Шинэ Гэрээ 2023
12-р сарын 4–10. Илчлэл 1–5: “Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай”


“12-р сарын 4–10. Илчлэл 1–-5: ‘Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“12-р сарын 4–10. Илчлэл 1–5,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Өвсөн дээр хэвтэж буй хурга

12-р сарын 4–10

Илчлэл 1–5

“Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай”

Сүнслэг өдөөлт хүлээн авах нь Ариун Сүнсний заахыг хүсэж байгаа зүйлийг танихад танд тусална. Тэдгээр өдөөлтийг бичиж тэмдэглэж мөн дагах нь тэдгээрийг үнэлж, илүү ихийг хүлээн авах хүсэлтэй байгааг харуулдаг.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та хэлэлцүүлгийг эхлүүлэхдээ, ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцахдаа Илчлэл номоос сурч мэдсэн зарим захиасаа хуваалцахад урих нь тустай байж болох юм. Жишээлбэл, Өөрийн хүүхдүүдийг аврах Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар тэд юу олж мэдсэн бэ? Тэд Аврагчийн тухай болон Түүний уг төлөвлөгөөнд гүйцэтгэдэг үүргийн талаар юу олж мэдсэн бэ? Ангийн гишүүдийг гэртээ Илчлэлийг үргэлжлүүлэн уншихдаа Есүс Христийн тухай болон авралын төлөвлөгөөний талаарх чухал захиасыг үргэлжлүүлэн хайхад уриал. Дараа дараагийн хичээлийн үеэр олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг тэдэнд олго.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Илчлэл 1

Есүс Христ бол амьд Бурханы амьд Хүү юм.

  • Илчлэл 1 дээр дүрсэлсэн зүйлс болон бэлгэдэл нь Есүс Христ амьд бөгөөд Тэр Өөрийн Сүмийг удирддаг гэдгийг илүү тод томруун гэрчилдэг. Магадгүй ангийн гишүүд Илчлэл 1 дэх зүйл, бэлгэдэл бүхий хэд хэдэн үг хэллэгийг самбарт бичээд, тэдгээр нь Есүс Христийн талаар тэдэнд юу зааж байгааг хуваалцаж болно. Жишээлбэл, Христ өнөөдөр Өөрийн Сүмийг хэрхэн удирддаг талаар бид эдгээр бэлгэдлээс юу мэдэж авч болох вэ? Аврагчийн талаарх Иоханы дүрслэлийг Сургаал ба Гэрээ 110:1–4 дээрхтэй хэрхэн харьцуулж болох вэ?

Илчлэл 2–3

Есүс Христ биднийг хувь хүний маань хувьд мэддэг бөгөөд зовлон бэрхшээлээ даван гарахад бидэнд туслах болно.

  • Илчлэл 2–3 дээрх Сүмийн төрөл бүрийн салбаруудад өгсөн Их Эзэний захиасыг унших нь Аврагч тэдний хэн болохыг мэддэг гэдгийг ангийн гишүүдэд батлахад тусална. Та тэднийг эдгээр бүлгийг уншаад, Есүс Христ салбар тус бүрд тулгарсан сорилт, давуу талыг мэддэг гэдгийн нотолгоог хайж олоход урьж болно. Тэд мөн Аврагч өөрсдийнх нь онцгой нөхцөл байдлыг мэдэж байгааг мэдэрсэн туршлагаасаа хуваалцаж болно. Их Эзэн зовлон бэрхшээлээ даван туулахад бидэнд тусалж чадах ямар зөвлөгөөг гэгээнтнүүдэд өгсөн бэ?

  • Эдгээр бүлэгт Их Эзэн ялан дийлэгч хүмүүст зориулан урамшуулан зоригжуулсан амлалтуудыг өгсөн. Та ангийн гишүүдийг хос хосоороо ажиллан, Илчлэл 2–3-аас Их Эзэний амлалтуудыг хайж олоход урьж болно. Тэд мөн зарим амлалтыг дүрсэлсэн зураг зураад, олж мэдсэн зүйлсээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Эдгээр амлалт нь биднийг сорилт бэрхшээл, сул талаа ялан дийлэхээр үргэлжлүүлэн хичээхэд хэрхэн сүнслэгээр өдөөдөг вэ?

Илчлэл 5

Зөвхөн Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг боломжтой болгож чадсан.

  • Үзүүлэнт хичээл нь Илчлэл 5 дээрх бэлгэдэл Аврагчийн лацадсан номыг нээх талаар гэдгийг ойлгоход ангийнханд туслах уу? Та ангийнхантайгаа хуваалцах ямар нэгэн амттаныг цоожтой саванд хийж авчир. Хичээл эхлэхийн өмнө хэн нэгэнд цоожны түлхүүрийг нууцаар өг. Саван доторх зүйлийг ангийнханд дүрслэн хэлээд, түлхүүртэй хүнийг түлхүүрдэж онгойлгохоос өмнө хайрцгийг онгойлгох боломжийг бусад хүнд олго. Дараа нь ангийнхан энэ үзүүлэнт хичээлийг Илчлэл 5-тай харьцуулж болно. Дараахтай ижил төстэй асуултууд тусалж болох юм. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн аврал цоожтой сав юм уу лацадсан номтой юугаараа адилхан бэ? Яагаад Есүс Христ лацыг нээж чадах цорын ганц хүн байсан бэ? (“Нэмэлт эх сурвалж” дээрх эшлэлийг үзнэ үү).

  • Илчлэл 5-д дурдагдсан баяр хөөртэй хүмүүсийн адилаар, өнөө үед бид ч гэсэн авралыг бидэнд өгөх зохистой Нэгэн болох Аврагчийг магтан дуулахад дуу хоолойгоо нэгтгэж чадна. Ангийн гишүүд “Бурханд алдрыг өргөе” (Дуулал, д. 34) зэрэг Аврагчийн тухай дуртай дууллаа хамт дуулж болох юм. Ангийн гишүүд уг дууллаас Есүс Христийн тухай заасан үнэнүүдийг тодорхойлж болно. Бид өөрсдийн магтан дуулсан дууллын үг болон Илчлэл 5:9–14 дээрх тунхаглал хоёроос ямар ижил төстэй зүйлийг олж харж болох вэ?

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Зөвхөн Есүс Христ биднийг цагаатгаж чадах байв.

Ахлагч Жэффри Р.Холланд мөнх бус байдлын өмнөх амьдрал дахь үйл явдлуудыг дүрслэн ийн заасан.

“Христ бүх хүн төрөлхтний гэм нүглийг цагаатгахдаа хүртэл тэдний ёс суртахууны сонгох эрх чөлөөг хүндэтгэн үзэх сайн дурын сонголт хийсэн. Ингэхдээ Тэр ийм гэтэлгэгч хайрын төлөөх бүх алдар сууг Эцэгтээ эргүүлэн өгөх байв.

Христийн энэ хязгааргүй Цагаатгал нь (1) Тэр энэ дэлхий дээр нүгэлгүй амьдарсан цорын ганц хүн байсан тул нүглийн үр дагавар болох сүнслэг үхэлд харьяалагдахгүй байсан, (2) Тэр Эцэгийн Төрсөн Ганц байсан бөгөөд тийм ч учраас бие махбодын үхлийг ялах хүчийг өгдөг бурханлаг шинж чанарыг агуулж байсан, мөн (3) Тэр мөнх бус байдлын өмнөх зөвлөлөөр энэхүү үйлчлэлд урьдчилан томилогдохуйц хангалттай даруу төлөв, үйлчлэхэд бэлэн байсан цорын ганц хүн байсан учраас боломжтой болсон юм” (“The Atonement of Jesus Christ,” Liahona, Mar. 2008, 35).

Заах чадвараа сайжруулах

Судруудыг болон хожмын үеийн бошиглогчдын үгсийг ашигла. “Их Эзэн бидэнд ‘хаант улсын сургаалыг та нар бие биедээ заа’ [Сургаал ба Гэрээ 88:77] мөн судруудыг ашиглан ‘[Түүний] сайн мэдээний зарчмуудыг заа’ [Сургаал ба Гэрээ 42:12] хэмээн зарлигласан байдаг. Судрууд болон хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгс бидний заадаг үнэнүүдийн эх сурвалж юм” (Аврагчийн арга барилаар заах нь, 21).