Семинар
Мормон 8:1–26: “Агуу үнэтэй цэдэг”


“Мормон 8:1–26: ‘Агуу үнэтэй цэдэг,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Мормон 8:1–26,” Мормоны Номын багшийн гарын авлага

Мормон 8:1–26

Агуу үнэтэй цэдэг

Мормоны Номын олон өөр хэл дээрх хувиуд

Хэрэв та нарт алтан ялтаснууд шиг үнэ цэнтэй зүйлийг итгэмжлэн өгсөн бол яах байсан бэ? Моронай ялтаснуудыг хүлээн аваад, хамгаалахын тулд чадах бүхнээ хийсэн. Тэр тэднийг “Их Эзэний тул далд хадгалагд[ан]” (Мормоны Номын эхний хуудас), нэг өдөр “Их Эзэний мутраар” (Мормон 8:26) урагш гарч ирэх болно гэдэгт итгэн, эцэст нь газарт булсан. Энэ хичээл та нарт Мормоны Ном амьдралд чинь ямар чухал болохыг мэдрэхэд тусална.

Идэвхтэй суралцах орчныг бүрдүүлэх. Их хэмжээний агуулгыг хуваах, суралцагчдад сурч мэдсэн зүйлдээ хариуцлагатай байх боломжийг олгохын тулд сурах өртөөнүүдийг үр дүнтэй ашигла. Тэднийг өртөө хооронд явж, сонгож байх хооронд туслалцаа хэрэгтэй суралцагч байгаа эсэхийг ажигла.

Суралцагчийн бэлтгэл: Сүүлийн үед Мормоны Номыг судлахад гаргасан тэдний хичээл зүтгэл Мормоны Номыг хэр эрхэмлэж байгааг нь илэрхийлж байгаа талаар бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Эрхэм бэлэг

Хэн нэгэн та нарт уут дүүрэн алмаз, бадмаараг бэлэглэсэн гэж төсөөл.

  • Та нар ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бэ? Энэ бэлэг та нарын амьдралыг хэрхэн адисалж болох вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Мормоны Номын хувийг Африкийн нэгэн овгийн хаанд өгч, энэ нь Есүс Христийн бас нэгэн гэрээ болохыг тайлбарлажээ. Хаан хариуд нь ийн хэлсэн.

“Та надад хэчнээн их алмаз, бадмаараг өгч болох байсан ч Их Эзэн Есүс Христийн тухай энэ нэмэлт мэдлэгээс илүү үнэ цэнтэй байх зүйл үгүй.” (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–59)

  • Энэ хааны ийн мэдэрсэн байж болох шалтгаан юу вэ?

Суралцагчдад Мормоны Номын талаар өөрсдийн мэдрэмжийг дүгнэх хэдэн хором өг. Та ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг үзүүлж, тэдэнд тунгаан бодоход нь тусалж болох юм.

Ерөнхийлөгч Нэлсоны тавьсан дараах асуултад та нар хэрхэн хариулахаа бод.

Ах, эгч нар аа, Мормоны Ном та нарт хэр үнэ цэнтэй вэ? Хэрэв та нарт алмаз, бадмаараг эсвэл Мормоны Ном өгвөл та нар алиныг нь сонгох вэ? Шулуухан хэлэхэд, та нарын хувьд аль нь илүү агуу үнэ цэнтэй вэ?” (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56)

Та Мормон 8-ыг судлах явцдаа Мормоны Номын тухай өөрийн гэрчлэлийг тунгаан бод. Яагаад Мормоны Ном дахь Есүс Христийн гэрчлэл хамгийн эрхэм болохыг мөн та нарын амьдралыг хэрхэн адисалж болох шалтгаануудыг эрж хай.

Мормоны Номын үнэ цэнийг олж мэдэх

Дараах үйл ажиллагаа нь дөрвөн хэсгээс бүрдэх ба суралцагчдад Мормоны Номын үнэ цэнийг олж мэдэхэд эсвэл дахин баталгаажуулахад тусална. Та хэсэг тус бүр дээр өртөө гаргаад, суралцагчид ганцаараа эсвэл жижиг бүлгээрээ өртөөгөөр явж болно.

Эрдэнэсийн газрын зураг

Судлах тэмдэглэлдээ эрдэнэсийн газрын зургийн тоймыг зур. Газрын зураг дээрх цэг бүр нь Мормон 8-ыг судлах явцад сурсан зүйлээ бичих газар юм. Дараах хэсэг бүрээс Мормоны Номын үнэ цэнийн талаар олж мэдсэн зүйлсээ оруул. Таны сурсан зүйл бүр таныг эрдэнэсийн газрын зураг дээрх X-д ойртуулна. X нь Мормоны Ном таны хувьд ямар утгатай болохыг тэмдэглэх газар юм.

1-р хэсэг Нуугдсан эрдэнэс

Мормоныг тулалдаанд нас барсны дараа (Мормон 8:3-ыг үзнэ үү) Моронай эцгийнхээ алтан ялтаснууд дээр бүтээсэн цэдгүүдийг хадгалж, дээр нь нэмж бичжээ.

Мормон 8:1–5-ыг болон Мормоны Номын эхний хуудсыг уншаад, Мормоны Номыг ямар зорилгоор бичиж, хадгалсныг олж мэд.

  • Мормоны Номын зорилгын талаар бид юу сурч болох вэ?

Газрын зураг дээрх цэгүүдийн аль нэг дээр хариултаа бич.

Бидний сурч болох нэг үнэн бол Мормоны Ном нь Есүс бол Христ гэдэгт итгүүлэхийн тулд бидний энэ цаг үе хүртэл хадгалагдсан явдал юм.

  • Мормоны Ном та нарын Есүс Христийг дагах хүсэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

2-р хэсэг. Цэдгийн үнэ цэн

алтан ялтаснууд

Суралцагчдад алтан ялтаснуудыг төсөөлж, бодоход туслахын тулд history.ChurchofJesusChrist.org дахь Сүмийн түүхийн сэдвүүдээс “Gold Plates” мэдээллийг ашиглах талаар бодож үз.

Алтан ялтаснуудын талаар юу мэддэг, ямар үнэ цэнтэй талаар бодож үз. Иосеф Смит Моронайгаас анх алтан ялтаснуудыг хүлээн авахдаа юу мэдэрсэн тухай унш.

Иосефыг алтан ялтаснуудыг гэртээ авчирсны дараа эрдэнэсийн ангуучид хулгайлах гэж хэдэн долоо хоногийн турш оролджээ. Цэдгүүдийг аюулгүй байлгахын тулд тэр зуухан доор, аавынхаа дэлгүүрийн шал, овоолсон буудайн үрэн доор гэх мэт нэг газраас нөгөө газар луу шилжүүлж байлаа. Тэр анхаарал сэрэмжээ огтхон ч сулруулсангүй. (Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 43)

  • Энэ түүхийн юу нь та нарын анхаарлыг татсан бэ?

Мормон 8:14-ийг уншаад, ялтаснуудын талаар Моронайн юу хэлснийг олж мэд.

  • Тэрээр ялтаснуудыг “үнэгүй,” харин “үүний цэдэг агуу үнэтэй” гэж хэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? Бид үүнээс юу сурч болох вэ?

Газрын зураг дээрх цэгүүдийн аль нэг дээр хариултаа бич.

Мормоны Номын цэдэг агуу үнэтэй гэсэн үнэнийг бид мэдэж авч чадна.

Мормоны Номоос таны хувьд агуу үнэ цэнтэй гэж боддог хэдэн шүлэг, сургаал эсвэл түүхийг жагсаан бич. Эдгээр нь яагаад танд болон бусдад үнэ цэнтэйг тайлбарла.

3-р хэсэг. Бурханы өгсөн бэлэг

Иосеф Смит Кумора гүвээнээс алтан ялтаснуудыг авч байгаа нь

Залуу Иосеф Смитийн талаар мэддэг зүйлээ бод. Бурхан яагаад Мормоны Номыг орчуулуулахаар Иосеф Смитийг сонгосон гэж та нар бодож байна вэ?

Мормон 8:15–16, 26-г уншаад, Иосеф Смит, Мормоны Ном хоёрын талаар Моронайн юу заасныг олж мэд.

  • Мормоны Ном хэрхэн гэрэлд гарч ирсэн талаар бид ямар үнэнийг мэдэж болох вэ?

Газрын зураг дээрх цэгүүдийн аль нэг дээр хариултаа бич.

Бурхан Иосеф Смитэд Мормоны Номыг урагш гаргаж ирэх хүчийг өгсөн гэсэн үнэнийг бид мэдэж авч чадна.

Иосеф Смит Мормоны Номыг орчуулсан талаар мэддэг ганц, хоёр зүйлээ бич. (Сүмийн түүхийн сэдвүүд, Book of Mormon Translationhistory.ChurchofJesusChrist.org эсвэл Сайн мэдээний сэдвүүд, Book of Mormon Translationhistory.ChurchofJesusChrist.org.)

4-р хэсэг. Мормоны Номын талаар миний эрхэмлэдэг зүйл

Гэртээ, сүмд болон семинарт Мормоны Номыг судалсны үндсэн дээр Мормоны Номын юуг хамгийн ихээр эрхэмлэж явдгаа бич. Дараах асуултууд тусалж магадгүй.

Дараах асуултуудаас хамгийн багадаа нэгнийх нь хариултыг газрын зураг дээр X-ээр бич.

  • Та нар яагаад Мормоны Номыг хадгалан авч үлдсэнд талархаж байна вэ?

  • Мормоны Номыг авчрахаар Их Эзэний дуудсан бошиглогчдын тухай та нар юу мэдэж авсан бэ?

  • Мормоны Номыг хэр эрхэмлэдгээ Их Эзэнд харуулахын тулд та нар юу хийх вэ?

Тэднийг хариултаа бичиж дууссаны дараа хэнд Мормоны Номын хувийг эсвэл үүнийг татаж авах холбоосыг өгөх талаар бодоход урьж болох юм. Та тэднийг үүнийг хуваалцахдаа гэрчлэлээ оруулахад урамшуулж болно. Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.