“9-р сарын 2–8. 1 Коринт 14–16: ‘Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“9-р сарын 2–8. 1 Коринт 14–16,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
9-р сарын 2–8
1 Коринт 14–16
“Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн”
Энэ тоймыг харахаасаа өмнө 1 Коринт 14–16-г уншина уу. Танай ангийн гишүүдэд ямар үнэн туслах талаар анхны сэтгэгдлээ бичиж, долоо хоногийн турш Сүнснээс нэмэлт удирдамжийг үргэлжлүүлэн эрэлхийл.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдэд 1 Коринт 14–16-г харж, чухал ач холбогдолтой санагдсан шүлгийг хайж олох хэдэн минут гаргаж өг. Тэднийг ангийнхаа хэн нэгэнтэй олсон шүлгээ хуваалцаж, яагаад сонгосноо тайлбарлахад урь.
Сургаалыг заа
Гэгээнтнүүд хамтдаа цугларсан үедээ бие биенээ сэнхрүүлэхийг эрэлхийлдэг байх ёстой.
-
Бид бүгдээрээ сүм дэх хүн бүрийг сэнхрүүлж эсвэл дэмжиж, өргөж чадна гэдгийг ангийн гишүүдэд сануулахын тулд 1 Коринт 14 дээрх Паулын заасан сургаалыг ашиглахыг бод. Энэ бүлгийг давтан харах энгийн арга бол Бид хамтдаа цугларсан үед ямар зорилготой байх ёстой вэ? гэх мэт асуултыг самбарт бичих явдал юм. Ангийн гишүүдийг 1 Коринт 14-өөс боломжит хариултуудыг хайж олоход урь. Бусад санааг Моронай 6:4–5 болон Сургаал ба Гэрээ 50:17–23-аас олж болно. Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлсээ хуваалцах үед тэднээс ангийнхнаа эдгээр зорилгод хэр хүрч байгаа гэж бодож байгааг асуухыг бод. Тэд ангийн гишүүний хуваалцсан ямар нэгэн зүйлд сэнхэрсэн туршлагаасаа хуваалцаж болно.
-
Гишүүд бошиглолыг эрэлхийлэх ёстой гэсэн Паулын зөвлөгөөг ойлгоход ангийн гишүүдэд туслахын тулд бошиглол гэдэг үгийг тодорхойлж хэлэхийг тэднээс хүс. Та эсвэл ангийн гишүүд самбарт бүх тодорхойлолтыг бичиж, Судруудын удирдамж-аас бошиглол гэдэг үгийн тодорхойлолтыг мөн 1 Коринт 14:3, 31, 39–40 дээрээс Паулын зөвлөгөөг хамт харж болно. Бид гаргасан тодорхойлолт дээрээ эдгээр эх сурвалжаас юуг нэмж болох вэ? [Мөн Илчлэлт 19:10-ыг үзнэ үү.) Паулын сургаалын үр дүнд бид сүм дээр болон гэр орондоо юу хийх урам зоригтой болсон бэ?
Есүс Христ амилсан учраас бид бүгд амилуулагдах болно.
-
Та 1 Коринт 15 дээрх Паулын гэрчлэлийг Амилуулалтын талаарх ангийнхныхаа гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд хэрхэн ашиглаж болох вэ? Нэг арга нь, ангийнхныг хоёр бүлэг болгон хуваарилж, нэг бүлгийг Есүс Христ амилаагүй байсан бол бидэнд тохиолдох байсан үр дагавруудыг 1 Коринт 15-аас хайж олохыг хүс. Нөгөө бүлэг нь Түүний Амилуулалтын ачаар бидний хүлээн авдаг адислалуудыг хайж олж болно. Дараа нь бүлэг бүр мэдэж авсан зүйлээ самбарт бичиж болно. Тэд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Д. Тодд Кристоффэрсоны үгийг уншсаныхаа дараа жагсаалтдаа юу нэмж болох вэ? Ярилцлагын турш Сүнсийг мэдрэхэд ангийн гишүүдэд туслахын тулд амилсан Аврагчийн зургийг үзүүлэх талаар бодож үз (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү).
-
Паул амилуулалтад итгэдэггүй хүмүүст хариулсан учраас танай ангийнханд адил нөхцөл байдлыг жүжигчлэн тоглох нь тус болж магадгүй. Жишээ нь, тэд хайртай хүмүүсийнхээ амилалуултад итгэх итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ? Ангийн гишүүд 1 Коринт 15-аас Есүс Христийн Амилалтын хэрэгцээ ба нотолгоог тайлбарлахад туслах юуг олж мэддэг вэ? Тэд өөр ямар судар ашиглаж болох вэ? (Жишээ нь, Лук 24:1–12, 36–46; Алма 11:42–45-ыг үзнэ үү.)
-
Паул захидлууддаа амилсан алдар суугийн гурван зэрэглэлийг хэд хэдэн удаа дурдаж байсан (1 Коринт 15:40–42 ба 2 Коринт 12:1–2-ыг үзнэ үү). Ангийн гишүүдэд орчин үеийн илчлэлт Паулын сургаалыг хэрхэн тайлбарладгийг олж мэдэхэд нь туслахын тулд та ангийнхныг гурван бүлэг болгон хуваарилж, бүлэг бүрд нар (С ба Г 76:50–70), сар (С ба Г 76:71–80) эсвэл од (С ба Г 76:81–89) дүрстэй цааснууд тарааж өг. Тэднийг холбогдох судруудыг Сургаал ба Гэрээ 76-аас уншиж, Паулын тодорхойлсон эдгээр өөр өөр алдар сууг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэйг хуваалцахад урь. Мөн Сургаал ба Гэрээ 131:1–4; 137:7–10-ыг үзнэ үү.
-
1 Коринт 15 бол нас барагсдын төлөөх баптисмын тухай дурддаг судар дээрх цөөн газрын нэг юм (29 -р шүлгийг үзнэ үү мөн С ба Г 128:18-ыг үзнэ үү). Ангийн гишүүд өвөг дээдсийнхээ төлөө гүйцэтгэж байсан баптисм эсвэл бусад ёслолынхоо талаар хуваалцаж болно. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа Вилфорд Вүдраффын туршлагыг ярилцлагадаа оруулахыг бод. Паул яагаад нас барагсдын төлөөх баптисмыг Амилуулалтын баталгаа болгон авч үзсэн бэ? “Баярт мэдээ: Нас барагсдын төлөөх баптисмын түүх” (“Glad Tidings: The History of Baptisms for the Dead”) (LDS.org) видео бичлэг энэ зарчим өнөө үед хэрхэн сэргээгдсэнийг тайлбарладаг.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг тулгамдаж байгаа сорилт бэрхшээл эсвэл сул дорой байдлынхаа талаар бодож үзэхийг хүс. 2 Коринтыг уншсанаар Паулд зовлон зүдгүүрээ тэвчихэд юу тусалсан болон хэрхэн сул талаа олж харсан тухай мэдэж авах болно гэдгийг тэдэнд хэл.
Нэмэлт эх сурвалж
Амилалтын ач холбогдол.
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон дараах зүйлийг заасан.
“Назарын Есүсийн бүхий л үнэн төрх байдал, философийн том маргаан, амьдралын асуултуудад хариулсан Амилалтын ач холбогдлын талаар түр тунгаан бодоод үзээрэй. Хэрэв Есүс үнэхээр амилсан бол Түүнийг бурханлаг биетэй гэдгийг энэ нь зайлшгүй нотолно. Ямар ч мөнх бус бие үхсэнийхээ дараа өөрийгөө амилуулах хүчгүй. Есүс амилсан учраас ердийн нэг мужаан, багш, рабби эсвэл бошиглогч биш болж таарлаа. Тэр амилсан учраас л Бурханы, бүр Эцэгийн Төрсөн Ганц Хүү байх учиртай.
Тиймээс Түүний заасан зүйлс үнэн бөгөөд Бурхан худлаа ярьдаггүй.
Тиймээс Түүний Өөрийнх нь хэлсэнчлэн Тэр бол дэлхийн Бүтээгч.
Тиймээс Түүний заасанчлан диваажин болон там нь үнэн бодитой юм.
Тиймээс сүнснүүдийн ертөнц гэж байдаг. Тэр нас барсныхаа дараа тэнд зочилсон.
Тиймээс тэнгэр элчүүдийн хэлснээр Тэр дахин ирж, ‘дэлхий дээр Өөрийн биеэр хаанчлах болно.’
Тиймээс бүх хүний хувьд амилуулалт болоод эцсийн шүүлт байх болно” (“Есүс Христийн Амилалт,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132).
Нас барагсдын төлөөх ёслолууд бол “Бурханы сэнтийний гэрлийн туяа.”
Ахлагч Вилфорд Вүдрафф Сүмийн амьд гишүүд нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс авралын ёслолуудыг хүлээн авч чадна гэдгийг мэдэх үедээ “Энэ нь Бурханы сэнтийний гэрлийн туяа бидний зүрх сэтгэл рүү цацран гэрэлтэхтэй адил байв. Энэ нь бидний оюун санаанд үүрд мөнхийн мэт агуу ойлголтыг өгсөн юм” гэжээ. Тэр мөн “Энэ зарчмыг хүнд илчилсэн Бурхан ухаалаг, зөв шударга, үнэнч, хамгийн сайн зан чанарууд болох сайн мэдрэмж, мэдлэгийн аль алиныг нь эзэмшсэн нь надад харагдсан. Тэр хайр, нигүүлсэл, шударга ёс, шүүлтэд нийцдэг болохыг би мэдэрсэн төдийгүй Их Эзэнийг амьдралдаа урьд өмнөхөөсөө илүү ихээр хайрлах болсон юм. … Илчлэлт бидэнд нас барагсдын төлөөх баптисмыг илчлэх үед би халлелуяа гэж хашгирмаар санагдсан. …”
“Миний оюун санаанд орж ирсэн хамгийн эхний зүйл бол ээж маань сүнсний дэлхийд байсан явдал юм. Тэр намайг 14 сартай байхад нас барсан байв …” гэсэн байдаг. Дараа нь, тэр ээжийгээ аавтайгаа лацдан холбох боломжтой байсан тэр мөчийн тухай ярихдаа: “Ээж минь эхний амилуулалтад байр эзлэх болно; мөн энэ зүйл л амьдралын минь бүх хөдөлмөрийн цалин хөлсөнд хангалттай байлаа” гэжээ (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff, [2011], 185–186).