“Мормон 9:7–27: ‘Гайхамшгуудын Бурхан,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мормон 9:7–27,” Мормоны Номын багшийн гарын авлага
Мормон 9:7–27
“Гайхамшгуудын Бурхан”
Заримдаа бид судруудаас гайхамшгуудын тухай уншихдаа өнөөдөр бидний өдрүүдэд яагаад ийм зүйлс тохиодоггүй юм бол гэж гайхаж магадгүй юм. Хожмын өдрүүдэд зарим хүнд ийм асуулт гарч ирнэ гэдгийг Моронай мэдэж байлаа. Энэ хичээл та нарт Бурханд итгэх итгэл нь хэрхэн бидний амьдралд гайхамшгуудыг үйлдэх боломжийг Түүнд олгодгийг ойлгоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Гайхамшгуудын Бурхан
Бид амьдралдаа тохиолдсон олон үйл явдлыг гайхамшиг гэж үзэж болно. Гэсэн хэдий ч зарим хүн үүнийг санамсаргүй тохиолдол гэж үздэг байж магадгүй. Зарим хүний санамсаргүй тохиолдол гэж андуурч болох гайхамшгуудын цөөн хэдэн жишээг бодоод үз.
-
Хүмүүст гайхамшгийг санамсаргүй гэж андуурахад юу нөлөөлдөг гэж та нар бодож байна вэ?
-
Өнөөдөр бидний амьдралд Бурхан гайхамшгуудыг үйлдэж байна гэдэгт итгэх нь тэр хүнд яагаад чухал вэ?
Бурхан гайхамшгуудыг үйлдэж чадна гэсэн итгэлийнхээ тухай тунгаан бод. Та судрын, бусдын эсвэл өөрийн амьдрал дахь гайхамшгуудад хэр хүчтэй итгэдэг вэ?
Моронай Бурханы гайхамшгуудыг гэрчлэв
Бидний өдрүүдийг урьдаас харсан Моронай гайхамшгууд тохиолдож болно гэдгийг үгүйсгэдэг хүмүүст хандан захиас бичжээ.
Мормон 9:7–11-ийг уншаад, Моронай Бурханы талаар юу заасныг олж мэд.
-
Эдгээр шүлгийн юу нь танд онцгой санагдаж байна вэ?
-
Та нар ямар ямар үнэнийг тодорхойлсон бэ?
Моронайн заасан хоёр үнэн бол Бурхан өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил ба Бурхан гайхамшгуудын Бурхан мөн юм.
-
Эдгээр үнэнийг ойлгох нь Бурханд итгэх бидний итгэлд хэрхэн нөлөөлж чадах вэ?
Эдгээр үнэнийг тайлбарласан танилцуулгыг бэлтгэснээр Моронайд захиасаа хуваалцахад нь та нар тусалж чадна гээд төсөөлөөд үз дээ.
Товхимол хийхдээ нүүр болон ар тал, дотор талын хоёр хуудас байхаар тооцоолж, цаасыг голоор нь нугал. Товхимлыг эмх цэгцтэй байлгахын тулд хуудаснуудыг дугаарлаж, нүүрэн дээр нь зураг эсвэл дүрс тавьж болно.
-
1-р хуудас (нүүр): “Бурхан бол гайхамшгийн Бурхан.”
-
2-р хуудас: “Гайхамшгуудын жишээ.”
-
3-р хуудас: “Өнөө үед тохиож буй гайхамшгууд.”
-
4-р хуудас: “Бурханыг гайхамшиг үйлдэхэд хэрхэн урих.”
Суралцах хугацаанд төрсөн бодол, мэдрэмж, сэтгэгдэл, ойлголтоо хичээлийн туршид нэмж оруул.
Гайхамшгуудын жишээ
Мормон 9:11–18-ыг уншаад, Моронайн бидэнд мэдүүлэхийг хүссэн гайхамшгуудыг олж мэд. Товхимлынхоо хоёр дахь хуудсан дээр олж мэдсэн зүйлсээ бич.
Моронайн эш татсан зарим гайхамшгийг олж мэдсэнийхээ дараа судраас өөрийн мэдэх өөр гайхамшгийг жагсаан бич.
-
Эдгээр гайхамшиг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг ойлгоход та нарт тусалдаг вэ?
Өнөө үед тохиож буй гайхамшгууд
Мормон 9:19-ийг уншаад, одоо үе дэх гайхамшгуудын талаар Моронайн юу зааж байгааг олж мэд.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд бид өнөө үед гайхамшгуудыг хэрхэн таних талаар ийн заасан.
Өнөө үед Есүс Христийн дагалдагчдын дунд, та нарын төдийгүй бидний амьдралд гайхамшгууд болон тэмдгүүд мөн ер бусын гайхалтай зүйлс дүүрэн байна. Гайхамшгууд нь Бурханы хязгааргүй хүчийн бурханлаг үйлдэл, илэрхийлэл, илрэл болдог төдийгүй Түүнийг “өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил” гэдгийг баталж өгдөг.
Та нарын олонх нь гайхамшгуудыг харсан ч заримыг нь анзааралгүй өнгөрөөсөн байдаг. Есүсийн нас барагсдыг амилуулсантай харьцуулахад, эдгээр нь өчүүхэн мэт санагдаж болох юм. Гэхдээ гайхамшгийн цар хүрээ гайхамшгийг тодорхойлдоггүй, Бурханаас ирсэн эсэх нь үүнийг тодорхойлдог. (Роналд А.Расбанд, “Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан,” Лиахона, 2021 оны 5-р сар, 109–110)
-
Энэ мэдэгдэл гайхамшгийн талаар юуг ойлгоход бидэнд тусалж чадах вэ?
-
Өнөө үед Бурханаас ирдэг том, жижиг ямар гайхамшиг байдаг вэ?
Товхимлынхоо “Өнөө үед тохиож буй гайхамшгууд” гэсэн гарчигтай гурав дахь хуудсанд өөрт эсвэл таньдаг хүмүүст тань тохиосон гайхамшгуудыг бич.
Бурханыг гайхамшиг үйлдэхэд хэрхэн урих вэ?
Өнөөдөр танд хамгийн их хэрэгтэй байгаа эсвэл хүсэж байгаа гайхамшгуудынхаа талаар бод.
Moрмон 9:20–28-ыг уншаад, Бурхан биднийг гайхамшгуудаар адислахын тулд биднээс юу хийхийг хүсдэгийг олж мэд.
-
Бид Бурханыг өөрсдийн амьдралд гайхамшгуудыг үйлдэхэд хэрхэн урих вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг унш эсвэл ChurchofJesusChrist.org-оос “Сүнслэг инерцийн хүч” видеог цагийн код 13:30-аас 14:05 хүртэл үзнэ үү.
Хэрэв та нар Түүнд “эргэлзэлгүйгээр” итгэх аваас Их Эзэн та нарыг гайхамшгуудаар адислах болно. Гайхамшгийг эрэлхийлэхийн тулд сүнслэг ажил хий. Та Бурханаас ийм итгэлийг хэрэгжүүлэхэд туслахыг залбиран гуй. Есүс Христ “эцэж ядарсанд тэнхээ өгч, чадал барагдсанд нь хүч нэмдэг” гэдгийг та бүхэн хувьдаа мэдрэх боломжтой гэдгийг би амлаж байна. (Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг инерцийн хүч,” Лиахона, 2022 оны 5-р сар, 97)
-
Ерөнхийлөгч Нэлсоны үгээс юу нь та нарын анхаарлыг татсан бэ?
-
Бид гайхамшгуудыг эрэлхийлэхийн тулд ямар сүнслэг ажил хийх хэрэгтэй байж болох вэ?
-
Мормон 9-ийг судалснаар та нар Аврагчийн талаар юу сурч мэдэж авсан мөн мэдэрсэн бэ?
-
Түүний гайхамшгуудыг амьдралдаа урихын тулд та нар юу хийж чадах вэ?