Семинар
3 Нифай 23: Судруудыг хичээнгүйлэн судал


“3 Нифай 23: Судруудыг хичээнгүйлэн судал,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 23,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 23

Судруудыг хичээнгүйлэн судал

Зураг
Христ Америк тивийн хүмүүсийн хамт алтан ялтаснуудыг харж буй нь

Та хувиараа судраас хэрхэн судалж байна вэ? Энэ нь таны амьдралд ямар өөрчлөлт оруулж байна вэ? 3 Нифай 23 дээр Есүс судрууд мөн бошиглогчдын үгсийг хадгалж, судлахын ач холбогдлын талаар онцолсон. Энэ хичээл Их Эзэний үгсийг илүү хичээнгүйлэн судлахад тань туслах зорилготой.

Суралцагчдад сурах арга барилаа хөгжүүлэхэд туслах. Суралцагчдад судраас амжилттай судлахад нь туслахын тулд судар судлах төрөл бүрийн ур чадварыг хөгжүүлэхэд нь тусал. Эдгээр ур чадвар суралцагчдад судлахдаа Сүнсийг урьж, судрыг илүү сайн ойлгож, сайн мэдээний сургаал, зарчмуудыг олж, хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой байх ёстой.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэ хичээлээс өмнө судруудыг судлах цаг гаргахад урьж, хичээлийг илүү утга учиртай болгохын тулд хийж буй зүйлд нь онцгой анхаарал хандуул. Тэдний амьдралд сурч мэдэж буй зүйлийнх нь үнэ цэн ба чанарыг, мөн үүнд үзүүлж байгаа болон үзүүлээгүй нөлөөллийг үнэлэхэд урамшуулан дэмж.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хувиараа судар судлах

Хичээл эхлэхээс өмнө өрөөнд янз бүрийн зүйлийг нууж тавь. “Хайж судлах” гэсэн үгийг самбар дээр бич. Суралцагчдад юу хайхыг нь хэлээд, аль болох олон зүйл олохыг хүс.

  • Хайж судлах гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Хайж судлахын юу нь сонирхолтой, догдлохоор байж болох вэ?

  • Үүний хэцүү, шантармаар зүйл нь юу байж болох вэ?

Аврагчийн урилга

3 Нифай 23:1–5-ыг уншаад, Аврагч бидэнд юуг, яагаад хайж судлахыг тушаасныг олж мэд.

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Өмнөх бүлгүүдэд Аврагч нифайчуудад тусалж, адислахын тулд Исаиагаас их зүйл эш татсан. (3 Нифай 16:18–20; 20:32, 34–45; 21:8; 22:1–17-г үзнэ үү.)

  • Их Эзэн Исаиагийн үгсийг судлах ямар шалтгаан бидэнд өгсөн бэ? (3 Нифай 23:1–3-ыг үзнэ үү).

    Та ангид хэсэг хугацаанд Исаиагийн сургаалын үнэ цэний талаар ярилцахыг хүсэж болно. Жишээлбэл: Та суралцагчдаас Исаиагийн үгсийн талаар ямар сэтгэгдэлтэй байгаагаа хуваалцахыг хүсэж болно. Тэд Исаиагийн шүлгийг уншаад, эргэцүүлэн бодож, үүнийг судлах нь яагаад үнэ цэнтэй болохыг тунгаан бодож болно. Жишээнд Исаиа 7:14; 9:6–7; 41:10; 49:13–16; 53:1–5; 55:1–3; 61:1–3 орж болно.

  • 3 Нифай 23:5-ын дагуу, бид яагаад Их Эзэний мөн бошиглогчдын үгсийг сонсох ёстой вэ?

Суралцагчдын хариултыг анхааралтай сонсож, самбар дээр бич.

Энэ хичээлээс бидний сурч мэдсэн чухал зарчмуудын нэг бол Аврагч бидэнд үгийг нь анхаарч, бошиглогчдын үгсийг хичээнгүйлэн судлахыг тушаасан гэсэн зарчим юм.

  • Судрыг хичээнгүйлэн судлах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Судраас хэрхэн судалдгаа эргэцүүлэн бодоход хэдэн хором зарцуул. Үүнд хувиараа болон гэр бүлээрээ судлах мөн сүм дээр, семинарт суралцах гэх зэрэг багтаж болно. Та судруудыг хичээнгүйлэн судалж байгаа гэж бодож байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

  • Судрыг хичээнгүйлэн судлахад бэрхшээлтэй байж болох зарим шалтгаан юу вэ?

    Суралцагчдыг хуваалцаж байхад хариултыг самбарын нэг талд бич. Боломжтой бол хичээлийн эхэнд хийсэн хайх үйл ажиллагааг дурдаж болно. Боломжит бэрхшээлийн талаар бодохын тулд суралцагчид судраас хайхыг эд зүйлс хайхтай харьцуулж болно.

    Үүний нэг хариулт нь бид ямар нэг чухал зүйл олдохгүй байгаа мэт санагдах үедээ судраас хайх цаг гаргахад хэцүү байж болох явдал юм. Эсвэл ойлгоход хэцүү, уйтгартай байж болно. Эдгээр олон бэрхшээлийг даван туулах хамгийн сайн арга замуудын нэг бол бидний амьдралд тусалж чадах ойлголтыг эсвэл үнэнийг хэрхэн олохыг мэдэх юм.

  • Эдгээр бэрхшээлийг үл харгалзан, судрыг утга учиртай судлахад туршлага хуримтлуулахын тулд таны хийсэн эсвэл хийж чадах зарим зүйл юу вэ?

Суралцагчдыг хариулж байх үед самбарын нөгөө талд жагсаалт гарга. Хэрэгтэй гэж үзвэл дараах жишээнүүдийн аль нэгийг нэм.

Зарим жишээг доор өгөв. Үүнд:

  • Судлахаасаа өмнө залбир.

  • Чухал үг, хэллэг, ялангуяа Аврагчийг илүү сайн мэдэхэд тань туслах үгсийг тэмдэглэ.

  • Ойлгоход хэцүү үг, хэллэгийн утгыг хар.

  • Юу уншсанаа бодож, дүгнэ.

  • Сэдвийг эсвэл сургаалыг илүү сайн ойлгохын тулд солбицох эшлэл ашигла.

Зураг
Христ нифайчуудтай цэдгийн талаар ярьж буй нь

Эдгээр ур чадвараас хоёрыг нь давтахын тулд 3 Нифай 23:6–14-ийг уншаад, дараах зүйлийг хий.

  • Уншсан зүйлээ өөрийнхөө үгээр хураангуйл.

  • Аврагчийг илүү сайн ойлгоход тань туслах үг, хэллэгийг тэмдэглэ.

    Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Үүнийг хийхийн тулд тэднийг хоёр хоёроор нь ажиллуулж, нэг суралцагч шүлгийг дүгнэж байх үед нөгөө нь Аврагчийг ойлгоход туслах үг, хэллэгийг харуулж байж болно.

    Хэрэв суралцагчид уншсан зүйлээ дүгнэхэд хүндрэлтэй байвал Аврагч нифайчуудын цэдгүүдийг үзэхийг хүссэн гэдгийг та тайлбарлаж болно. Амилсан гэгээнтнүүд олонд үзэгдэх тухай Самуэлын бошиглол (Хиламан 14:25-ыг үзнэ үү) биелсэн ч ийн биелсэн нь цэдгүүдэд байгаагүй гэдгийг тэрээр онцолсон. Аврагч нифайчуудад энэ цэдгийг бичихийг тушаасан.

  • Аврагч сударт цэдэглэгдсэн зүйлд анхаардаг гэдгийг ямар үг тодорхой харуулж байна вэ?

  • Аврагчийн тухай үүнийг мэдэх нь судруудыг судлахад арга барилд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Судар судлах үр дүнтэй дадлага хийх нь

Судрыг хичээнгүйлэн судлах дадлага хийхэд хэдэн хормыг зарцуул. Та нэг бүлэг судлахыг эсвэл илүү их мэдэхийг хүссэн сэдвийнхээ талаарх шүлгийг судлахыг сонгож болно. Дээрх жагсаалтаас өөрийн бодсон эсвэл олж мэдсэн дор хаяж нэг судрын ур чадвараа ашигла.

Суралцагчдад уншиж, эргэцүүлэн бодох хангалттай цаг гаргаж өг. Суралцагчдыг утга учиртай санагдсан судалсан зүйлээ мөн түүнд ашигласан ур чадвараа хуваалцахад урь. Дараах асуултууд нь хэлэлцүүлэгт туслах зорилготой.

  • Та ямар сурах арга барил ашигласан бэ? Энэ нь таныг хичээнгүйлэн судлахад хэрхэн тусалж болох вэ?

  • Та Аврагчийн талаар урьд өмнө нь ойлгоогүй юуг мэдэж авсан бэ?

  • Та эдгээр ур чадварын алийг нь ирээдүйд судар судлахдаа хэрэгжүүлэх боломжтой вэ? Та үүнийг хэрхэн хийх вэ?

Ирэх долоо хоногийн туршид өнөөдөр юу сурч мэдсэнээ эргэцүүлэн бод. Судрыг хичээнгүйлэн судлахад хүргэх нэг арга замыг сонго. Энэ нь таны амьдралд хэрхэн тусалж болох талаар бод.

Хэвлэх