“3 Нифай 24: Их Эзэний аравны нэгийн хууль,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“3 Нифай 24,” Мормоны Номын багшийн гарын авлага
3 Нифай 24
Их Эзэний аравны нэгийн хууль
Хэрэв бид аравны нэгээ төлбөл Их Эзэн бидэнд юу амладаг вэ? Аврагч нифайчуудад аравны нэгийн хуулийг болон энэ зарлигийн дагуу амьдарснаар ирэх адислалуудын талаар заахын тулд Малахигийн үгийг ашиглажээ. Энэ хичээл аравны нэгээ төлөх хүсэлтэй болоход тань туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Таны туршлага
Дараах жишээнүүдийг уншаад, өөрт тань болон танай бүсийн өсвөр үеийнхэнд хамгийн их хамааралтай гэж үзэж буй жишээг олж мэд.
-
Карлос утас авахын тулд мөнгөө хадгалж байв. Тэрээр аравны нэгийг төлөх талаар огт боддоггүй.
-
Сита багадаа дандаа аравны нэгийг төлдөг байсан бол одоо ажилтай болж, илүү их мөнгө олж байгаа ч үүнийг хийхэд хэцүү болжээ.
-
Онэка гэр бүлдээ туслахын тулд олсон бүх мөнгөө өгдөг. Тэрээр гэр бүлд нь мөнгө хэрэгтэй байхад аравны нэгийг төлөх шаардлагатай эсэхэд эргэлздэг.
-
Анжум мөнгө олдоггүй тул аравны нэгийн хууль өөрт нь хэр хамаатай байх бол гэсэн асуулттай байдаг.
-
Аль нөхцөл байдал нь танд хамгийн хамааралтай санагдаж байна вэ? Яагаад?
-
Өсвөр үеийнхэнд аравны нэгийн талаар ямар асуулт байдаг вэ мөн юунд санаа зовнидог байж болох вэ?
Аравны нэгийн талаарх өөрийн туршлага, ойлголтын тухай бод. Та аравны нэгийг төлдөг үү эсвэл төлөхөд бэлэн байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ? Та аравны нэгийн туршлагаасаа юу сурч мэдсэн бэ? Энэ хичээлийг судлахдаа энэ хуулийг дагахад тань туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Их Эзэний аравны нэгийн хууль
Есүс нифайчуудад зааж байхдаа 400 орчим жилийн өмнө Малахигийн цэдэглэсэн үгсийг бичихийг тэдэнд зарлигласан. Малахи Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг болон ёс бусчуудыг шүүх Аврагчийн үүргийн талаар бошиглосон (3 Нифай 24:1–6-г үзнэ үү).
3 Нифай 24:7-г уншаад, Малахигийн үед хүмүүст тулгарч байсан асуудлуудыг олж мэд.
-
Нифайчууд хэрхэн Малахигийн үеийн хүмүүстэй адил байж болох вэ?
-
Хүмүүс Өөрт нь эргэн ирвэл Их Эзэн тэдэнд юу амласан бэ?
Хүмүүсийг Их Эзэнд эргэн ирж, Түүний ирэлтэд бэлтгэхэд урамшуулан дэмжихийн тулд Их Эзэн Малахигаар дамжуулан аравны нэгийн тухай заасан.
3 Нифай 24:8–12-ыг уншаад, Их Эзэн аравны нэгийн хуулийн талаар юу гэж заасныг олж мэд. “Залгигч” (11-р шүлэг) гэдэг нь хор хөнөөл, ган гачиг, үер, тэр тусмаа Сатаныг хэлж болохыг анхаар.
-
Эдгээр шүлгийн юу нь танд онцгой санагдаж байна вэ?
-
Аравны нэгээ төлөхөөс татгалзах нь хэрхэн Бурханыг дээрэмдэхтэй адил байж болох вэ?
-
Та дараах өгүүлбэрийг хэрхэн төгсгөж болох вэ? “Хэрэв бид Их Эзэний аравны нэгийн хуулийг дагавал …”?
Та өгүүлбэрийг дуусгаж болох нэг арга зам нь: Хэрэв бид Их Эзэний аравны нэгийн хуулийг дуулгавартай дагавал Тэр бидний дээр адислалаа цутгана.
Малахигийн үед болон нифайчуудын үед гэгээнтнүүд хоол хүнсний эсвэл эд зүйлийнхээ аравны нэгийг өгч, аравны нэгээ төлдөг байсан байх магадлалтай. Өнөө үед “Сүмийн гишүүд орлогынхоо аравны нэгийг Их Эзэнд Түүний Сүмээр дамжуулан өгдөг. Эдгээр өргөл нь Сүмийг байгуулж, дэлхий даяар Их Эзэний ажлыг явуулахад зарцуулагддаг” (Сайн мэдээний сэдвүүд, “Аравны нэг,” topics.ChurchofJesusChrist.org). Хэрэв хэн нэгэн орлогогүй бол аравны нэгээ төлөх шаардлагагүй ч ирээдүйд сайн дураараа төлөхөд бэлэн байх ёстой.
Их Эзэн аравны нэгийн тухай ярихдаа “Үүнийг хүлээн авах хангалттай зай байхгүй болтол би тэнгэрийн цонхыг нээж, мөн та нарын дээр адислалыг цутгах эсэхийг үүгээр намайг сорь [буюу шалга]” (3 Нифай 24:10) хэмээн хүчирхэг бөгөөд хурц тод хэллэг ашигласан.
-
Их Эзэн Өөрийн хэлсэн эдгээр үг хэллэгийг ашигласнаар юуг онцолсон гэж та бодож байна вэ? Та Түүний талаар юу сурч мэдсэн бэ?
-
Сургаал ба Гэрээ 64:23-ыг унш.
-
Ахлагч Дэвид А.Бэднарын “Тэнгэрийн цонхнууд” хэлсэн үгийн “1 дэх сурсан зүйл—Чухал хийгээд чимээгүй адислалууд” (2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–21) гарчгийн доор байх догол мөрүүдийг унш.
-
Өөрийнхөө болон таньдаг хүмүүс тань аравны нэгээ төлж байсан туршлагыг бод.
-
Эцэг эхээсээ эсвэл Сүмийн удирдагчаас аравны нэгээ төлснөөр ямар адислал хүртсэн талаар нь асуусан зурвас бич.
-
Эдгээр адислал аравны нэгээ төлөх хүсэлтэй байхад тань хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Их Эзэн Өөрийн хүмүүсийг яагаад аравны нэгийг төлөхийг тушаасан хэмээн та бодож байна вэ?
-
Аравны нэгийн хуулийг дагах нь бидэнд Их Эзэнд “эргэн ирэх”-д (3 Нифай 24:7) эсвэл илүү ойр болоход хэрхэн туслах вэ?
Хувьдаа хэрэгжүүлэх нь
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийг уншиж байхдаа өнөөдөр юу сурч мэдсэн, мэдэрсэн тухайгаа бод.
Аравны нэгийг шударгаар төлөх гэдэг нь үүрэг хариуцлагаас илүү зүйл бөгөөд ариусгалд хүрэх үйл явцын чухал алхмуудын нэг юм. Аравны нэгээ төлдөг та нарт баярлалаа.
Одоогоор аравны нэгийн хуулийг дуулгавартай сахихгүй байгаа та бүхнийг өөрсдийгөө дүгнэж үзэн, наманчлахад урьж байна. Их Эзэний энэ хуульд дуулгавартай байснаар тэнгэрийн цонхнууд танд нээгдэх болно гэдгийг би танд гэрчилж байна. (Дэвид А.Бэднар, “Тэнгэрийн цонхнууд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22)