“9-р сарын 13–19. Сургаал ба Гэрээ 102–105: ‘Их гай зовлонгийн дараа адислал ирдэг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“9-р сарын 13–19. Сургаал ба Гэрээ 102–105,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
9-р сарын 13–19
Сургаал ба Гэрээ 102–105
“Их гай зовлонгийн дараа адислал ирдэг”
Сургаал ба Гэрээ 102–105-ыг заахаар бэлтгэхдээ, Сүнсний өдөөлтийг сонс. Тэрээр заадаг хүмүүсийг тань адислахад мөн энэ тоймд дурдагдаагүй зарчмуудыг заахад тань удирдаж магад.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 102–105 дээрээс, өөрсдөд нь утга учиртай санагдсан нэг, хоёр шүлгийг бичиж болно. Тэгээд тэд өөрсдийн бичсэн шүлгийг ангийн өөр гишүүнтэй солилцон, эдгээр шүлгээс юу сурч мэдсэнээ нэг нэгэнтэйгээ ярилцаж болно.
Сургаалыг заа
Сорилт бэрхшээл маань бидэнд үнэ цэнтэй сургамжийг зааж, туршлага суулгадаг.
-
Ангийн гишүүд энэ долоо хоногт 103, 105-р хэсгийг судлахдаа, сорилт бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарсан үед бидэнд тусалж чадах зарчмуудыг олсон байж магад. Эсвэл та тэднийг Сургаал ба Гэрээ 103:5–7, 12, 36; 105:5–6, 9–12, 18–19 (мөн “Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү) дээрээс тийм зарчмуудыг олоход урьж болно. Эдгээр зарчим нь бэрхшээл тохиолдсон эсвэл урам хугарсан үедээ бид хэрхэн хандаж чадах талаар бидэнд юуг санал болгодог вэ? Ангийн гишүүд “их гай зовлонгийн дараа” (Сургаал ба Гэрээ 103:12) адислалууд ирсэн туршлагаасаа хуваалцахыг хүсэж болох юм.
-
Хэрвээ та Сионы хуарангийн талаарх түүхэн нөхцөл байдал эсвэл хувь хүний түүхүүдийг тустай гэж үзвэл хэн нэгнийг дараах эх сурвалжуудын аль нэгийг хичээлийн өмнө давтан үзээд, сурч мэдсэнээ товчхон хуваалцахад урьж болно. Тухайлбал: Гэгээнтнүүд, 1:194–206; “The Acceptable Offering of Zion’s Camp” (Revelations in Context, 213–218); or “Voices of the Restoration: Zion’s Camp” (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд байгаа). Хэрвээ бид цаг хугацаагаар буцан аялж, Сионы хуарангийнхантай ярьж чадахаар бол тэднийг урамшуулахаар юу хэлж болох вэ? Тэд биднийг урамшуулахаар юу гэж хэлж болох вэ?
Бидний хүн нэг бүр “дэлхийн адислалуудын дээрх даамал” юм.
-
Сургаал ба Гэрээ 104:11–18 дээрх сургаалуудыг өөр дээрээ авч үзэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг хэн нэгэнд ямар нэгэн эрхэм чухал зүйлээ даалгаж байна гэж төсөөлөн бодоход урьж болно. Тэд тэр хүнд юу гэж хэлэх байсан бэ? Тэд түүнээс юу хүсэн хүлээх байсан бэ? Ангийн гишүүд тэгээд Их Эзэн бидний халамжид юуг даалгасан болохыг мөн Тэр биднээс юуг хүсэн хүлээж байдаг талаар олж мэдэхээр Сургаал ба Гэрээ 104:11–18-ыг уншиж болно. Эдгээр шүлэг бидний дэлхийн талаар, өөрсдийн адислал болон эргэн тойрон дахь хүмүүсийнхээ талаар боддог арга замд хэрхэн нөлөөлж болох вэ?
-
“Их Эзэн [Өөрийн] гэгээнтнүүдийг ханга[хаар] … Түүний тогтоосон зам” (Сургаал ба Гэрээ 104:16) гэсэн хэлцийг илүү сайн ойлгоход ангийн гишүүдэд туслахын тулд “The Labor of His Hands”(ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг хуваалцах талаар бодож үзнэ үү. Энэ видео бичлэгээс болон Сургаал ба Гэрээ 104:11–18 дээрээс сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэвэл, Их Эзэний Өөрийн гэгээнтнүүдийг хангадаг арга зам юу вэ? Түүнчлэн та ерөнхийлөгч Марион Ж.Ромнигийн дараах мэдэгдлийг хуваалцаж болно. “Хэрвээ энэ нь Их Эзэний зорилго байсан бол … Тэрээр [ядуусыг] бидний тусламжгүйгээр ханган халамжилж чадна. … Харин бидэнд энэ туршлага хэрэгтэй. Бид бие биенээ хэрхэн халамжлах талаар сурснаар Түүний оршихуйд эргэн очиход шаардлагатай Христийнх шиг хайр, зан чанарыг олж авч чадах болно” (“Living Welfare Principles,” Ensign, Nov. 1981, 92). Та ангийн гишүүдэд Их Эзэний арга замаар бусдыг хангахад хэрхэн тусалж чадах тухай бодлоо тэмдэглэн бичих цөөхөн минут гаргаж өг.
Нэмэлт эх сурвалж
Зовлон бэрхшээлийн ариусгагч хүч
“Ахлагч Орсон Ф.Витни ийнхүү заасан. “Бидний туулсан зовлон шаналал, бэрхшээл бүр үр дүнгүй өнгөрдөг зүйл биш юм. Энэ нь биднийг тэвчээр, итгэл, хүч чадалтай байж бас даруу төлөв зан чанаруудаа хөгжүүлэхэд мөн сурч боловсроход тусалдаг. Зовлон бэрхшээл бүхэн, ялангуяа бидний тэвчээртэй даван туулдаг зовлон бүр бидний зан аашийг төлөвшүүлж, зүрх сэтгэлийг цэвэршүүлэн, бодгалийг тэлж, биднийг илүү зөөлөн, сайхан сэтгэлтэй, Бурханы хүүхдүүд хэмээн дуудуулахад илүү зохистой болгодог. … Бид зовлон бэрхшээл, амьдралын хүнд хэцүүг даван туулснаар, олж авахаар энэ дэлхийд ирсэн мэдлэгийг олж, Тэнгэр дэх Эцэг, Эхтэйгээ илүү адилхан болдог” (Спэнсэр В.Кимбалл, Faith Precedes the Miracle [1972], 98).
Ахлагч Дэвид А.Бэднар ийн хэлсэн. “Бидэнд амьдралын маань аль нэгэн үед өөрсдийн Сионы хуаранд аялах урилга ирнэ. Урилга хүлээн авах хугацаа болон уг аялалдаа туулах саад бэрхшээл өөр өөр байна. Гэхдээ энэхүү зайлшгүй ирэх дуудлагад үргэлж, байнга хариулж байх юм бол эцсийн эцэст “Хэн Их Эзэний талд байна вэ?” гэсэн асуултын хариултыг авах болно.” (“On the Lord’s Side: Lessons from Zion’s Camp,” Ensign, July 2017, 35).