нь Бурханы нэн чухал зан чанар юм. Бурхан итгэлийг төгс даадаг учраас бид Бурханд итгэж болно. Судрууд бидэнд “Бурхан тахиралдсан замуудаар явах нь үгүй, бас тэрээр баруун гар тийшээ ч, зүүн гар тийшээ ч эргэх нь үгүй, тэрээр бас хэлснээ өөрчлөх нь үгүй, тиймийн тул түүний зам шулуун бөгөөд замнал нь нэгэн мөнхийн эргэлт бөлгөө” [Сургаал ба Гэрээ 3:2] мөн “Бурхан бол нүүр тал хардаггүй” [Үйлс 10:34] гэдгийг заадаг. Бид итгэлтэй байдал, итгэл, найдвараа олж авахын тулд шударга ёсны бурханлаг мөн чанарт итгэдэг.

Гэвч төгс шударга байдлын үр дүнд, Бурхан ч хийж чадахгүй тийм зарим зүйл байдаг. Тэр хүчээр зарим нэгийг нь аварч, заримыг нь шийтгэж чадахгүй юм. Тэр “нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй” [Сургаал ба Гэрээ 1:31]. Тэрээр нигүүлсэлд шударга ёсыг дээрэмдэхийг зөвшөөрч чадахгүй [Алма 42:25-ыг үзнэ үү].

Бурханы бий болгосон нигүүлслийн зарчим нь Түүний шударга ёсны итгэл үнэмшил бүхий баталгаа юм. Тэрээр шударга учраас нигүүлсэлд чухал үүрэг гүйцэтгэх замыг нээж өгсөн. (Д.Тодд Кристоффэрсон, “Үүрд чөлөөт байж, өөрсдийнхөө төлөө үйлд,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18)

  • Энэ мэдэгдэл танд Бурханы талаар юуг ойлгоход тусалж байна вэ?

Суралцагчдыг дараах асуултад өгсөн хариултаа бичиж, дараах мэдэгдлийг бие даан гүйцээхэд урьж, дараа нь тэднээс хамтрагч, жижиг бүлэгт эсвэл ангийнхандаа хуваалцахыг хүс.

Танд ч мөн Кориантоны адил санаа зовнидог найз бий хэмээн төсөөлж үз. Тэрээр танаас –Бурхан нүгэлтнүүдийг шийтгэх нь хэр шударга вэ? гэж асууж байна.

  • Та найздаа Бурханы шударга ёс ба нигүүлслийг ойлгоход нь туслахын тулд юу гэж хэлэх вэ? (Алма 42:9–15-аас шүлгүүдийг эсвэл үг хэллэгийг оруул.)

Дараах мэдэгдлүүдийг гүйцээ.

Бурханы шударга ёс намайг адисалдаг, учир нь …

Бурханы нигүүлсэл намайг адисалдаг, учир нь …

Бурханы шударга ёс ба нигүүлслийн талаар гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.