Ирээд, Намайг дага
3-р сарын 18–24: “Энэ бол зам.” 2 Нифай 31–33


“3-р сарын 18–24: ‘Энэ бол зам.’ 2 Нифай 31–33,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“3-р сарын 18–24. 2 Нифай 31–33,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Есүс шавь нартаа зааж байгаа нь

Христ шавь нартаа зааж байгаа нь, Жастин Күнз

3-р сарын 18–24: “Энэ бол зам”

2 Нифай 31–33

Нифайн цэдэглэсэн төгсгөлийн үгсээс “Учир нь Их Эзэн надад тийн зарлигласан, мөн би дагах ёстой” (2 Нифай 33:15) хэмээх тунхаглалыг бид уншдаг. Энэ нь Нифайн амьдралыг оновчтой харуулсан дүгнэлт юм. Амь насаараа дэнчин тавьж, Лебенээс гуулин ялтаснуудыг авч, усан онгоц бариад, далай тэнгисийг гаталж эсвэл Христийн сургаалыг тодорхой, хүчирхэг байдлаар заах гэх мэт ямар ч ажлыг хийхдээ тэр Бурханы хүслийг ойлгох гэж хичээн, зоригтой дагадаг байсан. Нифай өөрөө “мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн зам[аар]” явсан учраас энэ замыг “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэ[н]” (2 Нифай 31:18, 20) дагах талаар итгэл үнэмшилтэй ярьж чаддаг байв. Заримдаа энэ зам шаардлага өндөртэй ч баяр баясгалантай бөгөөд “хүмүүн Бурханы хаант улсад аврагдаж чадах өөр тийм өгөгдсөн нэр болон зам гэж тэнгэрийн дор үгүй” (2 Нифай 31:21) гэдгийг тэр өөрийн биеэр мэддэг байсан.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

2 Нифай 31

Есүс Христ болон Түүний сургаал мөнх амьдрал руу хөтлөх цорын ганц зам юм.

Хэрэв мөнх амьдрал руу хөтлөх замыг хэдхэн үгээр хураангуйлах хэрэгтэй бол та юу гэж хэлэх вэ? Нифай үүнийг 2 Нифай 31 дээр хэрхэн дүрсэлснийг анзаар. Зам зураад, эдгээр бүлгээс олсон зарим зарчим болон алхмаа зам дагуу бичихийг бод. Та зурган дээрээ Нифайн зарчим болгоны талаар заасан зүйлсийг дүгнэж бичиж болно.

2 Нифай 31:18–20-ийг уншихдаа, сайн мэдээний замаар “урагш тэмүүлэхийн” тулд гаргаж буй хичээл зүтгэлээ үнэл.

Мөн “Гэгээнтнүүд ээ, урагш яв” дууллыг Дуулал номын д. 38-аас үзнэ үү.

Хамтдаа залбирч буй гэр бүл

Есүс Христийн сургаалыг дагах нь биднийг мөнх амьдрал руу хөтөлдөг.

2 Нифай 31:4–13

Есүс Христ баптисм хүртсэнээр дуулгавартай байдлын төгс үлгэр жишээг үзүүлсэн.

Таны баптисм өчигдөр эсвэл 80 жилийн өмнө болсон ч бай, чухал мөч хэвээрээ. Та Есүс Христийг дагах мөнхийн гэрээнд нэгдсэн. Та 2 Нифай 31:4–13 дээрх Аврагчийн баптисмын талаар уншиж байхдаа өөрийнхөө баптисмыг бод. Дараахтай адил асуултуудад хариулах нь тустай байж болох юм.

  • Яагаад Христ баптисм хүртсэн бэ? Би яагаад баптисм хүртэхээр шийдсэн бэ?

  • Би баптисм хүртэхдээ юу амладаг вэ? Их Эзэн буцаагаад юу амладаг вэ? (12–13-ыг мөн Мозая 18:10, 13-р шүлгийг үзнэ үү).

  • Би Есүс Христийг дагана гэсэн амлалтдаа үнэнч хэвээр гэдгээ хэрхэн харуулж чадах вэ?

2 Нифай 31:15–20

“Эцсийг хүртэл тэвчсэн тэр нь, мөнхүү тэр нь аврагдах болно.”

2 Нифай 31:15–20-ийг уншихдаа “Би эцсээ хүртэл тэвчиж байгаагаа хэрхэн мэдэх вэ?” гэж өөрөөсөө асуу. Та Нифайгаас энэ асуултад хариулахад туслах юуг сурсан бэ?

Ахлагч Дэйл Г.Ранланд: “Эцсээ хүртэл тэвчинэ гэдэг нь эхний дөрвөн алхмаа гүйцээгээд, доошоо суун, шүдээ хавирч, үхлээ хүлээж байгаа мэт Христийн сургаалын тусдаа алхам биш юм. Харин эцсээ хүртэл тэвчинэ гэдэг нь тухайн алхмуудыг идэвхтэйгээр, зорилготойгоор давтахыг хэлнэ” гэж заасан (“Lifelong Conversion” [Brigham Young University devotional, Sept. 14, 2021], 2, speeches.byu.edu). Та Христийн сургаалын алхмуудыг хэрхэн давтаж болох вэ (итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах)?

Семинарын дүрс

2 Нифай 32; 33:2

Христийн үгс болон Ариун Сүнсээр дамжуулан Бурхан надад юу хийхийг харуулах болно.

Амьдралынхаа дараагийн алхмын талаар танд эргэлзээ төрж байсан уу? Нифайн хүмүүс ч мөн адил зүйлд санаа зовж байв (2 Нифай 32:1-ийг үзнэ үү). Нифайн хариултыг 2 Нифай 32:2–9-өөс ол. Нифайн заасан үгсийг та хэрхэн өөрийн үгээр илэрхийлэх вэ? Нифайн үгс үнэн болохыг мэдэхэд ямар ямар туршлага танд тусалсан бэ?

Бурханы удирдамж хэрэгтэй (одоо болон ирээдүй дэх) шийдвэр, нөхцөл байдлуудын жагсаалт гаргах талаар бодож үзээрэй. Та 2 Нифай 32-оос Түүнээс сүнслэг өдөөлт хүлээн авахдаа амжилттай байхад тань туслах юуг сурч мэдэх вэ? Ямар зүйл хүмүүсийг “Ариун Сүнсний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулахад” (2 Нифай 33:2) хүргэж болох вэ?

Та Нифайн зөвлөгөөг тунгаан бодохдоо, Аврагчийн үгсийг хэрхэн судалдгаа бодож үз. Та тухайн үеийг амттан эсвэл хоол идэж буйгаар эсвэл найрлаж байгаагаар төсөөлж байна уу? Таны бодлоор ялгаа нь юу вэ? Та Аврагчийн үгтэй холбоотой туршлагаа хэрхэн найр мэт болгохоо бодож үз. Та найзаасаа эсвэл гэр бүлийн гишүүнээсээ санаа авч болох юм.

Христийн үгэн дээр найрла. Христийн үгэн дээр найрлах олон арга зам бий. Тухайлбал: Сүнслэг өдөөлт авахын тулд залбирах, судраас судлахын өмнө эсвэл судалж байхдаа асуулт тавих, үг тодорхойлох, тунгаан бодох, холбогдох эшлэлийг судлах, тэмдэглэл бичих, сайн мэдээний үнэнүүдийг хайх, судруудыг амьдралдаа хэрэгжүүлэх гэх мэт (1 Нифай 19:23-ыг үзнэ үү).

Та Ариун Сүнсийг амьдралдаа үе үе ирдэг зочин биш, харин байнгын хамтрагч байлгахаар урин авчрахын тулд юу хийдэг вэ? Ариун Сүнсний хамтралыг “амьдралынхаа байнгын хэв маяг” болгохын тулд Дэвид А.Бэднарын “Ариун Сүнсийг хүлээн авах нь” захиасанд өгсөн гурван зөвлөгөөг олж уншина уу (2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102). Та энэ зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

 

2 Нифай 33

Мормоны Ном бид бүгдийг Христэд итгэхэд ухуулан ятгадаг.

2 Нифай 33-т бичиглэсэн цэдгийнхээ төгсгөлд Нифай үүнийг бичих болсон шалтгаанаа тайлбарласан. Та энэ бүлгээс ямар ямар шалтгааныг олсон бэ? Өнөөг хүртэл 1 Нифай болон 2 Нифайгаас уншсан түүх, сургаалуудынхаа талаар тунгаан бод. Аль нь танд болон таны Христэд итгэх итгэлд хамгийн их нөлөөлсөн бэ?

 

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

2 Нифай 31:4–13

Би баптисм хүртсэнээр Есүс Христийг дагадаг.

  • Энэ тоймын төгсгөлд Есүсийн баптисм хүртэж буй зураг бий. Танай хүүхдүүд энэ үйл явдлын талаар мэддэг зүйлээ танд ярихдаа энэ зургийг ашиглаж болно (мөн Матай 3:13–17-г үзнэ үү). Яагаад Есүс биднийг Өөр шиг нь баптисм хүртээсэй хэмээн хүсдэг вэ? 2 Нифай 31:4–13-ыг хамт уншихдаа хүүхдүүд тань эдгээр шалтгааныг олж сонсож болох юм. Саяхан баптисм хүртсэн хүн туршлагаа хуваалцах нь тустай байж болно.

2 Нифай 31

Есүс Христ надад Тэнгэрлэг Эцэг рүү хэрхэн буцаж очихыг заасан.

  • 2 Нифай 31 дээрх сургаалыг төсөөлөхөд нь хүүхдүүддээ туслахын тулд тэднээр төгсгөлдөө Христийн зурагтай зам зуруулж болно. Та тэдэнд Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг болон эцсээ хүртэл тэвчих гэх мэт уг замын алхмуудыг төлөөлөх зургуудыг олох юм уу зурахад тусал. Тэд 2 Нифай 31:17–20-ийг хамт унших үедээ зургууд руу зааж болно.

2 Нифай 32:3–5

Би Христийн үгэн дээр найрлаж чадна.

  • Христийн үгэн дээр “найрлах” талаар заахын тулд та хүүхдүүдийг дуртай хоолон дээрээ хэрхэн найрладгаа жүжигчлэн үзүүлэхэд урьж болно. 2 Нифай 32:3 дээр Нифай биднийг юун дээр найрлах хэрэгтэй гэж хэлсэн бэ? Бурханы үгэн дээр найрлах нь зөвхөн уншихаас юугаараа ялгаатай вэ? Танай хүүхдүүд ялгааг нь жүжигчлэн харуулж болох юм. Та судрууд дээр найрласнаар хүлээн авч байсан адислалуудаа тэдэнтэй хуваалц.

2 Нифай 32:8–9

Тэнгэрлэг Эцэг намайг байнга залбираасай хэмээн хүсдэг.

  • 2 Нифай 32:8–9-ийг уншсаныхаа дараа, Сатан яагаад биднийг залбираасай гэж хүсдэггүй талаар хүүхдүүдтэйгээ ярилц. Бурхан яагаад биднийг “үргэлж залбирахыг” зарлигласан бэ? Танай хүүхдүүд залбирч болох нөхцөл байдлынхаа зургийг зурж эсвэл жагсаалт гаргаж болно. Дараа нь та нар “Та гуйж залбирав уу?” (Дуулал, д. 72) гэх мэт залбирлын талаар заадаг дууг дуулж болно. Та дууны зарим үгийг тэдний жагсаалт дээрх үгээр орлуулан дуулж болох юм. Биднийг үргэлж залбирахад Бурхан хэрхэн адисалдаг вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Баптисч Иохан Есүст баптисм хүртээсэн нь

Шударга ёсыг гүйцэлдүүлэхийн тулд, Лиз Лэмон Свиндл