Семинар
Алма 42, 2-р хэсэг: “Нигүүлсэл нь гэмшигчийг шаарддаг”


“Алма 42, 2-р хэсэг: ‘Нигүүлсэл нь гэмшигчийг шаарддаг,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 42, 2-р хэсэг,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 42, 2-р хэсэг

“Нигүүлсэл нь гэмшигчийг шаарддаг”

нигүүлсэнгүй мутраа сунгаж буй Есүс Христийн зураг

Алма хүү Кориантондоо наманчлахад нь туслахын тулд Бурханы шударга ёс, нигүүлслийн тухай, “үнэнээр гэмшигчээс өөр хэн ч аврагдахгүй” (Алма 42:24) талаар заажээ. Бид Тэнгэрлэг Эцэгийн нигүүлслийн төлөвлөгөөг ойлгох үедээ наманчлах хандлагатай байдаг. Энэ хичээл Есүс Христийн Цагаатгал Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд амлагдсан нигүүлслийг хүлээн авах боломжийг танд хэрхэн олгодгийг ойлгоход тань тусална.

Суралцагчдыг Есүс Христийн талаар гэрчлэхэд урь. Суралцагчдын зүрх сэтгэл Есүс Христийн тухай зүгээр л ярьдаг байснаас Түүнийг өөрийн хувийн Гэтэлгэгч гэдгээр гэрчилж, мэдэж, хайрлаж, итгэдэг болсон үед өөрчлөгдөх болно. Суралцагчдыг Есүс Христийн талаарх гэрчлэлээ бие биетэйгээ хуваалцахад урих үр дүнтэй аргуудыг хай.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судраас чин сэтгэлээсээ наманчилснаа харуулсан нэг хүний эсвэл хэсэг бүлэг хүний жишээг олоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хууль нь шийтгэл оноодог

Дараах нь Бурханы шударга ёс, нигүүлслийн талаарх суралцагчдын ойлголтыг үнэлэхэд тань туслах зорилготой юм. Шаардлагатай бол “Алма 42, 1-р хэсэг” хичээлээс шударга ёс, нигүүлслийн тухай тодорхойлолтуудыг эргэн харж болно.

  • Ямар тохиолдолд шударга ёсыг эрхэмлэдэг вэ? Нигүүлслийн тухайд?

Тэнгэрлэг Эцэг шударга бөгөөд нигүүлсэнгүй учраас бид бүгд адислагдсан. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний ачаар бид бүгд Бурханы өмнө шүүгдэхээр эргэн ирэх болно. (Алма 42:23-ыг үзнэ үү). Нүглийн байдалд байхдаа Кориантон шүүлтэд бэлтгэгдээгүй байв. Кориантонд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар заах нь түүнийг наманчилж, Бурханд үйлчлэхэд хүргэнэ гэж Алма найдаж байв. Алма 42-ыг судлах явцдаа, Бурханы нигүүлслийг хүлээн авахын тулд юу хийх талаар Алмагийн Кориантонд заасан зүйлийг олж мэд.

Суралцагчид нийгэм дэх янз бүрийн хуулийн талаар ярилцаж, хуулийг дагаж мөрдвөл нийгэмд хэрхэн ашиг тусаа өгөх, хууль зөрчсөн тохиолдолд гарах үр дагавар нь яагаад чухал болох талаар ярилцах нь ашигтай байж болох юм. Энэ нь суралцагчдыг Алма 42:17–21-ийг уншихад бэлтгэнэ.

Хууль нь нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдгийн адил хууль нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний салшгүй хэсэг юм.

Алма 42:17–21-ийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө дэх хуулийн зарим зорилгыг олж мэд. (2 Нифай 2:13-ыг мөн үзнэ үү).

  • Та Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө дэх хуулийн талаар юу сурч мэдсэн бэ?

Дараахтай адил жинлүүрийг самбарт зур. Суралцагчдад шударга ёс, хууль эрх зүй, өршөөл нигүүлслийн хоорондын хамаарлыг ойлгоход нь туслахын тулд зургийг ашигла. Суралцагчдыг хичээлийн туршид асуулт асуухад урамшуулан дэмж.

Суралцагчдад асуулт байвал “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсгээс нэг буюу хэд хэдэн мэдэгдлийг хуваалцах нь тустай байж болох юм.

Судлах тэмдэглэлдээ дараахтай адил жинлүүр зур.

жинлүүрийн хэмжүүрийн зураг

Жинлүүр дээр “Шударга ёс” гэсэн шошго тавь.

Шударга ёсны хуулийн дагуу бид үйлдлийнхээ үр дагаврыг хүлээн авдаг. Бид хуулийг дагаж мөрдвөл адислал хүлээн авч, хуулийг зөрчвөл шийтгэл хүлээдэг.

Жинлүүрийн нэг талд “хууль зөрчсөн”, нөгөө талд нь “нүгэл үйлдсэн хүний ​​шийтгэл” гэсэн шошго тавь.

Хэрэв бид хууль зөрчвөл жинлүүр тэнцвэргүй болдог. Шударга ёс нь жинлүүрийг тэнцвэртэй байлгахыг шаарддаг. Жинлүүрийг тэнцвэржүүлэхийн тулд төлөөс (эсвэл шийтгэл) шаардлагатай (Алма 42:22-ыг үзнэ үү).

  • Гагцхүү бидний шийтгэлээр шударга ёсны хэмжүүр тэнцвэрждэг бол бидэнд юу тохиолдох вэ?

Нүглийн шийтгэл нь сүнсний үхэл буюу “Их Эзэний дэргэдээс тусгаарлагдах юм” (Алма 42:11).

Нигүүлсэл нь наманчлагчийг шаарддаг

“Бурхан нь төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан” (Алма 42:15) учраас биднийг гэм нүгэл үйлдэх үед нигүүлсэл үзүүлэхийн тулд Тэрээр төлөвлөгөө бэлдсэн.

Алма 42:15, 22–25-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө шударга ёсны жинлүүрийг тэнцвэржүүлэхийн тулд юугаар хангасныг олж мэд.

Дараах зааврын дагуу самбар дээрх жинлүүрийн шошгыг тохируулна уу.

Шударга ёсны жинлүүрээс нүгэлтэн гэдэг үгийг дарж эсвэл арилгаж, Аврагчаар гэдэг үгээр соль.

Суралцагчдад Есүс Христэд анхаарлаа хандуулж, учир шалтгаантай ярилцахад нь туслахын тулд хаалтад жагсаасан дараах судруудын заримыг эсвэл бүгдийг нь уншуулах талаар бодож үз. Санал болгож буй хэсгүүд нь асуултад хариулахад хэрхэн тусалж байгааг ярилц.

  • Шударга ёсны жинлүүрийн бүдүүвч зургийг та өөрийн үгээр хэрхэн тайлбарлах вэ?

  • Нигүүлслийг үзүүлэхийн тулд Есүс Христ юу хийсэн бэ? (Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг үзнэ үү).

  • Аврагчийн нигүүлслийг хүлээн авахад биднээс юу шаардагдах вэ? (Алма 12:32–34; 34:15–16-г үзнэ үү).

Бидний сурч мэдсэн нэг зарчим бол хэрэв бид үнэнээр гэмшигч байж чадвал Аврагчийн Цагаатгалаар дамжуулан нигүүлслийг хүлээн авах болно.

Суралцагчид “үнэнээр гэмшигч” гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгохын тулд доор дурдсан судруудын заримыг уншиж болно. Тэд мөн суралцагчийн бэлтгэлийг эргэн санаж, үнэнээр гэмшигч хүмүүсийн жишээг судраас хуваалцаж болно.

Гэмшигч гэдэг нь даруу байж, нүглийн төлөө харамсах гэсэн үг юм (2 Коринт 7:10; 2 Нифай 2:7; Мозая 4:10-ыг үзнэ үү)

  • Та яагаад зөвхөн үнэнээр гэмшигч хүмүүс аврагдсан гэж бодож байна вэ?

Та өөрийгөө Кориантон бөгөөд бүх нүглээ наманчлаагүй байна гэж төсөөлөөд үз дээ. Алма 42:26–30-ийг уншаад, наманчлахад тань түлхэц болох үг хэллэгийг олж мэд.

  • Ямар үг, хэллэг таныг наманчлахад түлхэц болдог вэ? Яагаад?

Алма Кориантонд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар заасныхаа дараа (Алма 40–42-ыг үзнэ үү) түүнд “бодгалиудыг наманчлалд авчирч болохын тулд үгийг номлохоор Бурханаар дуудагдсан” гэдгийг нь сануулав (Алма 42:31). Кориантон нүглээ наманчилж, дуудлагаа биелүүлэв (Алма 49:30-ийг үзнэ үү).

Наманчлах хэрэгцээгээ эргэцүүлэн бодож, хэрхэн үнэнээр гэмшигч болж чадахаа бод. Таныг наманчлах үед Тэнгэрлэг Эцэг өршөөх болно гэдгийг санаарай (Мозая 26:30; Исаиа 1:18-ыг үзнэ үү).

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө дэх Есүс Христийн Цагаатгалын үүргийг тайлбарласан гурав, дөрвөн өгүүлбэр бич. Шударга ёс, нигүүлслийн үүрэг, нигүүлслийг хүлээн авахын тулд юу хийх ёстойг багтаа. Аврагчийн талаар илэрхийлэхийг хүссэн бүх мэдрэмжээ тэмдэглэ.

Суралцагчдыг өрөөг тойрон алхаж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө дэх Есүс Христийн Цагаатгалын үүргийг ангийнхандаа тайлбарлахад урь. Шударга ёс, нигүүлсэл, үнэнээр гэмшигч байхын ач холбогдол, Есүс Христ өршөөл нигүүлслийг хэрхэн боломжтой болгодог талаар ярилцахад тэднийг урамшуулан дэмж.

Өөр нэгэн сонголт бол хичээлийн эхэнд ашигласан жишээнүүдийг эргэн харах явдал юм “Алма 42, 1-р хэсэг.” Суралцагчдыг Алма 42-ыг судлах явцдаа сурч мэдсэн зүйлээ ашиглан, тэдгээр жишээнд хариулахад урь.

Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар боломжтой нигүүлсэл, гэтэлгэлийн талаар гэрчлэлээ хуваалц.