Семинар
Moрмон 7: “Төгсгөлгүй аз жаргалтай байдал”


“Мормон 7: ‘Төгсгөлгүй аз жаргалтай байдал,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мормон 7,” Мормоны Номын багшийн гарын авлага

Moрмон 7

“Төгсгөлгүй аз жаргалтай байдал”

Мормон

Мормон нифайчууд, леменчүүдийн хоорондох сүүлчийн тулаанаас үүссэн уй гашуу, сүйрлийг гэрчлэхдээ юу мэдэрсэн байж болохыг төсөөл. Энэ тулаанд амиа алдахаасаа өмнө Мормон цэдэгтээ Есүс Христийн сургаал, Түүнийг дагадаг хүмүүсийг хүлээж буй мөнхийн аз жаргалын тухай хамгийн сүүлд бичиж үлдээсэн. Энэ хичээл та нарт Есүс Христийг дагаж, Бурхантай хамт мөнхөд аз жаргалтай амьдрахаар бэлтгэхэд тусална.

Өдөр тутам судраас судлах дадал хэвшилтэй болоход урамшуул. Өдөр тутам судраас судлах дадлыг хөгжүүлэх нь суралцагчдыг насан туршид нь адисалж чадна. Өдөр бүр судраас судалснаар ирэх адислалуудын талаар суралцагчдад заах арга замыг эрэлхийл.

Суралцагчийн бэлтгэл: Та суралцагчдыг өөрсдийг нь аз жаргалтай болгодог зүйлсийн талаар хуваалцах бэлтгэлтэй хичээлд ирэхэд урьж болно. Тэд гэр бүлийн хэн нэгэнтэйгээ юу тэднийг аз жаргалтай болгодог талаар ярилцаж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Мормоны талаар юу мэддэгээ эргэцүүлэн бодоход суралцагчдад туслахын тулд та дараах сорилгыг ашиглаж болно. Тэд зөв хариултыг гар өргөн эсвэл цахим хэлбэрээр хариулж болно. Та сорилго явуулахын оронд Мормоны зургийг үзүүлж, суралцагчдаас юу мэддэгээ хуваалцахыг хүсэж болно. Мормоны бичээсүүдэд (түүний өөрийн үг ба нифайчуудын түүхийн хураангуйлал) Мормоны үгсээс Мормон 7 хүртэлх хэсгүүд багтдаг ба суралцагчдыг Мормоны Номыг барьж, энэ бүлгүүдийг нээн, түүний уг номын хэр их хувийг хураангуйлж, бичсэнийг харахад урь.

Сорилгын хариулт: 1) c; 2) a; 3) b (Мормоны үгсМормон 7 ба Моронай 7–9)

Мормоны амьдрал

Бошиглогч Мормоны талаар юу санаж байгаагаа мэдэхийн тулд дараах сорилгод хариул.

  1. Мормоны залуу насыг хэрхэн дүрсэлсэн бэ? (Moрмон 1:2-ыг үзнэ үү.)

    1. Тэрээр нифайчуудын их цэргийн удирдагч байв.

    2. Тэр айж байлаа.

    3. Мөн ажиглан ойлгохдоо түргэн байсан.

  2. Мормоныг 15 настай байхад юу тохиолдсон бэ? (Moрмон 1:15-ыг үзнэ үү.)

    1. Их Эзэн түүн дээр зочилсон.

    2. Түүний номлол олон зуун хүнийг хөрвүүлсэн.

    3. Тэрээр дайнд шархадсан.

  3. Мормон ойролцоогоор Мормоны Номын хэдэн хувийг бичсэн эсвэл хураангуйлсан бэ?

    1. 1/2

    2. 2/3

    3. 3/4

Бидний одоо Мормоны Ном хэмээн нэрлэдэг энэхүү ариун судрыг Мормон хураангуйлах, бичих, хадгалах үүрэгтэй байсан. Тэрээр амьдралынхаа төгсгөлд нифайчууд, леменчүүдийн хоорондох агуу дайнд оролцож мөн гэрчилсэн. Энэ дайнд эцэстээ Мормон амиа алдсан (Мормон 8:3-ыг үзнэ үү). Мормон хүү Моронайдаа ариун нандин цэдгүүдийг дамжуулахаасаа өмнө Мормоны Номыг хожим унших хүмүүст зориулж, эцсийн захиасаа бичжээ.

Суралцагчдыг жижиг бүлгээрээ дараах асуултыг тунгаан бодож, ярилцахад урь. Ингэснээр илүү олон суралцагчид санаа бодлоо хуваалцах боломжийг олгоно.

  • Мормоны амьдрал, туршлага, гэрчлэлийн талаар эргэцүүлэн бодоход, түүнийг Мормоны Номыг ирээдүйд унших хүмүүст хандан юу бичиж магадгүй гэж та нар бодож байна вэ? Яагаад?

Мормон 7-г судалж байхдаа та Мормоны захиас дайн тулаан дунд байгаа хүмүүсээс гадна амьдралын аливаа нөхцөл байдалд байгаа хүмүүст хэрхэн утга учиртай байж болохыг олж хар.

Мормон биднийг юу мэдээсэй гэж хүсдэг вэ?

Суралцагчид Мормон 7-г судалж байхдаа, Мормоны заасан сургаалыг түүний заах байх гэж хүлээж байсан үнэнтэй харьцуулж болох юм.

Мормон 7:2–7-г унш. Уншигчдыг мэдээсэй гэж Мормоны хүссэн зүйлсийг судартаа тэмдэглэх юм уу тэмдэглэлдээ бич. 5–7-р шүлэг-т Есүс Христийн тухай Мормон юу заасныг онцгойлон анхаар.

  • Яагаад эдгээрийг бидний мэдэх хэрэгтэй чухал үнэн хэмээн Мормон мэдэрсэн гэж та нар бодож байна вэ?

  • Эдгээр үнэний аль нь бусдаас онцгой санагдсан бэ? Яагаад?

  • “Та нар Израилын угсааных” (Мормон 7:2) гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

Хэрэв та суралцагчдад 2–7-р шүлгийг илүү гүнзгий судлах нь тустай гэж үзвэл тэднийг Gospel Library, зүүлт тайлбар эсвэл Ерөнхий чуулганы үг зэрэг судлах эх сурвалжуудыг ашиглахад урих талаар бодож үз. Ийм эх сурвалж нь тэдэнд Мормоны өгсөн урилгын ач холбогдлыг илүү сайн ойлгоход тусалж чадна. Жишээлбэл: Зарим нь “Та нар Израилын угсааных” (2-р шүлэг) гэдгийг мэдэхийн ач холбогдлыг судалж болно. Бусад нь “дайны зэр зэвсгүүдээ хаях” (4-р шүлэг) гэсэн нь ямар хамааралтай болохыг ойлгохоор эрэлхийлж болно.

Мормон ёс бус явдал, дайн тулаанаар хүрээлэгдсэн ч Есүс Христийн Амилалт, гэтэлгэлд анхаарлаа хандуулсныг та нар анзаарсан байх. Тэрээр: Есүс Христийн ачаар бид нүглээсээ өршөөгдөж, Бурхантай хамт аз жаргалтай байдалд амьдрахад бэлтгэгдэж чадна гэж заасан (Мормон 7:7-г үзнэ үү).

  • Та нарын эргэн тойронд ямар сорилт эсвэл сөрөг нөлөө байдаг вэ?

  • Есүс Христийн Цагаатгал, мөнхийн аз жаргалын боломжийн талаарх мэдлэг яг одоо та нарын амьдралд хэрхэн итгэл найдвар, хүч чадлын эх сурвалж болж байна вэ?

Мэдлэгийг үйлдэл болгох

Бид Бурхантай хамт мөнхөд аз жаргалтай байж чадна гэдгийг мэдэх нь бидэнд агуу итгэл найдвар өгч чадна. Энэхүү аз жаргалд хүрэхийн тулд бид мэдлэгийг үйлдэл болгох хэрэгтэй хэмээн Мормон урамшуулжээ. Энэ нь 8-р шүлэгт “тиймийн тул” гэсэн үгийг ашигласнаас харагдаж байна.

Дараах гүйцэд бус зарчмыг самбарт бичих талаар бодож үз. Суралцагчид 8–10-р шүлэг дэх Мормоны үгсийг ашиглан, уг мэдэгдлийг янз бүрийн аргаар гүйцээн бичиж болно.

Судлах тэмдэглэлдээ “Би …-снаар Бурхантай хамт аз жаргалтай амьдарч чадна” гэсэн гүйцэд бус мэдэгдлийг бич.

Мормон 7:8–10-ыг уншаад, Мормоны биднийг үйлдэхэд урьсан дор хаяж гурван үйлдлийг бичиж, мэдэгдлийг нөх. 9-р шүлэг дэх “үүнд” гэдэг нь Мормоны Номыг, “түүнд” гэдэг нь Библийг төлөөлж байгаа гэдгийг анхаар.

Шаардлагатай бол дараах үйлдлүүдийг тодорхойлоход суралцагчдад тусал.

  • … наманчлагтун, мөн Есүсийн нэрээр баптисм хүртэгтүн” (Мормон 7:8).

  • … [судрууд дахь] Христийн сайн мэдээнээс баригтун” (Мормон 7:8).

  • … бидний Аврагчийн жишээг [дага]” (Мормон 7:10).

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилаад, гурван үйлдлийн аль нэгийг оноож болох юм. Тэд хамтдаа дараах асуултуудыг ярилцаж болно.

  • Бидэнд эдгээр үйлдлийг хэрэгжүүлэх ямар ямар арга зам байна вэ?

  • Эдгээр үйлдэл нь биднийг Есүс Христээр дамжин ирдэг амлагдсан аз жаргалыг хүлээн авахад хэрхэн бэлтгэх вэ?

Боломжтой бол суралцагчдад дараах хэмжүүрийг өг. Эсвэл сонголтуудыг чанга уншиж, хариултаа тунгаан бодох боломжийг тэдэнд олго.

Мормоны зөвлөгөөг хэр сайн дагаж байгаагаа тунгаан бод. Дараах хэмжүүрийг хараад, ангилал тус бүрээр өөрийгөө үнэл (1 = хэзээ ч үгүй; 5 = бараг үргэлж).

Мэдэгдэл тус бүрийг 1-ээс 5 хүртэлх хэмжүүрээр дүгнэ

Та наманчлах, судруудыг судлах, Есүс Христийн үлгэр жишээг дагах, Бурхантай хамт мөнхөд аз жаргалтай байхыг хүсэн хүлээхээс ирдэг амар амгаланг мэдрүүлэхийн тулд хувийн түүхээ эсвэл гэрчлэлээ хуваалцаж болно. Суралцагчид судлах тэмдэглэлдээ дараахыг хийж гүйцэтгэж болох юм.

Есүс Христээр дамжин ирдэг аз жаргалыг эрж хайхад та нарт туслах Мормоны урилгуудаас нэгийг сонго. Тэр урилгын дагуу юу хийж чадах, энэ нь Аврагчид анхаарлаа төвлөрүүлэхэд чинь хэрхэн тусалж болохыг шийд.