“9-р сарын 25-аас 10-р сарын 1. Галат: ‘Сүнсээр яв,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)
“9-р сарын 25-аас 10-р сарын 1. Галат,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
9-р сарын 25-аас 10-р сарын 1
Галат
“Сүнсээр яв”
Галат номыг залбирч байгаад уншиж, тунгаан бодох үед Их Эзэн танд ангийнхантайгаа юуг хуваалцах хэрэгтэй вэ гэдгийг заана. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх нь Бурханы тусламжид талархаж байгааг харуулдаг.
Хуваалцахад урь
Судар судлах нь гэр бүл, найз нөхөдтэйгөө сайн мэдээний талаар утга учиртай ярилцлага өрнүүлэхэд хүргэдэг. Танай ангийнхан үүнийг энэ долоо хоногт хийсэн үү? Энэ туршлагаа хуваалцахад тэднийг урь.
Сургаалыг заах
Галат 1:6–7; 3:1–5; 4:8–21; 5:1, 13–14
Есүс Христийн сайн мэдээ эрх чөлөө олгодог.
-
Судрын аливаа номыг судлахад, бичигдсэн шалтгааныг нь мэдэж байвал амар байдаг. Иймээс “Паул энэ захидлыг ямар зорилгоор бичсэн гэж та нар бодож байна вэ?” эсвэл “Паул ямар асуудлыг шийдэх хэрэгтэй байсан бэ?” зэрэг асуултаар Галатын талаарх хэлэлцүүлгийг эхлүүлэх нь оновчтой байж болох юм. Ангийн гишүүдийг Галат 1:6–7; 3:1–5; 4:8–21-ээс сэжүүр үгсийг хайж олоход урь. Паулын захиас өнөөгийн бидэнд ямар хамаатай вэ?
-
Зарим галат гэгээнтэн Мосегийн хуулиар амьдарсаар байх хэрэгтэй гэж бодож байжээ. Паулын хувьд энэ нь Есүс Христийн бидэнд өгдөг “эрх чөлөөтэй” харьцуулахад “боолчлолын буулганд” (Галат 5:1) амьдарч байгаатай адил байв. Паулын заасан эрх чөлөө болон боолчлолын талаарх сургаалыг судлахад ангийнхаа гишүүдэд туслахын тулд бидний сүнслэг өсөлт хөгжил, ахиц дэвшлийг хязгаарладаг хандлага, үйлдлүүдийг нэрлэхийг та тэднээс хүсэж болно (жишээлбэл, соёлын зан үйл, муу зуршил, хуурамч итгэл үнэмшил, дотоод хөрвөлтөөс илүү гаднах үйлдэл дээрээ төвлөрөх гэх мэт). Галат 5:1, 13–14-т цэдэглэснээр, бид эдгээр хандлага, үйлдлээс эрх чөлөөг хэрхэн олж авах вэ? Бид Есүс Христээр дамжуулан олгогдсон эрх чөлөөг хэрхэн эдэлж байсан бэ? Сайн мэдээний дагуу амьдрах нь хувь хүний эрх чөлөөг хязгаарладаг гэж үздэг хүнд та юу гэж хариулж болох вэ?
Хэрэв бид “Сүнсээр явбал,” “Сүнсний үр жимсийг” хүлээн авах болно.
-
Олон хүнд Сүнсний нөлөөг таньж мэдэхэд хэцүү байдаг. Галат 5 тус болж болно. Магадгүй та Паулын Сүнсний үр жимсийг тодорхойлохдоо ашигласан үг хэллэгийг Галат 5:22–25-аас хайж олохыг ангийн гишүүдээс хүсэж болно. Сүнсний бидэнд үзүүлдэг жимсээр зүйрлүүлсэн нь яагаад нүдээ олсон гэж та бодож байна вэ? Ангийн гишүүд энэ жимсийг өөрсдийн эсвэл мэддэг хүмүүсийнхээ амьдралаас хэрхэн тод томруун харж байснаа хуваалцаж болно. Судлах бусад эх сурвалжид Матай 7:16–18; Иохан 14:26–27; Моронай 7:13–17; Сургаал ба Гэрээ 11:12–13 мөн “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн үг зэрэг нь орно.
Бид “Сүнсэнд” таривал, цаг нь ирэхээр адислалуудыг хураан авах болно.
-
Галат 6:7–10-ыг судлах нь ангийн гишүүдэд сонголтуудынхаа урт хугацааны үр дагаврын талаар илүү ул суурьтай бодоход тусалж болно. Тэдэнд туслахын тулд та олон төрлийн үрийг үрээр ургадаг ургамал, жимс эсвэл ногоотой нь хамт авчирч болно (эсвэл та эдгээрийн зургийг авчирч болно). Ангийн гишүүд хамтдаа үр бүрийг ургамал жимстэй нь тааруулж болно. Дараа нь тэд 7–10-р шүлгийг уншаад, “махан биед” болон “Сүнсэнд” тарих гэдэг нь юу гэсэн утгатай талаар ярилцаж болох юм. (“Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Үлиссэс Соарэсын захиас тус болж болох юм.) Бид махан биед таривал юу хурааж авах вэ? Бид Сүнсэнд таривал юу хурааж авах вэ? (Галат 5:22–23-ыг үзнэ үү).
-
Ангийн зарим гишүүн өөрсдийнх нь хүчин чармайлтын үр дүнд үр жимс ургана гэдэгт итгэлгүй байгаагаасаа болж “сайныг үйлдэхдээ зүрхшээж” (Галат 6:9) байж болох юм. Галат 6:7–10-ыг ярилцах нь тус болж магадгүй. Та эдгээр шүлгийг танилцуулахын тулд ангийнхаа нэг хүнийг ямар нэгэн зүйлийг ургуулахад тэвчээр хэрэгтэй байдаг талаар товч ярихад урьж болно. Тэр хүний туршлага, Галат 6:7–10 хоёр хамтдаа “Сүнсээр явах[ын]” тулд гаргах хүчин чармайлтын талаар бидэнд юу зааж байна вэ? (Галат 5:25).
Нэмэлт эх сурвалж
Сүнсний үр жимс
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийн заасан. “Та Сүнсний өдөөлтийг Сүнсний үр жимсээр нь ялган таньж болно. Гэгээрүүлдэг, өсгөн хөгжүүлдэг, эерэг, нааштай урам зориг өгдөг, сайн бодол, үгс, үйлд хөтөлдөг бол Бурханы Сүнснээс ирж буй хэрэг” (Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley [2016], 121).
Сүнсэнд тарих
Ахлагч Үлиссэс Соарэс ийн тайлбарласан. “Сүнсэнд тарина гэдэг нь бүх бодол санаа, үг, үйлдэл маань биднийг тэнгэрлэг эцэг эх болох тэнгэрлэг жишиг рүү хөтөлдөг байх ёстой гэсэн үг юм. Махан биеийг судруудад хүмүүсийг Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхийн оронд махан биеийн тачаал, дур хүсэл болон сонирхолд хөтлөгдөхөд хүргэдэг хүсэлдээ автсан эгэл хүний мөн чанар хэмээн бичсэн байдаг” (““Их Эзэний нутагт үлд!”,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39).