“65-р хичээл—Сургаал ба Гэрээ 50, 1-р хэсэг: Хууран мэхлэгдэхээс зайлсхийх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 50, 1-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
65-р хичээл: Сургаал ба Гэрээ 49–50
Сургаал ба Гэрээ 50, 1-р хэсэг
Хууран мэхлэгдэхээс зайлсхийх
Огайогийн Көртланд дахь эхэн үеийн зарим хөрвөгч сүнслэг бэлгүүдийг авах хүсэлдээ автан, зарим хачин тохиолдлыг Ариун Сүнснээс биш байсан ч мөн гэж бодон хууран мэхлэгджээ. Их Эзэн юу Өөрөөс нь ирсэн мөн юу Өөрөөс нь ирээгүйг ялган танихад туслах удирдамжийг тэдэнд өгөв. Энэ хичээл нь суралцагчдад Их Эзэн хэрхэн үнэнийг таньж мэдэн, хууран мэхлэгдэхээс зайлсхийхэд тусалж чадахыг ойлгоход туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Судалтай муурын зулзага
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари Э.Стивэнсон дараах түүхийг хуваалцжээ.
Элэнц авга ах Гровер хотоос хол хөдөө байшинд амьдардаг байв. Авга ах Гровер их хөгширсөн байлаа. Түүнийг нас барахаас өмнө хөвгүүдээ түүнтэй танилцуулах хэрэгтэй гэж бид бодсон юм. Тиймээс нэг өдөр бид түүний жирийн л нэг гэр лүү машинаар олон цаг явж очсон. Бид түүнтэй уулзаад, хөвгүүдээ танилцуулахаар хамт суув. Ярилцаад удаа ч үгүй байхад, тэр үед тав, зургаан настай байсан хоёр хүү маань гадаа гарч тогломоор байна гэлээ.
Авга ах Гровер тэдний хүсэлтийг сонсоод, доош тонгойсноо тэдэн рүү ширтэв. … Тэрээр: “Болгоомжтой байгаарай, гадаа олон өмхий хүрэн байгаа шүү” гэж баргил, сөөнгө дуугаар тэдэнд хэлэв. Үүнийг сонсоод Лиса бид хоёр маш их цочирдсон ба өмхий хүрнийг тэдэн рүү шингэнээ цацах вий гэж санаа зовов. Биднийг үргэлжлүүлэн ярьж хөөрч байх хооронд хөвгүүд удалгүй гадаа тоглохоор гарсан юм.
Дараа нь машиндаа суугаад гэр лүүгээ явахдаа би хөвгүүдээсээ “Та нар өмхий хүрэн харсан уу?” гэж асуулаа. Тэдний нэг нь: “Үгүй ээ, бид ямар ч өмхий хүрэн хараагүй. Гэхдээ бид нуруун дээрээ цагаан судалтай хар муурын зулзага харсан!” гэж хариулж билээ. (Гари Э.Стивэнсон, “Намайг бүү мэхэл,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103–107)
-
Таны бодлоор хүүхдүүд яагаад өмхий хүрнийг таниагүй вэ?
-
Ямар нэг зүйлсийн жинхэнэ мөн чанарыг танихгүй байх нь ямар аюултай вэ?
-
Энэ түүх Сатаны бидэнд өөрийн талаар итгүүлэхийг хүсдэг зүйлтэй хэрхэн холбогдож байна вэ?
-
Сатан өнөө үед өсвөр үеийнхнийг ямар ямар арга замаар хуурч мэхлэх гэж оролддог вэ?
-
Сатан хууран мэхлэхдээ яагаад заримдаа маш сайн ажилладаг гэж та бодож байна вэ?
Эхэн үеийн гэгээнтнүүд дундах хууран мэхлэлт
Иосеф Смит 1831 оны 2-р сарын эхээр Огайогийн Көртландад ирээд, гэгээнтнүүдийн дунд шургалан орсон зарим хачин ойлголт, худал сүнсийг анзаарчээ (History, 1838–1856 [Manuscript History of the Church], vol. A-1, 93-д, josephsmithpapers.org).
Жон Витмер энэ цаг үеийн тухай дараах зүйлсийг тэмдэглэн үлдээсэн юм.
Зарим нь үзэгдэл үзсэн ч юу харснаа хэлж чадахгүй, зарим нь өөрсдөө Лебений сэлмийг хүлээн авсан гэж хоосон төсөөлөлдөө автан [морь унасан цэрэг шиг] үүнийгээ эргүүлэн далайдаг, зарим нь хуйх хэрчин авч буй индиан шиг үйлдэл гаргаж могой мэт шалан дээр гулсаж, хөлбөрч байв. Ийнхүү чөтгөр зарим сайн, үнэнч шавийн харааг сохолсон байв. (John Whitmer, History, 1831–circa 1847, 26, josephsmithpapers.org)
Иосеф Смит эдгээр үйлдэлд санаагаа чилээн, Их Эзэнээс лавлан асууснаар Сургаал ба Гэрээ 50-ийг хүлээн авав. 1–9-р шүлэгт Их Эзэн Сүмийн ахлагчдад худал сүнснүүдийн талаар, тэр бүү хэл бусдыг хууран мэхэлсэн гишүүдийн талаар сэрэмжлүүлжээ.
Сургаал ба Гэрээ 50, 1–3-ыг уншаад, Их Эзэний сэрэмжлүүлгүүдээс нэгийг нь ол.
-
Сатан яагаад биднийг Есүс Христээс холдуулахын тулд хууран мэхлэлтийг ашигладаг гэж та бодож байна вэ?
Доорх шүлгүүдийг уншаад, Их Эзэн биднийг … үед хууран мэхлэгдэхээс зайлсхийхэд тусалдаг гэсэн үнэнийг хэрхэн гүйцээн бичиж болохыг олж мэд.
-
Энэ сургаал ямар утгатай вэ?
-
Энэ сургаал Сатаны хууран мэхлэлтээс зайлсхийхийн тулд Их Эзэний тусламжийг хүлээн авахад танд хэрхэн тусалж болох вэ?
Хууран мэхлэлтээс зайлсхийх тодорхой арга зам
Их Эзэн байгаа болохоор бидэнд айх шаардлага байхгүй гэсэн баталгааг Тэр төгсгөлд нь хайраар хэлсэн юм. Сургаал ба Гэрээ 50:40–44-ийг уншаад, та Аврагчийн талаар мэдэж авах зүйлээ олж хар.
-
Аврагчийн тухай эдгээр шүлгийн юу нь танд онцгой санагдаж байна вэ?
-
Түүний талаар энэ бүхнийг мэдэх нь хууран мэхлэлтээр дүүрэн дэлхийд бидэнд хэрхэн тусалж болох вэ?
-
Та Есүс Христийн талаарх эдгээр үнэнийг хэрхэн мэдэж авч, итгэх болсон бэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бид хэрхэн хууран мэхлэгдэхээс зайлсхийхийн тулд Их Эзэний тусламжийг урьж болох талаар дараах зүйлийг заажээ.
Дэлхийн нөлөө, дарамт шахалт тоймгүй их бас сэтгэл татам байдаг ч дэндүү олон янзын нөлөө нь биднийг төөрөлдүүлж, толгойг маань эргүүлэн, гэрээний замаас биднийг холдуулж чадна. Үүнээс болж зайлшгүй тохиох цөхрөл гунигаас зайлсхийхийн тулд би өнөөдөр та бүхнээс амьдралдаа өдөр бүр Их Эзэнд зориулан цаг гаргаж, дэлхийн уруу таталтыг сөрөн зогсохыг хүсэж байна.
Хэрэв та нар олон нийтийн болон бусад сүлжээгээр ихэнх мэдээллээ олж авдаг бол Сүнсний шивнээг сонсох чадвар тань буурах болно. Түүнчлэн та нар өдөр бүр залбирч, сайн мэдээнээс суралцах замаар Их Эзэнийг эрэлхийлэхгүй байгаа бол сонирхол төрүүлэх боловч үнэн биш гүн ухаанд өөрийгөө өртөхөөр болгож буй хэрэг юм. Итгэлтэй гэгээнтэн ч Вавилоны хамтлагийн бөмбөрийн хэмнэлд сүйрэн унаж болно.
Ах, эгч нар аа, Их Эзэнд зориулан цаг гаргахыг би та нараас гуйж байна! Та нар Ариун Сүнстэй үргэлж хамт байлгах зүйлсийг хийснээр сүнслэг сууриа цаг хугацааны шалгуурт бат бөх байхаар тавь. (Рассэлл М.Нэлсон, “Их Эзэнд зориулан цаг гарга,” Лиахона, 2021 оны 11-р сар, 120)
-
Хууран мэхлэгдэхээс зайлсхийхэд тань тусалж болох өөр ямар нэмэлт ойлголтыг та олж авсан бэ?