Семинар
64-р хичээл—Сургаал ба Гэрээ 49: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан томилсон


“64-р хичээл—Сургаал ба Гэрээ 49: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан томилсон,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 49,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

64-р хичээл: Сургаал ба Гэрээ 49–50

Сургаал ба Гэрээ 49

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан томилсон

Ариун сүм рүү харж буй дөнгөж гэрлэсэн хос

Сэргээлт өрнөж эхлэхэд олон худал хуурмаг санаа, уламжлал тогтсон байв. Аврагч худал хуурмаг санаануудыг хайраар засаж залруулан; гэрлэлт, гэр бүл гэх мэт бидний авралд зайлшгүй чухал сургаалын санаануудыг тодорхойлж өгсөн. Энэ хичээл нь суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэрлэлт, гэр бүлийн ач холбогдлыг ойлгоход туслах зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Дэлхийн зорилго

дэлхий

Хичээлээ эхлүүлэхдээ дэлхий юунд дуртайг харуулж буй зургуудыг харуулахыг бод. Суралцагчдад дараахтай адил асуултуудыг тавь.

  • Чи дэлхийн юунд дуртай вэ?

  • Хэн дэлхийг бүтээсэн бэ? (Мосе 1:33; Абрахам 3:22–24-ийг үзнэ үү).

  • Есүс Христ ямар шалтгаанаар дэлхийг бүтээсэн бэ?

Суралцагчид сүүлийн асуултад өөр өөрөөр хариулж болно. Тэдний хариултыг хүлээн зөвшөөрч, талархал илэрхийлээрэй. Хэрэв суралцагчид гэрлэлт эсвэл гэр бүлийн тухай дурдаагүй бол дэлхийг бүтээсэн өөр нэг шалтгааныг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ярьсан гэдгийг хэл. Дараах мэдэгдлийг хуваалц. Уг мэдэгдлийг уншсаны дараа суралцагчдыг энэ талаар бодлоо хуваалцахыг хүс. Тэднийг хичээлийн үеэр энэ мэдэгдлийг батлах нотолгоо олоход урь.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Энгийнээр дүгнэн хэлэхэд, дэлхийг гэр бүлүүд байж болохын тулд бүтээсэн. (Russell M. Nelson, “The Creation,” Ensign, May 2000, 85)

“Гэрлэлтийг Бурхан томилсон”

Энэ хичээл нь Сургаал ба Гэрээ 49:15–17 дээр болон гэрлэлт, гэр бүлийн сургаал дээр төвлөрөх болно. Хэрэв суралцагчид энэ хэсэгт орсон бусад сэдвээр ярилцах хэрэгтэй бол энэ хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа”-г ашиглахыг бод.

Гэгээнтнүүдийг Огайогийн Көртландад суурьшаад удаагүй байхад Леман Коплей гэдэг шинэ хөрвөгч номлогчдоос шейкерүүд гэгддэг хуучин шашны бүлгийн гишүүддээ сайн мэдээг номлохыг хүсэв. Шейкерүүд Хоёр дахь ирэлт аль хэдийн болсон бөгөөд Христ Анн Лий гэдэг эмэгтэйн дүрээр үзэгдсэн гэдэгт итгэдэг байв. Тэд гэрлэлтийг үгүйсгэдэг байсан ба зарим шейкер мах идэхийг хориглодог байв. Бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс тодруулга хүсэн, Сургаал ба Гэрээ 49-ийг хүлээн авчээ. Их Эзэн Сидней Ригдон, Парли П.Пратт, Леман Коплей нарыг шэйкэрүүдэд илчлэлийг хүргэж, тэдэнд үнэнийг номлохыг зааварлав.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Сургаал ба Гэрээ 49:15–17 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Та суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болох юм.

Сургаал ба Гэрээ 49:15–17–г уншаад, Есүс Христ гэрлэлт, гэр бүлийн тухай юу гэж заасныг олж мэд.

  • Танд эдгээр шүлгийн талаар ямар асуулт гарсан бэ?

  • Бид эдгээр шүлгээс Аврагчийн сургаалыг хэрхэн дүгнэж болох вэ?

    Суралцагчдад дүгнэлт мэдэгдлийн тухай бодож үзэх хэдэн минут гаргаж өгөхийг бод. Дараа нь хэдэн суралцагчийг мэдэгдлээ самбарт жагсаахад урь. Суралцагчдыг амжилттай байлгахын тулд та шүлгүүдээс зарим үг хэллэгийг тодорхойлоход тусалж болно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийг Бурхан томилсон бөгөөд эхнэр, нөхөр хоёрт нэг байж үр хүүхдүүдтэй болохыг зарлигласан гэх мэт үнэнүүдийг тодорхойлоход тэдэнд тусал.

  • Шейкерүүд болон Иосеф Смитийн үед амьдарч байсан хүмүүст эдгээр үнэнийг ойлгох нь яагаад чухал байсан бэ?

    Шейкерүүд огт гэр бүлгүй байхыг эсвэл гэрлэлт, бэлгийн харьцааг цээрлэх ёстой гэж үздэг байсныг онцлох хэрэгтэй байж болох юм. Дараа нь та нар өнөө үед хүмүүсийг гэрлэлтээс татгалзахад хүргэж буй нийтлэг итгэл үнэмшлийг ярилцаж болно. Та дараах асуултуудын аль нэгийг эсвэл хоёуланг ашиглаж болно.

  • Өнөө үед хүмүүсийг гэрлэлтээс татгалзахад хүргэж буй дэлхийн ямар итгэл үнэмшлүүд байдаг вэ?

  • Сатан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэрлэлт, гэр бүлийн ариун нандин байдлыг өөрчлөх гэж эсвэл устгахыг хичээж буй ямар нотолгоонуудыг та харж байсан бэ?

тараах материалын шигтгээ зурагДараах тараах материал нь суралцагчдад гэрлэлт, гэр бүлийн тухай Аврагчийн сургаалыг илүү сайн ойлгоход тусалж чадна. Та суралцагчдыг судалж байх үед тэднийг гэрлэлт, гэр бүлийн ач холбогдлын тухай сүнслэг гэрчлэл эрэлхийлэхэд урьж болно. Та ангийг хоёр хуваагаад, хоёр талыг тараах материалын нэг хэсгийг өөрсдөө судлахад урьж болно. Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагч бүрийг ангийн нөгөө талын хэн нэгэнтэй хос болго. Тэднийг сурсан зүйлсээ бие биетэйгээ хуваалцаад, ярилцах асуултуудыг авч үзэн ярилцахад урь.

Гэрлэлт, гэр бүлийг Бурхан томилдог

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлт

Судал.

Марк 10:6–9; 1 Коринт 11:11-ийг болон Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Л.Оскарсон эгчийн дараах мэдэгдлийг уншина уу. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлтийн тухай сургаалыг олж мэд.

Ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон

Судар бидэнд “Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм” (1 Коринт 11:11) хэмээн заадаг. Эхнэр, нөхөр хоёр санваарын бүрэн байдлын адислалуудыг хүлээж авахын тулд Их Эзэний өргөөнд лацдан холбогдож, хамтдаа зөв шударгаар хөдөлмөрлөж, гэрээндээ үнэнч хэвээр үлдэх ёстой. Энэ бол үр хүүхдүүддээ зориулсан Их Эзэний төлөвлөгөө бөгөөд Түүний тунхагласан зүйлийг ямар ч олон нийтийн яриа, шүүмжлэл өөрчлөхгүй. … Өөр үзэл бодолтой хүмүүст хайр энэрэл, нинжин сэтгэлээ үзүүлэхийн зэрэгцээ Их Эзэний томилсноор гэрлэлтийн энэхүү жаягийн хамгаалагчид байцгаая. (Бонни Л.Оскарсон, “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132)

Ярилц.

  • Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын гэрлэлт “Бүтээгчийн хүүхдийнхээ мөнхийн хувь заяаны төлөөх төлөвлөгөөг” гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалдаг вэ? (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org)

  • Бид Аврагчийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлтийн сургаалыг хамгаалахын сацуу өөр санаа бодолтой хүмүүст хэрхэн энэрэнгүй хандаж чадах вэ?

“Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэ”

Судал.

Эхлэл 1:27–28; Дуулал 127:3; Марк 10:13–14–ийг болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны дараах мэдэгдлийг уншина уу. Хүүхдүүдийн талаар Их Эзэн юу гэж заасныг олж мэд.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Бид хүүхдийнхээ нүд рүү харахдаа мөнх бус байдлын өмнөх амьдралд бидэнтэй хамт байсан Бурханы хайрт хүү, охиныг олж хардаг.

Бурханы эдгээр сүнсэн хүүхдэд зуурдын бие махбодыг өвлүүлэн үлдээх онцгой эрх, боломж эхнэр, нөхрүүдэд байдаг. Бид гэр бүл, үр хүүхэдтэй байхад итгэдэг.

Гэр бүлд хүүхэд төрөхөд эхнэр, нөхөр хоёр нь хүүхдүүдийг дэлхийд авчрах Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелүүлдэг. Их Эзэн “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” [Мосе 1:39] хэмээн хэлсэн. Үхэшгүй байдлын өмнө зуурдын байдал гэж байх ёстой. (Нийл Л.Андэрсэн, “Хүүхдүүд,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33)

Ярилц.

  • Хүүхдүүд болон гэр бүлийг мөнхийн ойлголтоор харах нь гэрлэсэн хосыг зарим шийдвэрээ чухалчилж үзэхэд хэрхэн тусалж болох вэ?

  • Бид хүүхдүүдтэй хэрхэн харьцах, хандах талаар Аврагчийн үлгэр жишээнээс юу сурч чадах вэ?

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэрлэлт, гэр бүлийн үүргийг тайлбарлах цагийг суралцагчдад гаргаж өгөхийг бод. Тэд хичээлийн эхэнд ярилцсан гэрлэлтийн тухай дэлхийн итгэл үнэмшлүүдээс аль нэгийг сонгон авч, уг итгэл үнэмшлийг залруулахын тулд Сургаал ба Гэрээ 49:15–17–д заасан Аврагчийн сургаалыг ашиглаж болно.

Та гэрлэлт, гэр бүлийн тухай Аврагчийн сургаал амьдралыг тань хэрхэн адисалсан талаар гэрчлэлээ хуваалцаж болно. Суралцагчид бас туршлага, гэрчлэлээ хуваалцаж болно.

Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэрлэлт, гэр бүлийн чухал ач холбогдлын талаар төрсөн сэтгэгдлээ бичихэд урь.