“6-р сарын 6–12. Рут; 1 Самуел 1–3: ‘ЭЗЭН тандаа зүрх минь баярлана,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“6-р сарын 6–12. Рут; 1 Самуел 1–3,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
6-р сарын 6–12
Рут; 1 Самуел 1–3
“ЭЗЭН тандаа зүрх минь баярлана”
Рут, Наоми, Ханна нарын болон бусад хүний амьдралыг энэ долоо хоногт судлахдаа Сүнсийг чих тавин сонсож, төрсөн сэтгэгдлээ нэг бүрчлэн бичиж тэмдэглэ. Та юу хийхэд сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Заримдаа амьдрал маань эхнээсээ төгсгөл хүртэл тодорхой замаар явах ёстой гэж бид боддог. Эцсийн эцэст нэг цэгээс нөгөө цэгт хүрэх хамгийн дөт зам бол шулуун зам юм. Гэсэн ч амьдрал бидний төсөөлж ч байгаагүй зам руу оруулдаг саад, эргүүлгээр дүүрэн. Бидний амьдрал бодож төлөвлөж байснаас маань тэс өөр болсон байхыг бид олж харж болох юм.
Рут, Ханна хоёр үүнийг маш сайн ойлгодог байсан. Рут израил хүн байгаагүй ч израил хүнтэй гэрлэсэн байсан ба нөхрөө нас барахад сонголт хийх хэрэгтэй болсон. Тэр гэр бүл рүүгээ болон хуучин танил амьдрал руугаа эргэж очих уу аль эсвэл израилчуудын шашин шүтлэгийг болон шинэ гэр орноо хадам ээжтэйгээ хүлээн авах уу? (Рут 1:4–18-ыг үзнэ үү). Ханна үр хүүхэдтэй болохоор төлөвлөж байсан ч хүүхэдгүй байснаас болж “ихэд шаналсан” байж (1 Самуел 1:1–10-ыг үзнэ үү). Рут, Ханна хоёрын тухай уншихдаа өөрсдийн амьдралыг Их Эзэний мутарт үлдээн, төлөвлөж байгаагүй замаар аялах болсон нь тэдний итгэлийн талаар юу хэлж байгааг эргэцүүлэн бод. Дараа нь та өөрийнхөө аян замын талаар бодно уу. Энэ нь Рутын хувьд ч мөн Ханнагийн хувьд төдийгүй хүн бүрийн хувьд өөр өөр байх болно. Гэвч мөнх амьдралд хүрэх замд сорилт бэрхшээл, санамсаргүй үйл явдал тохиох үед та Ханнагийн адил “ЭЗЭН тандаа зүрх минь баярлана” (1 Самуел 2:1) гэж хэлж сурах хэрэгтэй.
Рут, 1 Самуел номын тоймыг үзэхийн тулд Bible Dictionary дэх “Ruth,” 1 Samuel, book of” хэсгийг уншина уу.
Хувиараа судар судлахад зориулсан санаа
Христ эмгэнэлт явдлыг баяр хөөр болгох чадалтай.
Рутын нөхрийг нас барахад энэхүү эмгэнэлт явдал түүний хувьд өнөө үед бэлэвсэрсэн хүмүүст тохиолддогоос ч хүнд үр дагавартай байв. Тэр үеийн израилчуудын ёс заншлаар, нөхөргүй эсвэл хүүгүй эмэгтэй өөрийн өмч хөрөнгөтэй байх эрхгүй байсан бөгөөд бараг амь залгуулах боломжгүй байжээ. Та Рутын түүхийг уншихдаа, Их Эзэн хэрхэн эмгэнэлт явдлыг агуу адислал болгон өөрчилснийг анхаарна уу. Таны бодлоор Рутын ямар зан чанар түүнд тусалсан байж болох вэ? Рутыг хүнд хэцүү байдлаас гарахад Боаз ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? (Рут 4:4–7-г үзнэ үү). Та Боаз, Рут хоёроос Христийн ямар зан чанарыг олж харж болох вэ?
Нөхцөл байдлаас үл хамааран Бурхан намайг удирдан залж, тусална гэдэгт би итгэж найддаг.
Та Рут, Наоми, Ханна нарын түүхээс өөрийгөө олж харж байна уу? Та Рут, Наоми хоёртой адил асар их гарз хохирол амссан байж магад (Рут 1:1–5-ыг үзнэ үү). Эсвэл Ханнагийн адил хараахан хүлээн аваагүй байгаа адислалаа хүсэн хүлээж байж болох юм (1 Самуел 1:1–10-ыг үзнэ үү). Та эдгээр итгэлтэй эмэгтэйн үлгэр жишээнээс ямар сургамж авч болохоо тунгаан бод. Рут, Ханна хоёр Бурханд итгэх итгэлээ хэрхэн харуулсан бэ? Тэд ямар ямар адислал хүлээн авсан бэ? Та тэдний үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ? Амьдрал хүнд байсан ч та Их Эзэнд хэрхэн “итгэж” байснаа эргэцүүлэн бод (Рут 2:12).
Мөн Рэйна И.Абуртогийн “Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч!” хэлсэн үгийг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 62–66-аас үзнэ үү.
ЭЗЭН тандаа зүрх минь баярлана.
Бяцхан Самуелыг ариун сүмд авчирсныхаа дараа Ханнагийн Бурханыг магтан дуулсан яруу сайхан үгсийг 1 Самуел 2:1–10-т цэдэглэсэн байдаг. Хэдхэн жилийн өмнө тэр “ихэд шаналсан, … гашуунаар уйлж” (1 Самуел 1:10) байсныг санах юм бол түүний үгс сэтгэлийг бүр ч их хөдөлгөдөг. Та эдгээр шүлгийг судлах явцдаа Их Эзэнийг магтан дуулах, талархах сэтгэлийг тань өсгөн нэмэгдүүлсэн ямар ямар захиасыг олж мэдсэн бэ? Магадгүй Ханнагийн дуу таныг Их Эзэнд сэтгэлээ илчилсэн дуу зохиох, зураг зурах болон үйлчлэх эсвэл өөр бусад бүтээлч арга замаар талархахад сүнслэгээр өдөөж болох юм.
Чин сэтгэлийн бүх залбиралд Ханнад хариулсан шиг хариулдаггүй нь мэдээж. Та ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь” хэмээх захиасаас залбирлын тань хариу таны найдаж байснаас өөрөөр ирэх үед туслах ямар зүйлийг олж мэдсэн бэ? (2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70–77).
Би Их Эзэний дуу хоолойг сонсож, дуулгавартай дагаж чадна.
Бид бүхний адил Самуел Их Эзэний дуу хоолойг таньж сурах хэрэгтэй байсан. Та 1 Самуел 3-ыг судлах явцдаа, Их Эзэний дуу хоолойг сонсож, дуулгавартай дагах талаар энэ хүүгээс юу сурсан бэ? Түүний дуу хоолойг сонсож байсан ямар туршлага танд байдаг вэ? Елигийн адил Их Эзэнийг өөртэй нь ярьж байгааг ялган таньж сурахад нь бусдад туслах ямар ямар боломж танд байгаа вэ? (1 Самуел 3:7-г үзнэ үү).
Мөн Иохан 14:14–21-ийг болон Дэвид П.Хомэрын “Түүний дуу хоолойг сонсох нь” хэлсэн үгийг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 48–50-аас үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Рут 1:16–18; 2:5–8, 11–12.Гэр бүлийнхэн тань эдгээр шүлгээс сайхан сэтгэл, үнэнч байдлын жишээг хайж болно. Бид гэр бүлийнхэндээ болон бусдад сайхан сэтгэлээ мөн Есүс Христэд үнэнч гэдгээ хэрхэн харуулдаг вэ? “Рут, Наоми хоёр” (Хуучин гэрээний түүхүүд дэх) нь Рутын үлгэр жишээнээс суралцахад гэр бүлийнхэнд тань тус болж болно.
-
1 Самуел 1:15.Ханна “ЭЗЭНий өмнө сэтгэлээ уудал[сан]” гэж хэлснээр юуг илэрхийлэх гэснийг гэр бүлийнхэндээ дүрслэн харуулахын тулд та савнаас ямар нэгэн зүйл асгаж болох юм. Яагаад энэ нь бидний залбирал ямар байх ёстойг дүрслэн харуулах сайхан арга зам болдог вэ? Бид хувийн болон гэр бүлийн залбирлаа хэрхэн сайжруулж болох вэ?
-
1 Самуел 2:1–10.Ханнагийн уншсан Их Эзэнийг магтан дуулсан шүлэг нь таныг Эзэнийг магтан дуулахад ашиглаж болох дуунуудыг бодоход чиглүүлж өгч болох юм. Та заримыг нь хамтдаа дуулж болно. Гэр бүлийн тань гишүүд Есүс Христийн тухай бодол санаагаа илэрхийлэх өөр арга замыг мөн бодож олж магад. Жишээлбэл, тэд яагаад Аврагчийг хайрладгаа харуулсан зураг зурж болно.
-
1 Самуел 3:1–11.Их Эзэн Самуелыг дуудаж байгаа түүхийг жүжиглэн үзүүлэх нь хөгжилтэй байж болох ба гэр бүлээрээ “Samuel and Eli” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэж болох юм. Гэр бүлийн гишүүд Их Эзэний өөрсөдтэй нь ярихыг мэдэрч байсан үеийн талаар мөн Түүний үгийн дагуу хэрхэн үйлдсэнээ ярьж болно.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “There Is Sunshine in My Soul Today,” Hymns, д. 227.