Семинар
10-р хичээл—Иосеф Смит—Түүх 1:27–65—Моронай Иосеф Смитэд үзэгдэв


“10-р хичээл—Иосеф Смит—Түүх 1:27–65—Моронай Иосеф Смитэд үзэгдэв,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага, (2025)

“Иосеф Смит—Түүх 1:27–65”, Сургаал ба Гэрээний семинар

10-р хичээл: Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27-65

Иосеф Смит—Түүх 1:27–50

Моронай Иосеф Смитэд үзэгдэв

Тэнгэр элч Моронай ба Иосеф Смит

1823 оны 9-р сарын 21-нд Иосеф Смит нүглээсээ өршөөгдөхийг гуйж, Бурханы өмнө эзлэх өөрийн байр суурийг мэдэхийн тулд Түүнд хандан залбирчээ. Хариуд нь бошиглогч Моронай Мормоны Ном болон Сэргээгдсэн сайн мэдээний тухай эртний бошиглолуудыг заахаар Иосефт үзэгдсэн. Моронай мөн Иосефын ирээдүйн тухай бошиглов. Энэ хичээл нь Бурханы бошиглогчийн хувьд Иосеф Смитэд өгсөн дуудлагын ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Иосеф Смит өсвөр насаа дүрслэв

Суралцагчдыг Иосеф Смитийн өсвөр насны талаар сурч мэдэхэд нь бэлтгэхийн тулд өсвөр насны хүүхдүүдийг дүрсэлдэг үгсийг хуваалцахад урь. Өөр нэг арга бол Иосеф Смитийн өсвөр насыг дүрсэлсэн үг, хэллэгийг самбарт үзүүлэх юм. Жишээ нь: “Сул тал хийгээд төгс бусынхаа улмаас би буруутгагдах учиртай хэмээн олонтаа боддог байлаа.” Суралцагчид өөрт хамаатай зүйлээ чагталж болно.

Та дараах судрын хэсгүүд дээрх ойлгохгүй байгаа үгсийнхээ тайлбарыг олж мэдэхэд суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.

Иосеф Смит—Түүх 1:27–29-ийг уншаад, Анхны үзэгдлийн дараагийн гурван жилийн туршид төрсөн мэдрэмжээ Иосеф Смит хэрхэн дүрсэлснийг олж мэд.

  • Өнөөгийн өсвөрийнхөн Иосеф Смитэд ямар байсныг хэрхэн ойлгож болох вэ?

Иосеф Смитээр хийлгэх ажил Бурханд байв

Дараагийн багц шүлэг нь уншихад зориулсан том бичвэр юм. Унших арга барилаа сонгохдоо суралцагчдын хэрэгцээ, чадварыг харгалзан үзээрэй. Ангиараа уншихдаа (өөр өөр суралцагчаар уншуулах) суралцагчдыг хосоор нь уншуул эсвэл аудио тоглуулан, суралцагчдыг судраа гүйлгэн уншихад урь.

Эхний асуултын дараа та түр азнаж, өсвөр насны суралцагчдын хувьд өөрсдөд нь тус болох юуг олж мэдсэн талаар ярилцахыг хүсэж болно.

Иосеф Смит—Түүх 1:30–35-ыг уншаад, Иосеф Смит залбирахдаа юуг мэдэрсэн талаар олж мэд.

  • Иосефт тохиолдсон ямар үйл явдал түүнд итгэл найдвар төрүүлсэн байж болох вэ?

  • Бид Иосеф Смитийн талаар ямар үнэнийг эдгээр шүлгээс мэдэж авч болох вэ?

Суралцагчид Бурхан Өөрийн ажлыг хийлгэхээр Иосеф Смитийг дуудсан гэх мэт өөр өөр үнэнийг тодорхойлж болно. Хэдийгээр Иосеф Смит сул тал хийгээд төгс бусынхаа улмаас өөрийгөө буруутгагдах учиртай хэмээн боддог байсан ч чин сэтгэлээсээ нүглээ наманчилсан төдийгүй Бурхан түүнийг Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхээр дуудсан гэдгийг онцол.

1823 оны 9-р сарын 21-ээс 22-нд шилжих шөнө болон үүрээр Моронай Иосефт гурван удаа үзэгджээ. Тэр ижил захиас хуваалцаж, ирэх бүрдээ нэг л судраа эш татсан (Иосеф Смит—Түүх 1:36–50-ийг үзнэ үү).

Бурханы Иосеф Смитээр дамжуулан гүйцэтгэх ажлын жишээг олж харахад нь суралцагчдад туслахын тулд Моронайн эш татсан дараах бошиглолуудыг ангийн гишүүдэд хувааж өг. Суралцагчдыг уг судрын хэсгүүдийг уншаад, тэдгээр нь Иосефоор хийлгэхээр дуудсан ажилтай хэрхэн хамаатай болохыг олж мэд.

Эдгээр шүлгийг уншаад, тэдгээр бошиглол яагаад Иосефын гүйцэтгэх ажлын талаар нэмэлт ойлголт өгдгийг олж мэд.

  • Эдгээр шүлэг Их Эзэний Иосефоор хийлгэхээр дуудсан ажилтай хэрхэн холбогдож байна вэ?

  • Эдгээр бошиглол Иосефын тэнгэрлэг дуудлагын талаарх гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

    Суралцагчид эдгээр шүлгийг уншиж байхдаа, Их Эзэн Иосеф Смитийг лацдан холбох хүч, ариун сүмийн ёслолууд, Израилын цугларалт болон бусад сүнслэг адислалын цутгалт зэрэг сайн мэдээний Сэргээлтээр дамжуулан Их Эзэний Хоёр дахь ирэлтэд Өөрийн хүмүүсийг бэлдэх ажилд туслуулахаар дуудсаныг олж харж болох юм.

  • Бурханы Иосеф Смитээр дамжуулан хийж гүйцэтгэсэн ажил Есүс Христийн талаар таны мэддэг эсвэл боддог зүйлд хэрхэн нөлөөлсөн бэ? (2 Нифай 3:6–8, 11; Сургаал ба Гэрээ 135:3-ыг үзнэ үү.)

Иосеф Смитийн нэр сайн болон муугаар дурсагдана

Суралцагчдын анхаарлыг Иосеф Смит—Түүх 1:33 дахь Иосеф Смитийн нэрийн талаарх Моронайн бошиглолд хандуулна уу. Уг бошиглолын талаарх Иосефын бодол мөн энэ нь өнөө үед ямар арга замаар биелж байгааг ярилц. Суралцагчдад тухайн бошиглолын биелэл нь Иосеф Смит Бурханы бошиглогчоор дуудагдсаны нотолгоо гэдгийг олж харахад тусал.

  • Яагаад Иосеф Смитийг тэгтлээ их эсэргүүцэж байсан гэж та бодож байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Яагаад Их Эзэн хорон муу амтнуудыг сайн хүмүүсийн араас мөшгөж хөөцөлдөхийг нь зөвшөөрдөг юм бол? Бурханы зүйлсийн эсрэг зөрчилдөөн нь хариултаа авахын тулд үнэнийг эрэлхийлэгчдийг өвдөг сөгдөхөд хүргэдэг нь үүний нэг шалтгаан юм. …

Аврагчийн Хоёр дахь ирэлт ойртохын хэрээр бошиглогч Иосеф Смитийн талаарх сөрөг мэдээлэл улам бүр ихсэх болно. Хагас дутуу үнэн мэдээллүүд болон нарийн заль мэхнүүд багасахгүй. Та нарын тусламж хэрэгтэй гэр бүлийн гишүүд, найз нөхөд ч гарч ирэх болно. (Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31, 35)

  • Моронай Иосеф Смитийг “муугаар” ярих шүүмжлэгчид байх болно гэдгийг бошиглосныг мэдэх нь хэрхэн тустай байж болох вэ?

  • Иосеф Смитэд итгэдэг итгэл үнэмшлийг нь үгүйсгэсэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа хүмүүст туслахад бэлэн байхын тулд бид юу хийж болох вэ?

Иосеф Смитийг сайнаар ярих бошиглол биелэх

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Сүмийн өсвөр үеийнхэнд тусгайлан нэгэн урилга өгсөн.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Өнөөдөр бидний үгийг сонсож байгаа эсвэл хэдэн өдрийн хойно унших өсвөр үеийнхэндээ хандаж хэлэхэд, би бошиглогч Иосеф Смитийн талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болцгоогоорой гэсэн онцгой нэгэн даалгаврыг өгөх гэсэн юм. Бошиглогчийн талаар сайнаар дурсагдах болно гэсэн Моронайн бошиглолын үгс биелэхэд та нарын дуу хоолой туслах болтугай. (Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 34)

  • Иосеф Смитийн талаар сайнаар ярих болно гэсэн Моронайн бошиглол биелэхэд та ямар арга замаар тусалж болох вэ?

Аврагч Иосеф Смитийн талаар хэрхэн сайнаар ярьж байсан жишээг олж харахад нь суралцагчдад туслахын тулд дараах судрын эшлэлийг тэдэнд хувааж өгч болно. Үүнд: Сургаал ба Гэрээ 1:17; 35:17; 112:15; 136:37–38. Хэдэн суралцагчаас Иосеф Смитийн талаар Аврагч юу хэлснийг хуваалцахыг хүс.

Иосеф Смитийн талаар сайнаар ярих болно гэсэн Моронайн бошиглолын үгс биелэхэд туслах ямар нэгэн зүйлийг ангидаа хийхэд суралцагчдыг урь. Жишээлбэл: Иосеф тэдэнд Есүс Христийн талаар мэдэхэд хэрхэн тусалсан эсвэл Иосеф Смит амьдралд нь өөр ямар арга замаар сайнаар нөлөөлсөн тухай хуваалцаж болно. Мөн ангиас гадуурх хэн нэгэн рүү бичвэр бичих эсвэл олон нийтийн хэрэгслээр зурвас илгээхэд суралцагчдыг урьж болно.