Шинэ Гэрээ 2023
11-р сарын 27-оос 12-р сарын 3. 1–3 Иохан; Иуда: “Бурхан бол хайр”


“11-р сарын 27-оос 12-р сарын 3. 1–3 Иохан; Иуда: ‘Бурхан бол хайр,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“11-р сарын 27-оос 12-р сарын 3. 1–3 Иохан; Иуда,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Инээмсэглэн суугаа Есүс Христ ба хүүхдүүд

Төгс хайр, Дэл Парсон

11-р сарын 27-оос 12-р сарын 3

1–3 Иохан; Иуда

“Бурхан бол хайр”

Иоханы захидал ба Иуда нь Тэнгэрлэг Эцэгийн хайр, гэрлийн талаар заадаг. Энэ долоо хоногт судалж байхдаа, яагаад таны заадаг хүүхдүүдийн амьдралд Түүний гэрэл, хайр хэрэгтэй гэдгийг тунгаан бод. Таны заадаг насны хүүхдүүдэд зориулан бичсэнээс гадна энэхүү тойм дээрх бүх үйл ажиллагааг бодож үзэхээ бүү март.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч байснаа эсвэл яагаад Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр бидний хувьд гэрэлтэй адилхан гэж бодож байгаагаа хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

1 Иохан 1:5–7; 2:8–11

Есүсийг дагах нь миний амьдралд гэрэл гэгээ авчирдаг.

Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрын бидний амьдрал дахь нөлөөний тухай заахын тулд Иохан гэрлийн тухай бичсэн. Та хүүхдүүдэд Тэдний санал болгох гэрлийн тухай сурахад хэрхэн туслах талаараа тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаа

  • Гэрэл гаргадаг зүйлсийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Ургамалд ургахад нь нөлөөлж, бидэнд харах боломж олгож, халуун дулаанаараа ээж дулаацуулдаг гэх мэт гэрлийн ач тусын талаар тэдэнтэй ярилц. Есүс хэрхэн бидэнд гэрэл авчирдаг талаар ойлгохын тулд хүүхдүүдийг “Бурхан бол гэрэл” гэж хэлэхдээ Есүс Христийн зураг руу гар чийдэнгийн гэрлийг ээлжлэн тусгахад урь (1 Иохан 1:5). Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хэлснийг дагахаар хичээх үед Тэд бидний амьдралд гэрэл гэгээ авчирна гэдгийг гэрчил.

  • Хүүхдүүдийг гэрлийн чийдэн эсвэл лааны зургийг ээлжлэн барихад урь. Хүүхэд бүрийг зураг барьж байхад Есүс Христийн гэрлийг амьдралдаа авчирч болох арга замуудын талаар бодоход тэдэнд тусал.

1 Иохан 4:10–11, 20–21

Би бусдыг хайрласнаар Тэнгэрлэг Эцэгт хайртайгаа харуулдаг.

Тэдний Тэнгэрлэг Эцэгийг хайрлах хайр, Бурханы хүүхдүүдээ хайрладаг хайр хоёрын хоорондын уялдаа холбоог олж харахад хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • 1 Иохан 4:11-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16) гэх мэт Бурханы хайрын тухай дууг дуул. Тэнгэрлэг Эцэг өөрсдийг нь хайрладаг гэдгийг хэрхэн мэддэг талаар хуваалцахыг хэдэн хүүхдээс хүс. Хариулт бүрийн дараа хүүхдүүдийг өөрөө өөрсдийгөө тэврээд, “Бурхан бол хайр бөгөөд Бурхан надад хайртай” гэж хэлэхэд урь.

  • 1 Иохан 4:21-ийг хүүхдүүдэд уншиж өг. Тэврэх, ил захидал хийх гэх мэтээр найздаа хайртай гэдгээ харуулж болох төрөл бүрийн арга замыг ярилцах юм уу үзүүлэхэд тэднийг урь. Тэдгээр нь найзад маань ямар санагдах вэ? Бид бусдад сайн сайхан зүйлсийг хийхэд Тэнгэрлэг Эцэгт ямар санагддаг вэ?

1 Иохан 2:3–5; 5:3

Би зарлигуудыг нь сахиснаар Бурханд хайртайгаа харуулдаг.

“Түүний тушаалууд хүнд дарамт биш” хэмээн Иохан заасан (1 Иохан 5:3). Харин зарлигуудыг дагах нь Түүнийг хайрлах хайраа илэрхийлэх нэг арга зам юм.

Боломжит үйл ажиллагаа

  • 1 Иохан 5:3-ыг уншаад, бид Бурханд хайртай гэдгээ хэрхэн харуулж болох талаар энэ шүлэг юу хэлж байгааг сонсохыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг мэдэх бүх зарлиг тушаалаа нэрлэхэд урь. Бид Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дуулгавартай дагах үед ямар байдаг вэ?

  • Тэнгэрлэг Эцэгт хайраа харуулж болох нэг арга замыг харуулсан зураг зурахад хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд аль нэгэн зарлигийг дагаж байгаагаар өөрсдийгөө зурж болно.

  • Зөвийг сонго” (Хүүхдийн дууны ном, 82) гэх мэт дуулгавартай байдлын тухай дууг хамтдаа дуул. Зарлигуудыг дуулгавартай дагах үед бидэнд ямар байдаг вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

1 Иохан 2:8–11; 4:7–8, 20–21

Би бусдыг хайрласнаар Бурханд хайртайгаа харуулдаг.

Эргэн тойрны хүмүүс тань танаас өөр гэдгийг мөн хайрлахад хэцүү байсан ч тэднийг хайрлах нь Бурханыг хайрлаж байгаа хэрэг гэдгийг ойлгоход та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Сургууль эсвэл тойрогт нь шинэ хүн ирсэн бөгөөд түүнд таних хүн байхгүй хэмээн төсөөлөн бодохыг хүүхдүүдээс хүс. Тэр хүнд ямар санагдах бол? 1 Иохан 4:7–8-ыг уншихад хүүхдүүдийг урь. Энэхүү шүлэг энэ хүнд хэрхэн хандах ёстой талаар бидэнд юу санал болгож байна вэ? Үүнтэй төстэй нөхцөл байдлыг хуваалц эсвэл хайраа илэрхийлэх боломж олгох өөр өөр нөхцөл байдлыг бодож олохыг хүүхдүүдээс хүс.

  • 1 Иохан 4:7–8, 20–21-ийг уншихыг хүүхдүүдээс хүсээд, эдгээр шүлэгт заасан хамгийн чухал сургаал юу болохыг дор бүрнээ бичихэд урь. Тэднийг өгүүлбэрээ хуваалцсаны дараа, өөрийн амьдралаас эсвэл Найз, Лиахона сэтгүүлээс эдгээр шүлгийн зааж байгаа зүйлийг дүрслэн тодотгож байгаа гэж бодсон түүхийг хуваалц (Жишээлбэл: “Халимтай мэндлээрэй,” Лиахона, Найз, 2019 оны 6-р сар, Н18–Н19). Хүүхдүүдийг туршлагаасаа хуваалцахад урь. Бид эргэн тойрондоо байгаа хүмүүст хайраа хэрхэн харуулдаг вэ?

1 Иохан 2:3–6; 4:17–18; 5:2–5

Би зарлигуудыг нь сахиснаар Бурханд хайртайгаа харуулдаг.

1 Иохан 5:3 дээр заасан үнэнийг ойлгох юм бол зарлигуудыг дагахад амархан болно. Та зарлигуудыг дарамт биш, харин Бурханд хайртай гэдгээ харуулах боломж гэж харахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Бурханд хайртай гэдгээ харуулах арга замаа самбар дээр жагсааж бичихэд хүүхдүүдийг урь. Дараа нь 1 Иохан 2:5–6; 5:2–5-ыг хамтдаа уншиж, нэмэлт санаануудыг олж мэд. Зарлигуудыг дагах нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгт бидний хайрыг харуулдаг вэ?

Хамтдаа өвдөг сөгдөн залбирч буй гэр бүл

Бурханы зарлигуудыг дагах нь бидэнд ертөнцийг ялахад тусалдаг.

  • 1 Иохан 4:17-г уншаад, “шүүлтийн өдөр зоригтой байх” гэсэн нь Бурханы өмнө шүүгдэхээр зогсохдоо өөртөө итгэлтэй, амар тайван байна гэсэн утгатай үг болохыг хүүхдүүдэд тайлбарла. Ийм итгэлтэй байхын тулд бид юу хийх ёстой гэж энэ шүлэгт зааж байна вэ? Бид Бурханы өмнө итгэлтэй зогсохын тулд яг одоо юу хийж болох вэ?

Иуда 1:18–22

Бусад хүн намайг дооглон тохуурхсан ч би итгэлтэй байж чадна.

Биднийг Есүс Христийн шавь нар учраас заримдаа итгэл бишрэл эсвэл амьдралын хэв маягийн маань улмаас дооглож тохуурхдаг. Эдгээр нөхцөл байдалд хэрхэн итгэлтэй хэвээр үлдэх талаар өгсөн Иудагийн зөвлөгөө эдгээр шүлэгт орсон байдаг.

Боломжит үйл ажиллагаа

  • Зөв зүйл хийснийх нь төлөө тэднийг эсвэл тэдний мэддэг хэн нэгнийг дооглож байсан тохиолдлоос хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг Иуда 1:18–22-ыг уншаад, бусад хүн биднийг дооглон тохуурхах үед бид хэрхэн итгэлтэй хэвээр үлдэж болохыг олж мэдэхэд урь. Олж мэдсэн зүйлээ самбар дээр бичээд, энэ зөвлөгөөг хэрхэн дагаж болох арга замыг авч хэлэлц.

  • Лихайн зүүдийг товч яриад (1 Нифай 8:1–35), хэдэн хүүхдээс 1 Нифай 8:26–28, 33-р шүлгүүдийг уншихыг хүс. Тэрхүү агуу хийгээд нүсэр барилга дахь хүмүүс Иудагийн ярьсан элэглэн дооглож байсан хүмүүстэй хэрхэн адилхан болох талаар ярилц. Биднийг элэглэн дооглож эсвэл шашин шүтлэгтэй маань санал нэгдэхгүй байгаа хүмүүсийн нөлөөнд автахгүйн тулд би юу хийж болох вэ? (1 Нифай 8:30, 33-ыг үзнэ үү).

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг гэрлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахын тулд ямар нэгэн зүйл хийх төлөвлөгөө боловсруулахад урамшуулан дэмж.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд хөдөлгөөнтэй байдаг. Зарим үед та хүүхдүүдийн эрч хүч хөдөлгөөн суралцахад саад болдог гэж боддог байж болно. Гэхдээ та тэдний энэ их хөдөлгөөнийг сайн мэдээний зарчмыг жүжигчлэн үзүүлэх, зурах эсвэл үүний талаар дуулахад урих замаар ашиглаж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)