“11-р сарын 12. Би ариун нандин ёслол, гэрээнүүдээр дамжуулан Есүс Христэд хэрхэн илүү ойртох вэ? Еврей 7-13,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“11-р сарын 12. Би ариун нандин ёслол, гэрээнүүдээр дамжуулан Есүс Христэд хэрхэн илүү ойртох вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
11-р сарын 12
Би ариун нандин ёслол, гэрээнүүдээр дамжуулан Есүс Христэд хэрхэн илүү ойртох вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид хэрхэн Аврагчид илүү ойртсон бэ? Бид Түүнтэй илүү адил байхын тулд хэрхэн хичээж байгаа вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Сүүлийн үед бидний санаа бодолд хэн орж байна вэ? Бид тэдгээр хүнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид Сүмийн талаарх найз нөхдийнхөө асуултад Аврагчид итгэх тэдний итгэлийг бэхжүүлэх байдлаар хэрхэн хариулах вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бидэнд өвөө эмээ, үеэл гэх мэт гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа холбоогоо сайжруулах ямар ямар арга зам байдаг вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Заримдаа иудейчүүд гэж нэрлэгддэг израилын хөвгүүд олон зууны турш асрын болон Мосегийн хуультай холбоотой ёслолуудад хичээнгүйлэн оролцдог байв. Гэвч тэдний олон нь эдгээр зүйл нь “тэнгэр дэх юмсын хуулбарууд” мөн “ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь” (Еврей 9:23; 10:1) гэдгийг мэдээгүй юм. Бүх ёслол тэдэнд Есүс Христийн тухай заах зорилготой байв. Үүнийг Паул иудейчүүдэд бичсэн захидалдаа тайлбарласан байдаг. Түүний захиас өнөөдөр бидний хувьд бас чухал, учир нь бидэнд ч мөн тийм зорилго бүхий ариун нандин ёслолууд бий. Иймд өөрөөсөө дараах асуултуудыг асуух нь зүйтэй. Эдгээр ёслол нь бидэнд Есүс Христийг санахад тусалж байна уу? Сайн мэдээний ёслолуудаар дамжуулан Есүс Христийн хүчийг мэдрэхийн тулд бидний хийж чадах өөр зүйл бий юү? Эсвэл бид эртний иудейчүүд шиг тэдгээрийн гүн гүнзгий ач холбогдлыг ойлгохгүй өнгөрүүлж байна уу?
Еврей 7–13-ыг уншиж, ёслол, гэрээнүүд биднийг Есүс Христэд хэрхэн ойртуулдаг талаар заахад бэлтгэж байхдаа эдгээр асуултыг тунгаан бод. Та мөн энэ тоймд эш татсан Ерөнхий чуулганы захиаснуудын заримыг судалж болно.
Хамтдаа суралц
Зааж буй хүмүүстээ Есүс Христийн сайн мэдээний ёслол, гэрээнүүдээр дамжуулан Түүнд хэрхэн илүү ойртож болохыг олж харахад нь туслахын тулд та тэднийг сайн мэдээний зарим ёслолыг болон тэдгээртэй холбоотой гэрээг самбар дээр жагсаан бичихэд урьж болно. Эдгээр ёслол, гэрээ нь Христийн тухай, Түүний Цагаатгалын талаар бидэнд юу заадаг вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Дэвид А.Бэднарын мэдэгдэл нь ёслолуудын талаарх болон бусад чухал ойлголтын тодорхойлолтыг өгдөг. Дараахтай адил үйл ажиллагаанууд бас тус болж болно.
-
Та өсвөр үеийнхнийг Сургаал ба Гэрээ 84:19–22-ыг уншиж, дараах асуултуудыг ярилцахад урьж болно “Бурханлаг чанарын хүч” гэдэг нь юу гэсэн үг вэ? Ёслол ба гэрээнүүд бидэнд тэр хүчийг мэдрэхэд хэрхэн тусалсан бэ? Ёслол ба гэрээнүүд бидний амьдралд ямар өөрчлөлт авчирдаг вэ? Тэдгээр нь бидэнд Аврагчтай холбоотой байхад хэрхэн тусалдаг вэ? Эдгээр асуултад хариулахад туслахын тулд өсвөр үеийнхэн ахлагч Кэнт Ф.Ричардсын “Бурханлаг чанарын хүч” ( 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 107–110) захиасны эхний дөрвөн догол мөр эсвэл ахлагч Бэднарын “Энэ Өргөө Миний нэрэнд баригдаг” (2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган103–107) захиасыг ялангуяа “Дотроос гадагш” хэсгийг уншиж болно.
-
Зааж буй хүмүүсээсээ ариун ёслолын талаар юу ч мэдэхгүй хүнд үүний ёслолыг хэрхэн тайлбарлах талаар асуухыг бодоорой. Ахлагч Таниела Б.Вакологийн “Авралын ёслолууд бидэнд гайхамшигт гэрлийг авчирна” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50–52) хэмээх захиасны “Туршлага ба гэрчлэл” хэсэгт жишээ дурдагддаг. Ариун ёслол биднийг Есүс Христэд хэрхэн илүү ойртуулдаг вэ? Энэ талаар бусдад заах ямар ямар боломж бидэнд байна вэ?
-
Ахлагч Петр Мэурсийн “Ариун ёслол ариун болоход маань тусалж чадна” (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75–77) захиасандаа санал болгосон таван арга замыг сэргээж харах нь өсвөр үеийнхэнд ариун ёслолд хэрхэн илүү сайн бэлтгэх талаар ойлгоход тусалж чадна.
-
Ариун ёслол, Баптисм, Ариун сүм гэх үгсийг самбар дээр бичиж болох юм. Өсвөр үеийнхнийг сэдэв бүрийн доор бидний хийдэг гэрээнүүдийг жагсаан бичихэд урь. “Нэмэлт эх сурвалж” дахь тайлбарууд нь туслах болно. Эдгээр гэрээ Есүс Христэд илүү ойртоход хэрхэн тусалдаг талаар хамтдаа ярилц.
-
Та анги, чуулгаа бүлгүүдэд хувааж, бүлэг тус бүрийг ахлагч Роналд А.Расбандын “Амлалт болоод гэрээнүүдээ сахих нь” (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 58–61) эсвэл ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Яагаад гэрээний зам гэж?” (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 120–124) захиаснаас нэг нэг хэсгийг уншихыг даалгаж болно. Гэрээгээ сахих нь Есүс Христтэй харилцах харилцаагаа хэрхэн бэхжүүлдэг талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Мозая 18:8–10 (Баптисмын гэрээ)
-
Мозая 4–5 (Ариун ёслолын гэрээ)
-
Ахлагч Дэвид А.Бэднар “Ариун нандин ёслолууд нь Аврагчийн сайн мэдээ, Түүнтэй адил болох үйл явц, сүнсээр дахин төрөхийн гол цөм нь мөн. Ёслолууд нь сүнслэг зорилго, мөнхийн ач холбогдол, Бурханы хууль, дүрмүүдтэй холбоотой ариун нандин үйлс юм. …
“Их Эзэний сэргээгдсэн Сүмд гүйцэтгэдэг авралын болон өргөмжлөлийн ёслолууд нь зан үйл, бэлгэ тэмдгийн чанартай гүйцэтгэлээс илүү гүн утга учиртай зүйл юм. Тэдгээр нь тэнгэрийн адислал ба хүчийг бидний хувийн амьдралд авчрах эрх мэдэл олгогдсон сувгуудыг нээж өгдөг. …
“Ёслолуудыг шударга үнэнчээр хүлээн авч, хүндлэн дээдлэх нь бурханлаг чанарын хүчийг болон Аврагчийн Цагаатгалаар дамжин ирэх боломжтой бүх адислалыг хүлээн авахад шаардлагатай байдаг” (Дэвид А.Бэднар, “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45–46) хэмээн заасан.