Семинар
85-р хичээл—Сургаал ба Гэрээ 76:1–19: “Бидний ойлголтын мэлмий нээгдсэн болой”


“85-р хичээл—Сургаал ба Гэрээ 76:1–19: ‘Бидний ойлголтын мэлмий нээгдсэн болой,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 76:1–19,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

85-р хичээл: Сургаал ба Гэрээ 76

Сургаал ба Гэрээ 76:1–19

“Бидний ойлголтын мэлмий нээгдсэн болой”

Иосеф, Сидней хоёр илчлэлтэд бэлтгэж байгаа нь

1832 оны 1-р сард бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Библийн сүнслэгээр өдөөгдсөн орчуулга дээр ажиллаж байхдаа Иохан 5:29-ийн утгыг тунгаан боджээ. Тэд тунгаан бодож байхдаа Их Эзэн төлөвлөгөөнийхөө талаар илчилсэн чухал үнэнүүдийг цуврал үзэгдлээр үзсэн. Энэ хичээл нь суралцагчдад Аврагчийн үгсийг тунгаан бодоход цаг гаргаснаар Ариун Сүнсний хүчээр суралцахад тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хувийн илчлэлт эрэлхийлэх

Самбарт дараах асуултуудыг үзүүлж болно. Суралцагчид асуултын хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж болно. Хэт хувийн биш бол хариултаа хуваалцах хүсэлтэй цөөн хэдэн суралцагчийг урих талаар бодож үз.

  • Та нар Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэнээс удирдамж хүлээн авахыг хүсэх ямар нөхцөл байдал, тохиолдолтой тулгарч байгаа эсвэл тулгарч магадгүй вэ?

  • Та нар яагаад эдгээр зүйлд Их Эзэний тусламжийг хүсэж байна вэ?

Өнөөдөр та нар Их Эзэнийг Ариун Сүнсээр дамжуулан та нартай ярихад урьж болох нэг арга замын талаар суралцах болно. Суралцах явцдаа та нарын тодорхойлсон нөхцөл байдал эсвэл асуултуудын аль нэгэнд туслах Сүнсний өдөөлтүүдэд анхаарлаа хандуул.

Үзэгдэл

Дараах хураангуй нь суралцагчдыг Сургаал ба Гэрээ 76-г судлахаар бэлтгэхэд тусална. Үүнийг та өөрөө уншиж, товчлон ярих уу аль эсвэл нэг суралцагчийг уншиж, товчлон ярихад урих нь дээр үү гэдгийг бодож үз. Эсвэл та суралцагчдыг Гэгээнтнүүд номын 1:147-г уншаад, энэхүү илчлэлтийг авахад хүргэсэн нөхцөл байдлын талаар мэдэхэд урьж болно.

Жон Жонсоны гэр

1832 оны 2-р сарын 16-нд Иосеф Смит, Сидней Ригдон болон бусад 12 орчим ах Огайогийн Хайрам дахь Жон Жонсон, Элса Жонсон нарын байшингийн дээд өрөөнд байжээ. Иосеф, Сидней хоёр Библийн сүнсээр өдөөгдсөн орчуулга дээр ажиллаж байхдаа диваажинг дүрсэлсэн судар болох Иохан 5:29-ийг судлаад, илүү ихийг мэдэхийг хүсэв. Тэд энэ талаар бясалгаж байхдаа Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн нэгэн үзэгдлийг харжээ. Аврагч Иосеф, Сидней хоёрт Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний талаарх чухал үнэнийг заасан хэд хэдэн тодорхой үзэгдлийг үзүүлсэн.

Суралцагчдыг долоо хоногийн турш Сургаал ба Гэрээ 76-г судалснаар тэд энэхүү үзэгдлийн олон өөр хэсгээс суралцах боломжтой байна гэдгийг тайлбарла. Өнөөдрийн хичээл 76-р хэсгийн эхэнд цэдэглэгдсэн Аврагчийн сургаал болон туршлага дээр төвлөрөх болно.

Сургаал ба Гэрээ 76 нь Их Эзэн Өөрийнхөө тухай чухал үнэнийг хуваалцсанаар эхэлдэг.

Сургаал ба Гэрээ 76:1–10-ыг уншаад, Есүс Христ Өөрийнхөө тухай бидэнд юу ойлгуулахыг хүсэж байгааг харуулсан үг, хэллэгийг ол. Бурханаас эмээх (5-р шүлэг) гэдэг нь Түүнийг шүтэн биширч, хайрлаж, хүндлэх гэсэн утгатай гэдгийг анхаар.

Суралцагчдад эдгээр шүлгийг суралцах хангалттай цаг гаргаж өгсний дараа ойлгосон зүйлээ хуваалцахад тэднийг урь. Дараахтай ижил асуултууд суралцагчдад Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг илчлэх Аврагчийн хүслийн талаар ярилцахад тусалж болно.

  • Эдгээр шүлэг Аврагчийн талаар юуг илүү сайн ойлгоход туслах вэ?

  • Аврагчийн тухай эдгээр зүйлийг мэдэх нь та нарт хэрхэн нөлөөлж чадах вэ?

Судруудыг тунгаан бодох нь илчлэлт рүү хөтөлдөг

Сургаал ба Гэрээ 76:11–19-ийг уншаад, Иосеф, Сидней хоёр үзэгдлийг хүлээн авахаасаа өмнө юу хийснийг олж мэд.

  • Иосеф, Сидней хоёрын ямар үйлдэл уг туршлагыг олж авахад хүргэсэн гэж та нар бодож байна вэ?

    Хэдийгээр бид Иосеф, Сидней хоёр шиг үзэгдэл үзээгүй байж болох ч тэдний туршлага Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэнээс илчлэлт хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэх зарчмыг бидэнд зааж өгч чадна гэдгийг тайлбарлах талаар бодож үз.

  • Та Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэх нэг арга замын талаар эдгээр шүлгээс ямар үнэнийг олж мэдсэн бэ?

Суралцагчид дараахтай адил үнэнийг дурдаж магадгүй. Бид судруудыг залбирч судлан мөн тунгаан бодох үедээ Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэнээс ойлголт хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэдэг.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт хүлээн авахын тулд хэрхэн суралцах, тунгаан бодох талаар ийн тайлбарласан.

2:3
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Би “судлах” гэдэг үгийг хэлэх үедээ энэ нь уншихаас илүү зүйл гэсэн утгатай гэдгийг хэлж байна. Би та нарыг заримдаа цөөхөн шүлэг уншаад, түр зогсон, тунгаан бодож, тэр шүлгүүдээ дахин уншиж, утгыг нь тунгаан бодох үедээ ойлгохын төлөө залбирч, оюун бодолдоо асуулт тавин, сүнслэг нөлөө авахаар хүлээж, хүлээн авсан нөлөөлөл, илчлэлтээ бичиж тэмдэглэж байгаагаар төсөөлдөг. Хэрэв ингэж чадвал та нар тэдгээрийг санаж, илүү сайн суралцаж чадна. Ийм аргаар суралцахдаа та хагас цагт маш олон бүлэг, шүлэг уншихгүй байж магадгүй. Гэхдээ Бурханы үгсийг суулгах зайг зүрх сэтгэлдээ гаргаж өгснөөр Тэр тантай ярих болно. (D. Todd Christofferson, “When Thou Art Converted,” Liahona, May 2004, 11)

  • Заримдаа биднийг тунгаан бодоход саад болж болох саад бэрхшээлийн жишээ юу вэ? Эдгээр саад бэрхшээлийг даван туулахад бидэнд юу туслах вэ?

Та судруудыг судалж, залбирч байгаад тунгаан бодож, илчлэлт хүлээн авсан туршлагаа хуваалцах талаар бодож үз. Суралцагчдыг өөрт тохиолдсон туршлагаас хуваалцахад урь.

Залбирч байгаад судалж, тунгаан бодох дадлага хий

Суралцагчдад хичээл дээрээ залбирч байгаад судруудыг судалж, тунгаан бодох дадлага хийх ойролцоогоор 7–10 минут өгөх талаар бодож үз. Дараах заавруудыг хуваалц.

Судруудыг судалж, тунгаан бодох дадлага хийхэд цаг зарцуул. Өмнө тодорхойлсон Их Эзэний тусламжийг хүсэж байгаа нөхцөл байдал эсвэл тохиолдлынхоо талаар бод. Удирдамж авахын тулд залбирч, уншиж буй зүйлийнхээ талаар тунгаан бодож, та нарт хэрэгтэй удирдамж эсвэл тусламжийг өгч чадах Сүнсний өдөөлтүүдэд анхаарлаа хандуул. Төрсөн бодол, сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Суралцагчдад энэ үйл ажиллагааны үеэр судлах судраа сонгох сонголтыг өг. Аль хэсгийг сонгох талаар зааварчилгаа авахыг хүсэж буй суралцагчдад дараах хэд хэдэн сонголтыг өгөх талаар бодож үз.

  • Инос 1:1–17 (Инос Бурханд залбирав.)

  • Мозая 3:1–20 (Бенжамин хаан Есүс Христийн талаар бошиглов.)

  • Алма 36:1–30 (Алма нүглүүдийнхээ ангижралыг дүрслэв.)

  • Мосе 1:1–39 (Мосе Бурхантай ярьж, Сатаныг эсэргүүцэв.)

Хангалттай хугацааны дараа дараах асуултуудыг харуулж, суралцагчдыг судлах тэмдэглэлдээ өөрсдийн хариултыг бичихэд урь.

  • Судруудыг судалж, тунгаан бодох нь та нарыг Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт хүлээн авахаар бэлтгэхэд хэрхэн тусалсан бэ?

  • Энэ туршлага та нарт Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ болон Ариун Сүнсний талаар юу заасан бэ?

  • Та нар Их Эзэнээс нэмэлт тусламж, илчлэлт хүлээн авахын тулд юу хийж, эсвэл үргэлжлүүлэн хийж болох вэ?

Судруудыг илүү зорилготой, илүү ойр ойрхон тунгаан бодож, судлах нь суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй хэрхэн ойртуулж болохыг гэрчил. Судруудыг тогтмол судалж, тунгаан бодох замаар илчлэлтийг үргэлжлүүлэн залбирч эрэлхийлэхэд суралцагчдыг урамшуул.