Семинар
51-р хичээл: Сургаал ба Гэрээ 37; 38:1–9, 28–33: “Огайод” цуглар


“Сургаал ба Гэрээ 37; 38:1–9, 28–33: “Огайод” цуглар,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага, (2025)

“Сургаал ба Гэрээ 37; 38:1–9, 28–33,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

51-р хичээл: Сургаал ба Гэрээ 37–40

Сургаал ба Гэрээ 37; 38:1–9, 28–33

“Огайод” цуглар

гэгээнтнүүдийн цугларалт

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд олон арга замаар хамтдаа цуглардаг. Сүмийн гишүүдийн нэг цул болон цугларсан анхны тохиолдол нь Их Эзэн Өөрийн хүмүүст “Огайод” цугларахыг зарлигласан явдал билээ (Сургаал ба Гэрээ 37:1). Нью-Йорк болон бусад бүс нутгийн Сүмийн гишүүд Огайод цугларахын тулд асар их золиос гаргажээ. Энэ хичээл нь Аврагч яагаад Өөрийн хүмүүсийг цуглар хэмээн зарлигласныг ойлгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

“Огайо руу яв”

Цугларалтын хүчийг таниулахын тулд дараах үйл ажиллагааг явуул. Нэг суралцагчид жижиг саваа өгөөд, савааг хугалахыг түүнээс хүс. Дараа нь түүнд жижиг саваануудыг багцалж өгөн, багцалсан савааг хугалахыг түүнээс хүс. Энэ даалгавар хэцүү ч биелүүлэх боломжтой байх ёстой. Эцэст нь уг суралцагчид яг ижил багцалсан жижиг саваанууд өгөөд, дээрээс нь нэг том саваа нэмж өг. Уг суралцагчаас энэ багцалсан савааг хугалахыг хүс. Энэ багцыг хугалах боломжгүй байх ёстой. Жижиг саваанууд (хувь хүмүүс) болон том саваа (Есүс Христ) хэн хэнийг төлөөлж болохыг төсөөлөхөд суралцагчдыг урь. Аврагч руу цугларахаас ирэх хүчийг олж мэдэхэд нь суралцагчдад туслах дараахтай адил асуултуудыг тавь.

  • Энэ нь цугларахаас ирэх хүчний тухай бидэнд юу зааж байна вэ? Аврагч руу цугларахаас ирэх хүчний тухай бидэнд юу зааж байна вэ?

    Дараах өөрийгөө үнэлэх үнэлгээ нь суралцагчдад уг хичээлийн турш өөрсдийн хувийн нөхцөл байдлын талаар бодоход тусална. Тэднийг асуулт бүрд хэрхэн хариулахаа эргэцүүлэн бодоход урь. Хамгийн сүүлийн асуултыг ангиараа ярилцаад, суралцагчдын хариултыг самбарт бич.

  • Яагаад Аврагч хүмүүсээ хамтдаа цугларахыг зарлигладаг гэж та бодож байна вэ?

  • Сүмийн бусад гишүүнтэй хамт цугларснаар ирэх ямар адислалууд таны амьдралд хэрэгтэй вэ?

  • Өнөө үед бид Аврагчийн хүчийг мэдрэхээр ямар газруудад цуглардаг вэ?

Огайогийн олон хүн Сэргээлтийн захиасанд хариулж, Аврагчийн Сүмд нэгджээ. Тэдний дунд Сидней Ригдон хэмээх номлогч байсан. Сидней, түүний эхнэр Феб хоёр Мормоны Номыг хүлээн зөвшөөрч, Сүмд нэгдвэл орон гэрээ төдийгүй амин зуулгаа алдана гэдгээ ойлгож байв. Тэд уг асуудалд залбиралтайгаар хандаж, баптисм хүртсэн. Ригдоны цуглаанаас олон хүн мөн Сүмд нэгджээ.

Нью-Йорк хотод Сүмийн олон гишүүн хүчтэй хавчлагад өртөж байлаа. Зарим тохиолдолд дайснууд нь Сүмийн удирдагчдын амь насанд заналхийлж, тэднийг устгахаар нууцаар уулзалдаж байв (Сургаал ба Гэрээ 38:13, 28–29-ийг үзнэ үү). Сидней Ригдон Иосеф Смиттэй уулзахаар Нью-Йоркод ирэхдээ Аврагчийн сайн мэдээг Огайод хэрхэн хүлээн зөвшөөрч байгаа талаарх мэдээг дуулгав. Иосеф Смит Нью-Йоркийн гэгээнтнүүдийн туулж буй зовлон бэрхшээлд тус болох заавар бүхий илчлэлт хүлээн авчээ.

Сургаал ба Гэрээ 37:1–4-ийг уншаад, Их Эзэн Өөрийн Сүмийн гэгээнтнүүдэд юу хий хэмээн зарлигласныг олж мэд.

Дараах газрын зураг нь зарим хүний Огайод цугларахын тулд хэр хол зам туулах ёстой байсныг харахад суралцагчдад тусална.

Огайо руу аялсан гэгээнтнүүд
  • Сүмийн гишүүд энэ зарлигийг хэрхэн хүлээж авсан бэ? Яагаад?

  • Аврагчийн зарлигийг дуулгавартай дагахад хэцүү санагдах үед итгэлийнхээ дагуу үйлдэхэд тань туслах Түүний талаарх юуг та мэддэг вэ?

Огайо руу явах зарлигийг хүлээн авсныхаа дараа Сүмийн удирдагчид цуглаж, хэрхэн явах талаараа ярилцжээ. Уг зарлигийг дуулгавартай дагаснаар тэд эд хөрөнгөө, зарим гэгээнтэн гэр бүлээ орхиж явах хэрэгтэй байлаа. Иосеф Смит энэ чуулганы үеэр Сургаал ба Гэрээ 38-ыг хүлээн авсан.

Сургаал ба Гэрээ 38:1–7-г уншаад, Аврагч Өөрийнхөө тухай юу заасныг олж мэд.

  • Аврагчийн талаар эдгээр зүйлийг мэдэх нь цугларахын тулд шаардлагатай золиосыг гаргахад гэгээнтнүүдэд хэрхэн тусалсан бэ?

Их Эзэнд цугларахад Тэрээр гэгээнтнүүдээ адисалдаг

Суралцагчид дараах судрын хэсэг дэх хамтдаа цугларснаар ирэх адислалуудыг жагсаан бичсэнээр судар судлах ур чадвараар дадлага хийнэ.

Сургаал ба Гэрээ 38:28–33-ыг уншаад, гэгээнтнүүд Аврагчийн Огайод цуглар гэсэн зарлигийг дагасан үед адислагдах арга замуудыг ол.

  • Огайод цугларсных нь төлөө Аврагч Сүмийн гишүүдийг хэрхэн адисалсан бэ?

  • Аврагчийн хүмүүстээ цугларахыг зарлигласан ямар ямар шалтгаан байна вэ?

    Суралцагчид Их Эзэн Өөрийн хүмүүсийг хамгаалж, сүнсээр хүчирхэгжүүлэхийн тулд цуглуулдаг гэсэнтэй адил үнэнийг тодорхойлж болох юм.

  • Аврагч ямар ямар арга замаар биднийг хамгаалж, сүнсээр хүчирхэгжүүлэхийн тулд цуглуулдаг вэ?

Хоёр суралцагчийг ангийнхандаа зориулж дараах түүхийг уншихад урь эсвэл ангийнхныг хос хосоор нь болгож, нэг нэгэндээ уншиж өгөхөд урь. Эдгээр түүх 1831 онд Их Эзэн гэгээнтнүүдийн дунд байж, тэднийг хөтөлнө гэсэн амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар ойлгоход суралцагчдад тусална (Сургаал ба Гэрээ 38:7, 33-ыг үзнэ үү). Өнөө үед Их Эзэний цуглар хэмээх зарлигийг дуулгавартай дагавал Тэр биднийг адислах болно гэсэн итгэлийг эдгээр түүхээс авч болно гэдгийг та дурдаж болох юм.

Фейетте салбар

Люси Мак Смит Фейетте салбарыг удирдав. Тэд завиар Эри сувгийн дагуу явж, Эри нуурыг гаталжээ. Тэднийг нуурт ирэхэд боомтын зузаан мөс тэдэнд саад болж байлаа. Урам хугарсан гэгээнтнүүд даарч, өлсөж, удалгүй маргалдаж эхлэв. Люси тэдэнд чанга дуугаар

“Та нарын итгэл хаачив аа? Бурханд итгэх итгэлтэй байдал тань хаана байна вэ? Мөс хагарч, бид явах боломжтой болоосой гэж та нар тэнгэрт хандан хүслээ өргөх юм бол Их Эзэн амьдын адил энэ нь гүйцэлдэх болно” гэж хэлэв.

Тэр даруй Люси аянга ниргэх мэт чимээ сонслоо. Боомтын мөс цуурч, тэдний завь түүгээр дамжин өнгөрөх боломжтой болсон юм. Гэгээнтнүүд талархан, хамтдаа залбирч, Огайогийн Көртланд руу аюулгүй зорчив. (Гэгээнтнүүд, 1:121–123-ыг үзнэ үү).

Колесвилл салбар

Ньюел Найт Колесвилл салбарыг удирдав. Ньюелийг эзгүй байх хойгуур нагац эгч Элэкта Пэк нь ойчиж, мөрөө хугалсан байлаа. Мэс засалч өвчнийг нь намдаахаар хичээсэн ба хэдэн долоо хоногийн аяллыг давж гарвал энэ нь гайхамшиг болно гэжээ. Элэкта Ньюелийг эргэн ирээд, түүн дээр гараа тавин эдгээж байна гэж зүүдлэв. Ньюел буцаж ирж, авга эгчдээ тохиолдсон зүйлийг сонсмогцоо түүнтэй уулзахаар явав. Эгч нь түүнээс адислал авахыг хүсжээ. Ньюел ор луу ойртож, Есүс Христийн нэрээр өвдөлтийг зэмлэж, Элэктаг эрүүл болохыг тушаав. Маргааш өглөө нь Элэкта босож, хувцсаа өмсөөд, аяллаа цааш үргэлжлүүлсэн юм. (Newel Knight, The Rise of the Latter-day Saints: The Journals and Histories of Newel Knight, ed. Michael Hubbard MacKay and William G. Hartley [2019], 32–33-ыг үзнэ үү.)

Суралцагчдыг бүлгүүдэд хуваагдан цугларч, дараах асуултуудыг ярилцахад урь. Өөрөөр, тэд өндөр нам эсвэл төрсөн жил зэргээрээ ялгаран цугларч болно. Самбарт бичсэн цугларах газрын жагсаалтыг харахыг суралцагчдад сануул.

  • Аврагчид цугларах үед Тэрээр хэрхэн биднийг хамгаалж, сүнсээр хүчирхэгжүүлдэг талаар эдгээр түүх танд юу зааж байна вэ?

  • Та Аврагчийн Өөрт нь цуглар хэмээх урилгыг хүлээн авснаар хувь хүнийхээ хувьд хэрхэн адислагдаж байсан бэ?

Бидний цугларалт

Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулахад урь. Суралцагчдыг сайн дураараа хариултаа ангийнхантай хуваалцахад урь. Аврагчийн зарлигласнаар гэгээнтнүүдтэй хамт цугларах үед хэрхэн адислагдсан талаараа та хуваалцаж болно.

  • Аврагч таныг Өөр дээр нь цугларахад хэрхэн урьдаг гэж та бодож байна вэ?

  • Их Эзэний цуглар гэсэн зарлигийг дуулгавартай дагахын тулд гэгээнтнүүд фермээ золиосолсон (Сургаал ба Гэрээ 38:37-г үзнэ үү). Цугларахаас ирэх адислалыг хүлээн авахын тулд Их Эзэн биднээс ямар золиос гаргахыг шаарддаг вэ?

  • Та Аврагчид цугларах урилгыг хүлээн авахад туслах, Түүний талаарх юуг өнөөдөр сурсан бэ?