“Сургаал ба Гэрээ 29:9–29: Есүс Христийн Хоёр дахь ирэлт,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 29:9–29,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Есүс Христийн Хоёр дахь ирэлт агуу хийгээд аймшигт өдөр байх болно. Есүс Христийн элч нараас болон сургаалуудаас татгалзсан хүмүүс сонголтынхоо үр дагаврыг амсах болно. Түүнийг дагахаар хичээж буй хүмүүс Гэтэлгэгчээ дэлхийд эргэн ирэхийг хараад баясацгаана. Тэрээр ёс бус байдал, харуусал гунигаас тэднийг аварч, тэдэнтэй хамт мянган жил оршин суух болно. Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийг дэлхий дээр эргэн ирэхийг хүлээх зуураа баяр баясгаланг мэдрэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Айдастай эсвэл баяр баясгалантай байна уу?
-
Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар бодоход танд ямар мэдрэмж төрдөг вэ? Яагаад?
-
Хоёр дахь ирэлтийн талаар бодох үедээ та Аврагч дээр илүү төвлөрдөг үү эсвэл Түүний эргэн ирэхийн өмнөх зовлон бэрхшээл дээр төвлөрдөг үү? Ийнхүү төвлөрөх нь таны мэдрэмжид хэрхэн нөлөөлдөг вэ?
Эцсийн өдрүүдэд олон зовлон зүдгүүр, туйлын ёс бус байдал орших ба “гай зовлон болон эзгүйрэл” ёс бус хүмүүс дээр ирнэ гэдэг нь үнэн юм (Сургаал ба Гэрээ 29:8-ыг үзнэ үү). Аврагчийн эргэн ирэх нь уг зовлон зүдгүүр, ёс бус байдлын шалтгаан биш гэдгийг ухаарах нь мөн чухал. Тэр эргэн ирснээр шавь нараа эдгээрээс чөлөөлөх болно. Хоёр дахь ирэлт Түүний дагалдагчдын хувьд бидний төсөөлж чадахаас илүү гайхамшигтай байх болно! Өнөөдөр судалж байхдаа та итгэлтэй хүмүүс Есүс Христийн эргэн ирэх талаар бодохдоо баяр баясгалан, найдварыг мэдэрч болох шалтгаануудыг олж мэд.
Сургаал ба Гэрээ 29:10–13-ыг уншаад, танд баясах шалтгаан өгч буй үг, хэллэгийг ол.
-
“Сүр хүч хийгээд агуу алдар суугаар” (11-р шүлэг) Есүс үзэгдэх болно гэдгийг мэдэх нь таныг хэрхэн тайтгаруулж байна вэ?
-
Христийг “зөв шударга ёсонд хүмүүнтэй хамт” (11-р шүлэг) оршин суух үед таны өдөр тутмын амьдрал хэрхэн өөр болно гэж та төсөөлж байна вэ?
-
Аврагч ирж, зөв шударга хүмүүсийг амилуулах үед таны хайртай нас барсан хүмүүсээс хэнтэй нь уулзахдаа та хамгийн их баярлах вэ? (13-р шүлгийг үзнэ үү.)
-
Таны хувьд “бид [Христтэй] нэг байх” (13-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Аврагч яагаад тантай нэг байхыг хүсдэг гэж та бодож байна вэ?
Есүс Христ хүмүүстэй хамт мянган жил оршин суух болно
Мянган жилийн тухай болон Христийн мянган жилийн засаглалын үеэр мөн дараа нь тохиох баяр баясгалантай нөхцөл байдлын талаарх асуултуудын хариултыг тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаас хайхад хэдэн минут зарцуул. Судалж буй зүйлд тань дараах үйл ажиллагаа тус болно. Үүнд:
Судруудын удирдамж, “Мянган жил,” scriptures.ChurchofJesusChrist.org
Сургаал ба Гэрээ 29:23–27
Исаиа 65:19–25
Илчлэл 20:1–3
1 Нифай 22:24–28
Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэх
Нүдээ аниад, Есүс Христ дагалдагчдаа аварч, хамгаалж, эдгээхээр тэнгэрээс бууж ирж байна гэж төсөөлөхийг хичээ. Тэнгэрлэг Эцэг Хүүгийнхээ эргэн ирэх үйл явдлын талаар танд юуг мэдрүүлж байгааг олж мэдэхийн тулд Ариун Сүнснээс ирэх мэдрэмжид анхаарал хандуул.
-
Түүнийг дагахыг хичээж байсан хүмүүсийг хараад, Түүний царай хэрхэх бол гэж та төсөөлж байна вэ?
-
Бууж ирснийхээ дараа Тэрээр итгэлтэй хүмүүст хандаж юу гэж хэлнэ гэж та төсөөлж байна вэ?
-
Аврагчийн дэлхий дээр эргэн ирэхийг шавь нар нь хэрхэн мэдрээсэй хэмээн Тэр хүсдэг гэж та бодож байна вэ?