“57-р хичээл—Сургаал ба Гэрээ 42:29–39: Их Эзэнд бүхнээ зориулах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 42:29–39,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
57-р хичээл: Сургаал ба Гэрээ 41–44
Сургаал ба Гэрээ 42:29–39
Их Эзэнд бүхнээ зориулах
Исаак, Люси Морлей хоёрын ферм дээр амьдарч байсан Сүмийн хэдэн гишүүн Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, бие биеэ харж хандах их хүсэлтэй байв. Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан ядуусыг харж хандахад туслахын тулд бүхнээ зориулах хуулийг гэгээнтнүүдэд илчилжээ. Энэ хичээл суралцагчдад бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрах хүсэл эрмэлзэлтэй болоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
“Та нар миний мутар”
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн хуваалцсан.
Дэлхийн 2-р дайны үеэр нэг хотод бөмбөгдөлтөд өртөн эвдэрсэн Есүс Христийн том хөшөөний тухай нэгэн түүх өгүүлье. Тэр хотын оршин суугчид хөшөөг нуранги дотроос олоод, ихэд гашууджээ. Учир нь тэр хөшөө тэдний хувьд итгэлийн мөн Бурхан амьдралд нь оршдогийг сануулдаг хайртай бэлэг тэмдэг нь байжээ.
Мэргэжилтнүүд хөшөөний ихэнх хэсгийг засаж сэргээсэн боловч гар нь асар их гэмтсэн тул сэргээн засаж чадсангүй. Зарим хүн уран барималч хөлслөн шинэ гар хийлгэх санал тавьсан боловч нэг хэсэг нь дайны хор хөнөөлийг хэзээ ч мартахгүйн тулд гаргүй чигээр нь үлдээх нь зөв гэж үзэж байв. Эцэст нь хөшөөг гаргүй чигээр нь үлдээжээ. Гэсэн ч хотынхон Есүс Христийн хөшөөний суурин дээр “Та нар бол миний гар” гэж бичсэн юм. (Дийтр Ф.Угдорф, “Та нар миний гар,” Лиахона, 2010 оны 5-р сар, 80)
-
Энэ түүхээс юу нь таны анхаарлыг татсан бэ?
-
Бид ямар ямар арга замаар Есүс Христийн мутар байж чадах вэ?
Бүхнээ зориулах хууль
1831 оны эхээр Нью-Йоркт амьдарч байсан Сүмийн гишүүд Огайо руу шилжин суурьшив. Эдгээр гэгээнтний ихэнх нь ядуу байсан ба ихэнх өмч хөрөнгөө орхисон байв. Огайод олон шинэ гишүүн Исаак, Люси Морлей хоёрын фермд амьдарч байлаа. Тэд “Гэр бүл” хэмээх хамтрал байгуулсан байв. Тэд хувийн бүх эзэмшил нь бүлгийн бүх хүний эзэмшил гэсэн нэг ойлголттой байлаа. Их Эзэн Иосеф Смитэд хуулиа илчлэхдээ тэдний зан үйлийн талаар дурджээ. Их Эзэн өөр бусад хуулиас гадна бүхнээ зориулах хуулийн зарчмуудыг илчилсэн. Эдгээр зарчмыг сурч мөн дагаж амьдрах нь гэгээнтнүүд Их Эзэний мутар байж болох нэг арга зам юм.
Өргөл болгох гэдэг нь ямар нэгэн ариун болох зүйлийг ариун зорилгод зориулагдсан хэмээн хуримтлуулах эсвэл өргөл болгох гэсэн утгатай. (Д.Тодд Кристоффэрсон, “Өргөл болгосон амьдралын тухай бодол эргэцүүлэл,” Лиахона, 2010 оны 11-р сар, 17)
Их Эзэн Огайогийн гэгээнтнүүдийг байгаа бүхнээ Өөрийнх нь Сүмд өгснөөр Өөрт нь бүхнээ зориулахыг хүссэн.
Сургаал ба Гэрээ 42:29–38-ыг уншаад, Их Эзэн яагаад үүнийг хийхийг тэднээс хүссэнийг олж мэд.
-
Их Эзэн яагаад ядуусыг санаж, тэднийг харж хандахад гэгээнтнүүдийг урьсан гэж та бодож байна вэ?
-
Эдгээр шүлгээс бид ямар ямар үнэнийг мэдэж авч болох вэ?
-
Их Эзэн биднийг өнөөдөр өөрт байгаа зүйлээ ямар арга замаар зориулахыг хүсдэг вэ?
-
Цаг зав, авьяас чадвар, Бурханаас ирсэн адислалуудаа ашиглан бусдад туслах ямар жишээнүүд байдаг вэ?
-
Бид ямар арга замаар ядуусын хэрэгцээнд анхаарч чадах вэ?
-
Есүс Христэд цаг зав, авьяас чадвар, арга замуудаа зориулахад таныг урамшуулах Түүний тухай юуг та мэдэх вэ?
-
Аврагч яагаад биднийг тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх замаар Түүнд үйлчлээсэй хэмээн хүсдэг вэ? (Та нэмэлт ойлголт олж авахын тулд дараах судрын хэсгээс нэг юм уу хэд хэдийг харж болно. Үүнд: Иаков 2:17–19; Мозая 4:21–25; Сургаал ба Гэрээ 38:24–27; 104:14–17.)
-
Тусламж хэрэгтэй хүмүүст туслах нь хэрхэн бидэнд Христтэй илүү адилхан болоход тусалдаг гэж та бодож байна вэ?
Гишүүд ариун сүмийн хишиг хүртэхдээ “цаг зав, авьяас чадвар, Их Эзэний өөрсдөд нь адислал болгон өгсөн бүхнийг Есүс Христийн Сүмд” (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 27.2, ChurchofJesusChrist.org) зориулах замаар бүхнээ зориулах хуулийг дагах гэрээ байгуулдгийг суралцагчдад хэлэх нь тустай байж болох юм.
Хэрэв суралцагчид судлах тэмдэглэлдээ гарынхаа хэвийг зурсан бол дараах үйл ажиллагааны үеэр гараа будахыг хүсэж болно.
Их Эзэний мутар болох хүслээ дүгнэх цаг гарга. Тунгаан бодож, тэмдэглэлдээ бичих нь Аврагчийн дуу хоолойг болон Түүний танаар юу хийлгэхийг хүсэж байгаа зүйлийг олж сонсохыг хичээж болох нэг арга зам юм. Та дараах зүйлсээс нэг, хоёрыг нь эргэцүүлэн бодоод, үүнийхээ талаар бичиж болно.
Суралцагчдад эргэцүүлэн бодож, үүнийгээ бичихэд зориулан дараах зүйлсийг үзүүлэхийг бод.
-
Бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрах талаарх мэдрэмжийг тань илэрхийлсэн үгс
-
Их Эзэний өгсөн зүйлсийг бусдад туслахын тулд хуваалцахыг хүсэж буй арга замууд
-
Бүхнээ зориулах хуулиар амьдрахад тулгардаг асуудлууд мөн тэдгээрийг даван туулахын тулд Их Эзэнд хэрхэн хандаж болох арга замууд
Та суралцагчдаас ангийнхантайгаа мөн гэртээ гэр бүлийнхэнтэйгээ бодлоо хуваалцахыг хүсэж болно. Мөн та бодол санаа, гэрчлэлээ хуваалцаж болно.