Номын сан
9-р сарын 6–12. Сургаал ба Гэрээ 98–101: “Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн”


“9-р сарын 6–12. Сургаал ба Гэрээ 98–101: ‘Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“9-р сарын 6–12. Сургаал ба Гэрээ 98–101,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Танхайрагчдаас зугтаж буй гэгээнтнүүд

К.К.А.Кристэнсэн (1831–1912), Saints Driven from Jackson County Missouri (Миссурийн Жаксон гүнлэгээс гэгээнтнүүдийг хөөн гаргав), ойролцоогоор 1878 он, 196 x 287см шанхай даавуун дээр темпер аргаар зурсан зураг. Бригам Янгийн Их Сургуулийн Уран зургийн музей, К.К.А.Кристэнсэнийн ач, зээ нарын бэлэг, 1970 он

9-р сарын 6–12

Сургаал ба Гэрээ 98–101

“Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн”

Сургаал ба Гэрээ 98–101-ийг уншиж байхдаа өөрт төрсөн сэтгэгдэл, бодолд анхаарлаа төвлөрүүл. Тэдгээрийг үйлдэл болгох нь Бурханы хүсэж байгаа хүн болоход тань хэрхэн тусалж болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

1830-аад оны үеийн гэгээнтнүүдийн хувьд Миссурийн Индепенденс бол амлагдсан нутаг байв. Энэ нь Сионы “төв газар” (Сургаал ба Гэрээ 57:3) буюу дэлхий дээрх Бурханы хот байсан бөгөөд тэд үүнийг барьж байгуулахад агуу их золиослол гаргаж байв. Тэдний хувьд гэгээнтнүүд тэнд цугларах нь Хоёр дахь ирэлтийн сэтгэл хөдлөм, алдар суут эхлэл байсан. Гэвч тэдний тэр хавийн хөршүүд энэ бүхнийг өөрөөр харж байв. Тэд Бурхан энэ газрыг гэгээнтнүүдэд өгсөн гэдэгтэй санал зөрж, үл мэдэх шашны хүмүүс олноороо нутагт нь маш хурдацтай нүүж ирснээс үүдэлтэй улс төр, эдийн засаг, нийгмийн үр дагавраас болж тавгүйтэж байжээ. Санаа зоволт нь удалгүй сүрдүүлэг, сүрдүүлэг нь хавчлага, хүчирхийлэл болж байв. 1833 оны 7-р сард Сүмийн хэвлэх газрыг сүйтгэсэн ба 11-р сард гэгээнтнүүдийг Миссурийн Жаксон гүнлэг дэх гэрээ орхин явахыг албадан тулгасан.

Иосеф Смит 1300 орчим километрын зайтай Көртландад байсан бөгөөд энэхүү мэдээг хэдэн долоо хоногийн дараа хүлээн авчээ. Гэвч Их Эзэн юу болж байгааг мэдэж байсан ба гэгээнтнүүдийг тайтгаруулах амар амгалан, урам зоригийн зарчим, түүнчлэн биднийг мөрдлөг хавчлагатай тулгарах үед болон зөв шударга хүсэл маань биелээгүй үед эсвэл өдөр тутмын зовлон бэрхшээл маань яваандаа, ямар нэгэн аргаар “[бидний] сайн сайхны төлөө ажиллах болно” (Сургаал ба Гэрээ 98:3) гэдгийг санах хэрэгтэй үед бидэнд тус болох зарчмуудыг бошиглогчдоо илчилдэг.

Гэгээнтнүүд, 1:171–193; “Waiting for the Word of the Lord,” Revelations in Context, 196–201-ийг үзнэ үү.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 98:1–3, 11–14; 101:1–16

Сорилт бэрхшээлүүд маань миний сайн сайхны төлөө ажиллах болно.

Бидний амьдралын зарим зовлон бэрхшээл өөрсдийн маань сонголтоос шалтгаалдаг. Зарим нь бусдын сонголтоос шалтгаалдаг. Заримдаа хэнийг ч буруушаах аргагүй. Муу зүйлс зүгээр л тохиолддог. Шалтгаанаас үл хамааран саад тотгор нь тэнгэрлэг зорилгыг гүйцэлдүүлэхэд тусалж болно. Та Сургаал ба Гэрээ 98:1–3, 11–14 болон 101:1–16 дээрх гэгээнтнүүдийн зовлон зүдгүүрийн талаар Их Эзэний хэлсэн зүйлийг уншихдаа сорилт бэрхшээлийг даван туулахад тань юу тус болж чадахыг та олж мэдсэн бэ? Эдгээр шүлэг өөртөө тулгардаг сорилтыг харах арга барилд тань хэрхэн нөлөөлж болох вэ? Сорилт бэрхшээл тань таны сайн сайхны төлөө хэрхэн ажиллаж, Бурханы зорилгыг таны амьдралд хэрхэн гүйцэлдүүлж байсан талаар тунгаан бод.

Түүнчлэн 2 Нифай 2:2; Сургаал ба Гэрээ 90:24-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 98:23–48

Их Эзэн Түүний арга замаар амар амгаланг эрэлхийлэхийг надаас хүсдэг.

Сургаал ба Гэрээ 98:23–48 дээрх бүх зүйл таны бусадтай харилцах хувийн харилцаанд хамаарахгүй ч гэсэн бусад хүн танд муу зүйл хийх үед таныг удирдан чиглүүлж чадах ямар зарчмыг та олж мэдсэн бэ? Миссури дэх зөрчилдөөнд гэгээнтнүүдийг хэрхэн хандаасай хэмээн Их Эзэн хүссэнийг дүрслэх үг, хэллэгийг тэмдэглэж авах нь тустай байж болно.

Түүнчлэн Жэффри Р.Холландын “Эвлэрлийн тохинуулал,” Ensign, Nov. 2018, 77–79 ба 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–74-ийг үзнэ үү.

Есүс Христ

Христ ба баян залуу удирдагч зургийн хэсгээс, Гэйнрих Хоффман

Сургаал ба Гэрээ 100

Их Эзэн Өөрт нь үйлчилдэг хүмүүст анхаарал халамж тавьдаг.

Иосефыг Миссури дэх мөргөлдөөний талаар олж мэдсэнээс хэдхэн долоо хоногийн дараа нэгэн шинэ хөрвөгч түүнээс Канад руу явж, хөвгүүдэд нь сайн мэдээг хуваалцахыг хүссэн. Иосеф гэр бүлд нь болон Сүмд үзүүлэх хавчлага, заналхийллийн улмаас гэр бүлээ орхин явахад ялангуяа санаа зовж байсан ч түүний саналыг хүлээн авчээ. Иосеф болон түүний хамтрагч Сидней Ригдон нар Канад явах замдаа тайтгарал хүсэн залбирсан ба 100-р хэсэг бол Их Эзэний тэдэнд өгсөн хариулт юм. Тэдэнд тус болж, санааг нь амраасан байж болох Их Эзэний хариултаас та юу мэдэж авсан бэ?

Сүмийн үүрэг хариуцлагаа болон гэр бүлийнхээ талаарх сэтгэл зовнилоо тэнцвэртэй байлгахыг шаардсан туршлага танд байж болох юм. 100-р хэсэг дээрх Их Эзэний үгс иймэрхүү нөхцөл байдлын үед танд хэрхэн тусалж болох вэ?

Түүнчлэн “A Mission to Canada,” Revelations in Context, 202–207-г үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 101:43–65

Бурханы зөвлөгөөг дагах нь намайг аюулгүй байхад тусалдаг.

Сургаал ба Гэрээ 101:43–62 дээрх сургаалт зүйрлэлийг Их Эзэн гэгээнтнүүдийг Сионоос явахыг зөвшөөрсөн шалтгааныг тайлбарлахын тулд өгсөн. Та эдгээр шүлгийг уншиж байхдаа, сургаалт зүйрлэл дээрх зарц нар болон таны хооронд ямар нэгэн ижил төстэй зүйл байгаа эсэхийг харсан уу? Та өөрөөсөө “Би Бурханы зарлигуудад эргэлзэж байсан уу?” гэж асууж болно. Итгэл эсвэл амлалт дутагдах нь хэрхэн “дайсанд” миний амьдралд нөлөө үзүүлэх боломж олгож болох вэ? Би “[өөрийн] авралын тулд зөв хийгээд зохих замаар удирдагдахыг хүсэж” (63–65-р шүлгийг үзнэ үү) байна гэдгээ Бурханд хэрхэн үзүүлж болох вэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 98:16; 39–40.Эдгээр шүлэг дээрх юу нь манай гэр бүлд илүү амар амгалан байхад тусалж чадах вэ? Та амар амгалан эсвэл уучлал, өршөөлийн тухай дуу дуулж болно. Бага насны хүүхдүүдэд нэг нэгнээ уучлахыг жүжигчлэн үзүүлэх таалагдаж магадгүй.

Сургаал ба Гэрээ 99.Жон Мурдок “үүрдийн сайн мэдээг тунхаглахаар” (1-р шүлэг) гэрээсээ явахаар дуудагдахдаа Миссури дэх маш хэцүү нэг жилийн номлолоосоо дөнгөж эргэн ирсэн байсан (John Murdock’s Missions to Missouri,” Revelations in Context, 87–89-ийг үзнэ үү). Бид 99-р хэсгээс Мурдок ахад тус болсон эсвэл урам өгсөн байж болох юуг олсон бэ? Энэ илчлэлтэд Их Эзэний бидэнд зориулсан ямар захиас байна вэ?

Сургаал ба Гэрээ 100:16; 101:3–5, 18.Та нар эдгээр шүлгийг уншсаныхаа дараа, төмрийн дархан төмрөөс элдэв бохир хольцыг салгахын тулд маш хүчтэй халаах ёстой байдаг бөгөөд дараа нь хэрхэн алхаар давтаж хэлбэрт оруулдаг тухай ярилцаж болно (ChurchofJesusChrist.org дээрээс “The Refiner’s Fire” видео бичлэгийг үзнэ үү). Та нар түүнчлэн ус, давс зэрэг нь бусад зүйлийг хэрхэн цэвэршүүлдэг талаар хамтдаа олж мэдэж болно. Магадгүй гэр бүлээрээ ямар нэгэн зүйлийг цэвэрлэж, ариутгаж болох юм. Яагаад бид цэвэр ариун болохыг хүсдэг вэ? Эдгээр жишээ нь сорилт бэрхшээлүүд бидэнд “цэвэр ариун хүмүүс” болоход хэрхэн тусалж болох талаар юу зааж байна вэ?

Сургаал ба Гэрээ 101:22–36.Эдгээр шүлэг хавчигдаж гадуурхагдаж байсан гэгээнтнүүдэд хэрхэн тусалсан байж болох вэ? Тэдгээр нь өнөө үеийн манай дэлхийн нөхцөл байдлын талаар айдастай байдаг хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгох дуу: “Эцэг минь гуйя, надад туслаач,” Хүүхдийн дууны ном, 52.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Зарчмуудыг олж хар. Ахлагч Ричард Г.Скотт “Сүнслэг мэдлэгийг эрэлхийлэхдээ зарчмуудыг нь эрж хай. … Зарчмууд бол олон төрлийн нөхцөл байдалд тохирдог шалгарсан үнэн юм” хэмээн заасан (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 86).

Танхайрагчид гэгээнтнүүд рүү дайрч байгаа нь

Шатаж буй Миссури, Глен С.Хопкинсон