“5-р сарын 17–23. Сургаал ба Гэрээ 51–57: ‘Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“5-р сарын 17–23. Сургаал ба Гэрээ 51–57,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав
5-р сарын 17–23
Сургаал ба Гэрээ 51–57
“Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал”
Заримдаа гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа судруудыг ярилцаж байх үед юуг заах тухай сүнслэг өдөөлт ирдэг.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ахлагч Квинтин Л.Күкийн дараах үгсийг хуваалцах талаар бод. “Бид бүгд хувиараа болон гэр бүлээрээ өөрсдийн хүлээсэн даамлын үүрэг хариуцлагаа нягтлан шалгаж үзнэ гэдэгт би найдаж байна” (“Ажил үүрэг—ариун итгэмжлэл,” Ensign, Nov. 2009, 94 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107). Та тэгээд ангийн гишүүдээс 51–57-р хэсгээс өөрсдийн даамал байх талаар юу ойлгож мэдсэнийг нь асууж болно.
Сургаалыг заа
Их Эзэн биднийг итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал байгаасай хэмээн хүсдэг.
-
Та 51-р хэсэг дэх Их Эзэний үгс ангийн гишүүдэд ямар хамааралтай болохыг бодоход нь тэдэнд хэрхэн туслах вэ? Та самбарт Их Эзэн надад юуг даалгасан бэ? гэж бичээд, ангийн гишүүдийг хариултуудаа жагсаан бичихэд урьж болно (“Нэмэлт эх сурвалж” дээрээс санаануудыг үзнэ үү). Tэгээд тэд хэрхэн жагсаан бичсэн зүйлсийнхээ илүү сайн даамал байхыг зааж байгаа зарчмуудыг 9, 15–20-р шүлгээс хайж болно. Эсвэл та 19-р шүлэг дэх “итгэлтэй,” “үнэнч шударга,” “ухаалаг” зэрэг үгс дээр төвлөрч, эдгээр үг тус бүр даамлынхаа үүргийг гүйцэтгэхэд маань биднийг хэрхэн удирдан хөтөлж болох талаар ярилцаж болно. Шаардлагатай бол, Судруудын удирдамж дээрээс “Даамал, ажил үүрэг” (scriptures.ChurchofJesusChrist.org) гэдэг үгийн тодорхойлолтыг хамтдаа үзэж болно.
Сургаал ба Гэрээ 52:10; 53:3; 55:1–3
Ариун Сүнсний бэлгийг гар тавилтаар хүлээн авдаг.
-
Эдгээр илчлэлтийн олон шүлэгт Ариун Сүнсийг гар тавилтаар хүлээн авах талаар дурдсан байдаг. Энэ талаарх ярилцлага ангид тань тустай байх бол та ангийн гишүүдээс Сургаал ба Гэрээ 52:10; 53:3; 55:1–3 дээрээс Ариун Сүнсний бэлгийн талаар юу ойлгож мэдсэнийг нь асууж болно. Энэ сэдвээр нэмэлт зүйлсийг Үйлс 8:14–17; 19:1–6-аас үзнэ үү. Ангийн гишүүд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан сэтгэгдлээсээ эсвэл Түүний нөлөөг амьдралдаа үргэлжлүүлэн хүлээн авахын тулд юу хийж чадах талаараа ярьж болох юм.
Сургаал ба Гэрээ 52:9–11, 22–27
Бид хаана ч байсан сайн мэдээг хуваалцаж болно.
-
Их Эзэн Сүмийн хэдэн удирдагчийг Миссури рүү илгээхдээ аялах цагаа ашиглан “замдаа номло” (25–27-р шүлэг) хэмээн хэлжээ. Сургаал ба Гэрээ 52:9–11, 22–27-г унших нь бид сайн мэдээг хэрхэн “замдаа” эсвэл амьдралынхаа энгийн өдрүүдэд ч хуваалцаж болох талаарх яриаг өрнүүлж болох юм. Ангийн гишүүд бас сайн мэдээг хуваалцах явдлыг хэрхэн өөрсдийн амьдралын нэгэн хэсэг болгодог талаар ярьж болно.
Бурхан худал хуурмагаас зайлсхийх загварыг өгсөн.
-
Их Эзэний Сургаал ба Гэрээ 52:14–19-д илчилсэн загварыг танилцуулахын тулд та байшин барих загвар, биеэ авч явах байдлын загвар гэх мэт ангийн гишүүдийн мэддэг байж болох өөр загварын жишээнүүдийг хуваалцаж болох юм. Хуваалцах жишээнүүд ангийн гишүүдэд байж болно. Яагаад загварууд чухал вэ? Бид өнөө үед дэлхий дээрх худал хуурмагаас зайлсхийхийн тулд 14–19-р шүлэг дэх загварыг хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?
Би бусдын сонголтоос болж гомдох үедээ Их Эзэнд хандаж чадна.
-
Бидний түшиж тулж байсан хүн амласандаа хүрээгүйгээс болж бидний олон нь сэтгэл санаагаар унаж байсан. Огайогийн Леман Коплигийн эдлэнд суурьшихаар төлөвлөж байсан Нью-Йоркийн Колесвиллын гэгээнтнүүдэд ийм явдал тохиолдсон юм. Энэ явдлаас суралцахын тулд ангийн гишүүд 54-р хэсгийн гарчгийг эргэн харж болно. Тэд Колесвиллын гэгээнтнүүдийн нэгийг найзаа гэж төсөөлөн, 54-р хэсэг дээрээс найзтайгаа хуваалцаж болох зөвлөгөөг олж болно. Эсвэл тэд өөр нэг хүний сонголтоос болж зовж байгаа хүнд тусалж болох зүйлийг уг илчлэлтээс хайж болох юм. (Та гэрээгээ сахидаг хүмүүст өгөгдсөн 6-р шүлэг дээрх амлалтыг онцолж болно.)
-
Сургаал ба Гэрээ 54:10 дээр “гай зовлонд тэвчээртэй,” “намайг түрүүнд эрэлхийлсэн,” “өөрсдийнхөө сүнсэнд амралтыг олох” гэх мэт үгс ангийн гишүүдэд утга учиртай санагдаж болох юм. Ангийн гишүүд тунгаан бодож, суралцах нэг үг хэллэгийг сонгоод, холбогдох судрыг судлахдаа зүүлт тайлбар эсвэл бусад эх сурвалжийг ашиглаж болно. Тэгээд тэд бодлоо хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
Бидний ажил үүрэг.
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Сүм дэх ажил үүрэг нь ариун нандин сүнслэг эсвэл материаллаг зүйлсийг хариуцлагатайгаар дааж авах явдал юм. Бүх зүйл Их Эзэнд харьяалагддаг учраас бид өөрсдийн махбод, оюун ухаан, гэр бүл болон өмч хөрөнгийн даамал байдаг. (Сургаал ба Гэрээ 104:11–15-ыг үзнэ үү.) Үнэнч даамал нь зөв шударгаар хянаж, өөрийнхнийгөө халамжлан, ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүсийг харж ханддаг хүн юм” (“Welfare Services: The Gospel in Action,” Ensign, Nov. 1977, 78).