Семинар
63-р хичээл— Сургаал ба Гэрээ 46:7–33, 2-р хэсэг: “Та нар хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл”


“63-р хичээл—Сургаал ба Гэрээ 46:7–33, 2-р хэсэг: “Шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 46:7–33, 2-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

63-р хичээл: Сургаал ба Гэрээ 46–48

Сургаал ба Гэрээ 46:7–33, 2-р хэсэг

“Та нар хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл”

Зураг
судар судлах

Бид Есүс Христ шиг болохыг хичээх үедээ сул дорой байдлаасаа болоод сэтгэлээр унаж магадгүй. Есүс Христийн ачаар бид Аврагчтай илүү адил болоход туслах Ариун Сүнсийг болон сүнслэг бэлгүүдийг хүлээн авч чадна. Энэ хичээл суралцагчдыг Сүнсний бэлгүүдийг эрэлхийлснээр Есүс Христтэй улам адил болоход тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бурхантай адил болохыг эрэлхийлэх нь

Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй адил болоход саад болж эсвэл бүтэлгүйтүүлж буй сул дорой байдал эсвэл төгс бус байдлын тухай бодоход урьснаар хичээлээ эхэлж болно. Хэдэн суралцагчийг хариултуудаа самбарт бичихэд урь.

Хэн нэгнийг сул талуудаа хүлээн зөвшөөрч, “Би эдгээрийг даван туулж чадахгүй нь. Би ийм л хүн!” гэж бодож байгаагаар төсөөлөн бод.

  • Та энэ хүнийг Есүс Христийн талаар юуг ойлгох хэрэгтэй гэж бодож байна вэ?

Сүнсний бэлгүүд

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд сүнслэг бэлгүүдийг өгснөөр сул дорой байдлаа даван туулахад тусалж чадна.

  • Та сүнслэг бэлгүүдийн тухай юу мэддэг вэ? Юу санаж байна вэ?

Суралцагчид (“Сургаал ба Гэрээ 46:7–33, 1-р хэсэг”) буюу өмнөх хичээлээс сурсан үнэнээрээ хариулж болно. Хэрэв та энэ хичээлийг заагаагүй бол шаардлага гарсан үед суралцагчдад сүнслэг бэлгүүдийг ойлгоход нь тусалж болохын тулд энэ хичээлтэй танилцаж болно.

Сургаал ба Гэрээ 46:8-ыг уншаад, Аврагчийн сүнслэг бэлгүүдтэй холбоотой урилгыг онцол.

Сүнслэг бэлгүүдийг эрэлхийлнэ гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

  • Сүнслэг бэлгүүдийг эрэлхийлэх нь Бурхантай адил болохоор хичээж зүтгэхэд хэрхэн тусалж болох вэ?

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч асан Тэд Р.Каллистэр ах сүнслэг бэлгүүд бидэнд Бурхантай илүү адил болоход хэрхэн тусалдаг тухай ийн тайлбарласан юм.

Зураг
Ахлагч Тэд Р.Каллистэр

Христийн Цагаатгалын ачаар бид Ариун Сүнсний бэлгийг дагалдан ирдэг сүнслэг бэлгүүдтэй нь хамт хүлээн авах эрхтэй болдог. Эдгээр бэлэг нь бурханлаг байдлын шинж чанарууд тул Сүнсний бэлгийг хүлээн авах бүрдээ бид Бурхантай илүү адилхан болж байдаг. Судрууд яагаад эдгээр бэлгийг эрэлхийлэхийг ахин дахин зөвлөдөгт гайхах хэрэггүй биз ээ.

Ерөнхийлөгч Жорж К.Каннон: “Ямар ч хүн ‘Өө, би угаасаа л ийм юм чинь, өөрчлөгдөхгүй’ гэж хэлэх ёсгүй. Бурхан бидэнд [сул талаасаа] салах бэлгүүдийг өгөхөөр амласан тул ингэж хэллээ гээд бид зөвтгөгдөхгүй. … Хэрэв бидний хэн нь ч төгс биш юм бол биднийг төгс болгох бэлгүүдийн төлөө залбирах нь бидний үүрэг мөн” гэж заасан. (Тэд Р.Каллистэр, “Есүс Христийн Цагаатгал,” 2019 оны 5-р сарын Ерөнхий чуулган, 105)

  • Та нар сүнслэг бэлгүүдийн тухай энэ мэдэгдлээс юу сурсан бэ?

    Тэнгэрлэг Эцэг биднийг Түүнтэй улам адил болохын тулд Сүнсний бэлгүүдийг эрэлхийлэхэд урьдаг гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.

  • Энэ хичээлийн эхэнд тодорхойлсон сул дорой байдлыг даван туулахын тулд хүн ямар сүнслэг бэлгүүдийг эрэлхийлж болох вэ?

Та суралцагчдыг сүнслэг бэлгүүдийг самбар дээрх харгалзах сул талын хажууд бичихэд урьж болно. Жишээлбэл: Хэрэв самбарт уур хилэн гэж бичсэн бол суралцагчид тэвчээрийн бэлгийг тодорхойлж болно. Хэрэв суралцагчид өөртөө итгэлгүй гэж бичсэн бол зоригийн эсвэл итгэлийн бэлгийг эрэлхийлж болно.

Суралцагчдад энэ үйл ажиллагаанд нь туслахын тулд та тэднийг Сургаал ба Гэрээ 46:13–25 дээрх сүнслэг бэлгүүдийг давтан харахад урьж болно. Та Каллистэр ахын мэдэгдлийг ашиглан Моронай 7:45 эсвэл Сургаал ба Гэрээ 4:5–6 дээр жагсаасантай адил Христийн зан чанарууд нь мөн адил сүнслэг бэлэгт тооцогддогийг суралцагчдад сануулж болно. Бусад сүнслэг бэлэг судар дээр байдаггүйг суралцагчдад сануул.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил болохоор хичээж байгаагаа эргэцүүлэн бод. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та ямар сул дорой байдал эсвэл төгс бус байдлыг даван туулахыг хүсэж байна вэ?

  • Сул дорой байдлаа даван туулахын тулд та ямар сүнслэг бэлгүүдийг эрэлхийлж болох вэ?

Бид сүнслэг бэлгүүдийг хэрхэн эрэлхийлдэг вэ?

Суралцагчдыг тэмдэглэлийн дэвтэртээ жагсаасан сүнслэг бэлгүүдийг эрэлхийлэх үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэдэнд хэрхэн тусалж чадах арга замуудыг хайж олохын тулд дараах судлах үйл ажиллагаануудыг ашиглахад урь.

Сургаал ба Гэрээ 46:7–10, 30–33-ыг уншина уу. Сүнслэг бэлгүүдийг эрэлхийлэхэд тань туслах удирдамжийг эрэлхийл.

  • Таны тодорхойлсон үйлдлүүд сүнслэг бэлгүүдийг эрэлхийлэх хүчин чармайлтад тань яагаад тусалж чадна гэж та бодож байна вэ?

Сүнслэг бэлгүүд нь насан туршийн үйл явц бөгөөд Их Эзэн эдгээрийг Өөрийн хүсэл, цаг хугацааны дагуу тэдэнд өгдөг гэдгийг суралцагчдад сануулах хэрэгтэй байж болох юм (Моронай 10:17-г үзнэ үү).

Далын ахлагч асан Мэрвин Б.Арнолд бид сүнслэг бэлгүүдийг Бурханаас эрэлхийлж болох өөр нэг арга замыг хуваалцсан юм.

Зураг
Ахлагч Мэрвин Б.Арнолд

Бид сүнслэг бэлгийг олж авахаар эрэлхийлснээр тэрхүү бэлэгтэй холбоотой Аврагчийн үлгэр жишээ болон сургаалыг судалж, дараа нь эдгээр сургаалыг амьдралдаа оруулахыг хичээдэг. (Mervyn B. Arnold, “Messages from the Doctrine and Covenants: Seek Ye the Best Gifts,” Ensign, Mar. 2005, 66)

Суралцагчдыг өмнөх мэдэгдлийн зөвлөгөөг хэрэгжүүлэхэд туслахын тулд та тэднийг сүнслэг бэлгийн тухай бодож, ахлагч Арнолдын сургаалыг ангийнхантай хуваалцахад урьж болно. Жишээлбэл: Хэрэв суралцагчид эр зоригийн бэлгийг сонговол та дараах байдлаар асуулт тавьж болно.

  • Есүс Христ амьдралдаа зоригтой байх үлгэр жишээг хэрхэн үзүүлсэн бэ? (Maтай 26:47–56.)

  • Аврагч сударт эр зоригийн тухай юу гэж заасан бэ? Иoшуа 1:9-ийг үзнэ үү.)

  • Хүн амьдралдаа эр зориг гарган юу хийж болох вэ?

  • Хүн эр зоригийн бэлгийг эрэлхийлж Аврагчийн тусламжийг урихын тулд хэрхэн үйлдэж болох вэ?

Ярилцаж дууссаны дараа суралцагчдад дараах заавруудыг харуулаад, сүнслэг бэлгийг өөрсдөө судлахад урь.

Эрэлхийлнэ гэж бичсэн бэлгээ тэмдэглэлийн дэвтрээсээ хайж ол. Дараах алхмуудыг гүйцэтгэ.

  1. Аврагчийн энэ бэлгийг харуулж буй жишээг судраас хайж ол.

  2. Энэ бэлгийн тухай нэмэлт сургаалыг агуулсан судрын хэсгүүдийг хайж ол.

  3. Энэ бэлгийг амьдралдаа ашиглахын тулд хийж чадах хоёр, гурван зүйлээ жагсааж бич.

  4. Та энэ бэлгийг эрэлхийлэхдээ Аврагчийн тусламжийг урихын тулд юу хийж чадахаа бичээрэй. Хэрэв шаардлагатай бол Сургаал ба Гэрээ 46:7–10, 30–33-ыг гарга.

Тэднийг эрэлхийлж байгаа бэлгээ болон Аврагчийн үлгэр дуурайлаас юу сурснаа хуваалцахад урьснаар хичээлээ өндөрлөж болно. Ярихад хэт хувийн чанартай, даван туулах гэж хичээж байгаа сул талаа хуваалцахгүй байхыг тэдэнд сануул. Суралцагчдыг хүлээн авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу итгэлээр үйлдэж мөн сүнслэг бэлгүүдийг эрэлхийлэхдээ Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг үргэлжлүүлэн урихад урамшуул.

Хэвлэх