Шинэ Гэрээ 2023
10-р сарын 9–15. Филиппой; Колоссай: “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна”


“10-р сарын 9–15. Филиппой; Колоссай: ‘Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“10-р сарын 9–15. Филиппой; Колоссай,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Паул шоронгоос захидал бичиж байгаа нь

10-р сарын 9–15

Филиппой; Колоссай

“Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна”

Филиппой болон Колоссай номуудыг уншиж эхлэн, Их Эзэний танд заахыг хүсэж буй сургаалыг залбирч байгаад тунгаан бод. Та энэ сургаалыг заахдаа ашиглаж болох асуулт, эх сурвалжийг авч үзэхдээ Сүнсээр удирдуул.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг Филиппой болон Колоссай номоос сурч мэдсэн зүйлсээ дүгнэж, нэг үг эсвэл хэллэгт багтаан самбарт бичээд, дараа нь тэднийг яагаад тухайн үг эсвэл хэллэгийг сонгосноо тайлбарлахад урь. Тэднийг тайлбарлахдаа судрын шүлгээ хуваалцахад урамшуул.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Филиппой 2:1–5, 14–18; 4:1–9; Колоссай 3:1–17

Бид Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаар “шинэ” болдог.

  • Та ангийн гишүүдийг Есүс Христээр дамжуулан “хуучин хүнээ тайлах” мөн “шинэ хүнийг өмсөх” гэсэн нь юу гэсэн утгатай болохыг төсөөлөн бодоход тусалж болно (Колоссай 3:9–10). Үүнийг гүйцэтгэхийн тулд та ямар нэгэн шинэ зүйл болж хувирсан ямар нэг хуучин зүйлийн өмнөх болон дараах зургийг харуулж болно (гэрийн тавилга, байшин эсвэл дугуй гэх зэрэг). Бид хэрхэн Есүс Христэд итгэх итгэл, Түүний сайн мэдээгээр амьдрах хүслээрээ дамжуулан “шинэ” болдог талаар ангийн гишүүд ярилцаж болно. Ярилцлагын үеэр та ангийн хагасыг Филиппой 2:1–5, 14–18, 4:1–9-ийг, нөгөө хагасыг Колоссай 3:1–17-г судалж, “хуучин хүн” ба “шинэ хүн”-ий зан чанаруудыг олж тогтоохыг хүсэж болно. Та бас ангийн цөөн гишүүнийг Есүс Христэд итгэлтэй байж, Түүний сайн мэдээгээр амьдрах нь тэдэнд шинэ хүмүүс болоход хэрхэн тусалсан талаар хуваалцахад урьж болно.

Филиппой 4:1–13

Бид өөрсдийн нөхцөл байдлаас үл шалтгаалан Христэд баяр баяслыг олж чадна.

  • Хэдийгээр бидний нөхцөл байдал Паулынхаас өөр ч бид түүний амьдралынхаа бүхий л нөхцөлд сэтгэл хангалуун, баяр баясгалантай байх хүсэл эрмэлзлээс суралцаж чадна. Энэ сэдвээр ярилцаж эхлэхээсээ өмнө та Паулын амссан зарим зовлон зүдгүүрийг авч үзэж болох юм (жишээ нь, 2 Коринт 11:23–28). Дараа нь та ангийн гишүүдээс зовлон зүдгүүртэй байсан ч баясгалантай байхад бидэнд туслах Паулын өгсөн зөвлөгөөг Филиппой 4:1–13-аас харахыг хүсэж болно.

  • Магадгүй ангийн гишүүд “бүх оюун ухааныг давах Бурханы амар тайвныг” (Филиппой 4:7) мэдэрсэн эсвэл өөрөөр хийж чадахгүй байсан ямар нэг зүйлийг хийхдээ “Христээр” (13-р шүлэг) хүчирхэгжсэнээ мэдэрсэн туршлагаасаа хуваалцаж болох юм.

  • Хэрэв та энэ сэдвийг цааш нь судлахыг хүсэж байгаа бол ангийн нэг гишүүнийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь” (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–74) хэлсэн үгээс сүнслэг нөлөө бүхий хүүрнэл эсвэл мэдэгдлүүдийг хуваалцахыг хүсэж болно.   Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгэнд дурдсан хүмүүс хүнд хэцүү нөхцөл байдлаасаа үл хамааран хэрхэн баяр баясгаланг олсон бэ?

  • Өнөөгийн дэлхийд хорон муу явдал өсөн нэмэгдэж байгаа учраас Паулын зөвлөснөөр цэвэр ариун, сайхан, сайшаалтай, сайн үйл, магтууштай зүйлийг “тунгаацгаа[х]” (Филиппой 4:8) нь ангийн гишүүдэд тань тусална. Та бас ангийн гишүүн бүрд (эсвэл ангийн гишүүдийг жижиг бүлгүүд болгон) Филиппой 4:8 эсвэл Итгэлийн тунхаг 1:13-т жагсаасан зан чанаруудын нэгийг оноож болно. Тэдний хүн нэг бүр оноогдсон зан чанарынхаа талаарх судруудыг хайж олохын тулд Судруудын удирдамж-ийг ашиглаж, олж мэдсэн зүйлсээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Тэд бас ийм зан чанартай хүмүүсийн бодит жишээнээс хуваалцаж болно. Бид хэрхэн “эдгээр зүйлийг эрэлхийлдэг вэ”?

Колоссай 1:12–23; 2:2–8

Бид Есүс Христ дотор “үндэслэгдсэн” бол дэлхийн нөлөөний эсрэг хүчирхэгждэг.

  • Колоссай 1:12–23; 2:2–8 дээрх Аврагчийн талаарх Паулын гэрчлэл ангийн гишүүдэд өөрсдийн итгэлийн талаар тунгаан бодож, хүчирхэгжүүлэх сайхан боломжийг олгодог. Ангийн гишүүд эдгээр шүлгийг судалж, Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлэх зүйлсийг хайж олж болно. [Есүс Христ] дотор “үндэслэгдэн, байгуулагдана” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Колоссай 2:7). Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх модны зураг нь энэ шүлгийн тухай ярилцахад ангийнханд тусална. Модны үндсийг юу бэхжүүлдэг эсвэл сулруулдаг вэ? “[Есүс Христийн] дотор “үндэслэгдэн, байгуулагдах” нь биднийг дэлхийн нөлөөний эсрэг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? (Колоссай 2:7–8-ыг мөн Хиламан 5:12; Ифер 12:4-ийг үзнэ үү).

    2:24
  • Та ангийн гишүүдийг Колоссай 1:12–23; 2:2–8-д бидний Христэд итгэх итгэлийг “олзолдог” “хоосон мэхлэлт[ээс]” (Колоссай 2:8) зайлсхийхийн тулд юу хийж болох талаар заасан зүйлсийг жагсаан бичихэд урьж болно. Бид Аврагчийг дагаж, Сатаны худал хуурмагаас зайлсхийхийн тулд гаргаж буй бие биеийнхээ хүчин чармайлтыг хэрхэн дэмжиж чадах вэ?

Заах арга барилаа сайжруулах

Дуу хөгжим ашигла. Ариун нандин дуу хөгжим нь Ариун Сүнсний нөлөөг урьдаг. Энэ нь хүндэтгэлтэй орчныг үүсгэж, амлалт болон үйлдлийг урамшуулдаг. “Магтуу дуу, дууллаар нэг нэгэндээ заан, сэнхрүүлэх[ийг]” хэрхэн хичээлийнхээ нэгэн хэсэг болгож болох талаар бодож үз (Колоссай 3:16-г мөн Аврагчийн арга барилаар заах нь, 22-ыг үзнэ үү).