“9-р сарын 9–15. 2 Коринт 1–7: ‘Бурхантай эвлэрцгээ’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“9-р сарын 9–15. 2 Коринт 1–7,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
9-р сарын 9–15
2 Коринт 1–7
“Бурхантай эвлэрцгээ”
Та энэ долоо хоногт 2 Коринт 1–7-г уншихдаа, хичээлдээ ирдэг болон ирдэггүй ангийнхаа хэдэн гишүүний талаар бод. Эдгээр бүлэгт байгаа зарчмууд тэднийг хэрхэн адисалж болох вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийнханд судар судлах илүү үр дүнтэй санаануудаа хуваалцах цаг гарга.
Сургаалыг заа
2 Коринт 1:3–7; 4:6–10, 17–18; 7:4–7
Бидний сорилт бэрхшээл адислал байж болно.
-
Ангийн тань хэн нэгэн хүн сорилт бэрхшээлтэй тулгарсан байж болох юм. 2 Коринт дахь Паулын дүрсэлсэн туршлага, өгсөн зөвлөгөө ангийн гишүүдэд сорилт бэрхшээлийн үр дүнд ирж болох адислалуудын талаар бодоход тусалж чадна. Ярилцлагаа эхлэхдээ та сорилт бэрхшээл амьдралыг нь хэрхэн адисалсан талаар эсвэл сорилт бэрхшээлээ эцсээ хүртэл тэвчсэн хэн нэгнээс мэдэж авсан зүйлээ ярихаар бэлтгэж ирэхийг ангийн нэг гишүүнээс хүсэж болно. Дараа нь та ангийн гишүүдэд Паул сорилт бэрхшээлийн зорилго болон холбогдох адислалуудын талаар юу заасныг хайж, 2 Коринт 1:3–7; 4:6–10, 17–18 ба 7:4–7-г унших цөөн хэдэн минут өгч болно. (Түүний сургаалуудын жишээг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм хэсгээс үзнэ үү.) Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Та тэдэнд чухал сургаал бүхий олсон шүлгээ чангаар уншиж, дараа нь тэр сургаалтай холбоотой туршлага, гэрчлэлээ хуваалцахыг санал болгож болно.
-
2 Коринт 1:3–7; 4:6–10, 17–18 ба 7:4–7 дээрх Паулын сургаалыг уншиж мөн сорилт бэрхшээл бидний амьдралыг хэрхэн адисалж чадахыг тунгаан бодох цагийг ангийнханд өгөх талаар бодож үз. Энэ үеэр тэд Паулын сургаал тэдний амьдралдаа үзэж туулж байгаа зовлон зүдгүүрт хэрхэн хэрэгжиж болохыг бичиж болно.
-
Ярилцлагадаа хүч нэмэхийн тулд Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын сорилт бэрхшээл учирсан үед бидэнд санал болгодог тайтгарал, амар амгаланг гэрчилдэг “Бат бөх суурь” (Сүмийн дуулал, х. 6) зэрэг ангийн гишүүдийн дуртай дууллуудаас дуулахыг бод. Хамтдаа дуулсны дараа та ангийн гишүүдийг 2 Коринт 1 ба 4 дээрх уг дууны утга агуулгатай зохицож байгаа үг хэллэгийг хайж олоход урь.
Бид уучилсан үедээ адислалуудыг хүлээн авч, бусдыг адисалдаг.
-
Хэн нэгэн биднийг эсвэл гэр бүлийг маань “гашуудуулсан” (5-р шүлэг) тохиолдол бид бүгдэд тохиолдож байсан. Ангийн гишүүд биднийг гомдоосон хэн нэгэнд хэрхэн хандах талаарх Паулын зөвлөгөөг 2 Коринт 2:5–11-ээс олж болно. Бид нүгэл үйлдсэн хүмүүст хэрхэн хандах ёстойг илүү сайн мэдэж авахын тулд ангийн гишүүдийг Лук 15:11–32; Иохан 8:1–11-ийг болон ахлагч Кэвин Р.Данканы хэлсэн эшлэлийг уншихад урих талаар бод (“Нэмэлт эх сурвалж” хэсгийг үзнэ үү). Бид уучлах хүсэлгүй үедээ өөрсдийгөө болон бусдыг хэрхэн хохироодог вэ?
Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан, Бурханд эвлэрүүлэгддэг.
-
Олон хүн Бурханд илүү ойртох хүсэлтэйгээр Сүмд ирдэг ба 2 Коринт 5:14–21-ийн ярилцлага тэдэнд тусалж чадна. Уг ярилцлагыг эхлэхдээ ангийн гишүүд эвлэрэх гэдэг үгийн утгыг толь бичгээс хайн судалж болно. Энэ нь Бурханд эвлэрүүлэгдэх талаар ямар ойлголт өгч байна вэ? Бид Судруудын удирдамжаас “Цагаатгах, цагаатгал”-ын талаар ямар нэмэлт ойлголт авдаг вэ? Эдгээр ойлголт 2 Коринт 5:14–21-ийг ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ? Бурхантай дахин нэгдэх боломжийг Цагаатгалаараа бидэнд олгосон Аврагчийн талаарх мэдрэмжээ хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно.
Бурханлаг харуусал наманчлал руу хөтөлдөг.
-
2 Коринт 7:8–11 нь бурханлаг харуусал ба үүний наманчлалд үзүүлэх нөлөөний талаар ач тустай тайлбар өгдөг. Бид 2 Коринт 7:8–11 болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа Дийтр Ф.Угдорфын хэлсэн үгнээс бурханлаг харууслын талаар юу мэдэж авдаг вэ? Яагаад бурханлаг харуусал наманчлахад чухал байдаг вэ?
-
Та наманчлалын талаар илүү нухацтай ярилцах сүнслэг өдөөлт мэдэрч болох юм. Хэрэв тийм бол дараах зүйлийг хийж болно. Самбарт Наманчлал бол гэж бич. Ангийн гишүүдийг 2 Коринт 7:8–11-ээс болон судруудаас мөн “Нэмэлт эх сурвалж” дээрх бусад сурвалжийг ашиглан энэ хэллэгийг гүйцээх арга замуудыг хайж олоход урь. Тэд хэн нэгэнд хэрхэн чин сэтгэлээсээ наманчлах ёстойг ойлгоход туслахын тулд эдгээр сургаалыг хэрхэн ашиглаж болох вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрийг холдуулахын төлөө залбирч байсан эсэхийг ангийн гишүүдээс асуу. Тэд 2 Коринт 8–13-ыг уншаад, Паул ингэж залбирсан ч өөрийнх нь хүсэж байсан арга замаар хариулаагүй үед хэрхэн хандсаныг олж мэдэх болно.
Нэмэлт эх сурвалж
Бусдыг Бурханы нүдээр харах нь бидэнд уучлахад тусалдаг.
Ахлагч Кэвин Р.Дункан: “Бусдыг уучлах нэг түлхүүр бол тэднийг Бурханы нүдээр харахыг хичээх явдал юм. Зарим үед Бурхан бидэнд хөшгийг нээж өгөн, гомдоосон хүнийхээ зүрх сэтгэл, бодгаль, сүнсийг харах боломж олгогч бэлгээр адисалдаг. Энэ ойлголт бидэнд цаад хүнээ агуу ихээр хайрлахад хүргэж болно” (“Өршөөлийн эдгээх тос,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 18).
Бурханлаг харуусал биднийг өөрчлөгдөж, найдвар тээхэд хүргэдэг.
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:
“Бурханлаг хүслийн дагуух харуусал нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрчлөгдөж, найдвар тээхэд сүнслэгээр нөлөөлдөг. Ертөнцийн харуусал нь биднийг доройтуулан, найдварыг үгүй болгож, уруу таталтуудад тавьж өгдөг.
“Бурханы хүслийн дагуух харуусал нь хөрвөлт хийгээд зүрх сэтгэлийн өөрчлөлт рүү хөтөлдөг. Энэ нь биднийг нүглийг үзэн ядаж, сайн сайхан зүйлийг хайрлахад хүргэдэг. Энэ нь биднийг уналтаасаа босож, Христийн хайрын гэрлээр амьдрахад урам зориг өгдөг. Жинхэнэ наманчлал бол зовлон шаналал биш харин өөрчлөлтөд хүргэдэг үйл явц юм” (“Та одоо босч чадна аа!” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 66).
Наманчлал гэж юу вэ?
-
Судруудын удирдамж, “Наманчлал, наманчлах”
-
Дэйл Г.Рэнланд, “Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 120–124
Ахлагч Нийл Л.Андэрсэн:
“Бид нүгэл үйлдсэн үед Бурханаас нүүр буруулдаг. Харин нүглээ наманчилсан үед Бурхан руу эргэдэг.
“Наманчлалын урилга шүүмжлэх дуу хоолой байх нь ховор, харин нүгэлт замаасаа буцаж, Бурхан руу ‘дахин эргэх’ хайрын урилга байдаг [Хиламан 7:17-г үзнэ үү]. Энэхүү урилга нь төгс хүмүүс болох хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг болон Түүний Төрсөн Ганц Хүүгээс ирдэг бөгөөд амьдралаа улам дээшлүүлж, өөрчлөгдөн, зарлигуудыг сахиснаас ирдэг аз жаргалыг мэдрэхэд уриалан дууддаг билээ. Христийн шавь нар бид наманчилснаас ирдэг адислал болон уучлагдахын баяр баясгаланг мэдэрдэг. Энэхүү адислал, баяр баясгалан нь бидний нэгэн хэсэг болж, бидний бодол санаа, мэдрэмжийн дүр төрх болдог. …
“Ихэнх хүний хувьд наманчлал нь нэг удаагийн үйл явдал гэхээсээ илүүтэй амьдралын турш үргэлжлэх аялал юм. Наманчлал амаргүй бөгөөд өөрчлөгдөх хэцүү. Энэ үйл явц салхи сөрөн гүйж, урсгал сөрөн сэлэхийг шаарддаг. “Хэрэв хэн нэгэн нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа үүрэн, Намайг дага” (Maтай 16:24) гэж Есүс хэлжээ. Наманчлал нь шударга бус явдал, бардамнал, уур хилэн, цэвэр бус бодол зэргээс татгалзан, нинжин сэтгэл, аминч бус үзэл, тэвчээр, сүнслэг байдал руу эргэх эргэлт мөн. Энэ бол Бурхан руу ‘дахин эргэх’ эргэлт мөн” (“Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–49).