Семинар
Ифер 1: “Их Эзэнээс залбиран гуй”


“Ифер 1: Их Эзэнээс залбиран гуй,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Ифер 1,” Мормоны Номын багшийн гарын авлага

Ифер 1

“Их Эзэнээс залбиран гуй”

Залбирч буй залуу эмэгтэй

Та нарыг бэрхшээлтэй тулгарах үед Их Эзэнтэй харилцах харилцаа тань хэрхэн өөрчлөгддөг вэ? Ёс бус хүмүүсийг тэнгэрт хүрэх цамхаг барихаар оролдсонд Их Эзэн тэдний хэлийг будилуулж, нэг нэгнээ ойлгохгүй болгов (Эхлэл 11:1–9-ийг үзнэ үү). Жаредын ах Их Эзэнд хандан гуйж, гэр бүл, найз нөхдийг нь энэхүү төөрөгдлөөс хэлтрүүлж өгөхийг хүсэв (Ифер 1:34–37-г үзнэ үү). Их Эзэн түүний чин сэтгэлийн залбиралд өрөвч нинжин сэтгэл, нигүүлслээр хариулжээ. Энэ хичээл та нарыг илүү чин сэтгэлээсээ, илүү тууштай залбирахад урамшуулах зорилготой.

Үндсэн ойлголтуудыг заах. Суралцагчид Есүс Христийн сайн мэдээний үндсэн ойлголтуудын (залбирал гэх мэт) талаар байнга сонсдог байж болно. Эдгээр үндсэн ойлголт амьдралыг нь хэрхэн адисалж болохыг олж мэдэхэд нь суралцагчдад тусалснаар ийм агуулгатай хичээлүүдэд үргэлжлүүлэн идэвхтэй оролцоход тусалж чадна.

Суралцагчдын бэлтгэл: Суралцагчдыг Ифер 1:34–37-г уншаад, “Их Эзэнээс залбиран гуй” гэсэн хэллэгийг тэмдэглэхэд урь. Энэ хэллэг тэдний хувьд ямар утгатайг болон энэ нь бидний заримдаа залбирдаг арга барилаас юугаараа ялгаатайг хуваалцахад бэлдэж ирэхийг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Чин сэтгэлийн, тууштай залбирал

Дараах хоосон хэсгийг бөглөх мэдэгдлүүдийг самбарт харуул эсвэл бичихийг бод. Суралцагчдыг хоёр, хоёроороо эсвэл жижиг бүлгүүд болж, хоосон зайг хэрхэн бөглөж болох талаар хуваалцахад урь.

Судлах, дасгал хийх, бусдад үйлчлэх гэх мэт сайн үйлсийн талаар бод. Тэдгээр үйлдлийг ашиглаж, дараах өгүүлбэр дэх үг хэллэгүүдийг зохих ёсоор гүйцээ.

  • Хэрэв хэн нэгэн хааяа нэг (үйлдэл), дараа нь .

  • Хэрэв хэн нэгэн чин сэтгэлээсээ, урт хугацаанд тууштайгаар (үйлдэл), дараа нь .

  • Та залбирах гэсэн үйл үгийг ашиглан, эдгээр хоёр мэдэгдлийг хэрхэн гүйцээж болох вэ?

    Дараах асуултад өгсөн суралцагчдын хариултыг самбарт бичих талаар бодож үз.

  • Бидний хүсдэг шигээ үргэлж тууштай эсвэл чин сэтгэлээсээ залбирч чаддаггүйн шалтгаан юу вэ?

Суралцагчдыг дараах хүснэгтэд байгаа асуултад хэрхэн хариулахаа тунгаан бодоход урь. Суралцагчдаас хариултаа хуваалцахыг хүсэх хэрэггүй.

Залбирлынхаа талаар цаг гарган тунгаан бод. Таныг чин сэтгэлээсээ, тууштай залбирахад юу тусалдаг вэ? Таныг чин сэтгэлээсээ, тууштай залбирахад юу саад болдог вэ? Та юуг нь сайжруулахыг хүсэж байж болох вэ?

Энэ хичээлийг судалж байхдаа залбирахад тань тус болох үнэнийг эрж хай.

Иферийн ном

Моронай Мормоны Номын энэ хэсэгт Иферийн номыг оруулсан. Энэ ном жаредчуудын түүхийг агуулдаг. Үүнийг Лимхайн илгээсэн хүмүүсийн олсон 24 алтан ялтаснаас орчуулсан (Мозая 8:7–11; Ифер 1:1–2-ыг үзнэ үү). Энэ ном Жаредын ахын цэдэг болон Их Эзэнд хандсан түүний залбирлаар эхэлдэг. Түүнийг хэзээ амьдарч байсныг ойлгохын тулд дараах он дарааллыг хараад, энэ жил Мормоны Номоос судалсан бусад хүнтэйгээ харьцуул (огноог ойролцоогоор гаргасан болно).

Жаредчуудын хэзээ амьдарч байсныг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах он дарааллыг харуулж болох юм. Судруудын энэ нөхцөл байдлыг ойлгох нь суралцагчдад судлах явцдаа илүү их ойлголтыг олж авахад тусалж чадна.

МЭӨ 3000 оноос МЭ 400 он хүртэлх Мормоны Номон дахь хүмүүсийн он дараалал

Жаредчуудын түүх эхлэх үед өрнөж буй үйл явдлыг харахын тулд Ифер 1:33-ыг унш.

  • Та нар “агуу цамхаг”-ийн тухай болон “Их Эзэн хүмүүсийн хэлийг [будилуулсан]” (Ифер 1:33) талаар юу мэдэх вэ?

Суралцагчдын хариултыг сонсоод, дараах түүхийг нэгтгэн дүгнэх юм уу шаардлагатай бол дараах видеог үз.

Хэрэв уг түүхийн талаар сайн мэдэхгүй бол ChurchofJesusChrist.org-оос “The Tower of Babel” (0:58) видеог үзүүлэх юм уу Эхлэл 11:1–9-ийг унш (мөн Мормоны Номын эхний хуудасны 2 дахь догол мөрийг үзнэ үү).

0:57
  • Тэр цаг үед амьдрахад ямархуу байх байсан бол?

Бурханд итгэлтэйгээр залбиран гуйх

Заримдаа судруудад үг хэллэгүүдийг илүү тодотгож, ач холбогдол өгөхийн тулд давтамжийг ашигладаг. Эдгээр давтагдсан үг хэллэгийг хайх нь сүнслэгээр өдөөгдсөн бичээч юу заахыг хичээж буйг илүү сайн ойлгоход тусална.

Жаред болон түүний ах асуудлаа хэрхэн шийдэхээр эрэлхийлснийг харахын тулд Ифер 1:34–37-г унш. Жаредын ах хэрхэн залбирч, Их Эзэн хэрхэн хариулсныг харуулсан давтагдсан үг хэллэгүүдийг тэмдэглэхийг бодож үз.

  • Та нар тэмдэглэсэн үг хэллэгүүдээсээ юу сурсан бэ?

Суралцагчдыг хариулах үед анхааралтай сонс. Тэдний хуваалцсан үнэн зарчмуудыг самбарт бич.

Биднийг Бурханд хандан итгэлтэйгээр залбиран гуйхад Тэр биднийг өрөвдөн нигүүлсэх болно гэсэн нэг зарчмыг бид энэ цэдгээс сурч болно.

Суралцагчдыг хичээлийн бэлтгэлээ эргэцүүлэн санахад урь. Тэднийг дараах өдөөлтүүдийн талаар бодож буй зүйлээ бичсэний дараа хос болгон хувааж, хариултаа хуваалцахад урих талаар бодож үз.

Энэ зарчмыг бусдад хэрхэн тайлбарлах байснаа доор бич. Тайлбартаа дараах санаануудыг багтаа. Үүнд:

  • Их Эзэнээс итгэлтэйгээр залбиран гуйх гэдэг нь юу гэсэн үг вэ, энэ нь бидний зарим үеийн залбирлаас хэр өөр болох

  • Жаредын ахад өгсөн Их Эзэний хариултууд Түүний талаар та нарт юу заадаг тухай

  • Их Эзэн бидний залбиралд өрөвч нинжин сэтгэлээр хариулж болох зарим арга зам

Чин сэтгэлээсээ, тууштай залбирахад Их Эзэн өрөвч нинжин сэтгэлээр хариулдаг орчин үеийн жишээг харахын тулд ChurchofJesusChrist.org-оос “Answers to Prayer” видеог цагийн код 2:17-аас 4:32 хүртэл үзнэ үү.

2:3

Жаредын ах хариултаа хүлээж авах хүртэл хэр удсаныг бид мэдэхгүй гэдгийг ойлгох нь чухал. Далын ахлагч Брүк П.Хэйлс ийн хуваалцсан.

Эцэг бидний хэн болохыг, хэрэгцээ маань юу болохыг мэддэг бөгөөд төгс арга замаар бидэнд туслах болно. Заримдаа тэдгээр тусламж тэнгэрлэг тусламжийг хүссэн яг тэр мөчид эсвэл төд удалгүй ирдэг. Заримдаа чин сэтгэлийн, зүй зохистой хүслийг маань бидний хүсэн хүлээсэн арга замаар хариулдаггүй ч Бурхан үүнээс ч илүү агуу адислалыг бидэнд бэлдсэн байгааг бид олж мэддэг. Харин заримдаа бидний зөв шударга хүсэл энэ амьдралд биелэхгүй байх нь ч бий. (Брүк П.Хэйлс, “Залбирлын хариу,2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10)

  • Эдгээр сургаалыг санах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

    Бурхан залбиралд хэрхэн хариулдаг талаар илүү ихийг судлах нь суралцагчдад тустай бол хичээлийн энэ хэсэгт “Залбирлын хариу” нэртэй нэмэлт үйл ажиллагааг хийж гүйцэтгэх талаар бодож үз.

Хэт хувийн шинжтэй биш бол суралцагчдыг Их Эзэнд хандан залбирахад Тэр тэднийг хэрхэн өрөвдөж энэрсэн талаар хуваалцахад урьж болох юм. Та ч бас өөрийн туршлагыг хуваалцаж болно.

Тууштай залбирах

Ифер 1:38–43; 2:5, 13–15-ыг уншаад; залбирал, Их Эзэний хариултуудын талаарх нэмэлт ойлголтыг эрж хай.

Суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Хэрэгтэй бол дараах асуултуудаас заримыг нь асуу.

  • Ифер 1:43 ба 2:14 дэх ямар ямар үг хэллэг бидний тууштай залбирлын талаар Их Эзэний юу гэж боддогийг харуулж байна вэ? Тэр яагаад биднийг Өөрт нь хандан тууштай залбираасай гэж хүсдэг гэж та нар бодож байна вэ?

  • Жаредын ахад залбирахдаа тууштай байгаагүй үе байсан (Ифер 2:14-ийг үзнэ үү). Бид ямар шалтгааны улмаас залбирахдаа хойрго байж магадгүй вэ?

Залбирлаа сайжруулах

Та нар өсвөр үеийнхэнд залбирлаа сайжруулахад нь хэрхэн туслах тухай өсвөр үеийнхний хэлэлцүүлэгт оролцож байна гэж төсөөлөөд үз.

Хэлэлцүүлэг явуулахдаа хэд хэдэн суралцагчийг танхимын урд талд гарахад урихыг бод. Тэд хэлэлцүүлэгт орохоор гарч ирэхдээ өөрсдөд буй асуултуудыг юм уу доорх асуултуудыг ашиглаж болно.

  • Залбирлаа илүү утга учиртай, чин сэтгэлийнх болгохын тулд та нар юу хийж байсан эсвэл хийж чадах вэ?

  • Тууштай залбирахад тань туслах ямар зүйлийг хийж байсан бэ? Та нар өөр юу хийж болох вэ?

  • Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцааныхаа талаар бодох нь тууштай, чин сэтгэлээсээ залбирахад тань хэрхэн нөлөөлөх вэ? (Bible Dictionary, “Prayer”-ийг үзнэ үү.)

Ариун Сүнсний сүнслэг өдөөлтийг эрэлхийлж, залбирлаа хэрхэн өөрчлөх шаардлагатай талаараа тунгаан бод. Тодорхой зорилго тавьж, хүлээн авсан бодол, мэдрэмжээ дагах амлалт өг.