2019
Миний номлолын мөрөөдөл эцэст нь биелсэн
2019 оны 6-р сар


Миний номлолын мөрөөдөл эцэст нь биелсэн

Жийн Даниел Дэрой

Канад, Онтарио

woman on computer

Зураг чимэглэлийг Кэйти Докрилл

Би олон жилийн турш бүрэн цагийн номлолд үйлчлэхийг мөрөөддөг байсан. Гэвч би их сургуулиа төгсөж, гэртээ ирэхдээ гэр бүлийнхэнд маань миний тусламж ямар их хэрэгтэй байгааг харж билээ. Аавын эрүүл мэнд муудаж, гэр бүлд маань санхүүгийн тусламж хэрэгтэй болсон байв. Би айлын дөрвөн хүүхдийн томын хувьд гэртээ үлдэж, туслах хэрэгтэй гэж бодсон юм. Тэнгэрлэг Эцэг ч намайг давгүй сайн ажлаар адисалсан. Миний цалин тийм өндөр байгаагүй ч хэрэгцээгээ хангахад хангалттай хүрдэг байв.

Надаас бүрэн цагийн номлолд үйлчлэх талаар асуух болгонд би үйлчилнэ л гэдэг байлаа. Намайг ингэж хариулах тоолонд ээж над руу баяр, гуниг хосолсон харцаар хардаг байв. Хэрэв намайг явъя гэвэл гэр бүлийн орлогоо алдана гэж санаа зовсон ч ээж минь үүнийгээ дотроо хадгалан, яв гэж хэлнэ гэдгийг би мэдэж байсан.

Хэдэн жилийн дараа зохистой санваартан ах надаас ариун сүмд гэрлэхийг гуйлаа. Би ч зөвшөөрч, дараа нь бид хоёр охин, нэг хүү гээд гурван хүүхдээр адислагдсан юм. Бидний хамгийн баяр баясгалантай мөчүүдийн нэг бол хүү маань номлолд үйлчлэхээр явсан явдал байлаа. Тайтгарал, амар амгалангийн сүнс манай гэрийг дүүргэсэн юм. Номлолд үйлчлэх хүслийн маань нэг хэсэг нь ч гэсэн биелсэн мэт надад санагдаж байлаа.

Том охин маань бас номлолд үйлчлэхийг хүсэж байна гэж хэлэх үед би хэчнээн баярласан гээч. Охин маань номлолын талбараасаа долоо хоног бүр ажлынхаа түүхийг над руу явуулдаг байв. Түүний гэрчлэл намайг сүнсээр өдөөж, номлогчийн сүнсээр дүүргэдэг байлаа. Би өдөр бүр номлолын ажил хийх боломжийн төлөө залбирдаг байв.

Нэг өдөр би нэг найзаасаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх хувийн мессежээрээ номлогчидтой уулзах сонирхолтой байгаа эсэхийг асуухад тэр “Уулзъя” гэж хэллээ. Би LDS.org дээрх онлайн туслалцаа хүсэх маягтыг бөглөсөн ба удалгүй номлогчид түүнд зааж эхэлсэн юм. Гурван сарын дараа тэр Сүмд нэгдэж, хүүхдүүд нь хэдхэн сарын дараа түүнийг даган сүмд нэгдэв. Сүнс намайг удирдан чиглүүлэх үед би өөр найзуудаа ч гэсэн номлогчдыг сонсоход урьсан. Охиныгоо гэртээ эргэж ирэхэд надад ч бас 18 сарын номлолын үйлчлэл хийгээд ирсэн мэт мэдрэмж төрж билээ.

Тэнгэрлэг Эцэг миний зүрх сэтгэлийн хүслийг мөн надад болон гэр бүлд маань юу хамгийн хэрэгтэй байсныг мэдэж байсан. Тэр миний сэтгэл зүрхэнд он удаан жил хадгалагдаж байсан номлогчоор үйлчлэх хүслийг маань биелүүлсэнд би талархдаг.