Сургаал ба Гэрээ 2021
9-р сарын 13–19. Сургаал ба Гэрээ 102–105: “Их гай зовлонгийн дараа адислал ирдэг”


“9-р сарын 13–19. Сургаал ба Гэрээ 102–105: ‘Их гай зовлонгийн дараа адислал ирдэг,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“9-р сарын 13–19. Сургаал ба Гэрээ 102–105,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Зураг
Гар тэрэгтэй эрчүүд

К.К.А.Кристэнсэн (1831–1912), Сионы хуаран, ойролцоогоор 1878 он, 198 x 290 см шанхай даавуун дээр темпер аргаар зурсан зураг. Бригам Янгийн Их Сургуулийн Уран зургийн музей, К.К.А.Кристэнсэнийн ач, зээ нарын бэлэг, 1970 он

9-р сарын 13–19

Сургаал ба Гэрээ 102–105

“Их гай зовлонгийн дараа адислал ирдэг”

Сургаал ба Гэрээ 102–105 дээрх ямар зарчмууд таны хувьд чухал вэ? Эдгээр зарчмын талаарх төрсөн бодол санаа, сэтгэгдлээ бичиж тэмдэглэхэд анхаар.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Көртланд дахь гэгээнтнүүд Миссурийн Жаксон гүнлэг дэх ах, эгч нар нь гэр орноосоо хөөгдөж байгааг сонсоод сэтгэл нь өвдөж байв. Их Эзэн “Сионы гэтэлгэл хүчээр ирэх” (Сургаал ба Гэрээ 103:15) болно хэмээн тунхагласан нь тэр үед урам зориг өгч байсан нь лавтай. 200 гаруй эрэгтэй, 25 орчим эмэгтэйчүүд, хүүхдүүд зүрх сэтгэлдээ энэхүү амлалтыг тээн, Израилын хуаран хэмээн өөрсдийн нэрлэсэн, хожим нь мэдэгдсэн Сионы хуаранд элссэн. Хуарангийн зорилго нь Миссури рүү явж, Сионыг гэтэлгэх явдал байжээ.

Хуарангийн гишүүдийн хувьд Сионыг гэтэлгэх гэдэг нь гэгээнтнүүдийг газар нутагт нь буцааж аваачих гэсэн утгатай байв. Гэвч хуаран Жаксон гүнлэгт ирэхийн өмнөхөн Их Эзэн Иосеф Смитэд тэднийг зогсоож, Сионы хуаранг тараа хэмээн хэлсэн. Хуарангийн зарим гишүүн энэхүү шинэ удирдамжийг сонсоод гайхаж, уурласан ба тэдний хувьд энэ нь аялал нь бүтэлгүйтэж, Их Эзэний амлалтууд гүйцэлдэхгүй гэсэн үг байлаа. Харин бусад нь үүнийг өөрөөр харж байсан. Хөөгдсөн гэгээнтнүүд Жаксон гүнлэгт хэзээ ч ирээгүй ч энэхүү туршлага нь Сионд тодорхой хэмжээний “гэтэлгэл” авчирсан ба энэ нь “хүчээр ирсэн” юм. Сионы хуарангийн итгэлтэй гишүүдээс олон нь сүүлд Сүмийн удирдагчид болсон бөгөөд энэ туршлага тэдний Бурханы хүчинд болон Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлагад мөн Сионд буюу зөвхөн Сион хэмээх газарт биш, Бурханы хүмүүс болох Сионд итгэх итгэлийг нь гүнзгийрүүлсэн хэмээн гэрчилжээ. Энэхүү амжилтгүй мэт санагдах даалгаврын үнэ цэнд эргэлзэхийн оронд тэд бүх зүйлийг ойлгохгүй байсан ч Аврагчийг дагах нь жинхэнэ даалгавар юм гэдгийг мэдэж авсан. Сион ийнхүү бүрмөсөн гэтэлгэгдэх болно.

Гэгээнтнүүд, 1:194–206; “The Acceptable Offering of Zion’s Camp,” Revelations in Context, 213–218-ыг үзнэ үү.

Зураг
Жижиг гол

Сионы хуаран энэ зураг дээрх Литтэл Фишинг Риверийн эргийн дагуу байрласан.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 102:12–23

Эдгээр шүлэг дээрх удирдамжийн зорилго юу вэ?

102-р хэсэгт Огайогийн Көртландад болсон Сүмийн анхны дээд зөвлөлийг байгуулсан хурлын тэмдэглэл оршдог. 12–23-р шүлэгт ноцтой гэм нүгэл үйлдсэн хүмүүсийн сахилгын хурлыг удирдан явуулахдаа дээд зөвлөлийнхний дагах журмыг тайлбарласан байдаг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Гишүүд заримдаа яагаад сахилгын зөвлөлүүд байдаг талаар асуудаг. Гурван гол зорилго нь: алдас үйлдэгчийн бодгалийг аврах, гэмгүй нэгнийг хамгаалах, Сүмийн цэвэр ариун, зарчимч байдал, сайн нэрийг хамгаалах явдал юм” хэмээн заасан (“A Chance to Start Over: Church Disciplinary Councils and the Restoration of Blessings,” Ensign, Sept. 1990, 15).

Түүнчлэн Сайн мэдээний сэдвүүдийг, “Church Disciplinary Councils,” topics.ChurchofJesusChrist.org-оос үзэж болно.

Сургаал ба Гэрээ 103:1–12, 36; 105:1–19

Сион зөвхөн зөв шударга ёсны зарчмууд дээр байгуулагдаж болно.

Яагаад гэгээнтнүүд Миссури дэх амлагдсан нутгаа алдсан бэ? Яагаад Их Эзэн Сионы хуаранд газар нутагтаа буцаж очихыг зөвшөөрөөгүй вэ? Миссурийн танхайрагчдын бүлгийн харгис үйлдэл үүргээ гүйцэтгэсэн нь тодорхой. Мөн Миссурийн захирагч гэгээнтнүүдийг дэмжинэ гэж амласан боловч хэзээ ч дэмжлэг үзүүлээгүй. Гэвч Их Эзэн “миний хүмүүсийн зөрчил байгаагүйсэн бол” Сион “гэтэлгэгдэж болох байсан” (Сургаал ба Гэрээ 105:2) хэмээн хэлжээ. Та Сургаал ба Гэрээ 103:1–12, 36.; 105:1–19-ийг уншиж байхдаа, Миссурид Сионыг зохион байгуулахад саад болсон зарим зүйлийг болон тус болж болох байсан бусад зүйлийг анзаарсан байх. Сионыг зүрх сэтгэлдээ болон гэр орондоо байгуулахад тань тусалж болох ямар зүйлийг та олж мэдсэн бэ?

Сургаал ба Гэрээ 103:12–13; 105:1–6, 13–19

Адислалууд итгэлээрээ соригдон, зовлон бэрхшээл туулсны дараа ирдэг.

Сионы хуаранд оролцох нь олон талаар итгэлийн сорилт байсан. Аялал нь урт, цаг агаар халуун, зарим үед хоол хүнс, ус хүрэлцэхгүй байсан. Энэ бүхнийг даван туулсны дараа гэгээнтнүүд нутагтаа эргэн очих боломжгүй хэвээр байсан. Сургаал ба Гэрээ 103:12–13, 105:1–6, 13–19 дээрх зарчмууд нь хуаранг зохион байгуулах зарлиг үнэхээр Бурханаас ирсэн эсэхэд эргэлзэж байсан Сионы хуарангийн гишүүдэд хэрхэн тус болсон байж болох талаар бодож үз. Эдгээр зарчим таныг итгэлээрээ соригдоход хэрхэн туслах вэ?

Түүнчлэн та Сионы хуарангийн гишүүдийн туршлагын талаар энэхүү тоймын төгсгөлд байх “Сэргээлтийн дуу хоолой”-оос уншиж болно. Тэдний хандлагын юу нь таны сэтгэлийг хөдөлгөж байна вэ? Та энэ жишээнээс юу сурч мэдэж болох вэ?

Мөн Дэвид А.Бэднар, “Их Эзэний талд: Сионы хуарангаас олж авсан сургамж,” Ensign, July 2017, 26–35 эсвэл Лиахона, 2017 оны 7-р сар, 14–23-ыг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 104:11–18, 78–83

Би бол “дэлхийн адислалуудын дээрх даамал.

Сүм Миссури дэх сорилт бэрхшээлээс гадна 1834 онд их өр зээл, зарлага зэрэг санхүүгийн хүндрэлүүдтэй тулгарсан. 104-р хэсэгт Их Эзэн Сүмийн санхүүгийн нөхцөл байдлын талаар зөвлөгөө өгчээ. Та 11–18 болон 78–83-р шүлэг дээрх зарчмуудыг өөрийнхөө санхүүгийн шийдвэрт хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Их Эзэн Сүмийг өр төлөөсийн боолчлолоос чөлөөлөхөд бэлтгэсэн өөр нэгэн арга замын талаар мэдэхийг хүсвэл “Treasure in Heaven: The John Tanner Story” видео бичлэгийг үзнэ үү (ChurchofJesusChrist.org).

Гэгээнтнүүдээ хангах Их Эзэний “өөрийн замын” (16-р шүлэг) талаар илүү ихийг олж мэдэхийн тулд та ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Их Эзэний арга замаар хангах нь захиасыг судалж болно (Ensign, Nov. 2011, 53–56 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65–68).

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 103:12, 36; 105:9–13.Танай гэр бүлээс (эсвэл өвөг дээдсийн тань нэг нь) таны бодож байсан маягаар болоогүй ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байсан уу? Сионы хуарангийн гишүүдийн аялал бодож байснаар нь болоогүй үед тэдний үзүүлсэн хариу үйлдлээс та юу мэдэж авч болох вэ? (энэ тоймын төгсгөлд буй “Сэргээлтийн дуу хоолой”-г үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 104:13–18.Их Эзэн бидэнд юу өгсөн бэ? Тэр биднээс эдгээр зүйлээр юу хийгээсэй хэмээн хүсдэг вэ?

Сургаал ба Гэрээ 104:23–46.Танай гэр бүл Их Эзэн итгэлтэй хүмүүстээ “адислалуудыг өсгөн нэмэгдүүлэхээр” (23-р шүлэг) хэд хэдэн удаа амласныг эдгээр шүлгээс хайж олж болно. Энэ нь “адислалаа тоолох” (“Адислал бүрээ тоол,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д. 8) болон ийнхүү үйлдэх нь хүнд хэцүү үед бидэнд хэрхэн тусалж болох талаар ярилцахад тохиромжтой цаг байж болох юм. Бага насны хүүхдүүдийн хувьд өөрсдийн талархдаг адислалуудыг зурах нь зугаатай байж болно.

Сургаал ба Гэрээ 105:38–41.Бусад хүн бидэнтэй шударга бус эсвэл эелдэг бус харьцах үед бид “амар амгалангийн саналуудыг” (40-р шүлэг) хэрхэн дэвшүүлж болох вэ? Бид гэртээ “энх амгалангийн туг” (39-р шүлэг) нь байхын тулд юу хийж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Адислал бүрээ тоол,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 8.

Зураг
Сэргээлтийн дуу хоолой шигтгээ зураг

Сэргээлтийн дуу хоолой

Сионы хуаран

Сионы хуаран гэгээнтнүүдийг Жаксон гүнлэг дэх газар нутагт нь буцааж аваачаагүй болохоор олон хүн өөрсдийн хичээл зүтгэлийг бүтэлгүйтсэн гэж бодсон. Гэсэн ч Сионы хуарангийн олон оролцогч туршлагаа эргэн харж, Их Эзэн хэрхэн тэдний амьдралд болон хаант улсдаа илүү том зорилго гүйцэлдүүлснийг харсан. Тэдний гэрчлэлээс доор нийтлэв.

Иосеф Смит

Зураг
Иосеф Смит

Сионы хуарангаас 40 гаруй жилийн дараа уг хуарангийн гишүүн байсан Жозеф Янг дараах зүйлсийг Иосеф Смит хэлсэн хэмээн мэдээлжээ.

“Ах нар аа, та нарын зарим нь Миссурид тулалдуулаагүйд надад уурлаж байгаа байх. Гэхдээ Бурхан та нарыг тулалдуулахыг хүсээгүй гэдгийг би хэлэх гэсэн юм. Тэрээр дэлхийн улс үндэстнүүдэд сайн мэдээний үүдийг нээх арван хоёр эрийг мөн тэдний удирдлаган доор зам мөрөөр нь замнах далан эрийг амь насаа өгөхөд бэлэн байж, Абрахамын адил агуу золиос гаргасан эрчүүдийн дундаас сонголгүйгээр Өөрийн хаант улсыг зохион байгуулах боломжгүй байх байсан.

Одоо Их Эзэн Өөрийн арван хоёртой мөн далтай болсон бөгөөд адил золиос гаргах Далын өөр чуулгуудыг дуудах болно. Золиослол гаргаагүй, өргөлөө өргөөгүй байгаа хүмүүс үүний дараа хийх болно.”1

Бригам Янг

Зураг
Бригам Янг

“Биднийг Миссурид ирэхэд Их Эзэн Өөрийн үйлчлэгч Иосеф Смитэд хандан ‘Би өргөлийг чинь хүлээн авлаа’ хэмээн хэлсэн бөгөөд бид буцаад гэртээ харих боломжтой болсон юм. Намайг эргэн ирэхэд олон найз минь надаас хүмүүсийн ажлыг тасалдуулж, бүтээсэн зүйл юу ч үгүй Миссури рүү очоод, буцаж ирэхэд ямар үр ашигтай байсныг асуудаг. ‘Хэнд ашигтай байсан бэ?’ ‘Хэрэв Их Эзэн үүнийг хийхийг зарлиг болгосон юм бол Тэр ямар зорилгыг урьдчилан харсан юм бэ?’ … гэж тэд асуусан. Би тэдгээр ахад маш өндөр хүүтэй төлбөр авснаа, тийм ээ, бошиглогчтой хамт аялснаар хүлээж авсан миний мэдлэг бялхаж байгаа тухай хэлсэн.”2

Вилфорд Вүдрафф

Зураг
Вилфорд Вүдрафф

“Би Сионы хуаранд Бурханы бошиглогчтой хамт байсан. Бурхан түүнтэй харилцаж байхыг би харсан. Бурханы хүч түүнтэй хамт байгааг би харсан. Би түүнийг бошиглогч байсныг харсан. Тэрхүү томилолтод Бурханы хүчээр түүнд илэрхийлэгдсэн зүйлс надад болон түүний зааврыг хүлээн авсан бүх хүнд агуу үнэ цэнтэй.”3

“Сионы хуарангийн гишүүд дуудагдах үедээ ихэнх нь нэг нэгнээ танихгүй, олон нь бошиглогчийг хэзээ ч харж байгаагүй. Бид шигшсэн эрдэнэ шиш адил улс даяар тархан амьдардаг байсан. Бид залуу байсан, мөн явж, Сионыг гэтэлгэхээр эрт үед дуудагдаж, хийх ёстой зүйлээ итгэлээрээ үйлдэх хэрэгтэй байсан. Олон өөр мужаас Көртландад цугларч, Бурханы бидэнд өгсөн зарлигийг гүйцэлдүүлж, Сионыг гэтэлгэхээр бид явсан. Бурхан Абрахамын ажлыг хүлээн авсан шиг бидний ажлыг ч мөн хүлээн авсан. Урвагчид, үл итгэгчид биднээс ‘та нар юу хийж бүтээсэн юм бэ?’ гэж олон удаа асууж байсан ч бид агуу үйл хэргийг гүйцэлдүүлсэн. Бид өөр ямар ч арга замаар олж авч чадахааргүй туршлагыг олж авсан. Бидэнд бошиглогчийн царайг харах, түүнтэй хамт хэдэн мянган миль аялах, түүнтэй хамт байх Бурханы Сүнсний ажил, Есүс Христийн түүнд өгсөн илчлэлтүүдийг мөн тэдгээр илчлэлт хэрхэн биелэгдэхийг харах онцгой аз завшаан тохиосон юм. Тэрээр улс даяарх хоёр зуу орчим ахлагчийг тэр үед цуглуулж, Есүс Христийн сайн мэдээг тунхаглуулахаар дэлхий дахинд тараан илгээсэн. Хэрэв би Сионы хуарантай хамт яваагүй байсан бол өнөөдөр энд байхгүй байх байсан [Солт Лэйк Ситид, Арван хоёрын Чуулгад үйлчилж байхдаа]. … Тийшээ явснаар бид сайн мэдээг тунхаглах боломжийг хүлээн авсан бөгөөд Их Эзэн бидний ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Бидний амь нас удаа дараа эрсдэлд орж, хавчлага мөрдлөг, их ажлын дунд бид итгэлээр амьдарч, ажиллах хэрэгтэй байсан.”

“Сионы хуаранд аялах үед бидний олж авсан туршлага бол алтнаас ч илүү үнэ цэнтэй.”

Тэмдэглэлүүд

  1. Joseph Young Sr., History of the Organization of the Seventies (1878), 14.

  2. “Discourse,” Deseret News, Dec. 3, 1862, 177.

  3. Conference Report, Apr. 1898, 29–30; мөн Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 135-ыг үзнэ үү.

Зураг
Голын ойролцоох Сионы хуаран

Сионы хуаран (Фишинг Риверийн ойролцоох Сионы хуаран), Жудит А.Мэр

Хэвлэх