Илүү ариун арга замаар тохинуулах нь
2018 оны 4-р сарын 10-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн “A Holier Approach to Ministering (Илүү ариун арга замаар тохинуулах хандлага)” үгээс авав.
Та Бурханыг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлаж, Түүний мутарт зэмсэг болохыг хүсэн залбирвал Их Эзэн Өөрийн онцгой охид, хөвгүүдийг таны замд тавина гэдгийг би амлаж байна.
The Narcissism Epidemic гэх ном нь орчин үеийн Америкийн соёлыг харуулсан хэтрүүлэн дөвийлгөсөн жишээнүүдээр эхэлдэг.
“Телевизийн нэгэн реалити шоун дээр 16 насны төрсөн өдрийн үдэшлэгээ төлөвлөж буй нэгэн охин улаан хивсэн дээр цэргийн хамтлагийг даган, сүр жавхлантай орж ирэхийн тулд гол замыг хаалгахыг хүсэж байлаа. My Beautiful Mommy гэдэг номд сүүлийн үед нэрд гарсан ‘Ээжийн өөрчлөлт’-д орохоор гоо сайхны мэс засал хийлгэх гэж буй ээжүүдийн бяцхан хүүхдүүдэд гоо сайхны мэс засал гэж юу болохыг тайлбарладаг. Таныг орой үдшийн цагаар гадагшаа гарахад дагаж, зургийг тань авах хуурамч папарац хөлсөлж авахын зэрэгцээ гэртээ харих замдаа зургуудыг тань нүүрний хуудсан дээр тавьсан, алдартай хүмүүсийн тухай нийтэлдэг нэртэй сэтгүүлийн хуурамч хувийг хүртэл авах боломжтой болжээ. Нэгэн нэртэй дуун дээр ‘Дэлхий намайг тойрон хүрээлэх ёстой гэдэгт би итгэдэг!’ хэмээн ямар ч ёжилсон шинжгүй тунхагласан байдаг! … Эцэг эх нь This Little Piggy Went to Prada1 нэртэй дууны номоос орчин үеийн бүүвэйн дууны үгийг уншиж байх зуур нялх үрс нь ‘Супер загвар’ гэсэн хатгамалтай энгэрэвч зүүж, ‘Bling (Блинг)’ хөхөл хөхдөг болжээ.”
Есүс Христийн шавийн хувьд, бид өөрсдийн амьдралыг өөрсдөдөө л зориулах ёстой гэсэн ойлголтыг эрс эсэргүүцдэг. Харин бид
“Та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог;
Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог.
… Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ” (Матай 20:26–28) хэмээн айлдсан Аврагчийг дагадаг.
Бид Түүний хэлсэн дараах үгсийг нандигнан хайрладаг.
“Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” (Иохан 13:34; мөн Иохан 15:12-ыг үзнэ үү).
“Хургануудыг минь тэжээ. … Хоньдыг минь хариул” (Иохан 21:15, 16).
“Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул” (Лук 22:32).
“Сул доройчуудад тусал, доош унжсан гарнуудыг өргөгтүн, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун” (Сургаал ба Гэрээ 81:5).
Их Эзэний Сүмийн гишүүдийн дунд хийгдэх ёстой Христийнхтэй адил тохинууллын жишээнүүдийг дурдъя. Бригам Янгийн Их Сургуулийн нэг оюутан саяхан
“Надад үнэхээр хүнд үе тулгараад байв. Нэг өдөр надад их хэцүү байсан тул бүр уйлах шахаад байлаа. Би цааш үргэлжлүүлэх хүч чадлыг гуйн, чимээгүйхэн залбирсан. Яг тэр мөчид өрөөний маань найз надад хайртайгаа илэрхийлсэн мессеж илгээсэн юм. Тэр судраас эш татаж, гэрчлэлээ хуваалцсан байв. Энэ нь цөхөрч туйлдсан тэр мөчид надад маш их хүч чадал, тайтгарал, найдварыг өгсөн” гэж бичжээ.
Одоо та нарын нэг нэгэндээ тохинуулдаг гайхамшигтай арга замыг хүчирхэгжүүлнэ байх гэж найдаж байгаа хэдэн зүйлийг хуваалцъя. Миний эхний санаа бол: Та нар хоёр дахь зарлигийг хэрэгжүүлэхийнхээ өмнө эхний зарлигийг санаарай. Нэгэн залуу Аврагч дээр ирээд,
“Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв.
Тэр түүнд, Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.
Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.
Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла гэсэнтэй адил юм” (Maтай 22:36–39) хэмээн заажээ.
Хөршөө хайрлах, бусдыг халамжлах, бусдад тохинуулах зэргийг илүү ариун арга замд авчрах чадвар тань эхний зарлигийг хэр сайн дагаж байгаагаас шалтгаална.
Тохинууллын өөр нэг хэлбэр
Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг, Есүс Христэд болон сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэл бат тогтсон, үндэслэлтэй, тууштай, гуйвшгүй (Ефес 3:17; Колоссай 1:23; 1 Нифай 2:10; Мозая 5:15; Алма 1:25; 3 Нифай 6:14-ийг үзнэ үү) мөн зарлигуудыг яг таг дагадаг хүнээс ирдэг тохинуулал онцгой хийгээд бурханлаг бэлэг юм.
Би та нарын аль хэдийн мэдэх хэдэн нөхцөлийг дуулгая. Дэлхий даяар залуу үеийнхэн итгэл үнэмшлээ, нэн ялангуяа шашин шүтлэгтэй нь холбоотой итгэл үнэмшлээ алдсаар байна. Намайг 1975 онд БЯИС-ийг төгсөх үед шашин шүтлэгтэй залуучуудын тоо (18-аас 24 насныхан) 90-ээд хувьтай байсан. Харин одоо 66 хувьтай болсон байна. “Залуучуудын бүхэл бүтэн гуравны нэг хувь ямар нэгэн зохион байгуулагдсан шашин шүтлэгтэй хамааралгүй амьдарч байна.”2
2001 онд шашин судлаач эрдэмтэн Робэрт С.Фүллэр Spiritual, But Not Religious3 нэртэй ном бичсэн. Албан ёсны шашны байгууллагад хамааралгүй хувийн сүнслэг байдлыг эрэлхийлэх чиг хандлага хорин жилийн өмнө түлхүү байсан ч өнөөдөр ийм байхаа больжээ. Өнөө үед Нэгдсэн Улсын залуучуудын залбирах нь багасаж, Бурханд болон Библид мөн зарлигуудад итгэх итгэл буурчээ.4 Дэлхийн чиг хандлага бид бүхэнд, бүр сонгогдсон хүмүүст хүртэл нөлөөлөх боломжгүй гэж бодох нь туйлын болчимгүй явдал болоод байна.
Бусдын бие, сэтгэл санаанд анхаарал халамж тавихад аминч бус, өр зөөлөн зүрх сэтгэлтэй байх шаардлагатай. Энэ анхаарал халамж бол сайн мэдээний нэгэн чухал хэсэг юм. Үүнийг Сүмд болон Сүмээс бусад газарт сайн хүмүүс болон итгэгчид, үл итгэгчдийн аль аль нь хийдэг. Дэлхий даяар олон гайхалтай, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг ба бид тэднээс суралцах ёстой.
Гэвч зөвхөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хөрвөгдсөн гишүүн арай өөр тохинууллыг үзүүлдэг. Аврагчийн дагалдагчдын хувьд бидэнд найзынхаа итгэлийг сулрахаас сэргийлэн туслах, өрөөний найздаа Мормоны Номыг өдөр бүр унших нь үнэхээр гайхамшгуудыг авчирдгийг сануулах, тойргийнхоо гишүүнд жишгүүд нь зөвхөн дүрэм журам биш, харин биднийг Бурханд ойртуулж, бидэнд аз жаргал авчирдаг арга зам гэдгийг харуулах замаар тохинуулал хийх боломж бий.
Сайхан сэтгэлтэй хүн хэн нэгэнд дугуйгаа янзлахад нь тусалж, хөршөө эмчид аваачиж үзүүлэн, сэтгэлээр унасан хүнтэй өдрийн хоол хамт идэж эсвэл инээмсэглэн мэндчилснээр тухайн өдөр сэтгэлийг нь сэргээж чаддаг. Гэвч эхний зарлигийг дагагч нь үйлчлэлийн эдгээр чухал үйлдэл дээрээ зарлигуудыг сайн сахиж байгаа хүнийг урамшуулах, замаасаа хальтарч байгаа эсвэл нэгэн удаа аялж байсан зам дээрээ эргэж гарахад нь тусламж хэрэгтэй хэн нэгний итгэлийг хүчирхэгжүүлэх ухаалаг зөвлөгөө өгөх гэх мэт үйлчлэлийг аяндаа нэмдэг.
Би та нарыг бие биедээ сүнслэг байдлаар тохинуулах хүчин чармайлтаа хүчирхэгжүүлэхийг уриалж байна. Сүнслэг байдлын хувьд тохинуулахыг жигнэмэг хийх, сагс тоглох зэргээс эхлүүлж болно. Эцэст нь энэ илүү ариун арга замаар тохинуулахад өөрийн сэтгэл зүрх, итгэлийг нээх, найзаасаа олж харсан эерэг өсөлт хөгжлийг нь магтаж урамшуулах мөн шавь байх жишигтэй нийцэхгүй зүйлийг харж, мэдрэхдээ санаа зовоож байгаагаа илэрхийлэхийг шаарддаг.
Зөвхөн өөрөө зөв шударга байгаад зогсохгүй, илүү ариун арга замаар тохинуулан, ялангуяа бусдын итгэлийг хүчирхэгжүүлж, сүнслэг байдлын хувьд зоригтой байцгаая. Танд санаа сэдэл төрүүлэх зорилготой дараах нөхцөлийг авч үзнэ үү. Үүнд:
-
Найз тань ухаалаг утсан дээрээ тоглоом тоглоход маш их цаг зарцуулдаг хэрнээ сайн мэдээний сэдэвтэй холбоотой ярианд бараг оролцдоггүй болохыг та анзаарав.
-
Танай тойргийн нэг гишүүн порнографын асуудалтай юм шиг танд санагджээ.
-
Найзууд тань зохисгүй гэж үзэхээр зургуудыг авч, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тавихад олон цаг зарцуулж байна.
-
Мормоны Номын тухай ярих дуртай байсан нэг хүн одоо энэ талаар огт дурдахаа больсныг та анзаарав.
-
Ариун сүм явах дуртай байсан гэр бүлийн тань нэг гишүүн одоо явахаа бүр больжээ.
-
Бошиглогчийн зөвлөгөөний талаар итгэлтэй ярьдаг байсан найз тань одоо түүнийг шүүмжлэх болсныг та анзаарав.
-
Таны мэдэх эргэж ирсэн номлогч ариун сүмийн гэрээнүүдийг тусгасан хувцсандаа хайхрамжгүй ханддаг болжээ.
-
Тойргийн тань гишүүн ням гарагт Сүмээс өөр газар явах шалтаг олдог болсныг та анзаарав.
-
Найз тань жижиг сажиг зүйлс дээр шударга бус хандаж эхэлснийг та мэдрэв.
-
Номлолынхоо дараа нүдэндээ галтай байсан ч одоо бүүдийсэн хүнийг та мэднэ.
-
Та ариун нандин зүйлсийг доог тохуу болгон ярьдаг нэг найзтай.
-
Болзооноосоо болж сэтгэлээр унасан найз тань “Бурхан надад хайргүй” гэж боддог болжээ.
-
Зохистой байхаа больж, наманчлалаа хойшлуулж байгаа нь найзын тань итгэлд нөлөөлж байгааг та анзаарав.
Та эдгээр эсвэл эдгээртэй адил нөхцөл байдлыг төсөөлөн бодож чадах уу? Таны санаанд тодорхой нэрс орж ирж байна уу? Төлөөлөгч Паул “Бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь муу сүнслэг хүчний эсрэг билээ” (Ефес 6:12) хэмээсэн. Дэлхий дэх хамгийн агуу хэрэгцээнүүдийн нэг бол Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд улам бүр итгэж, зарлигуудыг нь дагах илүү их хүсэлтэй байх явдал юм.
Нэг нэгээр нь тохинуулах
Хэрэв бид Аврагчийн загварыг дагах юм бол бидний ихэнх тохинуулал нэг хүнээс нөгөө хүнд хийгдэх болно. Худаг дээрх самари эмэгтэйд хандан Аврагч:
“Энэ уснаас уух хүн бүр дахин цангана.
Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй гэхэд
эмэгтэй Түүнд, Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. …
[гээд эмэгтэй—Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр ирэхдээ бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв.
Есүс түүнд—Тэр чинь чамтай ярьж буй Би байгаа юм гэж айлдав” (Иохан 4:13–15, 25–26-г үзнэ үү).
Есүс Өөрийн бурханлаг байдлыг тунхаглахдаа ч гэсэн нэг хүнд тохинуулж байсан.
Хагарсан дугуйг нөхөхөөс ялгаатай нь ганцхан удаа тохинуулал хийснээр сүнслэг асуудлыг шийдэх нь ховор. Итгэлийг сэргээхэд цаг хугацаа, яриа хөөрөө, урам зориг өгөх туршлага хэрэгтэй. Энэ нь усны хоолойноос нэг удаа олгойдон гардаггүй, харин тэнгэрээс буух шүүдэр адил ирдэг. Та хэн нэгэнд Бурханд эргэн ирж, Аврагчид болон Түүний Цагаатгалд дахин найддаг болоход нь туслахдаа ахин дахин тохинуулах ёстой.
Их Эзэний арга замаар тохинуулахын тулд бидэнд Ариун Сүнсний тусламж хэрэгтэй. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар энэ сэдвээр хүчтэй үг хэлсэн. Тэр “Гэвч ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно”5 гээд,
“Би таныг хувийн илчлэлт хүлээн авах одоогийн сүнслэг ур чадвараа нэмэгдүүлэхэд урьж байна”6 хэмээн нэмж хэлсэн юм. Тэр бидэнд залбирч, сонсож, бодол санаагаа бичиж тэмдэглэн, үйлдэхийг зөвлөсөн.
Бид үүнийг илүү ариун арга замаар тохинуулахдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Бүгдээрээ залбирч, сонсож, бодол санаагаа бичиж тэмдэглэн, чадах хүмүүстээ үйлдэл хийн тохинуулаарай.
Бусдын итгэлийг хөгжүүлэх боломжийн төлөө залбир. Та туслах хүн бүрээ танихгүй байж болно. Есүс Найн дахь бэлэвсэн эмэгтэйд тохинуулахынхаа өмнө, уг хот руу орохоор явж байсан билээ. Гэвч Тэр түүнийг хараад, ихэд өрөвдөн, хүүг нь үхлээс босгосон. Харин Түүний тохинуулал эмэгтэйн амьдралыг өөрчилсөн юм (Лук 7:11–15-ыг үзнэ үү).
Тохинуулах боломж хүлээн авахын төлөө залбирч, сонсож, бодол санаагаа бичиж тэмдэглэн, өөрийн зам дээр хүмүүсийг авчрах үйлдэл хийхэд бэлэн бай.
“Баруун тал уруу би харж ажиглалаа. Намайг тоох хэн ч алга. Надад хоргодох газар ч үлдсэнгүй. Сэтгэлийг минь эрэлхийлэгч нэг ч үгүй” (Дуулал 142:4) гэсэн Дуулал номын бичсэн хүний хашхиран хэлсэн үг миний сэтгэлийг үргэлж өвтгөдөг. Ийм мэдрэмж төрж байгаа хүмүүст тусалцгаая.
Сүнсэнд зориулан цаг гарга
Бид Ариун Сүнсний тусламжийг хүлээн авахын тулд оюун ухаан, зүрх сэтгэлээ бэлдэх ёстой. Өнөө үед бид цахим хэрэгслээ ашиглахдаа сахилга баттай байж, хязгаартай ашигладаг байх хэрэгтэй болоод байна. Адам Алтэр Irresistible (Няцашгүй) хэмээх номондоо техник технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн донтуулагч нөлөөний тухай ярьсан. Тэрээр Инстаграмын үүсгэн байгуулагч инженерүүдийн нэг болох Грэг Хочмутын хэлсэн үгээс эш татан, “Дарах хаштагууд гарч ирсээр л байна. Харин дараа нь энэ нь бие организм шиг өөрийн гэсэн амьдралтай болж, үүнд хүмүүс хэт донтож эхэлдэг”7 гэж хэлжээ.
Ноён Алтэр цааш нь “Инстаграм нь олон нийтийн мэдээллийн бусад хэрэгсэлтэй адил ёроолгүй нүх юм. Фэйсбүк мэдээллийг эцэс төгсгөлгүй өгдөг бол Нетфликст цуврал киноны дараагийн анги автоматаар гарч ирж, харин Тиндер хэрэглэгчид илүү сайн сонголтыг хайхад урамшуулдаг. ‘Загварын ёс зүй судлаач’ Тристан Харрисын хэлснээр, асуудал нь хүмүүст өөрийгөө захирах чадвар дутагдаж байгаад биш, харин дэлгэцийн нөгөө талд өөрийгөө хянах чадлыг тань нураахаар мянга мянган хүн ажиллаж байгаад оршиж байгаа юм”8 гэжээ.
Тэр мөн “Фэйсбүк, Инстаграм зэрэгт лайк дарах нь World of Warcraft mission тоглоомд оролцон, ялалт байгуулж шагнуулах эсвэл таны нэг жиргээг Твиттер дээрх олон хэрэглэгчтэй хуваалцахтай яг адилхан байдлаар [баруун тархины мэдрэлийн] дохиоллын системд нөлөөлдөг. Техник хэрэгсэл, тоглоом, харьцах программ зэргийг шинэчлэн сайжруулдаг хүмүүс хийдэг ажилдаа гаршсан байдаг. Тэд аль нь ажиллаж, харин аль нь ажиллахгүй байгааг буюу аль дэвсгэр өнгө, үсгийн фонт, аудио дууны гаралт хүмүүсийн оролцоог нэмэгдүүлж, бухимдлыг багасгаж байгааг мэдэхийн тулд олон сая хэрэглэгч дээр мянга мянган туршилт явуулж байдаг. Тухайн программ хувьсан хөгжсөнөөр өмнөхөөсөө илүү сэтгэл татам, бүхий л талаараа өвч бүрэн зэвсэглэсэн хувилбар болж хувирдаг байна. 2004 онд Фэйсбүк зугаатай байсан бол [өнөөдөр] донтуулагч болоод байна”9 гэжээ.
Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахын тулд бид Түүнд цаг зав, орон зай гаргаж өгөх ёстой. Ухаалаг утсаа хойш тавьж сурцгаая. Цахим хэрэгслээ зориуд ашиглахгүй байхаар цагаа төлөвлө.
2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гүйцэтгэх ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Дэндүү олон хүн онлайнд бараг л амьдрах шахаж, ухаалаг төхөөрөмжөө өдөр шөнөгүй нүүрэндээ нааж, чихэндээ чихэвч зүүн, Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолойг хааж байна. Хэрэв бид цаг зав гарган, чихэвчээ холдуулахгүй л бол “Тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэд” [Дуулал 46:10] хэмээсэн Түүний дуу хоолойг сонсох боломжоо алдаж магадгүй. Бид Их Эзэний сүнсээр өдөөгдсөн шинэ үеийн техник технологийг ашиглах нь буруу биш ч тэдгээрийг ухаалаг ашиглах ёстой”10 хэмээн хэлсэн.
Бие биенээ хүчирхэгжүүл
Намайг БЯИС-д бакалавраар сурч байхад мөнхийн зүйлс дээр хэмжихийн аргагүй их нөлөө үзүүлсэн миний эхнэр Кэйтигээс гадна номлолын өмнө болон дараа нэг байранд хамт амьдарч байсан хоёр залуу сүнслэг үндэс сууринд маань асар их нөлөөлсөн юм. Нэг нь одоо БЯИС-д зохион байгуулалтын хэв шинжийн профессороор ажилладаг Рэйд Робисон байв. Би түүнтэй номлолд байхдаа танилцсан бөгөөд номлолынхоо дараа хамт нэг байранд амьдардаг байсан юм. Рэйдийн зарлигуудыг ёсчлон дагадаг, бошиглогчийг хайрладаг, Аврагчийн талаар гуйвшгүй гэрчлэлтэй зэрэг нь намайг болон эргэн тойрныхноо хүчирхэгжүүлдэг байсан. Тэр 45 жилийн турш надад үлгэрлэсээр ирсэн.
Нэг байранд амьдарч байсан өөр нэг найзыг минь Тэррэл Бөрд гэдэг бөгөөд одоо АНУ-ын Ютагийн Сэйнт Жоржид амьдардаг. Би Тэррэлтэй АНУ-ын Айдахогийн Покателлогийн ахлах сургуульд хамт сурч байхдаа танилцсан юм. Бид сагсан бөмбөг хамт тоглодог байсан ч сүнслэг байдлын хувьд төлөвшсөн байсныг нь би олж харан, найзлах болсон билээ. Тэр өөрт төрсөн сүнслэг ойлголтыг мөн уншиж, судалсан амьдралын зарчмуудынхаа талаар нээлттэй хуваалцдаг байв. Би ийм зүйлийг 17 настай хүүхдээс сонсож байгаадаа гайхдаг байсан. Бид БЯИС-д нэг байранд орохоор шийдсэн юм.
Энэ үед бидэнд компьютер, бичгийн машин гэх мэт зүйл байдаггүй байв. Тэррэл өөртөө чухал санагдсан судар болон зан чанар төлөвшүүлдэг эшлэлүүдийг бичиж аваад, дараа нь дуртай үедээ эргэж харахын тулд жижиг хайрцганд хийж хадгалдаг байв. Түүний хувьд мянга гаруй судар, эшлэл цуглуулж, ихэнхийг нь цээжээр мэддэг байх нь гайхалтай зүйл биш байлаа. Хэдийгээр би өглөө бүр 4-өөс 7 цагийн хооронд номын санд цэвэрлэгээ хийдэг, хичээл ихтэй завгүй байсан ч Тэррэлийг харснаар өөрийн гэсэн эшлэлийн хайрцагтай болж билээ.
50-иад жилийн өмнө цээжилсэн ч одоо ч санаанд минь тодхон үлдсэн нэг эшлэлийг би дурдъя.
Оюун ухаан бол хэвэнд оруулж, бүтээн цогцлоогч гол хүч.
Хүн бол оюун ухаан бөгөөд тэрээр
Бодол гэгч хэрэгслээр хүссэнээ урласнаар
Мянга мянган баяр баясгалан, хор хөнөөлийг авчирдаг.
Тэр нууцхан боддог ч энэ нь биелдэг_
Хүрээлэн буй орчин бол түүний бодлын толь юм.11
Мэдээж би бас дараах хүчтэй судрыг одоо ч санадаг:
“Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна.
Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй’ (Иoхан 11:25–26).
БЯИС-д шинэхэн оюутан байхад амьдралын маань туршид надад нөлөөлсөн судрын болон мэргэн ухааны үгсийг оюун ухаандаа нөөшлөн авахад Тэррэл надад тусалсан. Би өөрийн найз Рэйд Робисон, Тэррэл Бөрд нарт амьдралын маань чухал үед сүнслэг байдлын хувьд намайг хайрлан халамжилж байсанд талархаж явдаг.
Манай хөрш Томас Л.Кэйний бичсэн шүлгээс би та нартай хуваалцъя.
Бусдад тусалж,
Үнэнээсээ халамжилдаг,
Сул доройг тосон авч,
Тэдний төлөө залбирдаг хүмүүсийн төлөө Бурхан Тандаа талархъя.
Зүрх сэтгэлийг мэдрэн,
Үгсийг нь сонсдог ба
Зөөлөн харц, тэврэлт
Бүх дэлхийгээс ч илүү чухал гэдгийг мэддэг хүмүүсийн төлөө Бурхан Тандаа талархъя.
Унжсан гарыг өргөн,
Сульдсан өвдгийг хүчирхэгжүүлдэг,
Бусдад үл таниулдаг тохинууллаараа
Бодгалийг сэргээдэг хүмүүсийн төлөө Бурхан Тандаа талархъя.12
Эрхэм хүндэт найз нөхөд, шавь нар аа, би Аврагч амьд хэмээх баттай гэрчлэлээ та нарт үлдээж байна. Тэр амилсан. Тэр энэ ариун ажлыг удирдан явуулдаг. Ерөнхийлөгч Нэлсон бол дэлхий дээрх Түүний тослогдсон бошиглогч билээ. Дэлхий дээрх бидний энэ цаг хугацаа мөнхийн чухал ач холбогдолтой.
Та нар Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, Түүний мутарт зэмсэг болохын төлөө залбирч, хүмүүст тохинуулж, илчлэлт хүлээн авах чадавхаа хөгжүүлэн, Ариун Сүнсний нөлөөнд итгэх юм бол Их Эзэн Өөрийн онцгой охид, хөвгүүдийг таны зам дээр тавих бөгөөд та нар тэдний тохинууллын тэнгэр элчүүд болж, амьдралыг нь мөнхөд адислах болно гэдгийг би амлаж байна. Та илүү ариун нандин арга замаар тохинуулах болно.
Та нарыг мөнх бус амьдралынхаа хамгийн чухал энэхүү замаар үргэлжлүүлэн явахад энэ бүхэн таны хувьд чухал байгаасай хэмээн би залбирч байна. Би Аврагчийг мөн Түүний хувьд та нар мөнхөд үнэ цэнтэй байна гэдгийг, тэрчлэн Тэрээр дахин ирж, Өөрийн охид, хөвгүүд болон шавийн хувьд биднийг тэврэн авна гэдгийг баттай гэрчилж байна.