2019
Тэнгисийн цэрэг хүний болон манай гэр бүлийн хэрэгцээ
2019 оны 6-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Тэнгисийн цэрэг хүний болон манай гэр бүлийн хэрэгцээ

Зохиогч нь АНУ-ын Виржини мужид амьдардаг.

Бид хэзээ үр хүүхэдтэй болохоо сайтар төлөвлөсөн гэж бодож байтал биднээс шалтгаалахгүй зүйлээс болж бүх юм өөрчлөгдсөн юм.

Гэр бүлээ төлөвлөх нь ихэнх хосын хувьд амаргүй байх л даа. Амьдралд хэдэн мянган зүйлийг бодолцож, хэдэн сая зүйл байнга болж байдаг. Сайтар төлөвлөлөө гэж бодсон ч ганцхан зүйл гарч ирэхэд л бүх төлөвлөгөө нурдаг.

Манайх цэргийн гэр бүл. Би АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хашдаг бөгөөд бидний хийх зүйл “тэнгисийн цэргийн хэрэгцээн” дээр үндэслэгддэг. Тэнгисийн цэргээс хаашаа хэзээ яв гэж тушаасан тэр газарт тэр цагт бид очдог. Ойролцоогоор хоёр жилийн өмнө миний эхнэр Шанна бид хоёр Изабэлл хэмээх анхны охиноо өлгийдөн авсан юм. Хэдийгээр энэ нь асар том өөрчлөлтийг бидэнд авчирсан ч нисэхийн сургуульд сурч байсан болохоор харьцангуй амар байв. Изабэллыг төрснөөс хойш нэг жилийн дараа дахиад нэг хүүхэдтэй болох хэрэгтэй гэсэн бодол бидэнд төрлөө. Нисэхийн сургуулиа төгсөх дөхөж байсан ба би алба хаших хамгийн анхны ангидаа хуваарилагдсан байв.

Гэтэл биднийг сургуулиа төгсөнгүүт долоон сарын турш алба хаших өөр анги руу илгээнэ гэдгийг бид олж мэдсэн юм. Тиймээс бид төгс төлөвлөгөө боловсруулав. Бид алба хаших ангидаа нүүж очсоныхоо дараа шууд жирэмсэлнэ гэж төлөвлөлөө. Энэ нь бидэнд дараагийн хүүхдээ төрүүлэхэд шаардлагатай цаг хугацааг өгөхийн зэрэгцээ тэр үед надад гэртээ байх магадлал өндөр байлаа. Бид энэ талаар залбиран, зөв юм байна гэсэн мэдрэмжийг хүлээн авсан юм.

Даваа гаргийн нэгэн өглөө “тэнгисийн цэргийн хэрэгцээ” өөрчлөгдөж, намайг өөр ангид алба хашин, бараг бүтэн жил амралтгүй аялж дууссаны дараа дахиад долоон сар алба хаших анги руу илгээх болсон байв. Тийнхүү төлөвлөгөө маань гэнэт өөрчлөгдөхөд бид гацаанд орж билээ. Харин Шанна гаргасан төлөвлөгөөгөөрөө явах нь бидэнд хамгийн зохимжтой гэж бодож байсан ч би миний хуваарьтай таарахгүй байна гэж зүтгэсээр байв. Намайг алба хаших ангиасаа эргэж ирэхийг хүлээх юм бол хүүхдүүдийн маань хоорондох насны зай төлөвлөснөөс холдох байлаа.

Аз болоход бага ч гэсэн итгэлээ харуулах юм бол бүх юм болж бүтнэ гэдэгт Шанна итгэсэн юм. Би ч хүлээн зөвшөөрч байгаагаа хэлээд, хэрэв түүнийг төлөвлөснийхөө дагуу жирэмслэх юм бол би тун удалгүй алба хаших анги руугаа явж, чи хүүхдээ ганцаараа байж төрүүлэх болно гэдгийг сайтар хэлэв. Түүнээс гадна яг тэр үед би Изабэллыг харж хандахад туслахгүй гэдгээ бас хэллээ. Эхнэр маань чанга хүн гэдгийг би мэдэж байсан ч үнэндээ ямар шазруун болохыг нь мэдэхгүй байв.

Тэгээд бид ч төлөвлөгөөгөө дагахаар болж, эхнэр маань удсан ч үгүй жирэмсэлж адислагдлаа. Шаннаг жирэмсэн байхад би наад зах нь зургаан сар гэртээ байсангүй. Түүнийг долоон сартай жирэмсэн байхад би алба хаших анги руугаа явж, хүүхдээ таваас зургаан сартай болтол гэртээ эргэж ирэхгүй байв.

Шаннагийн төрөх хугацаа ч дөхөж, нэг өдөр өглөө эрт явах байсан нислэг маань ч цуцлагдаж, би ч орондоо эргэж орлоо. Хэдэн цагийн дараа хорооны дарга маань албаныхаа өрөөнд хурдан ир гэж утсаар дуудав. Намайг тэнд явж очтол тэр Шаннагийн төрөх гэж байгаа тул эмнэлэг явлаа гэсэн э-мэйлийг надад харууллаа. Харин Шанна мэдрэмж сайтай болохоор мөн дарга руу э-мэйл хурдан очдог байсан тул надаас гадна түүнд бас илгээсэн байв. Дарга маань утсаараа ярьж болно гэсэн тул би Шаннаг төрөх үед түүнтэй утсаар ярин, хамт байж чадсан юм. Энэ удаа тэр Изабэллыг төрүүлж байснаасаа хамаагүй хурдан, хүндрэлгүй төрөв. Шанна эмнэлгийн төрөх өрөөнд ганцаараа байсан ч айж тэвдэлгүй дажгүй төрлөө. Алэксис ямар ч асуудалгүй төрөв. Хэрэв миний нислэг цуцлагдаж, Шанна даргад маань э-мэйл бичээгүй байсансан бол төрөхөд нь хамт байж, Алэксисын уйлахыг сонсох боломж надад олдохгүй байх байлаа.

Харин үүнээс хойш нэг их удалгүй би гэртээ очиж, хэдэн долоо хоногийг өнгөрүүлэх боломжтой болсноо олж мэдсэн юм. Бид хоёр хоёулаа Алэксисыг төлөвлөж байснаасаа өмнө угтан авсандаа баярлаж байлаа. Нисэх онгоцноос буугаад, гэр бүлдээ бүл нэмснийг харах гайхалтай сайхан байв.

Шанна бид хоёр итгэлтэй байж, Их Эзэний мутарт аливаа зүйлсийг найдан үлдээх талаар үнэтэй сургамж авсан юм. Бид хоёр өөрийнхөө гэр бүлд мөн бидний нөхцөл байдалд хамгийн сайн тохирох төлөвлөгөөг гаргасан гэж бодож байлаа. Бидний хяналтаас гадуур өөр шалтгааны улмаас төлөвлөгөө маань өөрчлөгдсөн ч хэрэв Ариун Сүнс төлөвлөгөөг зөв хэмээн бидэнд баталсан л бол түүнээсээ хазайх хэрэггүйг Шанна надад заасан юм. Бид Их Эзэнтэй хамт төлөвлөгөө боловсруулж, өчүүхэн ч гэсэн итгэлээ харуулах хэрэгтэй. Энэ нь яг бидний төлөвлөж байснаар болоогүй ч Их Эзэн замын дагуу бидэнд олон удаа “нигүүлсэл” үзүүлсэн учраас болж бүтсэн юм (1 Нифай 1:20-ийг үзнэ үү).