“12-р сарын 11–17. Илчлэл 6–14: ‘Тэд … Хурганы цусаар ялжээ”” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)
“12-р сарын 11–17. Илчлэл 6–14,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
12-р сарын 11–17
Илчлэл 6–14
“Тэд … Хурганы цусаар ялжээ”
Илчлэл ном бол “Бурханаас нэгэн цагт бичүүлсэн хамгийн тодорхой номуудын нэг мөн” хэмээн бошиглогч Иосеф Смит тунхаглажээ (Journal, December 1842–June 1844; Book 2, 10 March 1843–14 July 1843, 98, JosephSmithPapers.org-т). Та ангийн гишүүдэд эдгээр бүлэг дээрх энгийн үнэнийг олж мэдэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?
Хуваалцахад урь
Ангийн гишүүдэд Илчлэл 6–14-ийг судлах явцдаа олж мэдсэн зарим ойлголтоо авч үзэхэд нь туслахын тулд 6-аас 14 гэсэн дугаарыг самбарт бич. Ангийн гишүүд холбогдох бүлгээс олж мэдсэн, хожмын үед амьдарч байгаа хүнд хамаатай аливаа ойлголтыг дугаарын хажууд бичиж болно.
Сургаалыг заах
Есүс Христ номын лацнуудыг нээдэг.
-
Долоон лацтай номыг (Илчлэл 5:1-ийг үзнэ үү) дүрслэн харахад ангийн гишүүдэд туслахын тулд эртний хуйлаас номуудыг шавар эсвэл лааны тосоор лацдан тамгалдаг байсныг та тайлбарлаж болно. Шавар эсвэл лааны тосыг хатуурч бэхжихээс нь өмнө дээр нь бөгжөөр эсвэл тамгаар дарж наадаг бөгөөд энэ нь хуйлмал номыг лацадсан хүний эрх мэдлийг илэрхийлж, зөвшөөрөлгүйгээр нээхийг хориглодог байж. Дараа нь ангийн гишүүд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм болон Илчлэл 6; Сургаал ба Гэрээ 77:6–7-оос энэ номын талаар уншиж байхад төрсөн аливаа бодол санаа эсвэл сэтгэгдлээ хуваалцаж болно. Энэ номын утга агуулга бэлгэдлийн чанартай гэдгийг мэдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ? Аврагч бол номын лац бүрийг нээх хүн гэдгийг мэдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ? (Илчлэл 5:1–9-ийг үзнэ үү).
“Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэнийх болсон.”
-
Илчлэл 7–11-ийг ойлгоход хэцүү байж болох юм. Ням гаргийн ангийн нэг адислал бол ангийн гишүүд судруудыг ойлгоход бие биедээ тусалдаг явдал юм. Та эдгээр бүлгийн талаар ангийн гишүүдэд байгаа асуултуудыг жагсаан бичээд, ойлголтоо бие биетэйгээ хуваалцахад тэднийг урьж болно. Мэдлэг сайтай, мэдлэг нимгэн байхаас үл хамааран ангийн бүх гишүүнийг эдгээр бүлгийн талаарх ойлголтоо хуваалцахад урамшуул.
-
Та ангийн гишүүдээс ямар сэдэв Илчлэл 7–11-д ахин дахин гарч ирж байгааг асуух замаар хэлэлцүүлгийг эхлүүлж болно. Тэд тэдгээр сэдвийг олж болох шүлгүүдээ хуваалцах үедээ, сэдэв нь яагаад чухал болох талаар тайлбарлаж болно. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол Илчлэл 11:15–17-г уншихыг санал болгож болно. Тэд эдгээр шүлгээс ямар ямар сэдвийг олсон бэ мөн энэ сэдвийг Илчлэл 7–11-ийн бусад шүлэгт хэрхэн илэрхийлсэн байна вэ? Хэдийгээр эдгээр бүлэгт дайн дажин, өвчин тахлыг дүрсэлсэн байдаг ч эндээс бидэнд Есүс Христэд итгэх итгэл, найдварыг өгдөг юуг бид сурч мэдсэн бэ?
Бид Сатаныг “Хурганы цус, [өөрсдийн] гэрчлэлийн үгээр” ялдаг.
-
Тэнгэр дэх дайны талаар сурч мэдэх нь бидэнд дэлхийн амьдралыг илүү сайн ойлгоход тусална. Ангийн гишүүд Иосеф Смитийн Орчуулга, Илчлэл 12:7–11 (Bible appendix-д)-ийг уншаад, бид Сатаныг болон түүний элч нарыг хэрхэн ялж болохыг тодорхойлж болно. Бид Bible Dictionary эсвэл Gospel Topics-оос Тэнгэр дэх дайны талаарх өөр ямар ямар ойлголтыг мэдэж авч болох вэ? (topics.ChurchofJesusChrist.org). Дайсныг ялан дийлэхэд туслах юуг бид олж мэдсэн бэ?
-
Сайн, муугийн хоорондын дайныг Илчлэл 13–14-т дүрсэлсэн байдаг. Энэ дайнд луу хэрхэн тулалддаг талаар 13-р бүлэг бидэнд юу зааж байна вэ? 14-р бүлэгт цэдэглэснээр, Хурга хэрхэн тулалддаг вэ? Энэ хоёр бүлэгт цэдэглэснээр, аль аль тал ямар арга замаар энэ дайнд тулалддагийг жагсааж бичих нь сонирхолтой байж болох юм. Бид ямар ямар адил төстэй мөн ялгаатай талыг олж харж болох вэ?
-
Хурга “ертөнцийн сууриас алагдсан” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Илчлэл 13:8-ыг мөн Илчлэл 5:6-г үзнэ үү). Мозая 3:13 ба Мосе 7:47-г ангиараа уншиж, энэ асуултын хариултыг олоход ангийн гишүүддээ туслахыг бод. Сатаныг “Хурганы цусаар” ялна гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Илчлэл 12:11).
“Би өөр нэг тэнгэр элчид … мөнхийн сайн мэдээ байгааг харав.”
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээр “Газар дээр суугчдад тунхаглах … мөнхийн сайн мэдээ”-г сэргээсэн янз бүрийн тэнгэр элчийн талаар судлахыг зөвлөдөг. Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урина уу. Сургаал ба Гэрээ 133:36–40 бидэнд Илчлэл 14:6–7-ийн талаар юу заадаг вэ? Бид Илчлэл 14:6–7-д дурдсан тэнгэр элчийн үйл хэрэгт хэрхэн оролцох боломжтой вэ?