“12-р сарын 20–26. Христийн мэндэлсний баяр: Бурханы тэнгэрлэг Хүүгийн зүйрлэшгүй бэлэг,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“12-р сарын 20–26. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
12-р сарын 20–26
Христийн мэндэлсний баяр
Тэнгэрлэг Хүүгийн зүйрлэшгүй бэлэг
Христийн мэндэлсний баяр олон хүүхдийн хувьд баярт цаг мөч юм. Та Аврагчийн сайн мэдээний баяр баясгаланг Христийн мэндэлсний баярын баяр баясгалантай нэгтгэн ойлгоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадахаа бодож үз.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Өнгөрсөн долоо хоногт Аврагчийн мэндэлсэн өдрийг тэмдэглэхийн тулд юу юу хийснээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Есүсийн төрөлтийг тэмдэглэж би “[өөрийн] гэрчлэлийг өргөж” болно.
“Амьд Христ”-д Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга “Есүс Христийн төрөлтийг тэмдэглэн” гэрчлэлээ өргөсөн байдаг (ChurchofJesusChrist.org). Бусадтай гэрчлэлээ хуваалцахад хүүхдүүдэд хэрхэн тусалж болохоо бодож үз.
Боломжит үйл ажиллагаанууд
-
“Амьд Христ”-ийн нэг хувийг хүүхдүүдэд үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Гарчгийн Христ гэдэг үгийг заагаад, хүүхдүүдээр мөн адил заалга. Түүнчлэн хуудасны доод хэсэгт байгаа гарын үсгүүдийг зааж, 2000 онд Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхан Есүс Христийн тухай гэрчлэлээ бичиж, гарын үсгээ зуран, дэлхийн хүмүүстэй хуваалцсан гэдгийг хүүхдүүдэд хэл.
-
Есүс Христийн зургийг үзүүлээд, хүүхэд бүрийг босож, түүний талаар мэдэх зүйлээ хуваалцахад урь. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол “Амьд Христ” дээрх үнэнүүдээс санал болго. Тэд Есүсийн талаар бусдад хэлснээр Түүний тухай гэрчлэлээ хуваалцаж байгаа гэсэн үг гэдгийг хүүхдүүдэд сануул.
-
Хэрхэн Есүс Христийн тухай гэрчлэлтэй болсноо мөн гэрчлэлээ хүчтэй байлгахын тулд юу хийж байгаагаа хүүхдүүдэд ярь. Есүс Христийн тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлэх арга замуудын талаар бодоход тусалж, хийх нэг зүйлээ сонгоход тэднийг урь.
Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүүг бидэн рүү бэлэг болгон илгээсэн.
Бэлэг өгөх, авах нь Христийн мэндэлсний баярын нэг уламжлал юм. Энэ уламжлал бидэнд “Түүний Тэнгэрлэг Хүүгийн зүйрлэшгүй бэлгийг” санахад туслах ёстой (“Амьд Христ”).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Авсан, өгсөн бэлгүүдийнхээ талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Амьд Христ-ийн сүүлийн өгүүлбэрийг тэдэнд уншиж өгөөд, Бурханы бидэнд өгсөн бэлгийг олж сонсохыг тэднээс хүс. (Хэрэв шаардлагатай бол, “зүйрлэшгүй” гэдэг нь “бүхнээс илүү сайн” гэсэн үг болохыг ойлгоход тэдэнд тусал.) Яагаад Бурханы Хүү Есүс Христ хамгийн шилдэг бэлэг вэ?
-
“Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) зэрэг Есүс Христийн тухай дууг хамтдаа дуул. Дуунаас зурахыг хүссэн үг, хэллэгээ сонгоход нь хүүхдүүдэд тусал (“дөнгөж төрсөн бяцхан үрээ” эсвэл “хүмүүстэй мөр зэрэгцэн алхуулахаар” гэх мэт). Зургаа зурж байхад нь Есүсийн тэдний төлөө хийсэн зүйлийн талаар бодол санаагаа хэлэхийг хүүхдүүдээс хүс. Өөрийн бодол санааг ч мөн хуваалц.
Есүс Христ намайг Өөрийнх нь үлгэр жишээг дагахад урьдаг.
Дэлхийд Аврагчийн үзүүлсэн “хүчтэй нөлөө”-ний нэг нь Түүний төгс үлгэр жишээ юм. Та хүүхдүүдийг Түүнийг дагахад хэрхэн урамшуулж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Амьд Христ-ийн хоёр дахь догол мөрөөс Есүсийн хийсэн зарим зүйлийг хүүхдүүдэд уншиж өг. Түүний амьдралыг харуулсан зургуудыг (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү) үзүүлж, уг зургуудад Аврагч юу хийж байгааг ярилцахад хүүхдүүдийг урь. Түүний үлгэр жишээг дагах арга замын талаар бодоход тэдэнд тусал.
-
Дэлхийг гэрэлтүүл (ComeuntoChrist.org) видео бичлэгийг сонгон, хүүхдүүдэд үзүүл эсвэл хэн нэгний Христийнхтэй адил үйлчлэлээр адислагдаж байсан үеийнхээ тухай тэдэнд ярь. Нэг хүүхдийг энгийн үйлчлэл хийж байгааг үзүүлэхэд уриад, бусад хүүхдээс юу хийж байгааг нь таахыг хүс. Хүүхэд бүрийг энэ үйл ажиллагаанд ээлжлэн оролцуул. Гэр бүлийнхээ хэн нэгэнд үзүүлж болох ямар нэгэн үйлчлэлийн талаар бодоход хүүхдүүдэд тусал.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
“Бид өөрсдийн гэрчлэлийг өргөж байна.”
“Амьд Христ-ийг бичсэн бошиглогч, төлөөлөгчдийн үлгэр жишээ Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцахад нь хүүхдүүдэд сүнслэгээр нөлөөлж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт Би Есүс Христ … гэдгийг мэднэ гэж бичээд, уг өгүүлбэрийг өөрийнхөөрөө гүйцээж бичихийг хүүхдүүдээс хүс. Тэдэнд Амьд Христ-ээс санаа авч болохыг зөвлө. Есүс Христийн тухай гэрчлэлээ бэхжүүлэхийн тулд бид юу хийж болох вэ? Биднийг гэрчлэлээ хуваалцахад бусад хүн хэрхэн адислагддаг вэ?
-
Амьд Христ-д Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхан гарын үсэг зурсан гэдгийг онцлон хэл. Сургаал ба Гэрээ 107:23-ыг хамтдаа yнш. Төлөөлөгчдийг юу “сүмийн бусад албан тушаалтнаас” өөр болгодог вэ? Христийн онцгой гэрчүүд видео бичлэгүүдийн нэгийг сонгоод, хүүхдүүдтэй хуваалц (ChurchofJesusChrist.org). Яагаад өнөө үед бид Христийн онцгой гэрчүүдтэй байгаадаа талархдаг вэ?
“Өөр хэн ч надад ийн гүн гүнзгий нөлөөлөөгүй.”
“Амьд Христ”-д бошиглогч, төлөөлөгчид Есүс Христээс өөр хэн ч Бурханы хүүхдүүдэд ийм агуу хүчтэй нөлөөлж байгаагүй хэмээн тунхагласан. Та Аврагчийн бидний хүн нэг бүрд үзүүлдэг хүчтэй нөлөөний талаар ойлгоход хүүхдүүдэд хэрхэн туслахаа тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхэд бүрд “Амьд Христ”-ээс нэг үг, хэллэг эсвэл өгүүлбэр өгөөд, үүний тухай зураг зурахыг тэднээс хүс. Хүүхэд бүр өөрийн зургийг ангийнхандаа үзүүлэн, бусад хүүхдээс зураг юуг үзүүлж байгааг таан, “Амьд Христ” дээрээс холбогдох өгүүлбэрийг олохыг хүс. Есүс Христийн амьдрал, үйл хэргийн ачаар бид хэрхэн адислагдсан бэ?
-
“Амьд Христ” дэх Есүс Христийн өөр нэр цолуудыг олж, боломжтой бол доогуур нь зурахад хүүхдүүдэд тусал (зарим жишээг дурдвал Мессиа, Ууган Хүү, эхнийх болон эцсийнх, өмгөөлөгч, тэргүүн, булангийн чулуу гэх мэт). Эдгээр нэр бүр Түүний талаар бидэнд юу зааж байгааг ярилц. Судруудын удирдамж эсвэл Bible Dictionary-д зарим нэр цолын тодорхойлолт байгаа.)
“Тэр бол дэлхийн гэрэл, амь бөгөөд найдвар юм.”
Христийн мэндэлсний баяр бол Есүс Христ Өөрийн сургаал, үлгэр жишээ, цагаатгагч золиослолоор дамжуулан дэлхийд найдвар төрүүлсэн баяр баясгалант өдрүүд юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхэд бүрийг Христийн мэндэлсний баярын гацуур модыг зурахад урь эсвэл самбарт нэг мод зур. Амьд Христ дээрх Аврагчийн бидэнд өгсөн бэлгүүдийг төлөөлсөн үг, хэллэгээр модыг чимэглэхэд хүүхдүүдийг урь (“гэрэл,” “амьдрал,” “найдвар” гэх мэт). Яагаад эдгээр үг, хэллэгийг сонгосноо хуваалцах боломжийг тэдэнд олго.
-
Аврагч төрснөөр дэлхийд авчирсан гэрэл, амьдрал, итгэл найдварын тухай өгүүлсэн Христийн мэндэлсний баярын дууллуудыг олоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, “O Little Town of Bethlehem” эсвэл “Hark! The Herald Angels Sing” (Hymns, д. 208) гэх мэт. Дууллуудыг хамтдаа дуулж, Есүс хэрхэн гэрэл, амьдрал, итгэл найдварыг тэдний амьдралд авчирсан талаар хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго.
-
Зарим хүүхдийг Лук 2:8–20 дээрх хоньчдын тухай уншихад урь. Бусдаас нь Лук 2:25–33 дахь Симоны тухай уншихыг хүс. Хоньчид ба Симоны Есүсийг мэндэлснийг мэдээд хэрхэн хандсан тухай бие биетэйгээ хуваалцахыг тэднээс хүс. Яагаад тэдэнд ийм мэдрэмж төрсөн бэ? “Түүний төрөлт” яагаад бидэнд “агуу баяр баяслыг” авчирдаг вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцаж болох гэр бүлийнхээ нэг гишүүний талаар бодоход хүүхдүүдийг урь. Тэр хүний Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд юу гэж хэлэхээ бодож үзэхэд тэдэнд тусал.