Семинар
56-р хичээл—Сургаал ба Гэрээ 42: Их Эзэний хууль


“56-р хичээл—Сургаал ба Гэрээ 42: Их Эзэний хууль,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 42,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

56-р хичээл: Сургаал ба Гэрээ 41–44

Сургаал ба Гэрээ 42

Их Эзэний хууль

Ариун сүмд орох

Сургаал ба Гэрээ 42 дээр Их Эзэн гэгээнтнүүдийг Огайо руу нүүсний дараа тэдэнд Өөрийн хуулийг өгнө хэмээх амлалтаа биелүүлэв. Тэр Сүмийн гишүүдэд биеэ авч явах ерөнхий хуулийг тогтоож өгөв. Энэ хичээл суралцагчдад Их Эзэний зарлигуудыг дагах замаар Түүнд хайраа харуулахад туслах болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хоёр өөр ойлголт

Суралцагчдыг дараах асуултын талаар тунгаан бодож, санаанд орж ирсэн зүйлээ хуваалцахад урьснаар хичээлээ эхэл.

  • Өнөөдөр дэлхий дээрх юмсыг харахад бидэнд яагаад Бурханы зарлигууд хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Дуулгавартай байх, дуулгаваргүй байх гэсэн үгсийг самбарт 2 өөр баганын дээд талд бич. Дараа нь суралцагчид яагаад хүмүүс зарлигуудыг дуулгавартай дагадаг, дагадаггүй шалтгаануудыг харгалзах багануудын доор жагсаан бичиж болно.

Бурханы зарлигуудыг дагахгүй байгаа шалтгаанаа тунгаан бодох нэг минут гаргахад суралцагчдыг урь.

Өнөөдөр судалж байхдаа та Их Эзэн яагаад зарлигууд өгдгийг болон хэрхэн үргэлжлүүлэн дуулгавартай байж, улам сайжирч болохыг илүү сайн ойлгоход туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Их Эзэний хууль

Их Эзэн гэгээнтнүүдийг Огайод цугларахад тэдэнд Өөрийн хуулийг өгнө хэмээн амласан (Сургаал ба Гэрээ 38:32-ыг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смит болон 12 ахлагч Огайод ирээд удаагүй байхдаа чин сэтгэлээсээ итгэн залбирч, (Сургаал ба Гэрээ 41:3) Их Эзэнээс Өөрийн хуулийг илчлэхийг гуйв.

Сургаал ба Гэрээ 42:1–3-ыг уншаад, Их Эзэний хариултыг олж мэд.

  • Эдгээр шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ?

Их Эзэн Өөрийн хүмүүсээс дагаж амьдрахыг хүссэн хэдэн зарлигийнхаа талаар заав.

Дараагийн үйл ажиллагаан дээр суралцагчид өөрсдийн унших шүлгүүдийг сонгон авч эсвэл та тэдэнд оноож өгч болно. Суралцагчдыг олсон зарлигуудаа мөн тэдгээрийг ямар шүлгүүдээс олсноо самбарт бичихэд урихыг бод.

Дараах багц шүлгүүдийн ядаж хоёрыг уншаад, Их Эзэний зарлигуудыг олж мэд. Үүнд:

29-р шүлгийн дагуу бид яагаад Их Эзэний зарлигуудыг дагах ёстой вэ?

Энэ шүлэгт бид Их Эзэний зарлигуудыг дагаснаар Түүнд хайраа харуулдаг хэмээн заасан. Суралцагчид 29-р шүлэг дээрх энэ үнэнийг тэмдэглэхийн сацуу Иохан 14:15-тай холбож болно. Суралцагчид бас Сургаал ба Гэрээ 41:5-ыг уншаад, Их Эзэнд дуулгавартай байх нь юуг харуулдгийг мэдэж авч болно.

Суралцагчдыг дараах хэсгийг уншиж, хариулах хэдэн бүлэг болгож хуваахыг бод.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч дээр ингэж заадаг.

Бурхан зөв сонголтуудыг хийхэд тань туслахын тулд зарлигуудыг өгдөг. Учир нь Тэр танд хайртай. Бурханы зарлигуудыг дагах хамгийн чухал шалтгаан нь таны Түүний гэх хайр юм. Хайр бол Бурханы тушаалуудын гол цөм юм. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022], 11)

  • Бурханы зарлигууд хэрхэн Түүний хайрын илрэл болдог вэ?

  • Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь бидний Түүнд хайртайг хэрхэн харуулдаг вэ?

Түүний зарлиг

Танай зарим суралцагч Сургаал ба Гэрээ 42-т ороогүй аль нэг зарлигийг ашиглан дараах үйл ажиллагааг хийж үзэхийг хүсэж болох юм. Суралцагчдынхаа хүсэл, хэрэгцээнд нийцүүлэхийн тулд зарлигуудын цар хүрээг улам өргөжүүлэхийг бод.

42-р хэсгээс илүү ихийг мэдэж авахыг эсвэл тунгаан бодохыг хүсэж байгаа аль нэг зарлигийг сонгон ав.

Судалж байхдаа та сонгож авсан зарлигийнхаа талаар дараах зүйлийг хуваалцахаар бэлтгэ. Үүнд: Та бодол санаагаа судлах тэмдэглэл дээрээ бичихийг хүсэж магадгүй.

  1. Энэ зарлигийн талаарх ойлголтыг улам бататгах судрын бусад шүлэг, Ерөнхий чуулганы мэдэгдэл эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол) хэсгүүд

  2. Хайраар дүүрэн, бүхнийг мэдэгч Тэнгэрлэг Эцэг яагаад бидэнд энэ зарлигийг өгсөн гэж та бодож байна вэ?

  3. Энэ зарлигийг дагах нь Аврагчийг дагаж, Түүнд хайраа харуулж мөн Түүнтэй улам адил болоход хэрхэн тусална гэж та бодож байна вэ?

  4. Энэ зарлигийг дагаснаар та ямар туршлагатай болсон бэ (заавал хуваалцах хэрэггүй; хэт хувийн биш, ариун нандин биш бол хуваалцаарай)

Суралцагчдад олж мэдсэн зүйлээ хуваалцах боломж олго. Та тэдний бодлыг жижиг бүлгүүд дотор нь хуваалцуулж болно.

Суралцагчид зарлигуудыг самбарт бичсэн бол та тэднийг дөнгөж сая сурсан зарлигуудаа дугуйлахад урьж болно. Дараа нь суралцагчдыг хамгийн хэрэгтэй гэж бодож байгаа нэг юм уу хоёр зарлигийг сонгон авч, ангиараа ярилцахад урь. Хэн нэгэн энэ зарлигийг ойлгож, дагаж чадахгүй байна гэж төсөөлж бодохыг тэднээс хүс. Ангийнхныг тэр хүнд туслахаар хамтарч ажиллахад урь. Та нар эдгээр зарлигийг судалсан суралцагчдыг судалсан хэсгээсээ хэдэн санааг хуваалцахад урьснаар эхэлж болно. Мөн бусад суралцагчийг тус болж магадгүй бодлоо хуваалцахад урь. Та дараахтай төстэй шалгах асуултууд тавьж болно. “Энэ хүнд ямар саад бэрхшээл тулгарч болох вэ?” “Бид эдгээр саад бэрхшээлийг даван туулахад нь тэдэнд хэрхэн тусалж болох вэ?” “Бид энэ зарлигаар дамжуулан Их Эзэний хайрыг ойлгож мэдрэхэд нь тэдэнд хэрхэн тусалж болох вэ?”

Би Бурханы зарлигуудад дуулгавартай байх

Та энэ хичээлээс сурч, мэдэрсэн зүйлс дээрээ үндэслэн Их Эзэн таныг анхаараасай гэж хүсэж байгаа байх гэж бодсон аль нэг зарлигийг сонгон ав. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

  • Энэ зарлигт дуулгавартай байх нь амьдралыг минь хэрхэн адислах вэ?

  • Энэ зарлиг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайраа харуулж, Тэднийг дагахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Их Эзэнд хайраа харуулж мөн энэ зарлигийг дагахын тулд би яг юу хийхийг хүсэж байна вэ?

Суралцагчдыг сонгосон зарлигаа илүү сайн дагах төлөвлөгөө гаргахад урамшуулан дэмж.