Хуучин Гэрээ 2022
3-р сарын 13 Би саад бэрхшээлд хэрхэн итгэлтэйгээр хандаж чадах вэ? Эхлэл 37–41


“3-р сарын 13. Би саад бэрхшээлд хэрхэн итгэлтэйгээр хандаж чадах вэ? Эхлэл 37–41,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)

“3-р сарын 13. Би саад бэрхшээлд хэрхэн итгэлтэйгээр хандаж чадах вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022

инээмсэглэж буй залуу эрэгтэйчүүд

3-р сарын 13

Би саад бэрхшээлд хэрхэн итгэлтэйгээр хандаж чадах вэ?

Эхлэл 37–41

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар хэлэлцүүлэг өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Бид Их Эзэний мутрыг амьдралдаа хэрхэн харж байсан бэ?

  • Тусламж хэрэгтэй тэднийг халамжил. Бид туулж байгаа асуудлуудаа даван гарахад нь нэг нэгнээ хэрхэн дэмжиж чадах вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид сайн мэдээг хуваалцахын тулд технологийг хэрхэн илүү сайн ашиглаж болох вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид Христэд ирэхэд нь гэр бүлдээ туслахын тулд юу хийж байна вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд

Египетийн Иосеф залуу байхдаа олон төрлийн сорилттой тулгарчээ. Тэрээр гэр бүл дотроо маргаан зөрчилдөөнтэй тулгарч, ах нар нь түүнтэй зүй бус харьцаж байлаа. Мөн тэр ариун явдлын хуулийг зөрчих уруу таталттай тулгарсан. Шударга байсанд нь түүнийг хүндэтгэхийн оронд шоронд хорьжээ. Танай анги, чуулгын гишүүд үүнтэй адил, өөр олон сорилт бэрхшээлтэй тулгарч болох юм. Та Эхлэл 37–41 дээрх Иосефын туршлагыг судалж байхдаа заадаг өсвөр үеийнхнээ бод. Иосефын амьдрал тэдэнд ямар үнэ цэнтэй сургамжийг өгч болох талаар тунгаан бод (Ифер 12:27; Хэнри Б.Айринг, “Хичээ, хичээ, хичээ,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 88–91-ийг мөн үзнэ үү). Иосефын түүх нь анги, чуулгын гишүүдэд “Би саад бэрхшээлүүдэд хэрхэн итгэлтэйгээр хандаж чадах вэ, Бурхан надад хэрхэн туслах вэ?” хэмээн асуух урам зориг өгч болох юм.

залуу эмэгтэйчүүдийн анги

Бид Есүс Христэд итгэхэд төвлөрснөөр саад бэрхшээлүүдийг давах хүч чадлыг олж чадна.

Хамтдаа суралц

Анги, чуулгын гишүүдийг Эхлэл 37, 39–41-д дүрслэн өгүүлснээр, Египетийн Иосефын амьдралын зарим үйл явдлыг самбарт жагсаан бичихийг хүсэх талаар бодож үз. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав зэрэг гарын авлагаас холбоотой зургуудыг үзүүлэх нь эдгээр үйл явдлыг санахад тэдэнд тусалж болох юм. Иосефын сорилт бэрхшээл өнөө үед өсвөр үеийнхэнд тулгардаг сорилт бэрхшээлүүдтэй хэр адилхан бэ? Хэрэв Иосеф амьд байсан бол саад бэрхшээлүүдэд хандах тухай ямар зөвлөгөөг бидэнд өгөх байсан бэ? Тэр Их Эзэнтэй харилцах харилцаа нь түүнд хэрхэн тусалсан талаар юу хэлэх байсан бэ? Өсвөр үеийнхнийг сорилт бэрхшээлүүдэд хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээр хандаж чадах талаар бодоход нь туслахын тулд дараахтай адил үйл ажиллагаануудыг ашигла.

  • Аврагч саад бэрхшээлд хэрхэн хариулдаг байсныг судлах нь бидэнд саад бэрхшээлүүдтэйгээ итгэлтэйгээр нүүр тулахад тусалж чадна. Өсвөр үеийнхэн Аврагчид тулгарсан саад бэрхшээлийн зарим жишээг нэрлэж болох бөгөөд тэдгээрийг хамтдаа эргэн хар (“Нэмэлт эх сурвалж”-аас зарим санааг үзнэ үү). Аврагч саад бэрхшээлд хэрхэн хандсан нь бидэнд юугаараа гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ? Бид саад бэрхшээлтэй тулгарах үедээ Түүний үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?

  • Бид саад бэрхшээлийг Их Эзэний өнцгөөс харахыг хичээх үед тэдгээр нь заримдаа арай хялбар санагддаг. Заадаг өсвөр үеийнхэндээ үүнийг ойлгуулахын тулд, ахлагч Рафаэл И.Пиногийн “Сайн мэдээний мөнхийн тухай ойлголт” захиасыг уншаад, харах өнцөг ямар өөрчлөлтийг гаргаж болдог талаарх жишээнүүдийг олохыг хүс (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 107–109). Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Эдгээр жишээ нь бидэнд саад бэрхшээлийг хэрхэн харж, тэдгээрт хандаж болох талаар юуг санал болгож байна вэ? Хэрэв Аврагч бидэнтэй сорилт бэрхшээлүүдийн маань тухай ярих боломжтой байсан бол, Түүнийг юу хэлэх байсан гэж бодож байна вэ? Энэ асуултад хариулахад нь туслахын тулд өсвөр үеийнхнээр “Нэмэлт эх сурвалж” дахь судруудыг уншуулж болно.

  • Хүнд хэцүү сорилтыг хэрхэн даван туулсан арга замаараа өөрсдөд нь урам зориг өгсөн хэн нэгний (магадгүй өвөг дээдсийнхээ) жишээг хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүсэх талаар бод. Эсвэл та өөрийн мэддэг хүмүүсийн сэтгэл хөдөлгөм жишээг хуваалцаж болох юм. Ерөнхий чуулганы захиасуудад саад бэрхшээлд итгэлтэйгээр хариулсан хүмүүсийн түүхүүд олонтоо багтсан байдаг (“Нэмэлт эх сурвалж” дээрээс зарим жишээг үзнэ үү). Зааж байгаа хүмүүст тань утга учиртай байж болох захиасуудаас юуг хуваалцаж болох талаар тунгаан бод. Эдгээр жишээг хамтдаа хэлэлцэж байхдаа анги, чуулгын гишүүдийг Есүс Христэд итгэх итгэл нь саад бэрхшээлтэй тулгарах үед тэдэнд хэрхэн тусалж байгаад анхаарлаа хандуулахыг санал болго. Мөн бишоп В.Кристофэр Ваддэллын “Их Эзэнд ханд” захиасын төгсгөлд дурдсан, сорилтын үед бидэнд туслахаар Их Эзэний хангаж өгсөн эх сурвалжуудын жагсаалтыг хуваалцаж болно (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92–95).

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл тэд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлэх талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

“Та бэлдэж байхдаа, зааж байгаа хүмүүсийнхээ талаарх өөрийн ойлголтоор төлөвлөгөөгөө гарга” (Аврагчийн арга барилаар заах нь, 7). Жишээлбэл, анги, чуулгын гишүүдэд тулгардаг бэрхшээлд туслах судар болон бусад эх сурвалжийг ашиглан үйл ажиллагаагаа залбирч байгаад төлөвлөөрэй.