Залуучуудад зориулав
Үр хүүхэдтэй болсноор адислагдсан нь
Зохиогч нь Никарагуагийн Манагуад амьдардаг.
Хүмүүс биднийг хүүхэд төрүүлэх болгонд яагаад төрүүлж байгааг гайхан асуудаг байсан ч бид үр удмаараа дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн хайрыг илүү сайн ойлгож, тэнгэрлэг чадавхаа хөгжүүлэх боломжтой болдог.
Энэ танай отгон хүүхэд үү? Намайг таваас доош насны хоёр хүүхэдтэй байж дахин жирэмслэхэд хүмүүс яагаад ч юм бидний хүүхдүүдийн талаар санал бодлоо илэрхийлдэг байлаа. “Энэ танай отгон хүүхэд үү? Та хоёрт дэндүү ойрхон байна гэж бодогдохгүй байна уу? Гурван хүүхэдтэй болж та хоёр яах гэж байгаа юм?” гэх мэт асуултыг би байнга сонсдог байв. Манай улсад ихэнхдээ хүмүүс эдийн засгийн асуудлаас болж ганц, хоёрхон хүүхэдтэй болдог байсныг ойлгож болох ч нөхөр бид хоёр болзож байхдаа хэдэн хүүхэдтэй болох, хэзээ төрүүлэхээ ярилцсан байсныг тэд мэдэхгүй байлаа. Гэр бүл төлөвлөлт бидний хувьд чухал, нухацтай шийдвэр байсан тул бид үүнийг Бурханы удирдамжийг байнга эрэлхийлэн, хамтарч гаргах ёстой байв. Бид эргэн тойрныхноо дуу хоолойг биш, харин Сүнсийг илүүтэй сонссон бөгөөд үр хүүхдүүдээр адислагдсан юм.
Их Эзэн Абрахамтай гэрээ байгуулахдаа тоо томшгүй үр удамтай болно хэмээн түүнд амласан (Эхлэл 17:5–6; 22:17-г үзнэ үү). Бид судрын энэ хэсгээс Тэнгэрлэг Эцэгийн хувьд үр хүүхэд төрүүлэх нь бидний хүлээн авч болох хамгийн агуу адислалуудын нэг юм гэдгийг ойлгов. Бид үр удмаараа дамжуулан Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг илүү сайн ойлгож, тэнгэрлэг хийгээд мөнхийн чадавхаа хөгжүүлэх боломжтой болдог. Бид үр хүүхэд төрүүлснээр зөвхөн мөнх бус амьдралын өмнөх дэлхийд байгаа эдгээр сүнсэнд энэ дэлхийд ирэхэд нь туслаад зогсохгүй тэдэнд сайн мэдээг заах эрхтэй болох юм. Амьдралд үр хүүхэдтэй болохоос өөр биднийг мөнх амьдралд бэлтгэж чадах зүйлс цөөхөн гэдэгт би итгэдэг. Бидний гэр бүл Их Эзэний зан чанарыг хөгжүүлж сурах хамгийн зохимжтой газар юм. Би одоо эх хүн болсноор Тэнгэрлэг Эцэгтээ ойр байх нь ямар чухал болохыг өдөр бүр санадаг. Би удирдамж, хүч, тэвчээр хүсэн байнга залбирахын зэрэгцээ үр хүүхэдтэй болсноор ирдэг олон адислалынхаа төлөө Түүнд талархдаг.
Эцэг эх байхад заримдаа сорилт бэрхшээл тулгардаг ч баяр баясгалантай мөчүүд ч олон байдаг. Том охин маань Хүүхдийн хэсгийн дуу дуулахыг сонсох эсвэл хоёр настай хүү маань гэр бүлийн залбирлын үеэр нүдээ аних гэж хичээж байгааг харах юм уу унтаж байгаа нялх хүүгээ тэврэх бүрд зүрх сэтгэл минь дүрслэхийн аргагүй баяр баяслаар дүүрдэг билээ. Амьдралд хэчнээн их сорилт бэрхшээл тулгарсан байлаа ч хүүхдүүд маань биднийг эцсээ хүртэл тэвчихэд туслан цэнэглэдэг юм. Тэнгэрлэг Эцэг надад хүүхдүүдийнхээ эх байх боломжийг олгосонд би үнэхээр их талархдаг.
Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладгийг би мэднэ. Би жинхэнэ мөнхийн аз жаргалаар дүүрэн энэ амттай сайхан мөчүүдэд мөн сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Бурханы хайрыг мэдэрсэн. Тэрээр бидэнд тэнгэрлэг гэртээ эргэж очих замыг үзүүлэхээр Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн юм. Би гэр бүлдээ хайртай бөгөөд гэр бүлүүд мөнхөд хамтдаа байж чадна гэдгийг мэднэ.