2019
Халимтай мэндлээрэй!
2019 оны 6-р сар


Халимтай мэндлээрэй!

Зохиогч нь АНУ-ын Айдаход амьдардаг.

“Үнэгүй авснаа үнэгүй өг” (Матай 10:8).

Say Hello to Halim

Маркус тэр өглөө танихгүй хүү ангид нь орж ирэхийг харав.

Хүн бүрийг нам гүм болоход хатагтай Бэкэр “Бүгдэд нь өглөөний мэнд. Түүнийг Халим гэдэг. Тэр манай сургуульд шинээр ирж байгаа. Үнэндээ бол манай улсад шинээр ирж байгаа юм” гэлээ.

Халим сайн байна уу гэж мэндлэхдээ шал руу ширтсээр байв. Маркуст түүний дуу хоолой нэг л өөр юм шиг санагджээ. Хатагтай Бэкэр цааш нь,

“Бид түүнийг энд ирсэнд мөн манай ангид орж байгаад баяртай байна. Бүгдээрээ түүнийг халуун дотноор хүлээн авна гэж найдаж байна” гэж хэллээ.

Хатагтай Бэкэрийг Халимд суух газрыг нь зааж өгөх үед Маркус өөрөө шинэ улсад ирж, шинэ сургуульд шилжиж ирэхээр болсон бол хэчнээн их сандрах байсан бол гэж бодов.

Өглөөний зуушны дараа хатагтай Бэкэр хүн бүрд зориулсан бэлэг байгаа гэлээ. Маркус түүнийг цүнхнээсээ юу гаргаж ирэхийг харахаар өндийв. Жижигхэн хувингууд байлаа. Тэр хувинг ангийн хүн болгонд тарааж эхлэв.

Багш Маркуст шар хувинг гардуулан өгөхдөө “Бидний хүн нэг бүрийн дотор хийсвэр хувин байдаг. Хүмүүс бидний төлөө сайн зүйл хийхэд хувин маань дүүрдэг. Бид ч бас бусдад сайн хандсанаар тэдний хувинг дүүргэж болно. Жишээ нь, ээж чинь чамайг тэврэхдээ хувинг чинь дүүргэдэг. Харин чи хэн нэгэнд сайхан үг хэлбэл тэдний хувинг дүүргэж байна гэсэн үг” гэв.

Маркус хамгийн сайн найз Калеб руугаа харав. Тэр ч бас шар хувин авсан байлаа!

“Бид энэ долоо хоног хувингаа ширээн дээрээ тавьж, нэг нэгэндээ сайхан үгтэй зурвас бичих болно” гэж хатагтай Бэкэр хэлэв. Тэр цаасыг жижиглэн нугалаад, хувин руу хийн, “Энэ нь хүн бүрийн дотор хийсвэр хувин байдгийг сануулахад тусална. Бид хувинг дүүргэдэг хүмүүс болохыг хүсэж байна” гэв.

Маркус цаас гаргаж ирээд, Калебыг спортод сайн гэх мэтээр түүний тухай бичиж болох зүйлсийн талаар бодов. Харин дараа нь тэр Халим руу харлаа. Тэр гунигтай байгаа бололтой бөгтийн сууж байв.

Өмнө нь амьдардаг байсан газарт нь түүнд сайн найз байсан болов уу гэж Маркус бодлоо. Салах ёс хийж, алс хол газар луу нүүхэд хэцүү байсан байх даа.

Маркус ширээн дээрх цэвэр цаас руугаа харав. Түүнд нэг санаа төрж, тэр

“Хүндэт Халим аа,

Манай сургуульд тавтай морилно уу. Чамайг хүсвэл би завсарлагаанаар хамт тоглож болно шүү. Би чиний найз болъё. Калеб ч гэсэн чиний найз болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Маркусаас” гэж бичлээ.

Дараа нь цаасаа эвтэйхэн нугалаад, Халимын хувинд хийлээ. Халим инээмсэглэв. Маркуст халуун дулаан мэдрэмж төрж, дотроо баяртай байлаа. Тэр хувинг дүүргэгч болж байгаадаа баяртай байв.