Семинар
52-р хичээл: Сургаал ба Гэрээ 38:15–27, 34–42: Нэг байгтун


“Сургаал ба Гэрээ 38:15–27, 34–42: Нэг байгтун,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага, (2025)

“Сургаал ба Гэрээ 38:15–27, 34–42,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

52-р хичээл: Сургаал ба Гэрээ 37–40

Сургаал ба Гэрээ 38:15–27, 34–42

Нэг байгтун

Аврагчийн тохинуулал

Их Эзэн гэгээнтнүүддээ Огайод цугларахын тулд агуу золиос гаргахаар бэлтгэж байх үед нь зааварчилгаа өгөв. Аврагч гэгээнтнүүдэд өгсөн илчлэлтээрээ Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийнхөө хүмүүсийг Өөр шигээ амьдрахад урьсан. Энэ хичээл нь бусдыг үнэлж, эв нэгдэлтэй байхыг эрэлхийлснээр Аврагчтай адилхан болоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Их Эзэн биднээс Өөртэй нь адил болохыг хүсдэг.

Та суралцагч бүрийг таван сонирхлоо бичихэд урьснаар хичээлээ эхлүүлж болно. Дараа нь ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваарил. Тэднийг сонирхдог зүйлсээ хуваалцаж, нийтлэг зүйлсээ жагсааж бичихэд урь. Үүний дараа, өөр өөр сонирхолтой хүмүүст нэгдмэл байх нь зарим үед яагаад хэцүү байдаг мөн Христийн шавийн хувьд нэгдмэл байх нь яагаад чухал байдгийг ярилцахыг тэднээс хүс.

Суралцагчдыг илүү сайн хандаж болох хэн нэгэн эсвэл илүү сайн харилцаатай болж болох хэн нэгний талаар бодоход урь. Тэр хүндээ илүү сайн хандаж эсвэл харилцаагаа илүү сайжруулахад нь тэдэнд туслахын тулд Ариун Сүнснээс урам зориг эрэлхийлэхэд суралцагчдыг урамшуул. Ийнхүү харилцах нь эв нэгдэлтэй болоход хэрхэн тусалж болох тухай бодоход тэднийг урь.

1830 оны 12-р сард Иосеф Смит Библийг сүнслэгээр өдөөгдөн хянаж байсан ба Агуу Үнэт Сувд дээр буй одоогийн Мосе 6–7-р хэсгийг хүлээн авсан юм. Эдгээр бүлэг нь Енох нэртэй бошиглогч болон түүний хүмүүсийн түүхийг агуулдаг. Тэд зөв шударга, эв нэгдэлтэй байсан учраас Их Эзэн тэр хүмүүсийг Сион хэмээн нэрлэжээ.

Сургаал ба Гэрээ 38-д Аврагч гэгээнтнүүдийг Огайод цугларахыг зааварласан. Тэр тэдэнд Өөрийн зан чанарын тухай заагаад, Сионыг байгуулах зарчмыг онцлон хэлсэн. Эдгээр зарчимд дуулгавартай байх нь Аврагчийн хуулийг хүлээн авч, Түүний хүчээр хишиг хүртэхэд бэлтгэхэд нь гэгээнтнүүдэд туслах юм (Сургаал ба Гэрээ 38:32-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 38:24–27-г уншаад, Есүс Христийн хөгжүүлээсэй хэмээн биднээс хүсдэг зан чанаруудыг олж мэд.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 38:24–27-г уншиж байхад та 24–25-р шүлэг дэх давтагдсан үг хэллэгийг онцолж болно. Түүнчлэн та цөөн суралцагчийг 26–27-р шүлэг дэх сургаалт зүйрлэлийг жүжигчлэн тоглоход урьж болно.

  • Ах дүүгээ өөр шигээ хүндлэх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Матай 22:36–39; Иохан 13:34–35; Иаков 2:17–19-ийг үзнэ үү.)

  • Бид 26–27-р шүлэг дэх сургаалт зүйрлэлээс Аврагчийн тухай юу мэдэж авч болох вэ?

  • 24–27-р шүлэг бидэнд Есүс Христ шиг болох талаар юу зааж байна вэ?

    Бид Есүс Христийн шавь нарын хувьд бусдыг үнэлж, эв нэгдлийг эрэлхийлснээр Түүнтэй адил болж чадна гэсэнтэй ижил зарчмыг олж тогтооход нь суралцагчдад тусал.

    Энэ зарчмыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудын заримыг эсвэл өөрийн бодож буй асуултыг ашигла. Суралцагчдыг ярилцаж байхдаа илүү сайн харилцаатай байхыг хүсэж буй хүмүүсийн тухай бодоход урьж болох юм.

  • Есүс Христ бусдыг үнэлэх талаарх жишээг хэрхэн үлгэрлэн үзүүлсэн бэ? Мөн эв нэгдлийн жишээг хэрхэн харуулсан бэ?

  • Сүмийн бусад гишүүнтэй эв нэгдэлтэй байх нь яагаад заримдаа хэцүү байдаг вэ?

  • Бусдыг илүү их хайрлаж, Сүмийн гишүүдтэй илүү нэгдмэл байх нь таны амьдралд ямар өөрчлөлтийг авчирч болох вэ?

Аврагч бидэнд нэгдмэл байхад хэрхэн тусалдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд ChurchofJesusChrist.org дээрээс “One in Christ” (4:48) видеог үзүүлж болно.

4:48

Сургаал ба Гэрээ 38:34–36, 39–42-ыг уншаад, Огайод цугларахаар бэлдэж буй гэгээнтнүүдийг хэрхэн нэгдмэл байхад урьсныг олж мэд.

  • Огайо руу нүүж буй хүмүүст бие биеэ үнэлж, эв нэгдэлтэй байхад тус болох юуг та олж мэдсэн бэ?

Бусдыг үнэлж, эв нэгдлийг эрэлхийлэх бидний хичээл зүтгэл

сургалтын материалын шигтгээ зурагСургаал, зарчмуудыг онцлохын тулд бошиглогчдын үгсийг ашигла. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар гарын авлагын “Судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс заа” гэсэн гарчигтай сургалтыг үзнэ үү. Ахлагч Рэнландын дараах мэдэгдэлд дурдсаны дагуу “судруудад байгаа үнэнийг амьд бошиглогчдын хэлж буй зүйлтэй холбоход суралцагчдад туслах урилга бэлтгэх” ур чадвараар дадлага хийхийг бод.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Христийн шавь нарын хувьд нэгдмэл байж чадах арга замуудыг заасан. ChurchofJesusChrist.org дээрх “Христийн амар тайван дайсагналыг хөнөөдөг” (цагийн код 12:39; 4:49-өөс 6:32 хүртэл үзнэ үү) видеог үзэх юм уу уг мэдэгдлийг уншина уу.

12:51
Ахлагч Дэйл Г.Рэнланд

Нэгдмэл байхын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай. Энэ нь биднийг Бурханы хайрыг зүрх сэтгэлдээ соёолуулж, мөнхийн хувь заяандаа анхаарлаа төвлөрүүлэх үед өсөн хөгждөг. Бид Бурханы хүүхдүүд гэх нийтлэг үндсэн шинж чанараараа мөн сэргээгдсэн сайн мэдээний үнэнд тууштай байх гэсэн үүрэг амлалтаараа нэгддэг. Бурханыг гэх бидний хайр мөн Есүс Христийн шавь байх нь бусдад чин сэтгэлээсээ санаа тавих хүслийг бадраадаг. Бид өнгө өнгийн цэцэгс адил бусдын өөр өөр зан чанар, харах өнцөг, авьяас чадварыг үнэлдэг. Хэрэв бид Есүс Христийн шавь байх замаа хувийн ашиг сонирхол, үзэл бодлоос дээгүүр тавьж чадахгүй бол нэн тэргүүнд тавьдаг зүйлсээ дахин нэг эргэн харж, өөрчлөгдөх ёстой.

Бид магадгүй “Чи надтай санал нийлэх юм бол бид мэдээж нэгдэж чадна!” гэж хэлэхийг хүсэж байж болно. Гэхдээ “Нэгдмэл байдлыг хөхиүлэн дэмжихийн тулд би юу хийж болох вэ? Би энэ хүнд Христэд илүү ойртоход нь хэрхэн тусалж чадах вэ? Зөрчилдөөнийг багасгаж, Сүмийн гишүүдийг бусдын зовлонг ойлгодог, бусдад санаа тавьдаг болгохын тулд би юу хийж болох вэ?” гэж асуух нь хавьгүй дээр хандлага юм.

Христийн хайр бидний амьдралыг дүүргэх үед бид зөрчилдөөнд номхон даруу байдал, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэлээр ханддаг. Бид эмзэглэхийн оронд хөршийнхөө нөхцөл байдалд илүү санаа тавьдаг. Бид “нэгдмэл саналд хүрэхийг эрэлхийлдэг” [Даллин Х.Өүкс, “Тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн Үндсэн хуулиа хамгаалах нь,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110]. “Үзэл бодлынх нь талаар бүү заргалд,” санал нийлэхгүй байгаа хүнээ бүү шүү, тэднийг бүдрэхэд бүү хүргэ [Ром 14:1–3, 13, 21-ийг үзнэ үү]. Үүний оронд, тантай санал нийлэхгүй байгаа хүмүүсийг амьдралынхаа туршлага дээр үндэслэн чадах чинээгээрээ хичээж байна гэж бод. (Дэйл Г.Рэнланд, “Христийн амар тайван дайсагналыг хөнөөдөг,” Лиахона, 2021 оны 11-р сар, 84)

Христийн шавийн хувьд бусдыг үнэлж, тэдэнтэй нэгдмэл байхыг хичээснээр хэрхэн адислагдаж байснаа хуваалцахыг суралцагчдаас хүс.

Суралцагчдыг бусдыг үнэлж, харилцаагаа бэхжүүлэхээр хэр сайн ажиллаж байгаагаа залбирч байгаад үнэлж дүгнэхэд урь.

Суралцагчид судлах тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж болно.

Харилцаагаа бэхжүүлэхийг хүсэж буй хувь хүн эсвэл бүлэг хүнийг залбирч сонго. Дараах асуултуудын нэгд эсвэл түүнээс олонд хариул.

  • Та тухайн хүнийг эсвэл хүмүүсийг үнэлж, тэдэнд хайраа харуулахын тулд юу хийж болох вэ?

  • Та тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахын тулд Аврагчид хэрхэн хандаж болох вэ?

  • Энэ нь танд Аврагчтай илүү адилхан болоход хэрхэн туслах вэ?