Хуучин Гэрээ 2022
Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх


“Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Сүмийн ангид хичээллэж буй хүүхдүүд

Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх

Сайн мэдээг ойлгомжтой арга замаар заавал хүүхдүүд үүнийг сурахад бэлэн мөн сурах хүсэлтэй байдаг. Ялангуяа, хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг бол тэдэнд туслах үүднээс дараах төрлийн үйл ажиллагааг ашиглах талаар бодож үзнэ үү.

  • Дуулах. Хүүхдийн дууны ном дээрх дуу болон дуулал нь сургаалыг хүчирхэг байдлаар заадаг. Зааж буй сайн мэдээний зарчимтай тань холбоотой дуунуудыг Хүүхдийн дууны номын ард байх нэрсийн индексийг ашиглан ол. Дуунуудын зааж буй захиасыг амьдралтайгаа холбож ойлгоход хүүхдүүдэд тусал. Жишээ нь, та дууны шүлэгт байгаа үг, хэллэгийн талаар асуултууд тавьж болно. Дуулахын зэрэгцээ хүүхдүүдээр дуундаа тохирсон хөдөлгөөн хийлгүүлж эсвэл өөр үйл ажиллагаа хийж байхдаа цаана нь дуу тавьж болно. Бусад санааг энэ эх сурвалжийн “Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх хөгжмийн толилуулгын зааварчилгаа” дахь “Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах,” “Хүүхдүүдэд Хүүхдийн хэсгийн дуу болон сүмийн дууллыг сурч, эргэн санахад туслах” зэрэг хэсгүүдээс үзнэ үү.

  • Түүх сонсох эсвэл жүжигчлэн үзүүлэх. Бага насны хүүхдүүд судрын болон таны амьдралын мөн Сүмийн түүхийн эсвэл Сүмийн сэтгүүлүүдийн түүхүүдэд дуртай байдаг. Түүхээ ярихад тэднийг оролцуулах арга замуудыг эрэлхийл. Тэд зураг эсвэл эд зүйл барин зогсож, сонсож буй зүйлээ зурж, түүхийг жүжигчлэн үзүүлэх юм уу түүх ярихад танд тусалж болно. Хуваалцах түүхүүдээсээ сайн мэдээний үнэнүүдийг олж харахад хүүхдүүдэд тусал.

  • Судар унших. Бага насны хүүхдүүд тийм ч сайн уншиж чадахгүй байж болох ч та тэднийг судраас суралцахад оролцуулж чадна. Та ганцхан шүлэг, түлхүүр үг хэллэг дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байж болох юм. Та судрыг чанга уншиж байхдаа анхаарлыг нь татахыг хүссэн тодорхой үг эсвэл хэллэгийг сонсоод босоход эсвэл гараа өргөхөд хүүхдүүдийг урьж болно. Тэд хэд хэдэн удаа давтах юм бол судрын богино үг хэллэгүүдийг цээжилж чадна. Тэд Бурханы үгийг сонсвол Сүнсийг мэдэрнэ.

  • Хөдөлгөөнтэй байх. Бага насны хүүхдүүд ихэвчлэн хөдөлгөөнтэй байдаг учраас тэдэнд хөдлөх, үсрэх, харайх, тонгойх, алхах зэрэг таны зааж буй зарчим эсвэл түүхтэй холбоотой үйлдлүүдийг хийж, хөдөлгөөнтэй байлгахаар төлөвлө. Эдгээр үйлдлийг хамт дуулж байхдаа хийвэл мөн үр дүнтэй байх болно.

  • Зураг эсвэл видео бичлэг үзүүлэх. Та хүүхдүүдэд зураг эсвэл видео бичлэг үзүүлэхдээ хүүхдүүдээс энэ нь сайн мэдээний зарчим эсвэл судрын түүхтэй ямар холбоотой болохыг олж мэдэхэд туслах асуулт тавь. Жишээлбэл, “Энэ зурганд эсвэл видео бичлэгт юу гарч байна вэ?” эсвэл “Энэ нь та нарт ямар мэдрэмж төрүүлж байна вэ?” гэж асууж болно. Gospel Library аппликэйшн, MediaLibrary.ChurchofJesusChrist.org, children.ChurchofJesusChrist.org вэбсайтууд видео бичлэг олж үзэхэд тохиромжтой эх сурвалжууд юм.

  • Туршлага хуваалцах. Бага насны хүүхдүүдэд том хүүхдүүдтэй адил хуваалцах зүйл тийм их байхгүй байж болох ч та тэднийг тодорхой чиглүүлж өгөх юм бол тэд суралцаж буй зүйлийнхээ талаарх мэдрэмж, туршлагаасаа хуваалцаж чадна.

    Сүмийн ангид зураг будаж буй хүүхэд
  • Хийж бүтээх. Хүүхдүүд сурч байгаа түүх, зарчимтайгаа холбоотой ямар нэг зүйлийг барьж, зурж, будаж болно. Тэднийг хийж бүтээсэн зүйлээ гэртээ аваачиж, сурч мэдсэн зүйлээ санахын тулд гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцахад урамшуулан дэмж.

  • Хичээлд үзүүлэн материал ашиглах. Энгийн үзүүлэн материал бүхий хичээл нь ойлгоход хэцүү сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд ойлгуулахад тусална. Хичээлд үзүүлэн материал ашиглах бол хүүхдүүдийг татан оролцуулах арга зам ол. Тэд зүгээр үзэж харахаас илүүтэй харилцан үйлддэг үйл ажиллагаанаас илүү ихийг сурна.

  • Жүжигчлэн үзүүлэх. Хүүхдүүд бодит амьдралд тулгарч болзошгүй нөхцөл байдлын талаар жүжигчлэн үзүүлэхдээ сайн мэдээний зарчмууд амьдралд нь ямар хамаатайг илүү сайн ойлгодог.

  • Үйл ажиллагаануудыг давтан хийх. Бага насны хүүхдүүд аливаа зүйлийг ойлгохын тулд хэд хэдэн удаа сонсох хэрэгтэй байж болно. Нэг хичээлийн туршид ч гэсэн түүх эсвэл үйл ажиллагаануудыг хэд хэдэн удаа давтахаас бүү ай. Жишээлбэл, та нэг хичээлийн туршид судрын түүхийг судраас унших, өөрийн үгээр товчилж ярих, видео бичлэг үзүүлэх, түүхийг ярихдаа хүүхдүүдээр туслуулах, жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урих гэх мэт өөр өөр арга замаар хэд хэдэн удаа хуваалцаж болно. Ангид хийсэн үйл ажиллагааг гэртээ давтаж хийх нь хүүхдүүдэд суралцаж, эргэн санахад тусална.

  • Бусадтай харилцах. Хүүхдүүд нийгэмшиж сурч байгаа бөгөөд ихэвчлэн үеийнхэнтэйгээ хамт суралцаж, тоглох дуртай байдаг. Тэдэнд суралцаж байхдаа хуваалцах, ээлжлэх, хамтран ажиллах боломж олго.

  • Олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулах. Бага насны хүүхдүүдийн анхаарал хурдан сулардаг ба тэдний суралцах хэв маяг ч өөр өөр байдаг. Олон төрлийн үйл ажиллагааг ашиглан, хүүхдүүдэд явцын өөрчлөлт хэрэгтэй эсэхэд анхаарал хандуул. Жишээлбэл, та чимээгүй байх эсвэл идэвхтэй оролцох үйл ажиллагааг ойр ойрхон, ээлжлэн хийх хэрэгтэй байж болно.

Бага насны хүүхдүүдийн багшийн хувьд та сайн мэдээний зарчмуудыг заахаас гадна Сүмийн ангид зохих ёсоор оролцож сурахад хүүхдүүдэд туслах үүрэгтэй. Жишээлбэл, тэд ээлжлэх, хуваалцах, бусдыг хүндлэх гэх мэт зүйлийг сурах хэрэгтэй байж болно. Зарим багш хүүхэд бүрийг тодорхой арга замаар ангид оролцуулах үүрэг даалгаврын хүснэгт хийдэг (залбирал хэлэх, зураг барих, цаас тараах гэх мэт). Даалгавруудыг долоо хоног бүр өөрчилж болно. Энэ нь хүүхдүүдийг ээлжлэн оролцоход болон ангийн зөв зохистой төлөв байдалд анхаарлыг нь төвлөрүүлэхэд тусалдаг.

Хүүхдүүдэд, ялангуяа бага насныханд тогтож, хэвшсэн хуваарь тустай байдаг. Бага насны хүүхдүүдийн анхаарал хурдан сулардаг бөгөөд заримдаа хичээлийн туршид анхаарлаа төвлөрүүлэх нь амаргүй байдаг учраас хэвшсэн хэв загвараа өөрчлөн, нэг үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа руу тогтмол шилжиж байх нь хамгийн тохиромжтой. Жишээлбэл, ангийнхаа хэвшсэн хуваарьт үе үе тоглоом тоглох, зураг будах, дуу дуулах гэх мэт завсарлага оруулж болно.