2019
Марта, Мариа хоёр
2019 оны 6-р сар


Шинэ Гэрээний хичээлүүд

Марта, Мариа хоёр

Бидний ямар арга замаар үйлчлэхээр сонгодгоос үл хамааран Христийг бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа хүлээн авч, дагах нь нэн чухал юм.

Иерусалимд Аврагчийн хэн гэдэгт олон хүн эргэлзэж байх үед Есүс “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаалыг мэднэ” (Иохан 7:17) хэмээн заасан. Хэрэв бид сургаалыг өнгөцхөн судлахаас илүүтэй Есүс Христ гэж хэн болохыг олж мэдэн, Түүний шавь болохыг хүсвэл итгэлээ үйлдэл болгох ёстой. Марта, Мариа хоёрын түүх бид өөрсдийн амьдралд нэгээс олон арга замаар Аврагчид үйлчлэх боломжтой гэдгийг харуулдаг.

Энэ номлолынхоо дараахан Есүс болон Түүний зарим шавь Бетан дахь Мартагийн гэрт сайн мэдээг заахаар очдог. Марта дүү Мариагаа Есүсийн хөлд суун, үгийг нь сонсож байх үед найрсаг гэрийн эзэгтэйн хувьд зочдыг хоол ундаар дайлж, тав тухтай байлгах үүргийг хариуцаж байсан байж болох юм. (Лук 10:38–42-ыг үзнэ үү.) Эгч, дүү хоёрын Багшид үйлчилсэн хоёр өөр арга зам нь шавь гэдгээ өөр өөр байдлаар илэрхийлж буй хүмүүсийг хүндлэх хэрэгтэй гэдгийг бидэнд заадаг. Мөн энэ түүхэн дэх Есүсийн сургаал эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил хэрхэн үйлчлэхээ болон шавь гэдгээ харуулах арга замаа өөрсдөө сонгох эрхтэй гэдгийг харуулдаг.

Өгөх замаар үйлчлэх

Лук Марта, Мариа хоёрыг танилцуулахынхаа өмнөхөн сайн самари хүний сургаалт зүйрлэлийг бичсэн байдаг. Уг түүхэнд тусламж хэрэгтэй хүмүүсийг хооллож ундлан, орон байраар хангаж, харж хандсанаар бусдад нигүүлсэнгүй хандахыг Аврагч бидэнд заасан (Лук 10:30–37-г үзнэ үү). Марта итгэлээ үйлдэл болгон, “үйлчлэх ажилдаа” (Лук 10:40) хичээл зүтгэл гаргаснаар уг зарчмыг хүлээн авч, өөрийнхөө ойлгосноор дагаж байгааг харуулдаг.

Есүс хамгийн агуу нь бусдадаа тохинуулдаг хэмээх Өөрийн сургаалыг харуулахын тулд (Матай 20:26–28; Лук 22:26–27) амьдралаа үйлчлэлд зориулсан. Харин Марта Түүнд үйлчлэх хүслээрээ хариу барьсан. Марта, Мариа хоёрын түүх үйлчлэх, суралцах гэсэн хоёр арга замаар жинхэнэ итгэлээ болон шавь гэдгээ харуулсан хоёр эмэгтэйн талаар өгүүлдэг. Марта үйлчлэлээр дамжуулан Христийг хайрладгаа үзүүлсэнтэй адил бид ч гэсэн Аврагчаа хайрлах хайр болон Түүний сайн мэдээнээс суралцаж, дагах хүсэл эрмэлзэл дээр төвлөрсөн үйлчлэлийг эргэн тойрныхондоо үзүүлж чадна.

Бид үйлчилж байхдаа, үйлчлэх олон арга зам байдаг бөгөөд өөр арга замаар үйлчилж байгаа хүмүүсийг шүүх ёсгүй гэдгийг санадаг байх хэрэгтэй. Марта “түүрт[сэндээ]” (Лук 10:40) уурлаж, Аврагчийн айлчлах болсон сайн үйл хэрэгт заналхийлжээ.

Хэдийгээр Марта зочломтгой, хариуцлагатай байсан ч завгүй байгаадаа хэт ач холбогдол өгч, бухимдсан байна. Тэр Есүст ”Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч” (Лук 10:40) хэмээн гомдолложээ. Түүний дургуйцэл ганцаархнаа үйлчилж байна гэсэн бодлоос нь үүдэн гарсан байв. Тэр тухайн үед бусдын үзүүлж байсан үйлчлэлийн өөр бусад хэлбэрийг, тухайлбал Мариагийн болон Аврагчийн үйлчлэлийг олж харахгүй байв. Марта өгөх зарчмыг харуулсан ч гэлээ, түүний хандлага Сүнстэй нийцэхгүй байсан юм. Өнөө үед бид өөрсдийн амьдралд үйлдлээрээ мөн хандлагаараа бусдыг хайрлах хайраа харуулж чадна.

Хүлээн авах замаар үйлчлэх

Есүс “Марта, Марта, чи мөн ч олон зүйлд санаа тавьж үйлээ үзэх юм даа” (Лук 10:41) хэмээн Мартагийн хичээл зүтгэл гарган үйлчилснийг хүлээн зөвшөөрч, үүнээсээ болж бухимдаж байгааг нь хэлжээ. Аврагчийн үг Мартагийн зочилж дайлах замаар үзүүлсэн үйлчлэлийг үнэлээгүй зүйл биш бөгөөд харин Мариагийн сонсож, суралцах замаар үйлчлэх сонголтыг хүлээн зөвшөөрснийг илтгэсэн юм. Түүнийг дагах хүсэлтэй бүх хүний хувьд Мариагийн үйлдэл ямар арга замаар үйлчлэхээ бусдаас үл хамааран сонгох нь илүү чухал болохыг бидэнд харуулдаг.

Мариа Аврагчийн үгийг хүлээн авснаар өөртөө үйлчлүүлэх боломжийг Түүнд олгосон. Бид Сүнсээр суралцаж, өсөж хөгжихийн тулд Аврагчийн хөлд суух замаар Түүнд хайраа харуулж болно гэдгийг Мариагийн жишээ харуулдаг.

Ганцхан л юм хэрэгтэй

“Ганцхан л юм хэрэгтэй” (Лук 10:42) гэдгийг хүлээн зөвшөөрөх нь Мартагийн зөрчилдөөний хариулт байв. Энгийн байдлын гүн гүнзгий нөлөөлөх хүчийн талаар энд өгүүлсэн ч энгийн гэдэг нь бидний хүн нэг бүрийн хувьд өөр өөр утгатай байж болно. “Хэрэгтэй” байхын жишгийг үр дүнгээр биш, харин үйлдлээр хэмждэг. Үйлчлэхээр сонгосон арга замаас үл хамааран хамгийн чухал зүйл юу вэ гэвэл Христийг бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа хүлээн авч, дагах явдал юм.

Заримдаа “Мартагийн арга замаар” үйлчлэх нь зөв, харин заримдаа “Мариагийн харуулсан” байдлаар эсвэл бүр энэ хоёрын аль алинд нь орохгүй өөр арга замаар үйлчлэх нь ч хамгийн тохиромжтой байж болно. Бид Марта, Мариа хоёрын жишээг өөрсдийн амьдралд хэрэгжүүлж, ямар арга замаар үйлчлэх нь хамгийн тохиромжтой болохыг мэдэхийн тулд Сүнсний удирдамжийг хүсэн гуйж болно.

Өөрсдийн сонгосон арга замаар үйлчлэх үедээ Түүнийг дагана гэсэн итгэл үнэмшил маань юу юунаас чухал гэдгийг санаж, өөрсдийн хандлагад анхаарлаа хандуулцгаая. Бид Аврагчийн хөлд өөрсдийгөө үргэлж байлгах болтугай.