Семинар
43-р хичээл: Сургаал ба Гэрээ 28: Сүм дэх илчлэлт


“Сургаал ба Гэрээ 28: Сүм дэх илчлэлт,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 28,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

43-р хичээл: Сургаал ба Гэрээ 27–28

Сургаал ба Гэрээ 28

Сүм дэх илчлэлт

Хайрам Пэйж

1830 онд Хайрам Пэйж нэгэн онцгой чулуугаар дамжуулан Сүмд зориулсан илчлэлт хүлээн авсан гэж мэдэгджээ. Оливер Каудери зэрэг Сүмийн зарим гишүүн түүнд итгэсэн юм. Энэ нөхцөл байдалд хариу болгон Их Эзэн Сүм дэх илчлэлтийн дэг жаягийн талаарх үнэнүүдийг илчилжээ. Энэ хичээл нь Аврагч Өөрийн Сүмд хүсдэг хүслээ илчлэхийн тулд ашигладаг дэг журам, зохион байгуулалтыг ойлгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сатаны худал хуурмаг

Самбар дээр худал хуурмаг ба үнэн гэж бич. Суралцагчдад сонгосон зүйлсээ үзүүлж, жинхэнэ эсвэл хуурамч гэдгийн аль нь болохыг хуваалцахад урь. Тухайлбал: Жинхэнэ эсвэл тоглоомын утас, жинхэнэ эсвэл хуурамч мөнгө, жинхэнэ эсвэл хуванцар жимс мөн банкнаас ирсэн э-мэйл эсвэл банк мэт дүр эсгэн хэн нэгний илгээсэн хуурамч э-мэйл гэх мэт байж болно.

  • Та жинхэнэ, хуурамч зүйлийг хэрхэн ялгаж чадах вэ?

  • Ямар нэгэн бодит зүйлийг хуурамч зүйлтэй андуурч ойлгох нь яагаад хор хөнөөлтэй байж болох вэ?

  • Энэ нь амьдралдаа Аврагчийг дагахыг хичээж буй хэн нэгэнд хэрхэн хамааралтай байж болох вэ?

Сургаал ба Гэрээ 28-р хэсгийн оршлыг уншаад, дөнгөж шинээр зохион байгуулагдсан Сүмийн гишүүд юу үнэн, юу худал хуурмаг болохыг мэдэхэд хэцүү байсан нөхцөл байдлыг олж мэд.

Хайрам Пэйж нь сайн мэдээг хүлээн авч, Сүм зохион байгуулагдсан тухайн сард баптисм хүртсэн гэдгийг мэдэх нь тустай байж болох юм. Тэрээр мөн Мормоны Номын Найман гэрчийн нэгээр сонгогдож байсан ба гэрчлэлдээ үргэлж үнэнч байсан.

  • Хайрам Пэйж, Оливер Каудери зэрэг сайн хүмүүс ч Сатаны худал хуурмагт яагаад автдаг гэж та бодож байна вэ?

Дараах асуултуудыг тунгаан бодох цаг гарга. Үүнд:

  • Сатан таныг болон таньдаг хүмүүсийг тань хэрхэн хууран мэхлэхийг оролдож болох вэ?

  • Их Эзэн бидэнд хууран мэхлэгдэхээс зайлсхийхэд туслах ямар удирдамж, тусламж өгдөг вэ?

Та үргэлжлүүлэн судлах явцдаа эдгээр асуултын хариултыг ол.

Их Эзэний хариулт

Иосеф Смит энэ нөхцөл байдалд юу хийх талаар санаа зовж, Их Эзэнээс хариулт авахын төлөө шөнөжин залбирав. Түүний хүлээн авсан илчлэлт Оливер Каудерид зориулан өгөгдсөн ба Сургаал ба Гэрээ 28-д цэдэглэгджээ.

Сургаал ба Гэрээ 28:1–8, 11–13-ыг уншаад, Их Эзэний Оливер Каудерид илчлэлтийн тухай заасан үнэнүүдийг олж мэд.

Илчлэлтийн тухай өөр өөр үнэнийг хуваалцахад суралцагчдыг урь. Хуваалцсан үнэнүүдийг самбарт бичихийг бод.

Хэрэв таны бодлоор энэ нь суралцагчдад илүү хэрэгтэй эсвэл сонирхол татахуйц байхаар бол дараах үнэнүүдийг самбар дээр бичиж, тэдгээрийг уншиж, зааж буй шүлгүүдтэй тааруулахад суралцагчдыг урь.

Их Эзэн зөвхөн Сүмийн ерөнхийлөгчөөр дамжуулан бүхэл Сүмд зориулсан илчлэлтийг өгөх болно (2-р шүлгийг үзнэ үү).

Их Эзэн хувь хүнд өөрийг нь тэргүүлдэг хүнийг удирдах зааврыг илчлэлтээр өгдөггүй (6–7-р шүлгийг үзнэ үү).

Их Эзэн бидний ашиг тусын төлөө мөн дуудлага, үүрэг даалгаварт маань туслахын тулд бидэнд илчлэлт өгдөг (8-р шүлгийг үзнэ үү).

Сатан биднийг хуурамч илчлэлтээр дамжуулан хууран мэхлэхээр оролддог (11-р шүлгийг үзнэ үү).

Их Эзэн биднийг мэхлэгдсэн үед залруулахад туслахын тулд Өөрийн удирдагчдыг урьдаг (11-р шүлгийг үзнэ үү).

Энэ хэсгээс Их Эзэний тухай юу сурснаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Их Эзэн Сүмээ мөн хүмүүсээ зохион байгуулалттайгаар удирддаг зэрэг нэмэлт зарчмыг тэд хуваалцаж болно.

  • Их Эзэн яагаад үргэлж эдгээр зарчмын дагуу илчлэлт өгдөг гэж та бодож байна вэ?

  • Эдгээр үнэнийг мэдэх нь хууран мэхлэгдэхээс зайлсхийхэд бидэнд хэрхэн туслах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд “Хувийн илчлэлт авах цогц дүрэм” хэмээх захиасандаа илчлэлт хүлээн авах үйл явцын талаар хэд хэдэн ойлголтыг хуваалцжээ. Үүнд:

  1. “Бид хувийн илчлэлтийг бусдын өмнөөс [эрх эсвэл хариуцлага] бус, харин зөвхөн өөрсдийн эрх мэдлийн хүрээнд [эсвэл нөлөөллийн хүрээнд] хүлээн авдаг. …”

  2. “Сургаал, зарлиг, Сүмийн төлөөх илчлэлтүүд бол Их Эзэн Есүс Христээс тэдгээрийг хүлээн авдаг амьд бошиглогчийн эрх дарх юм [Сургаал ба Гэрээ 21:4–5-ыг үзнэ үү]. …”

  3. “Цогц дүрмийн гурав дахь элемент бол хувийн илчлэлт нь Бурханы зарлигуудтай, бидний Түүнтэй байгуулсан гэрээтэй нийцэж байх явдал юм. …”

  4. “Бид Бурханы аль хэдийн өгсөн тодорхой чиглүүлгийн талаар илчлэлт гуйх үедээ мэдрэмжээ буруугаар ойлгож, сонсохыг хүссэн зүйлээ сонсдог байдалд ордог” (Лиахона, 2022 оны 11-р сар, 16–17).

Жишээ

Суралцагчдад сурсан зүйлээ дүгнэхэд нь туслахын тулд дараах нөхцөл байдлыг танилцуулж, суралцагчдыг ангиараа эсвэл жижиг бүлгээрээ дараах зүйлийг хийхэд урь. Энэ үйл ажиллагааг суралцагчдадаа илүү хамааралтай болгохын тулд тухайн нөхцөл байдлын аль нэг хэсгийг хасаж эсвэл өөрчилж болно.

Дараах нөхцөл байдлуудыг уншаад, жинхэнэ илчлэлт мөн эсэхийг заадаг шүлэг эсвэл хэллэгийг Сургаал ба Гэрээ 28-аас сурч мэдсэн Их Эзэний үгсээс хайж ол.

  • Бошиглогч бүх Сүмийн гишүүнийг ариун сүмд орохыг урамшуулан дэмжив.

  • Санаа зовсон бүлэг гишүүд Бурхан Сүмээс сургаалдаа эсвэл төвөгтэй асуудлын талаарх бодлого журамдаа өөрчлөлт оруулахыг хүсдэг гэдгийг зоригтой зааж байлаа.

  • Нэгэн гишүүн тойрогтоо юу хийх ёстойг нь Их Эзэн бишопт өөрт нь илчилсэн гэдэгт итгэжээ.

  • Нэгэн залуу эмэгтэйн ээж охиных нь сонголт сайхан санагдахгүй байгааг охиндоо хэлэв.

  • Нэгэн ганц бие залуу коллежид болзож байхдаа нэгэн залуу эмэгтэйг өөртэй нь гэрлэх илчлэлт хүлээн авлаа гэж хэлэв.

    Биднийг тэргүүлдэг хүмүүс эсвэл ажил үүргийн хувьд биднээс өөр хэн нэгэнтэй санаа зовж буй байдал, санаа оноогоо хайраар хуваалцах нь зөв ч бид тухайн асуудалд илчлэлт авах тэдний эрхийг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг тайлбарлах нь чухал. Жишээлбэл: Залуу эрэгтэй Их Эзэн өөрийг нь залуу эмэгтэйгээс гэрлэхийг гуйхыг зөвшөөрснийг сүнслэгээр мэдэрч байгаа ч уг эмэгтэй өөрт нь юу хамгийн сайн болох илчлэлтийг өөрөө л хүлээн авах эрхтэй.

    Эдгээр зарчмын эсрэг илчлэлтийг хүлээн авсан гэж бодсон хэн нэгний амьдралын бодит жишээг үзүүлсэн ChurchofJesusChrist.org дээрх “Хувийн илчлэлт авах цогц дүрэм” видеог цагийн код 4:14-өөс 5:07 хүртэл үзнэ үү.

    12:41

    Хувийн илчлэлт авах цогц дүрэм

    Ахлагч Рэнланд хэрхэн Ариун Сүнсээр дамжуулан хувийн илчлэлт хүлээн авч, хууран мэхлэлтээс зайлсхийх талаар заав.

  • Дээрх аливаа ташаа нөхцөл байдалд Сатаны худал хуурмагт итгэх нь биднийг Аврагчаас хэрхэн холдуулах вэ?

    Их Эзэний арга зам, дэг жаягаар өгсөн илчлэлтийн чухлыг мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын дор хаяж хоёрт нь хариулахад тэднийг урь.

  • Их Эзэний илчлэлтэд зориулан ашигладаг дэг жаягийг ойлгох нь таныг хэрхэн адисалж байж болох вэ?

  • Хэзээ Их Эзэн таныг эсвэл таны таньдаг хэн нэгнийг бошиглогч, гадас, тойргийн удирдагч эсвэл эцэг эхэд өгсөн илчлэлтээр дамжуулан адисалсан бэ?

  • Хэзээ та эсвэл таны таньдаг хэн нэгэн тохинуулж, үйлчлэхээр дуудагдсан хүмүүсээ адислах илчлэлтийг Их Эзэнээс хүлээн авсан бэ?

  • Их Эзэн хэзээ таныг зөвхөн танд зориулсан илчлэлтээр адисалсан бэ?

Суралцагчдаас хуваалцах боломжтой хариултаа сонгохыг хүс. Суралцагчид ангиараа хуваалцаж болно эсвэл ойрын үед хуваалцаагүй хэн нэгнийг олж, жишээг нь хуваалцаж болно. Тэд хэнийг ч сонгосон бай хуваалцах боломжтой. Цаг гарвал суралцагчдад бусадтайгаа үүнийг хуваалцах боломжийг олго. Дараа нь хэд хэдэн суралцагчийг бусдаас сонссон, өөрсдөд нь утга учиртай санагдсан зүйлээ хуваалцахад урь. Тэднийг хуваалцах үед бидэнд үнэнийг илчлэхдээ үзүүлдэг Их Эзэний сайн сайхан, нигүүлслийг онцлох арга замыг хайж ол. Та мөн Түүний ашигладаг дэг жаяг, зохион байгуулалтыг ойлгоход бидэнд туслах Түүний хүслийг онцолж болно.

Оливер Каудери уг илчлэлтийг хүлээн зөвшөөрсөн ба маш их ятгасны эцэст Хайрам Пэйж болон бусад хүн худал илчлэлтээс татгалзжээ.

Гэрчлэлээ хуваалцсанаар хичээлийг дуусгаж болно.