“Сургаал ба Гэрээ 19:1–24, 1-р хэсэг: Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн таалалд захирагдсан нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлагаl (2025)
“Сургаал ба Гэрээ 19:1–24, 1-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Мартин Харрис тайтгарал, удирдамж хүлээн авахын тулд Их Эзэнээс илчлэлт хүлээж авахыг бошиглогч Иосеф Смитээс гуйв. Сургаал ба Гэрээ 19-д Аврагч Тэнгэрлэг Эцэгийн таалалд захирагдахыг сонгосноор бүх зүйлийг даван туулах хүчийг олж авсан гэдгийг дахин өгүүлсэн юм. Хэрэв Мартин наманчилж, Их Эзэний өөрөөс нь хийхийг хүссэн зүйлд захирагдах аваас түүнд амар амгаланг амлажээ. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгийн таалалд захирагдсан Есүс Христийн жишээг дагах суралцагчдын хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аврагч Эцэгтээ захирагдсан нь
Бошиглогч Иосеф Смитийг болон Мормоны Номын хэвлэлийг дэмжих хүсэлтэй байсан учир Мартин Харрис хэвлэлийн төлбөрт тусална гэж амлажээ. Тун удалгүй өөрийн фермийг зарахад хүрнэ гэдгийг тэрээр мэдээд, Иосефыг Их Эзэнээс удирдамж, илчлэлт хүлээн авахыг гуйв. Сургаал ба Гэрээ 19-р хэсэг гэж нэрлэгддэг тус илчлэлтэд Аврагч цагаатгагч золиослолынхоо тухай маш чухал үнэнийг заасан. Хэцүү байсан ч Тэнгэрлэг Эцэгийн таалалд захирагдахыг сонгохын ач холбогдлыг ойлгоход эдгээр үнэн Мартинд тусалсан юм.
Сургаал ба Гэрээ 19:1–5, 15–19, 23–24-ийг уншина уу. Есүс Христ болон Түүний зан чанарын талаар заасан чухал үг хэллэгүүдийг тодруулахыг бодож үз.
-
Та эдгээр шүлгээс ямар үнэнийг олж тогтоосон бэ?
-
Есүс Христ Эцэгийн хүсэлд захирагдсан гэдэг нь ямар утгатай вэ?
-
Есүс Христ Өөрийнхөө талаар Мартин Харрист заасан нь түүний энэ нөхцөл байдалд хэрхэн тусалсан гэж та бодож байна вэ? Хүнд хэцүү золиос гаргахыг биднээс хүсэх үед энэ нь бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
Мөнх бус байдлын өмнөх амьдрал: Мосе 4:1–2; 3 Нифай 1:13–14
Мөнх бус байдлын тохинуулал: Иохан 6:38; 8:28–29; Мозая 15:7–8
Мөнх бус байдлын дараах амьдрал: 3 Нифай 11:10–11
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) ийн заасан.
Түүний тааллыг дуулгавартай дагах нь Бурханы тахилын ширээнд өргөх бидний нэн хувийн онцгой өргөл юм. Бидний “өгдөг” … бусад олон зүйл нь үнэндээ Түүний бидэнд аль хэдийн өгсөн эсвэл зээлдүүлсэн зүйл байдаг. Гэхдээ та мөн би хувь хүнийхээ хүслийг Бурханы тааллаар сольж, өөрсдийгөө нийцүүлж байж л үнэхээр ямар нэгэн зүйлийг Түүнд өгч байгаа хэрэг юм. Энэ бол бидний үнэхээр өгч чадах цорын ганц, өмч юм! (Нийл А.Максвэлл, “Swallowed Up in the Will of the Father,” Ensign, 1995 оны 11-р сар, 24)
-
Ахлагч Максвэллын зааснаар өөрийн хүслийг нийцүүлэх нь дуулгавартай байдлын энгийн ойлголтоос юугаараа өөр гэж та бодож байна вэ?
-
Хэцүү цаг үед хүртэл Бурханы таалалд захирагдсан Аврагчийн жишээг дагадаг хэн нэгнийг та өмнө нь харж байсан уу?
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) ийн гэрчилсэн.
Амьдралаа Бурханд зориулдаг эрэгтэй, эмэгтэйчүүд амьдралыг нь Тэрээр тэдний өөрсдөө бие дааж зохицуулахаас хамаагүй илүүгээр үр бүтээлтэй болгож чаддаг гэдгийг олж мэддэг. Тэр тэдний баяр хөөрийг гүнзгийрүүлж, харах хүрээг өргөтгөн, оюуныг хурцалж, … сүнсийг өргөж мөн адислалуудыг нь олшруулж, боломжуудыг нэмэгдүүлэн, бодгалиудыг тайвшруулж, найзуудыг өргөн дэмжиж мөн амар амгаланг цутгадаг” гэсэн гүн гүнзгий сургаалыг баталж байна. Бурханд үйлчлэхэд амь насаа зориулсан хэн боловч мөнх амьдралыг олж авах болно. (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 42–43)