Семинар
33-р хичээл: Сургаал ба Гэрээ 19:25–41: Золиослолыг мөнхийн талаас нь харах


“Сургаал ба Гэрээ 19:25–41: Золиослолыг мөнхийн талаас нь харах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 19:25–41,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

33-р хичээл: Сургаал ба Гэрээ 19

Сургаал ба Гэрээ 19:25–41

Золиослолыг мөнхийн талаас нь харах

Мартин Харрисын ферм

Мартин Харрис Мормоны Номын хэвлэлийн төлбөрийг төлөхийн тулд фермээ барьцаалан зээл авчээ. Хэвлэгч Э.Б.Грандин зохицуулалтыг албан ёсоор хийгдэх хүртэл хэвлэх ажлыг эхлүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Төлбөрийг баталгаажуулахын тулд Мартинд өөрийн гэр орон болон ихэнх хөрөнгөө эрсдэлд оруулах шаардлага гарсан. Их Эзэний Иосеф Смитэд өгсөн илчлэлт Мартины харах өнцгийг тэлж, гэрээ байгуулахад түүнд хэрэгтэй байсан итгэлийг өгсөн юм. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгийн хүссэн бүх зүйлд золиослол гаргасан Аврагчийн жишээг дагахад суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Мартин Харрисын ферм

Та өөрийгөө 1829 онд Иосеф Смитийн дуудагдсан үед амьдарч байсан анхны итгэгчдийн нэг гэж төсөөл. Таны найз Мартин танаас зөвлөгөө авахаар ирлээ. Та түүнийг 971246 мкв үзэсгэлэнтэй фермд амьдардаг гэдгийг мэднэ. Хэрэв Мормоны Номын хувиуд хангалттай сайн зарагдахгүй бол хэвлэлийн төлбөрийг төлөхийн тулд гэр орон, фермийнхээ ихэнх талбайг зарах хэрэгтэй болно гэдгээ тэр танд хэллээ. Эхнэр, хөршүүд нь Иосеф Смитийн төлөө болон Мормоны Номын төлөө фермээ эрсдэлд оруулахыг эсэргүүцэж байв. Тэр гэр орноо алдаад зогсохгүй, хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаа нь тасарч болох байсан.

  • Хэрэв та Мартины оронд байсан бол ямар санагдах байсан бэ?

  • Та түүнд ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

  • Мормоны Номыг хэвлэх нь Харрисын фермтэй харьцуулахад хэр чухал гэж та бодож байна вэ?

Та самбар дээр дараах баганыг зураад, жагсаалт гаргахыг сонгож олно.

Судлах тэмдэглэлийнхээ цаасны голд босоо шугам зур. Эхний баганыг “Золиослол,” хоёр дахь баганыг “Бурханы зөвлөгөө” гэж гарчигла.

Эхний баганан доор Мартин Харрисын гаргахыг хүссэн золиослолуудыг бич.

Хариултууд нь түүний мөнгө, гэр орон, ферм, нэр хүнд, гэр бүл, найз нөхдийн харилцаа байж болно.

Дараа нь хоёр дахь баганад Их Эзэн юуг золиослохыг хүссэн эсвэл өсвөр насныхнаас өнөөдөр юу хийхийг хүсдэг талаар жагсаалт гарга.

Суралцагчид “Сургаал ба Гэрээ 19:1–24, 1-р хэсэг”-т заасан хичээлтэй адилхан жагсаалтыг тэмдэглэчихсэн байж болно. Ийм тохиолдолд өмнө нь гаргасан жагсаалтыг сануулаад, хэрэв хүсвэл нэмж бичихийг хүс.

Мөнхийн талаас нь авч үзэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дээрх Сүнслэг мэдлэг олж авах хэсгийг нээнэ үү (2023). 8-р догол мөрийг уншаад, Мартин Харрисын нөхцөл байдалд эсвэл Их Эзэний биднээс золиос гаргахыг хүсдэг нөхцөл байдалд тусалж болох ойлголтуудыг хайж ол.

Суралцагчдыг “Бурханы зөвлөгөө” гэсэн баганаас олсон зүйлээ судлах тэмдэглэлдээ болон самбар дээр жагсаахад урь.

  • Их Эзэнийг биднээс хэцүү зүйл хийхийг хүсэх үед мөнхийн талаас харах нь яагаад чухал вэ?

Бид эдгээр золиослолыг зуурдын талаас нь харвал шударга бус бөгөөд дааж давшгүй мэт санагдана гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Ийм хязгаарлагдмал үзэл бодол нь дараа харамсахад хүргэх шийдвэр гаргахад хүргэдэг.

Суралцагчдыг дараах шүлгүүдийг судалж байхдаа олж мэдсэн ойлголтуудаа тэмдэглээд, “Бурханы зөвлөгөө ” гэсэн баганад нэмэхэд урь.

Сургаал ба Гэрээ 19:26–28, 32–35, 38–41-ийг уншаад, Мартин Харрисын санаа зовниж байсан зүйлд мөнхийн талаас нь харахад туслах Их Эзэний зөвлөмжийг хайж ол.

Суралцагчдыг үнэн мэдэгдэл гэж тодорхойлсон зөвлөгөөгөө хуваалцахад урь. Тэд дараахтай адил зөвлөгөөнүүдийг олж болно.

Бид өөрсдийнхөө өмч хөрөнгөд харамч, шунаг байх ёсгүй; гэхдээ Бурханы ажлын төлөө харамгүйгээр хуваалцах хэрэгтэй (26-р шүлгийг үзнэ үү.)

Их Эзэний зөвлөгөөг үл тоомсорловол энэ нь эцэстээ гай зовлон, сүйрэлд хүргэдэг (32–33-р шүлгийг үзнэ үү).

Бид Ариун Сүнстэй хамт байвал, бидэнд ирэх адислал дэлхийн баялгуудаас илүү агуу байх болно (38-р шүлгийг үзнэ үү).

  • Таны олсон тэрхүү үнэн Мартин Харрист хэрхэн тус болж болох байсан бэ?

  • Энэ илчлэлтэд Мартиныг хайрлах Бурханы хайр хэрхэн дүрслэгдсэн бэ?

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс энэ илчлэлтэд хариулсан Мартин Харрисын тухай ийнхүү хуваалцжээ.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Мартин Харрисын Сүмд оруулсан агуу хувь нэмрүүдийн нэг нь Мормоны Номын хэвлэлтийг санхүүжүүлсэн явдал бөгөөд үүгээр нь түүнийг үеийн үед хүндэтгэх ёстой. 1829 оны 8-р сард тэрээр хэвлэлийн гэрээн дэх төлбөрийг баталгаажуулахын тулд өөрийн гэр орон болон фермийг Эгбэрт Б.Грандинд барьцаалсан юм. Долоон сарын дараа Мормоны Номын эхний 5000 хувь хэвлэгдэж дуусав. Хожим нь барьцааны хугацаа дуусах үед түүний байшин болон фермийн хэсэг газар 3000 доллароор зарагджээ. Мартин Харрис ийнхүү Их Эзэний илчлэлтэд дуулгавартай байсан билээ. (Dallin H. Oaks, “The Witness: Martin Harris,” Ensign, May 1999, 36.)

  • Мартины хариу үйлдэл хэрхэн Христийн зан чанарыг харуулсан бэ?

  • Мөнхийн талаас нь харахад, Мартины золиослол яагаад үнэ цэнтэй байсан бэ?

19-р хэсгийн эхний хагасыг судалж байхдаа сурсан зүйлийнхээ талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийгөө золиослоход бэлэн байсан Аврагчийн хүсэл хэрхэн Мартинд өөрийнхөө хөрөнгийг золиослох хүсэлтэй болоход тусалсан талаар ярилцахыг суралцагчдаас хүсэж болно. Асар их зовлон зүдгүүр дунд Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлсэн Аврагчийн жишээ хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүссэн зүйлд дуулгавартай байхад тэднийг урамшуулах тухай тунгаан бодоход суралцагчдыг урьж болно.

Их Эзэн надаас юуг ч хүссэн бай

“Золиослол” гэсэн баганаас өнөө үеийн өсвөр насны хүүхдүүдэд хамааралтай нэг бичсэн зүйлийг сонгоод, “Бурханы зөвлөгөө” баганаас хэн нэгэнд золиослол гаргахад нь туслах нэг эсвэл түүнээс олон зөвлөгөөг сонгоход суралцагчдыг урь. Дараа нь суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилж, золиослол гаргах шаардлагатай болсон хэн нэгэнд энэхүү зөвлөгөө хэр тусалж чадахыг хамтрагчдаа тайлбарлахад урь.

Суралцагчдад нэг нэгэнтэйгээ энэ асуултын талаар ярилцах цаг гаргаж өгсний дараа та тэднээс сайн дураараа ангийнхантайгаа хариултуудынхаа талаар хуваалцахыг хүс.

Дараах зааврыг харуулах нь тустай байж болох бөгөөд суралцагчдыг судлах тэмдэглэлдээ өөрсдийн бодол санааг бичихэд урь.

  1. Хэцүү ч гэсэн Их Эзэний танаас Өөрийнх нь таалалд нийцэхийг хүсэж буй нөхцөл байдлыг судлах тэмдэглэлдээ бич.

  2. Түүний тааллыг гүйцэлдүүлэхийг хичээхэд тулгардаг саад бэрхшээлүүдийг жагсаа.

  3. Өөрт тулгарсан нөхцөл байдлыг Бурханы мөнхийн талаас харах нь хэрхэн эдгээр саад бэрхшээлийг даван туулахад туслах вэ?

  4. Сургаал ба Гэрээ 19 дээрх Аврагчийн үлгэр жишээ танд Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд нийцүүлэхэд хэрхэн сүнслэгээр нөлөөлсөн тухай бич. (Та 2-р шүлгийг болон 16–19, 23–24-р шүлгийг уншиж болно.)

  5. Танд тулгарсан нөхцөл байдалд Аврагчийн жишээг дагахад туслах эхний хэдэн алхмыг жагсаана уу.