Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 24: Ойлгох ба тайлбарлах


“Төгс эзэмших сургаалын давтлага 24: Ойлгох ба тайлбарлах,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаалын давтлага 24,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаалын давтлага 24

Ойлгох ба тайлбарлах

Судар судалж буй залуу эрэгтэй

Төгс эзэмших сургаал Аврагчийн сургаалыг өөрийн үгээр ойлгож, тайлбарлахад тань тусална. Энэ хичээл Мормоны Номын төгс эзэмших сургаалын судрын өөр өөр хэсгүүдийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг танд олгоно.

Суралцагчдынхаа талаар илүү ихийг сурч мэд. Суралцагчидтайгаа илүү сайн танилцах боломжийг эрэлхийл. Ажиглах, чин сэтгэлээсээ асуух зэрэг нь суралцагч тус бүрд юу илүү чухал болохыг олж мэдэхэд таныг удирдан чиглүүлнэ. Суралцагчдаа илүү сайн ойлгохын хэрээр, суралцагчдынхаа хэрэгцээнд тохируулан хичээлээ бэлдэхэд Ариун Сүнс танд туслах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг илүү сайн ойлгохыг хүсэж байгаа Мормоны Номын төгс эзэмших сургаалын хэсгийг залбирч, сонгоход урих талаар бодож үз. Сонгосон хэсгээ гэр бүлийн гишүүн, дотнын найз, эсвэл Сүмийн удирдагчтайгаа ярилцаад, үүнээс юу сурч мэдсэнээ хуваалцах бэлтгэлтэй ирэхийг тэднээс хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг энэ давтлага хичээлийн оронд заах хэрэгтэй байж болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үеэр заасан байхад анхаарахын тулд орон нутгийн захирал юм уу зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

Асуулт тавих

Суралцагчдаас сайн таньж мэддэггүй хэн нэгнийг ангиасаа сонгохыг хүс. Бие биеэ таньж мэдэхэд туслах асуултуудыг тавьж, хэдэн хором ярилцахад тэднийг урь. Хэрэв тустай гэж үзвэл, та тэдэнд “Та юу хийх дуртай вэ?,” “Таны дуртай хичээл юу вэ?” гэх зэрэг асуултуудыг жишээ болгон өг.

Сайн мэддэг хүнийхээ тухай бод.

  • Та яаж түүнийг сайн мэддэг болсон бэ?

  • Асуулт тавих нь түүнийг таньж мэдэх чадварт тань ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

  • Хэрэв та огт асуулт тавиагүй бол та хоёрын харилцаа хэр өөр байх байсан бэ?

Хэн нэгнийг таньж мэдэхийн тулд асуулт тавих нь чухал байдгийн адилаар, судруудыг судалж байхдаа тэдгээрээр дамжуулан Есүс Христийг илүү сайн таньж мэдэж, ойлгохын тулд асуулт тавих нь нэн чухал.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Achieving scriptural guidance is aided by posing pertinent questions”-д (“Living by Scriptural Guidance,” Ensign, Nov. 2000, 18) ийн заасан.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаар асуулт тавих нь тэдгээрийг илүү сайн ойлгож, Их Эзэний удирдамжийг амьдралдаа илүү бүрэн дүүрэн урин авчрахад бидэнд тусална.

Мормоны Номын төгс эзэмших сургаалын судрын сүүлийн 12 эшлэлийг үзүүлэх юм уу тэдгээрийг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын хаанаас олж болохыг суралцагчдад харуулах талаар бодож үз. Хүсвэл энэ давтлагаар Мормоны Номын төгс эзэмших сургаалын судрын 24 хэсгийг бүгдийг нь ашигла. Эсвэл ангийнхны хэрэгцээ шаардлагаас хамааран хэдийг нь сонго.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээс нэгийг нь ашиглан, ангиараа дараах үйл ажиллагааг гүйцэтгэх талаар бод. Сонгосноосоо өөр төгс эзэмших сургаалын судрын хэсгийг ашиглан, энэ үйл ажиллагааг давтахад тэднийг урь. Суралцагчид хэрэгцээ шаардлага, сонирхлоосоо хамааран бүлгээрээ, хоёр хоёроороо эсвэл бие даан ажиллаж болно.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээс илүү сайн ойлгохыг хүсэж буй нэг хэсгийг сонгоод, анхааралтай унш. Энэ хэсгийг илүү сайн ойлгоход туслах хамгийн багадаа хоёр асуултыг тодорхойлоод, дэвтэртээ бич. Жишээ нь: Та 3 Нифай 27:20-ийг уншсан бол “Ариусгагдах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?” гэж асууж болно. Эсвэл та Моронай 10:3–5-ыг уншсан бол “Үнэн хүсэлтэйгээр гэдэг нь юу гэсэн утгатай вэ?” гэж асууж болно.

Өөрт төрсөн асуултуудын хариултыг олж мэд мөн Судруудын удирдамж, Сэдэвчилсэн удирдамж эсвэл Ерөнхий чуулганы үг зэрэг судар судлах хэрэгслүүдийг ашигла. Та мөн уг судрын хэсгийн хам сэдвийг ойлгохын тулд ойр тойрных нь шүлгүүдийг унших гэх мэтээр өөрийн мэддэг судар судлах аргуудыг ашиглаж болох юм.

Суралцагчдад бие биетэйгээ харилцаа үүсгэхэд нь туслах үүднээс тэднээс сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсэг болон асуултуудаа өөрийн нэр бүхий цаасан дээр бичихийг хүсэх талаар бодож үз. Цаасаа өөр нэг суралцагчтай солилцоход урь. Эсвэл суралцагчдыг цаасаа урдах хүн рүүгээ дамжуулахад урь. Ингэснээр цааснууд холилдож, бусдад тараагдана. Авсан цаасан дээрх асуултад хариулж бичихийг тэднээс хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа, цаасан дээр нэр нь байгаа суралцагчдад цаасыг нь буцааж өгөхөд суралцагчдыг урь.

Тэдэнд өөр суралцагчийн бичсэн асуултын хариултыг тунгаан бодох, хэрэв тустай бол судраас, залбирлаар дамжуулан гэхчлэн нэмэлт хариултуудыг хайж олох цагийг гаргаж өг.

Судлах үедээ та нар бүх асуултынхаа хариултыг олж авч чадахгүй байж магад гэдгийг сана. Гэвч үргэлжлүүлэн Их Эзэнд итгэх итгэлээ хэрэгжүүлэх аваас Тэр хайсан зүйлийнхээ үнэн хариултыг олж авахад тань тусална.

Сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсгээ, бичсэн зарим асуулт, өөрсдийн болон ангийнхныхаа олсон хариултыг хуваалцахад хэдэн суралцагчийг урь. Түүнчлэн та тэднээс судрын аль хэсэг тэдэнд Аврагчийн тухай эсвэл Түүний сайн мэдээний талаар ойлгоход тусалсныг асууж болно.

Цаг байвал (эсвэл өөр өдөр) суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын өөр нэг хэсгийг ашиглан тухайн үйл ажиллагааг давтахад урих талаар бодож үз.

Суралцагчдыг үргэлжлүүлэн судруудын талаар асуулт тавьж, хариулт эрэлхийлэхэд урамшуул.