Семинар
53-р хичээл: Сургаал ба Гэрээ 39–40: “Чи хэзээ ч мэдээгүй тийм агуу адислал”


“Сургаал ба Гэрээ 39–40: ‘Чи хэзээ ч мэдээгүй тийм агуу адислал,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 37–40,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

53-р хичээл: Сургаал ба Гэрээ 37–40

Сургаал ба Гэрээ 39–40

“Чи хэзээ ч мэдээгүй тийм агуу адислал”

Аврагч туслахаар мутраа сунгаж байгаа нь

Жеймс Ковилл 40 жилийн турш Нью-Йоркийн бүс нутагт Методист шашны номлогч байв. Тэр Сэргээлтийн захиасыг сонсоод, бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн аливаа зарлигийг дуулгавартай дагахаа амласан. Аврагч Жеймст баптисм хүртэхийг мөн Огайод гэгээнтнүүдтэй хамт цугларахыг зарлигласан ба хэрэв тэр ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахих аваас түүнд агуу хүчийг амласан юм. Энэ хичээл нь Есүс Христийн хүчийг хүлээн авах агуу боломжоо нэмэгдүүлэхийн тулд Түүнтэй гэрээ байгуулж, гэрээгээ сахих хүслийг мэдрэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бурхантай гэрээ байгуулж, гэрээгээ сахих

Зөвхөн эрчим хүчний эх үүсвэрт залгасан үед бүрэн чадамждаа хүрдэг ширээний гэрэл гэх мэт зүйлийг суралцагчдад харуулаарай. Гэрлийг цахилгаанд залгасан байдлыг залгаагүйтэй нь харьцуулахыг тэднээс хүс. Энэ нь Бурхантай байгуулдаг бидний гэрээнүүдийг хэрхэн төлөөлж байгаа талаар ярилцахад суралцагчдыг урь.

Судруудын удирдамжаас “Гэрээ” гэсэн хэсэг болон ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншихдаа гэрээнүүд хэмээх үгийн тодорхойлолтыг олж мэд.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Гэрээ нь Бурхандаа өгсөн ариун нандин амлалт билээ. Тэрбээр нөхцөл тавьдаг. Хүн болгон тэдгээр нөхцөлийг хүлээн авах эсэхээ сонгодог. Гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Бурханы хуулийг дагасан нэгэн тухайн гэрээтэй холбоотой адислалуудыг хүлээн авдаг. (Рассэлл M.Нэлсон, “Гэрээнүүд,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102)

  • Та гэрээг хэрхэн дүрсэлж, тодорхойлох вэ?

  • Та Их Эзэнтэй ямар гэрээ байгуулсан бэ?

  • Эдгээр гэрээ нь амьдралд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

Есүс Христ биднийг Өөртэй нь гэрээ байгуулахад урьдаг

Жеймс Ковилл Методист шашны номлогч байв. Ковилл бошиглогч Иосеф Смитийн тухай олж мэдээд, “бошиглогч Иосефоор дамжуулан Их Эзэнээс түүнд өгч болох аливаа зарлигийг тэрээр дагах болно” (Сургаал ба Гэрээ 39-р хэсгийн оршил) гэдгээ Их Эзэнд амласан.

Сургаал ба Гэрээ 39:1–9-ийг уншаад, Есүс Христийн тухай, Түүнтэй гэрээний харилцаанд ороход хэн нэгнийг өдөөж болох юу сурч болохыг олж мэд.

  • Та Аврагчийн тухай юу олж мэдсэн бэ?

  • Аврагч Өөрийнх нь хүчийг хүлээн авахын тулд биднийг юу хийхэд урьдаг вэ?

Суралцагчдад зарчим тодорхойлоход туслахын тулд тэднээр дараах мэдэгдлийг судлах тэмдэглэл эсвэл самбарт гүйцээж бичүүлж болно. Үүнд: “Хэрэв бид __________, __________ хүлээж авна.”

Суралцагчид дараахтай адил зарчмыг тодорхойлж болно. Үүнд: Хэрэв бид ариун нандин гэрээ байгуулж, гэрээгээ сахивал Түүний хүчийг хүлээж авна.

Хэрэв үзүүлэнт хичээл ашиглаж байгаа бол гэрээ байгуулах нь бидэнд Аврагчийн хүчийг хүлээн авахад тусалдгийг харуулахын тулд гэрлийг асаана уу. Суралцагчдаас энэ нь тэдний тодорхойлсон зарчмыг хэрхэн харуулж байгааг асууж болно.

Сургаал ба Гэрээ 39:10–15-ыг уншаад, Их Эзэн Өөртэй нь гэрээ байгуулахын тулд Жеймс Ковиллыг юу хийхэд урьсныг олж мэд.

  • Хэрэв Жеймс Ковилл энэ гэрээг байгуулсан бол Есүс Христ түүнд юу юу амласан байсан бэ?

  • Өнөө үед Их Эзэний Жеймс Ковиллд өгсөн зөвлөгөө бидэнтэй хэрхэн хамааралтай вэ?

  • Та Аврагчийн хүчийг өөрийнхөө амьдралд эсвэл өөрийнхөө таньдаг хэн нэгний амьдралд хэрхэн харсан бэ?

Айдас, хавчлага ба дэлхийн санаа зовнил

Жеймс Ковилл Нью-Йоркт өнөр өтгөн гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хамт байв. Аврагч түүнд баптисм хүртэхийг мөн гэгээнтнүүдтэй хамт Огайо руу нүүхийг зарлиглажээ. Сүмд нэгдэх нь Жеймс Ковиллын хувьд золиослол байлаа.

Сургаал ба Гэрээ 40-р хэсгийн оршил болон 1–3-р шүлгийг уншаад, Жеймс Ковиллын гаргасан шийдвэрийг олж мэд.

Энэ үйл ажиллагаа нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан дадлага хийх сайхан боломж байж болох юм. Жеймс Ковилл хэрхэн итгэлийнхээ дагуу үйлдэж болох байсныг ярилцаж болно. Мөн тэр сонголтоо болон Их Эзэний зөвлөгөөг мөнхийн талаас нь хэрхэн харж болох байсан талаар ярилцаарай.

  • “Мөрдлөг хавчлагаас айх” (2-р шүлэг) нь хэрхэн хэн нэгнийг Бурхантай байгуулсан гэрээгээ зөрчихөд эсвэл үүнээс татгалзахад хүргэж болох вэ?

  • Өнөө үед ямар байдлаар “дэлхийд санаа тав[их]” (2-р шүлэг) нь хүмүүсийг Бурхантай гэрээ байгуулахаас татгалзахад хүргэдэг вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншина уу эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Ертөнцийг ялж, амралтыг олох нь” (18:31) видеог цагийн код 4:21-ээс 5:39 хүртэл үзнэ үү. Та уншиж эсвэл үзэж байхдаа Бурхантай гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүмүүст амласан хүчийг олж мэд.

18:44
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Гэрээ байгуулж, сахих нь үнэндээ амьдралыг илүү хялбар болгодог! Баптисмын усан санд болон ариун сүмд гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүн бүр Есүс Христийн хүчнээс илүү ихээр хүртэх боломжтой болдог юм. Энэ гайхалтай үнэнийг тунгаан бодоорой!

Бурхантай байгуулсан гэрээгээ сахисны шагнал бол сорилт, уруу таталт, сэтгэлийн зовлонгоо илүү сайн даван туулахад биднийг хүчирхэгжүүлдэг тэнгэрлэг хүч юм. Энэ хүч бидний замыг хялбарчилдаг. Есүс Христийн дээд хуулиудаар амьдардаг хүмүүс Түүний дээд хүчийг хүртэх боломжтой. Тиймээс гэрээгээ сахигчид Бурхантай байгуулсан гэрээний харилцаагаар нь дамжин ирдэг онцгой төрлийн амралтыг авах эрхтэй. (Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 96)

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс юу нь таны анхаарлыг татсан бэ?

Аврагчийн хүчийг хүлээн авах агуу боломжоо нэмэгдүүлэхийн тулд Түүнтэй гэрээ байгуулж, гэрээгээ сахих хүслээ тунгаан бодох боломжийг суралцагчдад өг. Суралцагчид судлах тэмдэглэлдээ эсвэл цаасан дээр бичиж болно. Тэд мөн юу сурсан, мэдэрснээ жижиг бүлгээр эсвэл ангиараа ярилцаж болно.

Хичээлийн төгсгөлд, та Бурхантай гэрээ байгуулснаар амьдралдаа Аврагчийн хүчийг хэрхэн олж харснаа хуваалцаж болно. Суралцагчдыг гэрээ байгуулж, гэрээгээ үргэлжлүүлэн сахихаар чармайхад мөн хичээл зүтгэлийг нь адислах Их Эзэний амлалтад итгэхэд урамшуул.