“12-р сарын 6–12. Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2: ‘Бид итгэдэг,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“12-р сарын 6–12. Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
12-р сарын 6–12
Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2
“Бид итгэдэг”
Энэ долоо хоног та суралцаж, заах төлөвлөгөө гаргахдаа, ангийнхаа хүүхдүүдийн сайн мэдээний үндсэн үнэнүүдэд итгэх итгэлийг нь хэрхэн хүчирхэгжүүлж чадахаа бодож үз.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Нэг хүүхэд рүү бөмбөг шидээд, Есүс Христийн болон Тэнгэрлэг Эцэгийн тухай итгэдэг зүйлээ хуваалцахыг түүнээс хүс. Хүүхэд бүрд хуваалцах боломж олгох хүртэл үүнийг давтаж хий.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Бид Есүс Христийн сайн мэдээнд итгэдэг.
Та Есүс Христийн Сүмийн зарим үндсэн итгэл үнэмшлийг хүүхдүүдтэй хамт авч үзэхдээ Итгэлийн тунхаг-ийг ашиглаж болно. Заадаг хүүхдүүд тань эдгээр энгийн үнэнд итгэдэг байх нь яагаад чухал вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Итгэлийн тунхгаас нэн ялангуяа заадаг хүүхдүүдэд тань онцгой чухал гэж үзсэн хэдэн тунхгийг сонго. Итгэлийн тунхаг бүрийн хувьд тухайн тунхагт зааж буй үнэнийг харуулж, тодруулсан зургаас (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү) эсвэл түүхээс (судрын юм уу өөрийн амьдралын) хуваалц. Энэ үнэн нь яагаад таны хувьд чухал болохыг хүүхдүүдэд хэлээд, тэдний хувьд яагаад чухал болох талаар мөн адил хуваалцах боломжийг тэдэнд олго.
-
Нэг буюу түүнээс дээш тунхгийг хүүхдүүдэд ойлгоход туслах дуулал эсвэл хүүхдийн дууг ол. Магадгүй хүүхдүүд сонгоход тань тусалж болно. Дуунуудыг хамтдаа дуулж, эдгээр дуу итгэлийн тунхагтай хэрхэн холбоотой болохыг олж харахад нь хүүхдүүдэд тусал.
Итгэлийн тунхаг 1:9; Албан тунхаг 1 ба 2
Их Эзэн Өөрийн Сүмийг бошиглогчоороо дамжуулан удирддаг.
Сүмийн гишүүдийн хувьд бид олон янзын саад бэрхшээлтэй тулгардаг ч Тэнгэрлэг Эцэг биднийг удирдан залах илчлэлт өгөхөд бэлэн байдгийг мэдсэнээр тайтгарлыг олж авч чадна. Бурхан амьд бошиглогчоор дамжуулан Сүмийг удирддаг гэсэн итгэлийг нь хүчирхэгжүүлэхэд та заадаг хүүхдүүддээ тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Судрууд мөн амьд бошиглогчийн зургийг үзүүл (Ensign эсвэл Лиахона сэтгүүлийн хамгийн сүүлийн чуулганы дугаар). “Бурханы илчилсэн бүгдэд” гэдэгт юу орохыг, мөн “Эдүгээ Түүний илчилж буй бүгдэд” гэдэгт юу орохыг (Итгэлийн тунхаг 1:9) олж тогтооход хүүхдүүдэд тусал.
-
Гэрлээ унтрааж, Есүс Христийн зургийг самбарт байрлуул. Бошиглогчийг үзүүлсэн зурган дээр гар чийдэнгээ тусгаад, бошиглогчид нь хэрхэн бидэнд гар чийдэнтэй адил Аврагчийг илүү тод томруун харахад тусалдгийг харуул.
-
Хоол унд, тоглоом гэх мэт ямар нэг зүйл хийх энгийн заавар ол. Хүүхдүүдтэй хамт зааврыг дага. Дараа нь Тэнгэрлэг Эцэг бошиглогчоор дамжуулан Өөртэй нь эргэн очиж амьдрахад бидэнд туслах заавар өгдгийг тайлбарла. Бурхан руу эргэн очиход бидэнд туслах ямар ямар зүйлийг бошиглогч бидэнд заасан бэ?
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Итгэлийн тунхаг
Итгэлийн тунхаг нь сайн мэдээний энгийн үнэнүүдийг заадаг.
Заримдаа сайн мэдээ нь, ялангуяа хүүхдүүдэд маш том, төвөгтэй зүйл мэт санагдаж болох юм. Итгэлийн тунхаг нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бидний итгэдэг зарим үндсэн үнэнийг энгийн аргаар хүүхдүүдэд ойлгуулахад тусалдаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхэд бүрийг итгэлийн тунхгийн аль нэгэн түлхүүр үг болон хэллэгийг сонгоод, үүний талаарх гэрчлэлээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Дараа нь тухайн үг нь аль итгэлийн тунхгийн үг болохыг бусад хүүхдээр таалга (эсвэл олуул). Тэдний сонгосон үг эсвэл хэллэг нь яагаад чухал болох талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
-
Хэдэн хоногийн өмнөөс өөрсдийн дуртай нэг итгэлийн тунхгийнхаа талаар захиас бэлдэж ирэн, ангийнхантайгаа хуваалцахыг хэдэн хүүхдээс хүс. Тэдний захиаст зураг, дуу, түүх эсвэл туршлага юм уу бусад судар орсон байж болно. Яагаад тэдэнд сонгосон итгэлийн тунхаг нь таалагддаг талаар хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Эдгээр итгэлийн тунхгийн нэгийг ашиглан хариулж болох бидний итгэлийн талаарх зарим асуултыг самбарт бич. Хүүхдүүдийг нэг асуулт сонгоод, үүнд хариулах итгэлийн тунхгийг олоход урь. Итгэлийн тунхгийг ашиглан асуултад хариулах дасгал хий.
Бошиглогчид Тэнгэрлэг Эцэгийн тааллыг мэдэхэд бидэнд тусалдаг.
Албан тунхаг 1, 2 нь бошиглогчид хэрхэн Бурханаас илчлэлт хүлээн авч, үүний дагуу үйлддэгийн сонгодог жишээ юм. Бурхан Өөрийн Сүмийг илчлэлтээр удирддаг гэдэгт итгэх хүүхдүүдийн итгэлийг өсгөн нэмэгдүүлэхэд та хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдээс бошиглогчид ба илчлэлтийн талаар заадаг тунхгийг олохыг хүс. Бидэнд амьд бошиглогч байгаад яагаад талархдагаа хуваалцахыг тэднээс хүс. Албан тунхаг 1 ба 2-т орсон жишээнүүдээс гадна Бурхан Сүмийг илчлэлтээр хэрхэн удирддаг зарим жишээг хуваалцаад, хүүхдүүдэд өөрсдийн мэддэг жишээг хуваалцах боломж олго (Сүмийн хөтөлбөр, бодлогод саяхан гарсан өөрчлөлт гэх мэт).
-
Хүүхдүүдэд дараах судрын эшлэлүүдийг өг. Үүнд: 2 Нифай 26:33; Иаков 2:27. Ямар судар Албан тунхаг 1-тэй холбоотой (олон эхнэртэй байх ёсыг эцэслэсэн тухай) мөн аль нь Албан тунхаг 2-той холбоотой (санваарын болон ариун сүмийн адислалаас арьсны өнгөнөөс хамаарахгүй бүх хүн хүртэх боломж олгосон) болохыг олж тогтооход тэднийг урь. Их Эзэн Өөрийн тааллыг эртний болон орчин үеийн бошиглогчоор дамжуулан илчилдэг талаар гэрчлэлээ хуваалц.
-
Албан тунхаг 1 дээрх “Та нар өөрсдөө шүүн тунгаах ёстой” гэснийг самбарт бич. Бошиглогчийг илчлэлт хүлээн авах үед өөрсдөө шүүн тунгаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ асуултад хариулахад тэдэнд туслахын тулд та ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Та юу зөв мөн юу буруу болохыг сүнсний шивнээгээр ялган таньж сурах замаар мэдэх боломжтой“ гэсэн мэдэгдлийг хуваалцаж болно (“The Love and Laws of God” [Brigham Young University devotional, Sept. 17, 2019], 4, speeches.byu.edu).
-
Самбарт дэлхийн зураг зур эсвэл үзүүл. Нэг суралцагчийг 1978 оны 6-р сарын 8-ны өдрийн Албан тунхаг 2-ын (“Тэрбээр бидний залбирлуудыг сонссон …” гэж эхлэх) дараагийн хоёр догол мөрийг чанга уншихад урь. “Адислал,” “адислалууд” гэсэн үг хэдэн удаа гарахыг тоолохыг хүүхдүүдээс хүс. Сайн мэдээнээс ямар ямар адислал ирдэг вэ? Тэдгээрийг самбарт зурсан эсвэл тавьсан дэлхийн зургийг тойруулан жагсаан бичихэд хүүхдүүдийг урь. Бурхан дэлхий дээрх бүх хүүхдээ хайрладаг бөгөөд тэднийг Өөрийн сайн мэдээгээр адислахыг хүсдэг хэмээх өөрийн гэрчлэлийг хуваалц.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдээс цээжлэхийг хүссэн итгэлийн тунхгаа сонгож, уг тунхгийн дагуу үйлдэх төлөвлөгөө гаргахад нь тэдэнд тусал.