2019
Төгс төлөвлөгөө
2019 оны 6-р сар


Залуучуудад зориулав

Төгс төлөвлөгөө

baby shoes on top of a crib

Таны төлөвлөгөө хэзээ хамгийн сүүлд бүтэлгүйтсэн бэ? Өнгөрсөн долоо хоногт уу? Минийх ч бас адил. Бидний төлөвлөгөө хэчнээн төгс байсан ч амьдрал төлөвлөж байснаас өөрөөр эргэх нь мөнх бус амьдралын жам бололтой. Би хоёр хүүхдийнхээ хооронд дөрвөн удаа зулбана гэж огтхон ч бодож байсангүй. Гэвч яг ийм зүйл надад тохиолдсон юм. Залбиран байж гаргасан төлөвлөгөө маань бодож байснаас эсрэгээр эргэн гайхшируулж эсвэл огт бүтэхгүй байвал бид яах ёстой вэ? Энэ дугаарт янз бүрийн нөхцөлд амьдардаг залуучууд гэр бүлийнх нь төлөвлөгөө санаснаар нь болохгүй байх үед дээрх асуултын талаар олж авсан хариултаа хуваалцана.

Нөхөр бид хоёрын хувьд зулбалт бидний төлөвлөгөөг нурааж, зүрх сэтгэлийг маань эмтэлсэн юм (44-р хуудсыг үзнэ үү). Катрин, түүний нөхөр хоёрын хувьд нийгмийн үзэл санаанаас Их Эзэний дуу хоолойг ялгаж салгаснаар зам дээрх саадаа авч хаясан байна (48-р хуудсыг үзнэ үү).

Зөвхөн цахим хувилбараар гарах нийтлэлүүдэд Кристина эх хүн болоход төрж байсан айдас, эргэлзээгээ хуваалцаж, харин Брайн цэргийн томилолт нь эхнэрийнхээ хамт гаргасан гэр бүлийн төлөвлөгөөг нь нураах шахсан талаар ярив. Ганц бие залуу хүний хувьд Кэти эцэг эх болох бидний мөнхийн мөн чанарын талаарх ойлголтоо хуваалцав.

Та үр хүүхэдтэй болж гэр орноо адислагдахыг хүлээх, анх төлөвлөж байснаасаа олон хүүхэдтэй болох эсвэл зүгээр л гэрлэхийг хүсэж байгаа эсэхээсээ үл хамааран Тэнгэрлэг Эцэгт төгс төлөвлөгөө бий бөгөөд Тэрээр биднийг өөрсдийн хүслийг Түүний таалалд нийцүүлэхээр хичээх үед үргэлж хувь хүн рүү чиглэсэн, зөвхөн танд зориулсан арга замаар удирдан, дэмждэг гэдэг нь тодорхой.

Үр дүн ямар байхаас үл хамааран, зүгээр л энэ дэлхийд үр хүүхдүүд авчрах гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх нь Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын агуу төлөвлөгөөний талаар илүү гүн гүнзгий ойлголттой болгон адисална. Та бидний түүхийг уншсанаар, гэр бүлээ өсгөх аян замынхаа хаана явж байгаа гэдгээс үл хамааран, Ариун Сүнс замд тань тус болох ойлголт, хариултаа олоход таныг удирдан залах болтугай хэмээн би чин сэтгэлээсээ итгэн найдаж байна.

Уншлагын сайхан цаг!

Марианн вон Брач