Семинар
86-р хичээл—Сургаал ба Гэрээ 76:19–24: “Энэ бол түүний талаар бидний өгөх … гэрчлэл юм”


“86-р хичээл—Сургаал ба Гэрээ 76:19–24: ‘Энэ бол түүний талаар бидний өгөх … гэрчлэл юм,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 76:19–24,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

86-р хичээл: Сургаал ба Гэрээ 76

Сургаал ба Гэрээ 76:19–24

“Энэ бол түүний талаар бидний өгөх … гэрчлэл юм”

Инээмсэглэж буй Есүс

Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн үзэгдлүүдийн заримд Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Есүс Христийг Өөрийг нь харсан. Тэд Аврагч бидний авралд голлох үүрэгтэй гэдгийг сурч мэдсэн ба дараа нь Түүний тухай гэрчлэлээ хуваалцжээ. Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийг болон Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний үүргийг илүү хайрлахад тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христ надад чухал

Есүс Христ яагаад тэдэнд чухал болохыг ярилцах боломжийг суралцагчдад олго. Та дараах жишээг ашиглах юм уу эсвэл өөр жишээ зохиоход суралцагчдыг урьж болно.

Абби, Сарика хоёр сургууль дээрээ хэд хэдэн хичээлд хамт суудаг. Нэг өдөр үдийн хоолны үеэр Сарика Абби руу хараад, “Би амьдралынхаа туршид хүмүүсийг Есүсийн тухай ярьж байхыг сонссон. Би чамайг ч бас Түүнд итгэдэг гэж ярихыг сонссон. Би Есүсийн талаар судалж байгаагүй учраас надад сонирхолтой байна. Түүний талаар эсвэл Тэр яагаад чиний хувьд чухал болохыг хэлж өгөөч?” гэв.

  • Хэрэв та нар Аббигийн оронд байсан бол Сарикад юу гэж хэлэх байсан бэ?

Эргэцүүлэн бодох цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчаас хариултаа хуваалцахыг хүсэх талаар бодож үз. Бүх хүн Есүсийн тухай юу мэдэх ёстой гэж боддог тухай судлах тэмдэглэлдээ жагсаах нь суралцагчдад тустай байж болох юм.

Та нар Есүс Христийг юу гэж боддогоо, Түүний тухай бусадтай ярихдаа хэр таатай байдгаа бод. Өнөөдөр судалж байхдаа та Есүс Христийг илүү их хайрлахад туслах сургаалуудыг хайж ол.

Бурханы Хүүгийн тухай үзэгдэл

Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн үзэгдлийг харахад хүргэсэн нөхцөл байдлын талаар юу санаж байгаагаа хуваалцахад урих нь тустай байж болох юм. Шаардлагатай бол Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг судруудыг бясалгаж байх үед Их Эзэн “[тэдний] ойлголтын мэлмийд хүрч” (Сургаал ба Гэрээ 76:19) тэд агуу үзэгдэл үзсэн гэдгийг тэдэнд сануул.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Сургаал ба Гэрээ 76:22–24 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болно.

Сургаал ба Гэрээ 76:1–6, 19–24-ийг уншаад, Иосеф, Сидней хоёр Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар юу тунхагласныг олж мэд.

Суралцагчдыг судраас олж мэдсэн зүйлээ тэмдэглэхэд урамшуул. Жишээлбэл: Тэд судлах тэмдэглэлдээ олж мэдсэн зүйлсийнхээ жагсаалтыг бичиж болно.

Эсвэл суралцагчдад сурсан зүйлээ бичих хэдэн том цаас өгөхийг бод. Тэднийг бичиж дуусмагц та цаасыг ангийн хананд байрлуулж болно. Тэд өрөөг тойрон алхаж, бусдын олж мэдсэн зүйлийг уншин, таалагдсан эсвэл илүү ихийг мэдэхийг хүссэн зүйлийнхээ хажууд зүрх зурж болно. Олж мэдсэн зүйлээ хуваалцах цагийг суралцагчдад гаргаж өг.

  • Эдгээр шүлгээс ямар үнэн нь та нарт онцгой санагдсан бэ? Яагаад?

Та нар эдгээр шүлгээс олон үнэнийг олсон байж магадгүй. Тэдгээрийн дунд магадгүй дараах үнэнүүд байгаа байх.

  • Есүс Христ нигүүлсэнгүй Нэгэн бөгөөд Түүнийг хүндэтгэж, үйлчлэх үед биднийг адислахдаа баяртай байдаг (5-р шүлэг).

  • Есүс Христ бол амьд бөгөөд алдар суутай (22-р шүлэг).

  • Есүс Христ бол Эцэгийн Төрсөн Ганц болой (23-р шүлэг).

  • Тэнгэрлэг Эцэгийн удирдлаган доор Тэр бүх зүйлийг бүтээсэн (24-р шүлэг).

  • Эдгээр үнэн нь Есүс Христ та нарт болон бусдад хэрхэн тусалж чадах талаар ямар ойлголт өгч байна вэ?

Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад ойлголтоо гүнзгийрүүлж, эдгээр шүлгийн зааж буй хоёр үнэний ач холбогдлыг ойлгоход тусална. Та нэгийг нь эсвэл хоёуланг ангиараа хийж гүйцэтгэхээр сонгож болох юм. Эсвэл та үйл ажиллагааны зааврыг харуулж, хоёроороо эсвэл жижиг бүлгээр хамтдаа нэг эсвэл хоёуланг гүйцээхээр тэднийг хуваарилж болно.

Үйл ажиллагаа A: Есүс Христ амьд!

Шаардлагатай бол суралцагчдын хэрэгцээнд зориулан “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Дуулал х. 70) дууллын үгийг хэвлэж тараа. Хэрэв энэ үйл ажиллагааг ангиараа хийж байгаа бол хичээлийн энэ хэсэгт дууллыг дуулж болно.

Тэд 3-р алхамд дууг судлахаас гадна Аврагч амьд учраас бидний төлөө юу хийж чадахыг тайлбарласан Сүмийн удирдагчдын үгсийг эсвэл судрын эшлэлийг олж болох юм. Таны санал болгож болох эшлэлийн жишээ: Иохан 6:40; Филиппой 4:13; Сургаал ба Гэрээ 58:42; 84:88.

“Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгийн “Нэмэлт видеонууд: Тэр амьд!” гарчигтай видеонуудаас аль нэгийг үзүүлэхийг бод.

  1. 22-р шүлэг дэх “Тэр амьд!” гэсэн үгийг судар дээрээ ялгарахуйц тэмдэглэх талаар бодож үз.

  2. Есүс Христ амьд учраас … гэсэн хэллэгийг судлах тэмдэглэлдээ бич.

  3. Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Дуулал х. 70) дууллын үгийг уншаад, Тэр амьд учраас та нарт хэрхэн тусалж чадах жишээг эрж ол.

  4. Өгүүлбэрийг гүйцээхийн тулд өөрт хамгийн чухал таван зүйлийг бич.

Үйл ажиллагаа Б: Есүс Христ бол бүх зүйлийн Бүтээгч

4-р алхамд хариулт өгөхөөр бэлдэхэд нь туслахын тулд “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Боид К.Пакэрын үгийг хуваалцах талаар бодож үз.

  1. “Түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс, дэлхийнүүд бүтээгдсэн мөн бүтээгддэг” (24-р шүлэг) гэсэн хэллэгийг судар дээрээ ялгарахуйц тэмдэглэх талаар бодож үз.

  2. Есүс Христийн Бүтээгчийн үүргийн талаарх ойлголтыг тань гүнзгийрүүлэх Сүмийн удирдагчдын мэдэгдэл эсвэл судрын эшлэлүүдийг ол. Таны санал болгож болох эшлэлийн жишээ: Иохан 1:1–3; 3 Нифай 9:15; Сургаал ба Гэрээ 93:9–10; Мосе 1:33; 7:30.

  3. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг мэдрүүлдэг Аврагчийн зарим бүтээлийн талаар ярилц. Яагаад гэдгийг тайлбарла.

  4. Есүс Христ бүх зүйлийн Бүтээгч учраас та нарт тусалж чадах дор хаяж гурван аргыг бич.

Суралцагчдыг нэг эсвэл хоёр үйл ажиллагааг гүйцэтгэж дууссаны дараа сурсан, мэдэрсэн зүйлээ хуваалцахад урь. Есүс Христ амьд бөгөөд Бүтээгч учраас тэдэнд хэрхэн тусалж чадах талаар юу сурснаа хуваалцахад тэднийг урь. Тэд ойлгосон зүйлээ суудал дээрээсээ хуваалцаж болно. Эсвэл та хуваалцах хүсэлтэй суралцагчдыг ангийнхны урд гарч ирэн Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцахад урьж болно.

Цээжил

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Судрын түлхүүр үг хэллэг нь “[Есүс Христээр] дэлхийнүүд бүтээгдсэн мөн бүтээгддэг ажгуу.” “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.