Семинар
39-р хичээл: Сургаал ба Гэрээ 25, 1-р хэсэг: “Миний охин Эмма Смит”


“Сургаал ба Гэрээ 25, 1-р хэсэг: ‘Миний охин Эмма Смит,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага, (2025)

“Сургаал ба Гэрээ 25, 1-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

39-р хичээл: Сургаал ба Гэрээ 23–26

Сургаал ба Гэрээ 25, 1-р хэсэг

“Миний охин Эмма Смит”

Эмма Смит

Сургаал ба Гэрээ 25-д, Аврагч Эмма Смитэд Өөртэй нь адилхан болохын тулд бурханлаг даалгавраа хэрхэн гүйцэлдүүлэх талаар зөвлөгөө өгсөн. Энэ хичээл нь Аврагчтай илүү адил болоход туслах арга замуудыг ойлгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

“Чи бол миний дуудсан, сонгогдсон хатагтай болой”

Та суралцагчдад Эмма Смитийн зургийг үзүүлж, түүний талаар юу мэддэгийг нь асуу.

Эмма Смитийн амьдралын тухай дараах үйл явдлыг хуваалцах талаар бодож үз. Энэ үйл явдал Эммагийн хувьд ямар байсан тухай ярилцахад суралцагчдыг урь.

Эмма Смитийн амьдрал дахь эдгээр үйл явдлыг туулах нь танд ямар байх байсан тухай төсөөл. (Эдгээр цэдгийг Гэгээнтнүүд номын 1-р боть Үнэний жишиг, 1815–1846 [2018], х. 37–38, 46, 52, 94–96-аас олж болно.)

  • Иосефыг Моронайгаас сүүлийн заавар хүлээж аваад, алтан ялтаснуудыг олж авах үед Эмма Кумора гүвээний доод хэсэгт тэргэн дээрээ түүнийг хүлээж байжээ.

  • Эмма Мормоны Номыг орчуулахад Иосефын бичээчээр ажилласан ба дараа нь тэдгээр гар бичмэлийн хуудаснууд алга болсон юм.

  • Эмма, Иосеф хоёрын анхны хүүхэд ердөө хэдхэн цаг амьдарсан ба Эмма өвдөж, үхэх дөхсөн байна.

  • Эмма харгис хэрцгий бүлгийн заналхийлэл доор баптисмын усанд орж байсан. Тэр орой Иосефт хилс хэрэг тулган баривчилснаар Эммагийн гишүүний баталгаа хойшлогджээ.

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 25-р бүлгийн түүхэн нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд дараах догол мөрийг хуваалцах талаар бодож үз.

Аврагч Сургаал ба Гэрээ 24-р бүлэгт Иосеф Смитэд “бүхий л үйлчлэлээ Сионд зориулах ёстой” (7-р шүлэг) хэмээн илчилжээ. Иосефт түр хугацаагаар ч болов гэр бүлээ тэжээж, амьжиргаагаа залгуулах цаг бага гарна гэдгийг Эмма Смит мэдэж байсан учир энэ илчлэлт түүнд тодорхойгүй байдлыг мэдрүүлсэн юм (Гэгээнтнүүд номын 1:96-г үзнэ үү). Эммагийн удирдамж авахсан гэсэн хүслийг мэдээд, Их Эзэн Сургаал ба Гэрээ 25-ыг түүнд зориулан илчилсэн юм. Аврагчийн түүнд өгсөн зөвлөгөө бүх хүнд хамаатай (Сургаал ба Гэрээ 25:16-г үзнэ үү).

сургалтын шигтгээ зураг Есүс Христийн сургаалаас бие даан судал. Ингэхийн тулд суралцагчдыг хэрхэн урамшуулах талаар дадлага хийх хэрэгтэй бол Багшийг хөгжүүлбэл зохих ур чадвар гарын авлага дээрх “Есүс Христийн сургаалд өөрөө суралц (2022)” гэсэн гарчигтай сургалтыг үзнэ үү. Суралцагчдад үнэнүүдийг эрж хайхад нь туслахын тулд энэ сургалт танд нээлттэй хайх асуултуудыг зохиох дадлага хийхэд тусална.

Сургаал ба Гэрээ 25:1–3-ыг уншаад, Их Эзэн Эмма Смитийн талаар юу гэж мэдэрч байсныг олж мэд.

  • Эмма Их Эзэнтэй харилцах өөрийн харилцааны талаар юу сурсан бэ?

  • Аврагч Түүний хаант улсын хөвгүүд, охид болохын тулд юу хийх хэрэгтэй гэж хэлсэн бэ?

    Энэхүү үнэнийг олж мэдэхэд суралцагчдад тусал. Аврагчийн сайн мэдээг хүлээн авах үедээ бид Түүний ажлыг хийхээр Түүний хаант улсын хөвгүүд, охид болдог. Гэрээ байгуулснаар бид Аврагчийн хаант улс дахь Түүний хөвгүүд, охид болдог. Суралцагчид энэхүү үнэнийг тустай гэж бодвол Мозая 5:7-г уншиж болно.

    Энэ зарчмыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг сонгохыг бод.

  • Энэ зөвлөгөөг хүлээж авахад Эммад ямар ач холбогдолтой байсан гэж та бодож байна вэ?

  • Аврагчийн сайн мэдээг хүлээн авах нь Бурханы хөвгүүд, охидын хувьд та нарт Түүнтэй ойрхон мэт мэдрэхэд хэрхэн тусалсан бэ?

Сургаал ба Гэрээ 25:4–9-ийг уншаад, Их Эзэн Эммагаар юу хийлгэхээр дуудсаныг олж мэд.

Аврагч Эммагаар юу хийлгэхээр дуудсан тухай жагсаалтыг самбар дээр гаргахад суралцагчдыг урих талаар бодож үз. Суралцагчдад 7-р шүлэг дээрх “томилогдох” гэдэг нь дуудлагынхаа хувьд онцгойлон адислал авахыг хэлдэг гэдгийг ойлгоход тусал. Та мөн “тайлбарлах” гэдэг нь тайлбар өгөх, орчуулах гэсэн утгатай ба “ухуулах” гэдэг нь урамшуулах, зөвлөх, сайшаах гэсэн утгатай болохыг тайлбарла.

  • Та юу олж мэдсэн бэ?

  • Дуудлагаа эрхэмлэн биелүүлэх нь Эммад Аврагчтай илүү адилхан болоход хэрхэн тусалсан бэ?

Аврагчийн зөвлөгөөг хэрэгжүүлэх

Их Эзэний Эммад өгсөн заавар өөрсдөд нь хэрхэн хамааралтай болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд ангийн гишүүдийг жижиг судлах бүлгүүдэд хуваа. Өрөөний эргэн тойронд байрлуулж болох гурван өртөө байгуул. Эмма Смитийн амьдралын түүх, Есүс Христийн амьдралаас авсан судруудын жишээг олох, ярилцах асуултууд эсвэл үйл ажиллагааг багтаасан урилга судлах өртөө бүрд бий.

Хэрэв хэрэгтэй бол Нэмэлт суралцах үйл ажиллагаа хэсгээс дөрөв дэх үйл ажиллагааг олж болно.

Эсвэл та Эммагийн амьдралын бусад түүхийг судлахыг хүсвэл Гэгээнтнүүд номын “Смит, Эмма Хэйл”-ийн доорх, 1:695 дахь индексжүүлсэн түүхийг ашиглаж болно. Сургаал ба Гэрээ 25 дахь Эммагийн хүлээн авсан зөвлөгөөнд тэр хэрхэн дуулгавартай байсныг олж тогтооход суралцагчдыг урь.

“Бүү бувтна” (Сургаал ба Гэрээ 25:4)

Эмма Смитийн амьдралаас

Иосеф Смит тэнгэрлэг илэрхийлэлт, тэнгэр элч нарын айлчлал болон Мормоны Ном, Библи зэрэг бусад ариун нандин бичээсийг орчуулсан. Эмма Смит Иосефын төлөө бүхий л амьдралаа зориулсан ч түүний хараагүй хэд хэдэн зүйлийг Иосеф харсан байдаг.

Аврагчийн амьдралаас

Есүс Христийн бувтнахаас зайлсхийх үеийн амьдралын түүхийг хуваалц (зарим жишээг Исаиа 53:7; Матай 27:12-оос үзнэ үү).

Бувтнахаас зайлсхийх нь бидэнд Есүс Христтэй адил болоход хэрхэн тусалж болох вэ?
  • Аврагч яагаад бидэнд ойлгохгүй зүйлийнхээ төлөө бүү бувтна гэсэн зарлигийг өгсөн гэж бодож байна вэ?

  • Их Эзэний хүсэл, цаг хугацааг ойлгохгүй байгаа хэн нэгэн хэрхэн итгэлээр үйлдэж болох вэ?

“Тайвшруулах” (Сургаал ба Гэрээ 25:5)

Эмма Смитийн амьдралаас

Иосефтой хамт туулсан Эммагийн амьдрал хүнд хэцүү байсан ч тэрээр Иосефт сорилт тулгарах бүрд түүнийг хайрлан дэмжиж байсан. 1835 онд, уурлаж хилэгнэсэн бүлэглэл Иосеф, Эмма хоёрын амьдарч байсан гэр лүү дайрч орон, Иосефыг харанхуйн гүн рүү чирсэн юм. Иосеф тэр орой гэртээ эргэж иржээ. Тэр амьд байсан ч аймшигтайгаар зодуулж; давирхай, өдөнд дарагдсан байлаа. Эмма шөнийн туршид Иосефын бие дээрх давирхайнуудыг үрж, хуулсан юм. Тэр аймшигт шөнө Иосеф, Эмма хоёрын ихэр нялх үрс өвчний улмаас өөд болжээ (Гэгээнтнүүд, 1:150–153-ыг үзнэ үү).

Аврагчийн амьдралаас

Есүс Христийн эргэн тойрныхоо хүмүүсийг тайтгаруулж байсан цаг үеийг бод (зарим жишээг Матай 9:20–22; Иохан 14:18, 27; 3 Нифай 17:5–7-оос үзнэ үү).

Бид хэрхэн бусдыг тайтгаруулж, Есүс Христтэй илүү адилхан болох вэ?
  • Хүнд хэцүү үед тань хэн нэгэн таныг тайтгаруулахын тулд хийсэн зүйлийг хуваалц.

  • Найз нөхөд эсвэл гэр бүлийнхээ гишүүнийг тайтгаруулахын тулд юу хийж болох талаар тунгаан бод. Та тэдэнд Аврагчийн хайрыг мэдрэхэд хэрхэн тусалж чадах вэ?

  • Найз нөхөд эсвэл гэр бүлийнхээ гишүүдэд Аврагчийн хайрыг мэдрэхэд тусалж, тэдний сүнсийг өргөх тэмдэглэл эсвэл мессеж бич.

“Судруудыг тайлбарлах мөн … Сүмд ухуулах” (Сургаал ба Гэрээ 25:7)

Эмма Смитийн амьдралаас

1842 онд Эмма Смит Халамжийн нийгэмлэгийн анхны ерөнхийлөгчөөр дэмжин батлагдав. Байгууллагыг төлөвшүүлэхэд Эммагийн манлайлал чухал үүрэг гүйцэтгэжээ. Эмма өрөвч нинжин сэтгэл, сүнслэгээр ойлгох мэдрэмжээрээ дамжуулан гэгээнтнүүдэд зааж, тэднийг дэмжсэн. Эмма Халамжийн нийгэмлэгийн эгч нарыг энэрлээр үйлдэж, ер бусын аргаар тайтгаруулж, бие биеэ хүчирхэгжүүлж, наманчилж, уучлахад урьсан (Гэгээнтнүүд номын 1:448–451-ийг үзнэ үү).

Аврагчийн амьдралаас

Аврагчийн судруудыг тайлбарлаж буй болон Өөрийг нь дагасан хүмүүст зааж буй судруудын жишээг хуваалц (зарим жишээг Матай 5:21–25; 3 Нифай 23:1–3; Иосеф Смит—Түүх 1:19-өөс үзнэ үү).

Судрыг тайлбарлах дадлага
  • Аврагчтай улам бүр ойртож, илүү адил болоход тань тусалсан судрын хэсгүүдийг сонго.

  • Сонгосон судраа хуваалцаж, энэ нь өөрт чинь ямар утга учиртай болохыг тайлбарла.

  • Судруудыг ойлгож, заах нь бидэнд Есүс Христтэй адилхан болоход хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг энэ үйл ажиллагааг дуусгасныхаа дараа, сурсан зүйлээсээ онцгой санагдсан хэсгийг ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагч бүр Аврагчийн хаант улсын “сонгогдсон” хөвгүүд, охид болохыг гэрчилснээр хичээлээ төгсгөхийг бодоорой. Тэдэнд бусдыг адисалж, бусдад үйлчилж, Есүс Христтэй адилхан болоход туслах олон боломж бий гэдгийг онцлон хэл.